Уул уурхайг ухаалаг утаснаасаа удирддаг болжээ


"УУЛ УУРХАЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР СЭТГҮҮЛЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ 2018" хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна




"Засгийн газрын мэдээ" сонины Эдийн засгийн албаны дарга, сэтгүүлч Б.БАЯРТОГТОХ

Технологийн хүчийг ашиглах гэж компаниуд ухаанаа зарж байна

Уул уурхайн талаарх бидний уламжлалт ойлголт халаагаа өгч, технологийн хувьсгал энэ салбарт хүч түрэн орж ирлээ. Өөрчлөлт, шинэчлэлт зай завсаргүй мөшгих эринд хиймэл оюун ухаан хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг дөтлөх болов. Аж үйлдвэрийн IV хувьсгал гэгч урьдын хэвшсэн тоглоомын дүрмийг өөрчилж байна. Энэ нь холын Австралид биеллээ олж, хэдэн мянган бээрийн цаадах уул уурхайг гар утсаараа удирдах хэмжээнд хөгжжээ. 

Ил уурхайг дэргэдээс нь юм шиг залж, чиглүүлэх системийн ачаар үйлдвэрлэлийн зардал буурч, ажлын бүтээмж ч дээшилж байна. Уг RTV системийг 21 уурхайдаа нэвтрүүлсэн Rio Tinto группийн Квинслэнд мужийн Брисбен хот дахь оффисоос “Оюутолгой”-г гар утаснаасаа харж, тэнд өрнөж буй өдөр тутмын ажилтай хүссэн цагтаа саадгүй танилцах аж. Тус группийн автоматжуулалтын багийн ерөнхий зөвлөх Крэйг Хампрэй өөрийн гар утаснаасаа торох зүйлгүй энэ бүхнийг нүдний өмнө авчирч байлаа. Дээрх системийг цаашид илүү боловсронгуй болгон хөгжүүлэх “даалгавартай” Rio Tinto группийн 30 ажилтан зүүн болон баруун Австрали, АНУ-д ажилладаг аж.

10 жилийн турш тасралтгүй хөгжүүлж буй энэхүү системийг “Оюутолгой”-д хоёр жилийн өмнөөс Rio Tinto ашиглаж эхэлжээ. Гар утасны дэлгэцэн дээрээс зургаан тивийг хамарсан уурхай болгоноо тольдох программыг гурван хэмжээст видео тоглоомын хийцээс санаа авч бүтээсэн гэдгийг Крэйг Хампрэй нуусангүй. Энэхүү программыг уул уурхайн компаниудаас зөвхөн Rio Tinto дотооддоо ашиглаж байна. Гэхдээ сонирхсон болгон бус группийн хэмжээнд 1200 хүн л үүнийг “эзэмших” эрхтэйг тэрбээр онцолсон юм. 

Төслийн талбар дээрх хүдрийн олборлолт, ачилт, тээвэрлэлт, шилжүүлэлтийн хугацаа, тухайн техникийн шатахууны байдал, уурхайн бүс доторх автомашинуудын хурд гэх мэтийг тус программын тусламжтайгаар мэдэх боломжтой. Одоогоор зөвхөн ил уурхайдаа энэхүү технологийг нэвтрүүлсэн бөгөөд цаашид гүний уурхайд ч ашиглах ижил технологийг зохион бүтээж байгаа аж. Өнгөрсөн найман жилийн дотор Rio Tinto групп Австрали дахь нэг төслийн технологид 1.5 тэрбум австрали доллар зарцуулсан гэж “BAEconomics”- ийн судалгаанд цохон тэмдэглэсэн байв.

Нэг төслийн технологийн хөрөнгө оруулалт тэрбумаар хэмжигдэнэ гэхээр нэжгээд төслийнх өндөр дүнтэй гарах нь дамжиггүй. Технологийн хүчийг ухаалаг ашиглах гэж компаниуд илүү ухаан зарцуулж байна. Үүний тод жишээ гэвэл дэлхийн 35 улсад 47 мянган ажилтантай үйл ажиллагаа явуулж буй Rio Tinto болж байгаа юм. Тус групп автоматжуулалтад онцгой анхаарч, Баруун Австрали дахь Пилбарагийн уурхайд хүнд даацын бүх автомашиныг Пертээс удирдан чиглүүлж, бүтээгдэхүүнээ жолоочгүй тээвэрлэдэг болжээ. 1500 км-ийн алсаас хүнд даацын машин, экскаватор гээд 90-ээд том техник болон галт тэргийг удирдаж байна гээд бод доо. 

150 жилийн уул уурхайн түүхтэй Австралид ч энэ үйл явдал өөрөө шинэ үзэгдэл болж байгаа юм. “Ирээдүйн уурхай” төслийн хүрээнд Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайгаа Rio Tinto бүрэн автоматжуулсан аж. Цаашид ч автомажуулах ажил үргэлжилнэ гэж тус группийн Өсөлт, инновацийн группийн харилцаа, холбоо хариуцсан менежер, Моник Бенстед ярьсан юм. Гэхдээ автоматжуулалт эрчтэй явагдсан ч ажлын байр хумигдахгүй гэлээ. Учир нь, 90 гаруй жолооч дээрх төслийн хүрээнд ажилгүй болсон ч техникийн удирдлагын төвд 600 хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, автоматжуулалт шинэ ажлын байрыг нэмэгдүүлжээ.

"Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал"

Бидний уул уурхайг харах өнцөг, зураглах төсөөлөл хэдэн арван жилээр бус цаг, минутаар өөрчлөгдөхөөс аргагүй болж байгаа биз. Ирээдүйн уурхайг Баруун Австралид цогцлоож, аюулгүй ажиллагааг алхам тутам мөрдлөг болгож байна. Сонирхуулахад, Rio Tinto группийн хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдээс “Оюутолгой” аюулгүй ажиллагааг ягштал баримталж, энэ үзүүлэлтээрээ Rio Tinto-гийн гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналыг хүртсэн байна. Технологи хөгжих хэрээр уурхайн осол аваар багасч, аюулгүй ажиллагаа хариуцлагатай уул уурхайг хэмжих тэргүүн үзүүлэлт болж чаджээ. Технологи ийнхүү хөгжлийн хурдаа нэмэх тусам түүнийг эзэмшихийн тулд хүний хөгжил яригдахаас аргагүй. Энэ өөрчлөлтөд уурхайчид бэлэн үү гэсэн асуулт зөвхөн Австралид бус Канад, АНУ-д ч халуун сэдэв болж, хариулт нэхэх болсон.

Тэгвэл үүнд бэлэн байх үүднээс 8000 ажилтнаа Rio Tinto давтан сургаж, техникийн хүн болгохоор шийджээ. BHP Billiton болон Rio Tinto зэрэг уул уурхайн топ компани ирэх дөрвөн жилд 2.7 тэрбум ам.долларыг тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнээс хэмнэхийг зорьж байна. Тэд хиймэл оюун ухаанд суурилсан жолоочгүй авто хэрэгслийг түлхүү хэрэглэхээр тооцоолжээ. Тухайлбал, BHP Billiton компани ирэх дөрвөн жилд машин механизмын засвар үйлчилгээний зардлаа 32 хувиар бууруулж, 2.3 тэрбум ам.доллар болгоно хэмээн мэдэгдсэн. Шинэ технологи уул уурхайн компаниудад зардлаа бууруулах боломжийг бий болгож өгч байна. Тус компани өнгөрсөн оноос төмрийн хүдрийн Jimblebar орд дээрээ Caterpillar-ын 360 тонн хүртэл даацтай 793 F загварын алсын удирдлагатай 20 хүнд даацын ачааны автомашиныг ашиглаж эхэлсэн байна. Үүнийг энэ онд хоёр дахин нэмэгдүүлж, 50-д хүргэхээ зарласан төдийгүй алсын удирдлагатай хүнд даацын автомашины тусламжтайгаар 2017 онд уг уурхайн үйл ажиллагааны зардлыг 15 хувиар бууруулж чадсан хэмээн тус компани мэдээлэв.

Технологийн хувьсгал уул уурхайн эрдэс бүрийг эдийн засгийн үр ашигтай түүхий эд болгон өөрчилж буй.

Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал. Үүнийг хэдийн ойлгосон компаниуд өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө бэлэн байна.

Бидний уул уурхайг харах өнцөг, зураглах төсөөлөл хэдэн арван жилээр бус цаг, минутаар өөрчлөгдөхөөс аргагүй боллоо.

Шинэ технологийн түрэмгийлэл нь эко олборлолт руу компаниудыг зүглүүлж, хал багатайгаар түүхий эд олборлох арга ухаанд сургаж байна. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс Rio Tinto АНУ-ын Alcoa компанитай хамтарч Канад дахь хөнгөн цагааны Elysis төслийг хэрэгжүүлэхээр болсноо энэ хавар зарлажээ. Энэхүү төсөлд Канад, Куба улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, Apple компани хамтарсан хөрөнгө оруулалт хийхээ дуулгасан аж. 

Байгальд огт нөлөөлөлгүйгээр хөнгөн цагааныг олборлох дээрх төсөл дэлхийд анхдагч гэдгийг Rio Tinto-ийн Өсөлт, инновацийн группт багтдаг Бандуура судалгааны төвийн Техникийн хөгжүүлэлт хариуцсан менежер Жейред Осбор онцолсон юм. Инновацид хийсэн хөрөнгө оруулалтаараа уул уурхайн салбарыг тус групп хошуучилдаг. Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал. Үүнийг хэдийн ойлгосон компаниуд өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө бэлэн байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн хөдөлгүүр нь уул уурхай болж, төсвийн орлого энэ салбараас үлэмж хамаарч байгаа. Энэ үед төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд технологийн тухай одооноос эрчтэй ярихгүй бол дэлхийтэй хөл нийлүүлэх бус хол хаягдаж мэдэх нь. Нүүрс, зэс, төмрийн хүдэртэй зэрэгцээд батарейн үндсэн түүхий эд болох лити, кобальт орлогын шинэ эх үүсвэр болон гарч ирсэн. 

Технологийн хувьсгал уул уурхайн эрдэс бүрийг эдийн засгийн үр ашигтай түүхий эд болгон өөрчилж буй. Технологи, түүний ноу хау компаниудын өрсөлдөх чадварыг тодорхойлж, өрсөлдөөнд үлдэх шалгуур нь болж байна.

Эх сурвалж: www.zgm.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна