Говийн ургамлын үйлдвэр- байгалийн ургамлын үржүүлгийн газар


"ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2018" төслийн сургалтанд хамрагдсан сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна. 






Дорноговь аймгийн "D media" агентлагийн сэтгүүлч 
П.НЯМЦЭЦЭГ

 “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага Германы “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс 4 дэхь жилдээ “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ”орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхай чиглэлээр чадавхжуулахаар төсөл хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд Оюу толгой уурхайтай танилцахаар 21 аймгийн сэтгүүлчид 2018 оны 10-р сарын 13-15-ны өдрүүдэд очсон юм. Энэ удаагийн танилцах сургалт төсөлд оролцогчдод Оюун толгойн ил уурхай, гүний уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үе шат, нийгмийн хариуцлага гээд бүх чиглэлээр мэдээлэл цуглуулах боломж олгосоноороо онцлогтой байв. 

Олон төрлийн үйл ажиллагаа, мэдээлэл дундаас онцолж Оюу толгойн Байгалийн ургамлын үржүүлгийн газрын талаар уншигч та бүхэндээ хуваалцъя. Ханбогд сум газар нутгийн хувьд манай аймагтай хил залгаа зэргэлдээх сум, байгаль цаг уурын хувьд мөн л ижил төстэй. Дорноговь аймагт Мод үржүүлгийн газар байдаг. Үүнд говь нутгийн ургамал хайлс, заг мэтийн модыг тарималжуулах ажлыг хийж байгаа. Гэхдээ бодит үр дүн хэр гарсан нь тодорхойгүй. Ийм ч учраас зэргэлдээх аймаг, суманд говь нутгийн ургамлыг тарималжуулаад амжилттай яваа жишээ Ханбогд суманд байрлах Оюу толгойн Байгалийн ургамлын үржүүлгийн газар ихэд сонирхлыг татсан нь энэ. Нөгөө талаар уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийж буй талаарх үйл ажиллагаа онцлог байлаа.
Байгалийн ургамлын үржүүлгийн газар Оюутолгойгоос 45 км-т Ханбогд суманд байрладаг. Тус газар 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 30 гаруй төрлийн мод болон бутлаг ургамлыг тариалж Оюу толгойн нөхөн сэргээлт, ногоон байгууламжид ашигладаг байна. 
Байгалийн ургамлын үржүүлгийн газар нь говийн мод, бут, сөөг, төрөл бүрийн ховор ургамал тарималжуулдаг. Тодруулбал говийн нөхцөлд ургах боломжтой нутгийн ургамлын үрийг хүлэмжинд үрслүүлж, гадаах талбайдаа шилжүүлэн байгалийн зохилдолгоонд дасгана. Ингээд биологийн нөхөн сэргээлтэд ашигладаг гэнэ. 
Жилдээ 5 га газарт 80 орчим мянган үрсэлгээ суулгадаг байна. Үүний 7-8 зүйл мод, 6 зүйлийн ховор ургамал, 15 төрлийн бутлаг ургамал өнөөдрийн байдлаар энд ургаж буй. Жилд 60 орчим га-д биологийн нөхөн сэргээлт хийдэг ба 15-20 мянган үр суулгацыг эндээс авдаг байна. 
Нутгийн уугуул ургамлыг тарималжуулна гэдэг тийм ч амар ажил биш. Энд говь нутгийн унаган ургамал болох дэрс, хармаг, бударганаас авахуулаад монгол азар, заг, лидэр, жигд, орог тэсэг, бор бударгана, улаан бударгана, бяцхан навчит харгана, одой хайлаас, сөөг сөөгөнцөр зэрэг ургамлыг хэдийнээ тарималжуулжээ. Ёстой л ургамлын үйлдвэр энд ажиллаж байна уу даа гэмээр талбай дүүрэн говийн ургамал энд тэндгүй үрслэн ургаж байна.
Тус газраас Оюу толгойн нөхөн сэргээлт, ногоон байгууламжид үрсэлгээ авахаас гадна нутгийн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тохижилтын үрсэлгээ, суулгацыг авч тариалдаг байна. Ингэхдээ үрсэлгээ суулгацыг үнэ төлбөргүйгээр өгч ургамлын амьдрах чадвараар үр дүнг тооцдог байна. Хавар, зун, намрын улиралд мод, ургамлаа тарих, үржүүлж арчлах, ургуулах, зэрлэг ургамал, хортон шавьжтай тэмцэх зэрэг ажлууд хийнэ. Говийг унаган төрхийг үр хойчдоо өвлүүлэх чин хүсэлтэй сэтгэлтэй хүмүүсийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд нутгийн уугуул ургамлыг тарималжуулж, арчилж тордож ургуулж чадаж байна гэсэн бодол төрж байв. 

Нөхөн сэргээлттэй холбоотойгоор Оюу толгой компаниас энэ онд хийж буй ажлын талаар авч үзвэл: Оюу толгой компани 2018 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээ, нөхөн сэргээлтийн ажлын зардалд нийт нэг тэрбум дөрвөн зуун жаран гурван сая нэг зуун таван мянган (1 463 105 000.0) төгрөг төсөвлөсөн байна./Оюу толгойн 2018 оны байгаль орчны менементийн төлөвлөгөө/. Үүнээс Биологийн олон янз байдал, дүйцүүлэн хамгааллын менежмент 296 030.68 мян.төг, Нөхөн сэргээлт 207 760.91мян.төг зарцуулахаар төлөвлөгджээ. 

Мөн Ургамлын аймагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд /Оюу толгойн 2018 оны байгаль орчны менементийн төлөвлөгөө/ “Урт болон богино хугацаанд ашиглах газрын төлөвлөлтийн тухай мэдээллийг улирал тутамд урьдчилан авч, тухайн талбайн суурь судалгааг талбай тус бүрд хийж ховор, нэн ховор ургамалд үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Талбай тус бүрд хөрс, ургамлан бүрхэвчид үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлохын тулд суурь судалгааг: 1) чухал амьдрах орчны нэг хэсэг болох хайлаас бүхий сайрын ургамалжилттай талбай, 2) заган ой бүхий талбай, 3) бэлчээрийн нөөц талбай тус бүрээр ангилан хийж, нөлөөллийг бууруулах шатлалын дагууд авах арга хэмжээний зөвлөмж, дүгнэлтийг гаргах, хөндөгдөж буй талбайн ургамлын бүртгэл хөтлөх, тайлагнах, хөндөхөөс зайлсхийх шаардлагатай ургамлын зүйлүүдэд үзүүлэх болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлохын тулд ажиглалт судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, удмын санг хадгалах арга технологийг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, уурхайн лицензийн талбайн хөндөгдөөгүй хэсгийн ургамалан бүрхэвч, ховор ургамлын тархалтын зураглалыг гаргах” зэрэг ажлуудыг хийж байгаа аж.  

Эх сурвалж: "Өнөөгийн Дорноговь" сонин №11(95), 2018-10-30
 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна