Төвийн болоод орон нутгийн сэтгүүлчид туршлага солилцох Менторшип хөтөлбөрийг хэрэгжүүллээ


"МЕНТОРШИП 2018" хөтөлбөр

Уул уурхай, эдийн засгийн The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид бусадтайгаа хамтдаа суралцан, чадавхижих, мэргэших зорилгоор редакцийн дэргэдээ “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ыг үүсгэн ажиллаж байгаа билээ. Байгуулагдсан цагаасаа “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” нь өнгөрсөн найман жилийн хугацаанд төвийн болоод орон нутгийн сэтгүүлчдийг эдийн засаг, уул уурхайн сэдвээр дагнан чадавхижуулах чиглэлд олон төрлийн сургалтуудыг Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаатай, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, “Оюутолгой” төсөл болоод уул уурхайн компаниуд, салбарын мэргэжилтнүүдийг сургах багшийн оролцоотойгоор зохион байгуулж ирсэн.
Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн хувьд “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”-н санаачилсан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн цуврал 8 сургалтыг 2015-2017 онд зохион байгуулахад дэмжин ажиллахын зэрэгцээ эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэшиж буй төвийн сэтгүүлчдэд зориулан онол, дадлагын сургалтын төслийг 2016-2017 онд Австралийн Квийнслэндийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн юм. Энэхүү хоёр түвшинд явагдсан төслийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулан өргөжүүлж, төвийн сэтгүүлчид орон нутгийн сэтгүүлчдэд туршлага, ур чадвараа эзэмшүүлэх Менторшип хөтөлбөрийг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөр хамтран 2018 онд хэрэгжүүллээ. 
Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Дээрхи хоёр төсөлд хамрагдсан төвийн найман сэтгүүлч, GIZ-ийн ЭТИС хөтөлбөр хэрэгжүүлэгч Баянхонгор, Сэлэнгэ, Увс болон Өмнөговь аймгаас найман сэтгүүлч сонгогдон Менторшип буюу орон нутгийн залуу сэтгүүлчдэд төвийн сэтгүүлчид ажлын туршлагаасаа хуваалцаж, сургах байдлаар дэлхийн медиа салбарын орчин цагийн чиг хандлагатай нийцэн ажиллахыг практикаар заах зорилттой тус хөтөлбөрт оролцсон юм.
Хөтөлбөрийн хүрээнд ментий (орон нутгийн сэтгүүлчид) нар ментороор (төвийн сэтгүүлчид) сонгосон 2 хүний бүрэлдэхүүнтэй нийт 8 багт хуваагдан гурван удаагийн арга хэмжээний дагуу редакцдаа харилцан зочилж туршлага солилцон, суралцаж, хамтын бүтээл дээр ажиллалаа. Менторшип хөтөлбөр зургаан сарын хугацаанд амжилттай хэрэгжиж, үр дүнг хэлэлцэх, хамтын бүтээлийг тайлагнах хаалтын арга хэмжээ аравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд болов.
Хаалтын арга хэмжээнд Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал хатагтай Karin Reinprecht, дэд захирал О.Батболд, The Mongolian Mining Journal-ын сэтгүүл хариуцсан орлогч эрхлэгч Н.Ариунтуяа нар оролцсон юм. Мөн энэ үеэр “Шилдэг Менторшип”, “Шилдэг Ментор”, Шилдэг Ментий”-ийг 1-10 онооны эрэмбээр шалгарууллаа.  

Орон зайнаас үл хамааран ментор, ментий харилцан санал солилцох, хамтын байнгын ажиллагааны онлайн платформыг ашигласнаараа МУИС-ийн Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн багш, www.ubn.mn сайтын редактор, сэтгүүлч Д.Идэржаргал(ментор), Дорнод аймгийн “Дорнод медиа” группын сэтгүүлч Э.Отгонтуяа нарын баг “Шилдэг Менторшип”-ээр тодров. Багийн хамтын ажиллагааны онлайн платформыг хөндлөнгөөс хөтөлбөрийн зохион байгуулагчид ажиглах нээлттэй байдал нь давуу тал болсон юм.
Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

“Шилдэг Ментор”-оор шалгарсан gogo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг менторын хувьд Өмнөговь аймгийн “Алтанговь” телевизийн сэтгүүлч С.Сумьяатай (ментий) хамтран багаар ажилласан. Тэрээр төв, орон нутгийн телевизүүдийн оргил цагийг харьцуулсан судалгааг танилцуулсан нь цаг үеийн шинэ мэдээлэл байсан бөгөөд орон нутгийн телевиз үзэгчдийн судалгаанд суурилан оргил цагтай уялдуулан мэдээгээ цацах, нэвтрүүлгээ төрөлжүүлэх зөвлөмжөөрөө бусад менторуудаас тэргүүллээ.
“Ардын эрх” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Г.Сонинбаяр ментортой багийн Баянхонгор аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины сэтгүүлч, khongor.mn сайтын Эрхлэгч Б.Чинбат “Шилдэг Ментий”-гээр тодорлоо. Үүний гол үзүүлэлт нь суралцах эрмэлзлээр өөрийн саналаар хөтөлбөрт хамрагдсан ба хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл санаачлан, тэрхүү төслийн санхүүжилтийг босгож чадсан байна.

Менторшип хөтөлбөрийн 8 багийн ментор, ментий нарыг танилцуулж байна:  
  
1. The Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Г.Идэрхангай ментор, Өмнөговь аймгийн “Говь өнгө төрх” сонины Эрхлэгч, МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сэтгүүлч Д.Мишигсүрэн ментий, 

2. MN25 телевизийн Мэдээний албаны дарга, сэтгүүлч С.Насанжаргал ментор, Сэлэнгэ аймгийн “Миний Монгол Энтертайнмент” телевиз, радиогийн Албаны дарга, сэтгүүлч Д.Туул ментий,  

3. “Mongolia economy” сэтгүүлийн редактор, сэтгүүлч Ц.Элбэгсайхан ментор, Увс аймгийн MBC телевизийн сэтгүүлч П.Очирбат ментий,

4. “Ардын эрх” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Г.Сонинбаяр ментор, Баянхонгор аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины сэтгүүлч, khongor.mn сайтын Эрхлэгч, сэтгүүлч Б.Чинбат ментий,

5. “Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга, сэтгүүлч Ц.Болормаа ментор, Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн захирал Т.Данаасүрэн ментий,

6. “Gogo.mn” сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч О.Ариунбилэг ментор, Өмнөговь аймгийн “Алтанговь” телевизийн сэтгүүлч С.Сумьяа ментий,

7. МУИС-ийн Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн багш, www.ubn.mn сайтын редактор, сэтгүүлч Д.Идэржаргал ментор, Дорнод аймгийн “Дорнод медиа” группын сэтгүүлч Э.Отгонтуяа ментий,

8. МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Ариунзаяа ментор, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын “Мандал” телевизийн Гүйцэтгэх захирал, сэтгүүлч Ц.Ундармаа ментий,

Э.Од
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр:
Сэтгэгдэл:
СЭТГЭГДЭЛ (0)

Сэтгэгдэл байхгүй байна