Уул уурхайн ухаалаг системтэй Австралийн өнөөдөр


"УУЛ УУРХАЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР СЭТГҮҮЛЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ 2018" хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна





"Өдрийн сонин" сонины 

сэтгүүлч Б.ДОЛЗОДМАА


Австрали, Монгол хоёр эрдэс баялаг ихтэй, уул уурхайн бүтээгдэхүүн экспортын голлох хэсгийг бүрдүүлдэг, газар нутгийн хэмжээ том, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжсөн гэх мэт эдийн засгийн үндсэн үзүүлэлтээрээ ойролцоо. Уул уурхайн томоохон төслүүдээр улсынхаа эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч явдаг ч хөгжлийн хувьд технологи инноваци, тогтвортой хөгжлөөрөө бол хол зайтай. 

Австрали 1960, 1970-аад оны үед одоогийн Монголынх шиг уул уурхайн салбарт мэдлэг, туршлага, үйлдвэрлэлээрээ “хөгжлийн гарц”-аа олохоор эрэлхийлж алдаж онож ирсэн бол өдгөө уул уурхайн тогтвортой хөгжил, ухаалаг уул уурхайг нэвтрүүлэгч улс орны тоонд зүй ёсоор тооцогдох болжээ. Австрали улсын уул уурхайн салбараа амжилттай хөгжүүлсэн туршлагыг судлах, тэр тусмаа хүний оролцоог багасгасан техник технологийн хурдтай дэвшлээс суралцах нь манай улсын хувьд ач холбогдолтой гэж үздэг.

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах” хөтөлбөрийг “Оюу толгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон тус байгууллагын ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын сэтгүүлчид Австрали улсыг зорьж орчин үеийн ухаалаг уул уурхайн хөгжлийг тольдсон юм. Тогтвортой уул уурхайн хөгжилд гол анхаарлаа хандуулдаг Квийнсландын их сургууль бол дэлхийн шилдэг 50 сургуулийн нэгд тооцогддог. 

Уул уурхайн хөгжилтэй холбоод бичихэд тус их сургууль уул уурхай болон тогтвортой уул уурхайн тал дээр чанартай хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал, нийгмийн хариуцлага, нийгмийн асуудлууд болон байгаль орчин, аюулгүй байдал, уул уурхайн төлөвлөгөө боловсруулалтыг хэрхэн хийх зэрэг олон хөтөлбөрийг нэрлэж болно. Квийнсландын их сургууль өмнө нь Оюу толгой төсөлтэй хамтран бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийг судлах судалгааны төслийг хэрэгжүүлж байжээ.

Газрын баялгаа үнэт зүйл болгож хувиргаж чадаж буй улс орнуудыг тогтвортой уул уурхайг бий болгосон гэж үнэлдэг жишиг дэлхийд бий. Манай улсын өмнө уул уурхайгаас хүртэх үр өгөөжийг дээд түвшинд хүргэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр хөгжүүлэх шаардлага тавигдаж байгаа. Австрали ухаалаг уурхайн системээрээ дэлхийд гэж яригддаг улс. 

“Уурхайг автоматжуулснаар ажлын бүтээмжийг арав дахин нэмэгдүүлж, экспортыг үлэмж өсгөсөн” гэж Австралийн Күйнсландийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтийн Виртуал риализэйшн лабораторийн профессор Мехмет Кизил ярьсан юм. Виртуал риализэйшн ашиглан гүний уурхай дотор яг орсон мэт сэтгэгдлийг төрүүлэхүйцээр уурхайн бодит байдлыг оюутны ширээн дээр авчирсан технологийг тус сургууль ашиглаж байна. Ингэснээр суралцагчид ажлын байртайгаа шууд танилцах, дотор нь орсон мэт мэдрэх боломж бүрджээ. 

Австралийн Мельбурн хотын захад байрлах Бандура судалгаа, инновацийн лабораторид “Рио Тинто”-гийн хайгуул хийж буй уурхайнууд дахь хүдрийн биетийн маш нарийвчилсан судалгаа явагдаж байгаа аж. “Рио тинто”-ийн Өсөлт, инновацийн группт харьяалагддаг Бандура судалгааны төвийн Техникийн хөгжүүлэлт хариуцсан менежер Жейред Осборн ярихдаа “Эрэл хийж буй хүдрийн биетийн бүтэц, хэлбэр, хэмжээгээр зогсохгүй түүнд нуугдах баялгийг ямар аргаар боловсруулах стратегийг хүртэл энэ төвд боловсруулдаг. Сайтар судалж чадвал тухайн хүдрийн биет хэрхэн олборлуулахаа өөрөө заагаад өгчихдөг” хэмээн ярьсан юм. Тус судалгааны төвийнхөн шинээр хүдрийн биет эрж хайгаад зогсохгүй хаагдаж байгаа уурхайнуудын стратеги боловсруулж, хөрөнгө оруулалт хийхээс өмнө олборлох эрсдэлийг багасгах судалгаа хийдэг. Манай улсын өмнийн говьд хэрэгжиж буй “Оюу толгой” төсөл “Рио Тинто” группийн ирээдүйтэй, өсөлттэй төслүүдийн нэгд бичигдэж байна.

“Ирээдүйн уурхай” төслийг арван жилийн өмнөөс хэрэгжүүлсний үр дүнд “Рио Тинто” групп Австралийн Перт хот дахь Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайгаа бүрэн автоматжуулжээ. Уул уурхайн салбарт автоматжуулалт хүчээ авснаар хүний оролцоо багасна гэсэн хүлээлт, болгоомжлол байсан ч техник технологийн мэргэжлийн ажлын байр улам эрэлттэй болж, энэ төрлийн ажлын байрны үнэ цэнэ өссөөр байгаа аж. Австрали улс жил ирэх бүр инновацид мөнгө хаяж, анхаарч байна. Тус улсын эрчим хүчний хандлага сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөх болсон. 

Нүүрс шатааж эрчим хүчээ хангаж ирсэн бол одоо нар, салхины эрчим хүчийг түлхүү ашиглаж байгаа гэнэ. Австрали улс эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг нүүрс, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс авч, эрчим хүчний хэрэглээ сэргээгдэх эрчим хүчинд түшиглэх нь тодорхой байна. 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 50 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж, 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаралтыг тэг болгохоор зорьжээ. Сэргээгдэх эрчим хүч 100 хувь ашиглах зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай түүхий эдээ уул уурхай, эрдэс баялгийн салбараасаа ханган нийлүүлэх гэнэ. Квийнслэнд мужийн хувьд байгалийн болон нүүрсэн дундаас гаргаж авдаг метан гэсэн хоёр төрлийн хий олборлож байна. 

Австрали улс уул уурхайгаас орж ирдэг орлогоо голлох салбар буюу боловсрол, Хөдөө аж ахуйн салбартаа бас шингээж чаддаг. Мөн мэдлэг боловсрол технологи ноу хаугаа экспортолж байна. Уул уурхайн нөөц дуусах үед цаашдаа яах вэ гэдэг асуултын хариултыг эртнээс тооцоолж байгаа аж. Тухайн газрын баялаг шавхагдахад тэрхүү бүс нутагт ажиллаж амьдардаг хүмүүсийн ажил эрхлэлтийн тоо буурч, бизнесийн боломжууд багасах юм байна. Тэр цагт тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж чадах юм бол уул уурхай хаалгаа барих үед бид цаашдаа яах вэ гэдгийг шийдвэрлэж чадна гэж үздэг. Мөн тухайн бүс нутагт уул уурхайгаас хамааралгүй өөр үйлдвэрлэлийн салбарыг нэвтрүүлснээр эдийн засгийн олон тулгуурыг ашиглана гэж тооцдог. Ийнхүү оновчтой бодлогыг цагт нь хэрэгжүүлсэн учир Австралийн эдийн засаг хурдан хөгжиж байна. 

Жишээ нь, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг амжилттай хөгжүүлэх суурь нь газрын өмчлөлийн асуудал юм. Австрали улс уул уурхайн өгөөжийг улсынхаа эдийн засагт наах төдийгүй иргэн хүн бүртээ хүртээхэд анхаардаг. Нарийн тооцоо судалгаагаа ч гаргаж явдаг. 

Тухайлбал, Квийнсланд мужийн эдийн засгийн таван доллар, ажлын долоон байр тутмын нэг нь уул уурхайн салбарт оногддог. Уул уурхайгаас хамааралтай ашиг тус хүртдэг 24 мянган бизнес эрхлэгчтэй бөгөөд орон нутгийн байгууллагуудад тусламж дэмжлэг үзүүлдэг 937 байгууллага байна. Энэ бүх ашиг тусыг Квийнсланд мужийн уул уурхай эрхэлж байгаа 0.1 хувийн талбайгаас олж авдаг аж. 

Австралийн нийт нүүрсний экспортын 57 хувь, харин коксжих нүүрсний экспортын 54 хувийг Квийнсланд муж бүрдүүлдэг аж. Австрали улс металлургийн үйлдвэрлэлээ металлын төрлийн ашигт малтмалынхаа олборлолттой зэрэг хөгжүүлсэн, өнгөт ба хар төмөрлөгийн үйлдвэрүүдтэй. Харин манай улсын хувьд төмрийг хүдрээр нь, зэсийг баяжмалаар нь, алтыг цэвэршүүлэлгүй, нүүрсийг түүхийгээр нь зарсаар л байна. Австрали улс уул уурхайн үйлдвэрлэлээс олсон орлогоо дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулж хот суурин, далайн боомт, задгай ачилтын талбай, нисэх онгоцны буудал, хувийн болон нийтийн төмөр зам барьж байгуулжээ.

Эх сурвалж: www.dnn.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна