Орон нутгийн мэдээллийн сүлжээ

Уул уурхай, эдийн засгийн салбарын олон сэдвээр бодитой бичих, нэвтрүүлэхийн тулд сэтгүүлчдэд суурь мэдлэг, мэдээлэл чухал. Тэр тусмаа өргөн уудам Монгол орны аймаг, сум хязгаарт алслан суурьшсан ард иргэдэд уул уурхайн салбарын бодит мэдээлэл хүргэх үйлс онцгой. Тиймээс “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага орон нутгийн мэргэжил нэгт сэтгүүлчдийнхээ мэдлэгт нэмэр тус болохыг илүүтэй чухалчилж ирэв.

The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулах зорилтыг 2015 онд тавьсан юм. Ингэхдээ өмнөх сургалтын туршлага дээрээ суурилан, Бүсийн хэмжээнд орон нутгийн сэтгүүлчдийн бүх төлөөллийг хамарсан томоохон сургалтын ажил зохион байгуулахаар зориг шулуудсан болно.Илүү олон сэтгүүлчийг хамрах, улмаар шатлан өргөжүүлэх, цуврал сургалтуудын дүнд уул уурхайн анхан шатны ойлголттой бичдэг, нэвтрүүлэг бэлтгэдэг мэргэшсэн сэтгүүлчдийн төлөөллийг орон нутагт төлөвшүүлэх нь чухал байгаа билээ.

Ирээдүйн өгөөж өндөр, бодит мэдээллийн байнгын урсгал бий болгох энэхүү төслийн эерэг зорилгыг маань ойлгож дэмжсэн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, мөн Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын албанд талархал илэрхийлье. Түүнчлэн сургалтад идэвхтэй оролцсон орон нутгийн амаргүй нөхцөлд ажиллаж, сэтгүүл зүйн шилдэг бүтээл туурвиж яваа дайчин сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье.

Манай сургалтын хөтөлбөрт: эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн онцлог, сурвалжлах арга зүй, эрдсийн үнэ ханшийн  хандлага, технологи, хэрэглээний талаарх шинэ мэдээлэл, ялангуяа тухайн аймаг, суманд үйлдвэрлэл явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааны онцлог, улс орон нутгийн төсөвт өгч буй татварын хэмжээ, нөхөн сэргээлт, нийгмийн чанартай арга хэмжээний өгөөж, иргэд ба компанийн ойлголцлын асуудал зэрэг өргөн хүрээтэй сэдвийг хамардаг. Сургалтад тараах төрөл бүрийн гарын авлагыг MMJ-ийн Редакци бэлтгэх төдийгүй телевизийн уран бүтээлчдэд зориулсан видео хичээл, нэвтрүүлгийн жишээ, бусад материалыг сургалтдаа өргөнөөр ашиглаж байна.

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл   4 жилийн хугацаанд нийт 13 удаагийн цуврал сургалтыг Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулсан. Төслийн үр дүнд 21 аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 80 орчим сэтгүүлч  хамрагдсан байна.

Сэтгүүлчийн сургалтаас олж авсан шинэ мэдлэг мэдээллийн цаана сум орон нутгийн мянга мянган иргэд бодит мэдээлэл хүлээн авах ач холбогдолтой юм.

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалтанд хамрагдсан сэтгүүлчийнхээ дунд сурвалжлага, нийтлэл, телевизийн баримтат нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулж, сайн бүтээлүүдийг урамшуулдаг онцлогтой. Аймаг, сумандаа өрнөж буй уул уурхайн үйлдвэрлэлийн талаар сурвалжлан бичсэн, асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан, нутгийн иргэд, засаг захиргааны олон талт байр суурийг нээлттэй илэрхийлсэн материалуудыг Улаанбаатарт өргөнөөр цацах   зэрэг ажлыг хийхээр The  Mongolian Mining Journal төлөвлөж байна. 

Орон нутгийн мэдээллийн сүлжээгээ The Mongolian Mining Journal ганц төслөөр, цөөн удаагийн сургалтаар хязгаарлахгүй ба цаашид цөөнгүй жил хамтран ажиллаж, Редакциудыг мэргэжлийн арга зүйгээр дэмжин, орон нутгийн мэдээллийг Улаанбаатарын хэрэглэгчдэд ойртуулсаар байх болно. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна