Хэлсэндээ хүрдэг улс хөгжиж чаддаг


"УУЛ УУРХАЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР СЭТГҮҮЛЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ 2018" хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна





"Засгийн газрын мэдээ" сонины Эдийн засгийн албаны дарга, сэтгүүлч Б.БАЯРТОГТОХ


Сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон тоглогч болохоор зорьж байна

Нөхөн сэргэдэггүй байгалийн нөөц баялагтай улс орны өмнө боломж, сорилт аль аль нь тулгардаг. Боломжоо зөв ашигласан нь хожиж, буруудсан нь баялгаасаа болж баларсан жишээ цөөнгүй. Бусдын алдаанаас суралцаж, сайн туршлагыг өөртөө нэвтрүүлсэн орнууд ч бас бий. Тэгвэл хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, энэ нь өөрсдийнх нь тодотгол болсон орны нэг бол Австрали. 

Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд олон салбар зэрэгцэн хөгжиж болдгийг байгалийн баялагтай орнуудад тод харуулж яваа австралийн ДНБ-ий 70 хувийг хувийн хэвшил нь бүрдүүлж байна. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг тус улс төмрийн хүдэр, алт, газрын ховор элемент, нүүрс, байгалийн хийн нөөцөөрөө гайхагддаг. Тэрчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ олон улсад толгой цохиж, дэлхийн 13 дахь эдийн засгийг өөрсдөө бүтээсэн билээ. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд айрагдах австралийн эдийн засгийг эрдэс баялгийн салбар нь өдгөө тэтгэж байна. Уул уурхайн салбар нь 100 орчим жилийн настай тив улсын Квинслэнд муж гэхэд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 21.9 тэрбум австрали долларын орлого олжээ. Орлогыг нь задалж харвал, металлургийн нүүрс дийлэнх хэсгийг нь эзэлж байна. Улсынхаа эдийн засгийг тодорхойлж яваа тус мужийн уул уурхайтай танилцах боломж Монголын сэтгүүлчдэд тохиож, нөхцөл байдалтай танилцаад ирлээ.

Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хоршил хөгжилд хөтөлжээ

Ийм боломжийг “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ, германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюутолгой” компани олгосон юм. Уул уурхайн баялгаараа өндийж чадсан тус мужийн нийт экспортын 70 хувийг ашигт малтмал бүрдүүлдэг. Энэ үзүүлэлтээрээ манай улстай ихээхэн төстэй ч экспортын тоо хэмжээ, олж буй орлогоороо хэд дахин илүү юм. Зөвхөн хөнгөн цагаан, зэс, хар тугалга, нүүрс, мөнгө экспортлох бус боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаа экспортолж, эдийн засгийн төрөлжилт австралид эрчимтэй урагшлах болжээ. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр 600 орчим мянган хүн амтай далайн эргийн шинэ хот сүндэрлүүлжээ. Тус хотын орлогын эх үүсвэр нь “үл үзэгдэх экспорт” гэгдэх аялал жуулчлал. 
Квинслэнд мужийн Брисбен хотоос галт тэргээр ойролцоогоор хоёр цаг гаруй яваад австралийн зургаа дахь том хот Gold Coаst-д жуулчид хөл тавих аж. Гаднынхан төдийгүй дотоодын жуулчид энд их ирдэг гэнэ. Уул уурхайгаас хүртсэн өндөр цалингаа иргэд нь эргээд дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэхэд “үрж” байна. Австралийн хоёр дахь том муж Квинслэнд нийт газар нутгийнхаа 0.1 хувийг уул уурхайн олборлох салбарт ашигладаг ч эдийн засгийнх нь зургаан доллар тутмын нэг нь уул уурхайн салбарт ногдож байна.

• Тэд метан хийн олборлолт руу хурдтай орж эхэлжээ.

• Тогтвортой бодлого, таатай татварын орчныг бүрдүүлж өгсөн нь дэлхийн уул уурхайн “гигант” болсон компаниуд үүд хаалгаа нээх шалтгаан болжээ.

• Тэд хэлсэн, ярьсандаа хүрдэг, гэрээний соёлтой, хөрөнгө оруулагчдыг үргээх бус хамтарч ажиллаж, харилцан ашигтай түншлэлийг цэцэглүүлж чадсан нь одоогийн амжилтынх нь эхлэл. 

Мужийн хэмжээнд найман хүн тутмын нэг нь уул уурхайд ажилладаг гэж байгаа. Тэгэхээр тус мужийн австралийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоо тэр хэрээр их гэсэн үг. Тухайлбал, уул уурхай дагасан бизнес энэ мужид шинэ тутам хөгжиж, хувийн хэвшлийн зарим хэсэг нь эрдэс баялгийн салбар дээрээ оршин тогтнож байна. Квинслэндийн эрдэс баялгийн зөвлөлийн мэдээллээр, уул уурхайн салбар нь 16.4 мянга гаруй бизнесийг худалдан авалтаараа дэмжиж, 910 гаруй орон нутгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. 30 гаруй төрлийн ашигт малтмал олборлож байгаа мужийнхан далайн гарц, төмөр замаа бүрэн дүүрэн ашигладаг. Тэр дотроо хамгийн их жин дардаг түүхий эд нь нүүрс юм. 

Тэд их хэмжээгээр нүүрсээ экспортолж байгаа нь төсөв нь орлоготой, иргэд нь ажилтай байхад хөтөлж буй. Монголын нүүрсний зах зээлийн гол өрсөлдөгчөө тандахад, тэд метан хийн олборлолт руу хурдтай орж эхэлжээ. Олборлолт нь бараг дөрөв дахин нэмэгдсэн байна. Гэтэл бид тавантолгой ордоос метан хийг олборлох тухай яриад бараг таван жил болох гэж байна. Шинэ хөрөнгө оруулалтын 40 хувь нь уул уурхайн салбарт шингэдэг мужийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниуд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалтай хөл нийлүүлж, техник технологийн аль шинийг нь нэвтрүүлэх болжээ. Уул уурхайгаас олж буй орлогоо улс орныхоо тогтвортой хөгжилд тууштай зарцуулах болсон австраличууд мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон тоглогч болохоор зорьж байна.

2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 50 хувийг нар, салхи, уснаас гарган аваад зогсохгүй экспортлогч орон болохоор зориг шулууджээ. Австралийн уул уурхай инноваци руу чиглэж байна. Олборлолттой зэрэгцээд нөхөн сэргээлт хийгдэж, хариуцлагатай уул уурхайн ам бардам жишээнүүд түгээмэл сонсогдох нь бахдалтай. Уг нь нутгийн уугуул иргэдийн эрх ашиг Квинслэнд мужид толгойн өвчин байлаа. Тэгвэл өнөөдөр уугуул иргэдийн эрх ашиг, байгаль орчны нөхөн сэргээлт аль аль нь энд эмзэг сэдэв байхаа хэдийнэ больжээ. Ухсан нүх, олборлосон орд болгоноо орхиод бултах бус нүд баясгах хэмжээний аялал жуулчлалын цогцолбор, малын бэлчээр болгоход анхаарч ирсэн нь тэднийг бусдаас илт ялгаруулна. 

Уул уурхайн салбар нь 100 гаруй жилийн түүхтэй ч сүүлийн 25 жилийн хугацаанд австраличууд байгалийн баялгийн ашиг шимийг хүртэж байгаа гэлцдэг. Хүн амьдрахад хамгийн таатай хотуудын эгнээг австралийн хотууд эзэгнэж, ази тивийнхэн голдуу олноороо төвхнөж байна. Нийт газар нутгийнхаа 0.1 хувийг ашигладаг ч манайхаас бараг 10 дахин их орлого олж байгаа Квинслэнд муж хөрөнгө оруулагчдад тогтвортой бодлого, татварын таатай орчныг бүрдүүлж өгсөн нь дэлхийн уул уурхайн “гигант” болсон компаниуд үүд хаалгаа нээх шалтгаан болжээ. Үүнийг дагаад дэлхийн уул уурхайн томоохон төслүүд Квинслэнд мужид хэрэгжиж байна. Тэд хэлсэн, ярьсандаа хүрдэг, гэрээний соёлтой, хөрөнгө оруулагчдыг үргээх бус хамтарч ажиллаж, харилцан ашигтай түншлэлийг цэцэглүүлж чадсан нь одоогийн амжилтынх нь эхлэл болжээ. Австраличуудын хөгжлийн нууц нь үүнд орших аж.

Эх сурвалж: www.zgm.mn 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна