Газрын гүнд ажил ундарч, Монголын говьд хөгжил ургашилж байна


ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2018" төслийн сургалтанд хамрагдсан сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна. 





Баянхонгор аймгийн "Khongor.mn" сайтын Эрхлэгч,
сэтгүүлч Б.ЧИНБАТ

21 аймгийн сэтгүүлчид Оюун толгой компанийн үйл ажиллагаа, тэр дундаа монголдоо шинэд, дэлхийд шилдэгт тооцогдох гүний уурхайн бүтээн байгуулалт, технологи, газар доорх уурхайчдын ажил, амьдралтай танилцлаа. Гүний уурхайн олборлолтын ажил хараахан эхлээгүй боловч дэлхийн хэмжээний Оюу толгой төсөл монголын говьд хэрэгжиж, ил уурхайн ажил эхэлсэн хэдхэн жилд Өмнөговь аймаг улсдаа хамгийн баян аймгийн тоонд зүй ёсоор орж, Оюу толгой компани Монгол Улсын тэргүүлэх татвар төлөгчдийн нэг болжээ. 

Энэ удаагийн аяллыг “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага Германы “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр /ЭТИС/, “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгээр зохион байгуулав. 

Оюу толгой компанийн ашиг орлогын цөм болох гүний уурхайтай танилцах, 1300 метрийн гүнд, газар доор монгол уурхайчид хэрхэн ажиллаж байгааг харах нь уул уурхайгаас хөндий орон нутгийн сэтгүүлчдийн хувьд ховор боломж юм. Учир нь энэхүү гүний уурхайд Оюу толгойд ажиллаж буй ажилчид ч орж нэвтэрч үзээгүй нь олонтаа. 

Уурхайд ажилласан эхний өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь, Орхон аймгийн сэтгүүлчид гүний уурхайтай танилцах боломж олдов. Учир нь гүний уурхайд тухайн ээлжинд орох хүний тоо илүү ч үгүй, дутуу ч үгүй тогтсон хязгаартай. Энэ нь газар доорх хоргодох байрын багтаамж, аюулгүй ажиллагаатай холбоотой. Нэгэнт газрын гүнд орох нөхцөл үүсч буй тул хүн бүрт аюулгүй ажиллагааны сургалтыг шат дараатай өгч, гэнэтийн осол, аваарын үед хэрхэхийг нарийн зааварлаж байлаа. Нэгэнт Оюу толгой компанийн талбайд нэвтэрсэн бол аюулгүй ажиллагаа, дүрэм, журмыг ягштал мөрдөх ёстой аж. Тэр дундаа гүний уурхайд нэвтрэх тохиолдолд хором бүр хянуур байхаас өөрцгүй юм.  

Бидэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн компанийн Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Базарсэд Баянхонгор аймгийнх байсан бол гүний уурхайд хөтөчөөр ажилласан уурхайн босоо амны төлөвлөлтийн инженер Д.Даваадаш Өвөрхангайн аймгийнх байв. Өөрөөр хэлбэл Оюу толгой компанид 6000 гаруй ажиллах хүчний 95 хувийг бүрдүүлж буй монголчууд эх орны өнцөг булан бүрээс энд цугларчээ. 
Эрдэнэт хот болсон шалтгаан нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй зэрэгцүүлэн эмэгтэйчүүд олноор ажиллаж болох үйлдвэрийг хамтад нь байгуулсан явдал гэдгийг тус аймгийн сэтгүүлчид хэлж байна. Энэ яриа нь Оюу толгойг дагалдуулан Эрдэнэтийн жишгээр томоохон үйлдвэр байгуулчихвал өмнийн говьд гэр бүлээрээ суурьшин амьдрах нөхцөл бүрдэж монголын дараагийн хот босно гэсэн санааг илэрхийлнэ. Учир нь Оюу толгойн ажилчдын 90 орчим хувь нь эрчүүд аж. Тэд Өмнөговьд байнга амьдрах боломж одоогоор хомс.

Гүний уурхайтай танилцах аялал нэвтрэх карт авснаар эхэлнэ. Нэг ижил дугаартай хоёр картыг олгох бөгөөд гүний уурхайд нэвтрэхдээ нэг картыг үлдээж, уурхайн гүнд хүрэхдээ үлдсэн картаа орхиод уурхайчид ажилдаа гардаг байна. Хэрэв нэг карт уурхайн гүнд үлдвэл тухайн хүнийг гарч ирээгүй гэсэн мэдээлэл автоматаар ирж, эндээс эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилэх тул хэзээ ч орхиж, хаяж болохгүй “эсэн мэнд”-ийн баталгаа болдог байна. 

Бид үдээс хойш 16 цагийн үед хоёр хэсэгтэй, нэг хэсэгтээ 30 хүнийг тээвэрлэх лифтэд суун тав гаруйхан минутын дотор гүний уурхайд хүрэхэд ээлжээ дуусган бууж буй уурхайчдын урт цуваа угтав. Бидний мэддэг “Заазууран” барилга буюу Blue Sky цамхагийг 12 давхарласантай тэнцэх гүнд богино хугацаанд очсон болоод ч тэр үү айдас, түгшүүр үл мэдэгдэх бөгөөд ар араасаа дугаарлах уурхайчдын хэн нэг нь бусдаасаа түрүүлж гарах гэсэн оролдлого нэг ч үгүй нь улам тайван болгоно. Энэ бол мөнөөх аюулгүй ажиллагааны нэг хэсэг юм. 
Газрын гадрагаас 700 метрийн гүнд байх Оюу толгойн ордын нийт баялагийн 80 гаруй хувийг ил уурхайн аргаар олборлох боломжгүй аж. Тиймээс блокчлох аргаар буюу гүнд байх хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан дороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуургаар газрын гадарга дээр гаргах гэнэ. Энэ аргаар олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал өндөр тусдаг ч цаашдын үйл ажиллагааны зардлууд хямд байдаг тул газрын гүнд ийнхүү бүтээн байгуулалтын үеэр ажил өрнөжээ. 

Өдөрт 600 орчим уурхайчин 200 гаруй тоног төхөөрөмж дээр 12 цагийн турш хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана. Том том техникүүд нааш цааш хөлхөж, уурхайчин залуус гар нийлэн газрын гүний олборлолтын бэлтгэл ажил, бүтээн байгуулалтыг хийж байна. Гүнд уурхайчдаас гадна инженер техникийн ажилтан, аврах баг, засвар, угсралт, аюулгүй ажиллагааны гээд өөр өөр чиг үүрэгтэй баг, хамт олон ажиллана. 

Бидний гүнд нэвтэрсэн нэгдүгээр босоо амаар хүн  болон материал, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн төмөр хийц, тоног төхөөрөмж, засварын сэлбэг хэрэгсэл гээд шаардлагатай бүхнийг тээвэрлэдэг байна. Гүний уурхайд ажиллагсад өглөө таван цаг өнгөрөөж босоод найман цаг 30 минут гэхэд гүний уурхайн нэгдүгээр босоо амаар уурхайд орчихсон байдаг. Энэ хооронд өмнөх өдрийн ажлын талаар хэлэлцэж, тухайн өдрийн  ажлын төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэргийг бүрэн авдаг байна. Ингээд  тус тусын хариуцсан ажлаа хийж дуусгаад гуч гучаараа дээш гарч ажлын нэг өдөр дуусна. 

Хоёрдугаар босоо ам 2019 онд ашиглалтад орох гэнэ. Энэ ам ашиглалтад орсноор 10 км туузан дамжуургаар өдөрт 95 мянган тонн хүдрийг газрын гадарга руу тээвэрлэх тооцоо хийжээ. Оюу толгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил одоогоор байгуулжээ. Цаашид бидний хүрсэн 1300 метрийн гүнд 200 километр урт хонгил нэмж барьснаар гүнээс хүдрийг тээвэрлэх боломж бүрдэх гэнэ. Ингэснээр газрын гүнд 50 орчим өрмийн машин, 25 хутгуурт ачигч, 10 ачааны машин, бусад төрлийн 290 тоног төхөөрөмж дээр 3000 гаруй ажилчид ажиллана гэсэн тооцоог компанийн зүгээс хийжээ. 

Газрын гүнд ажил ундарч, монголын говьд хөгжил ургашилж байна. Бид ажлаасаа бууж буй уурхайчидтай хамт дээшиллээ. Газар дээр аль хэдийнэ орой болжээ. Гэвч газрын гүнд яг л өглөө мэт ажил үргэлжлэх билээ. 

Оюу толгой кампанид ажиллах хүний тоо, олборлолтын хэмжээ 2020 оноос эрс нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж хэд дахин ихсэх нь нэгэнт тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас гадна өндөр цалинтай ажлын байруудад дэлхийн түвшний мэдлэгтэй монгол мэргэжилтнүүд бэлтгэгдэн ажиллах боломжууд нэмэгдэх ажээ. Эндээс монгол залуус эрдэм мэдлэг, дадлага туршлагыг өвөрлөж авах нь ирээдүйд үүцээ задлах олон “Оюу толгой”-н бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийх итгэлийг төрүүлнэ.


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна