Бидний тухай

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” нь сэтгүүлчдийн санаачлагаар байгуулагдсан.

Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр дагнан бичиж буй сэтгүүлчдийг өндөр түвшинд мэргэшүүлэх, салбарын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангах, уул уурхайн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлах боломж олгох, олон улсын санхүүгийн байгууллагууд, түүнчлэн мэдээллийн нэр хүндтэй редакциудад танилцах аялал зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн хугацаанд арав гаруй сургалтыг дотоодод; мөн хилийн чанадад танилцах аяллыг зохион байгуулжээ. Хонконгийн Хөрөнгийн биржийн тухай анхан шатны ойлголтыг Монголын сэтгүүлчдэд, улмаар уншигч, үзэгчдэд ойлгуулах аяллыг 2010 онд хийсэн бөгөөд хөрөнгийн захын үйл ажиллагааны тухай шат дараалсан мэдлэг мэдээллийг хүргэх сургалтыг тасралтгүй явуулж ирэв.

Тухайлбал,

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОЙЛГОЛТ” сэдвээр  МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхмийн багш Д.Одбилэг, MICC-ийн Ерөнхийлөгч Д. Ачит-Эрдэнэ,

“ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА” сэдвээр Хөрөнгийн биржийн мэргэжилтэн Э.Одбаяр, “Эдийн засгийн ухаан,Бизнесийн мөчлөг ба санхүү, Эдийн засгийн үзүүлэлтүүд, Үзүүлэлтүүдийн уялдаа холбоо, төрийн бодлого” сэдвээр эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Захирал, доктор Б. Түвшинтөгсийн сургалт зэргийг амжилттай зохион байгуулжээ. Дээрх сургалтууд нь 2010 он буюу хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт Монголын нийгэмд төлөвшиж дөнгөж эхэлж байсан үед сэтгүүлчдэд анхан шатны мэдлэг өгснөөрөө үнэ цэнтэй, өндөр өгөөжтэй ажлууд байв.

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага нь сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалтуудаа үнэ төлбөргүй явуулдаг. Сургалтад үндэсний хэмжээний томоохон мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, түүнчлэн орон нутгийн телевиз, сонин, радиогийн удирдах ажилтнууд, сурвалжлагчид өргөнөөр хамрагддаг.

Уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн бүх байгууллагын сэтгүүлчид оролцсон сургалтаа “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” нь 2010 онд зохион байгуулсан бөгөөд орон нутгийн сэтгүүлчдэд эдийн засаг, уул уурхайн салбарын тухай ойлголт өгсөн анхны сургалтын ажил болсон гэдгээрээ Монголын хэвлэлийн түүхэнд үлдэх үйл явдал юм.

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” нь Хонконгийн Хөрөнгийн биржид хийсэн танилцах аяллынхаа тухай, Блүүмбергийн Сингапур дахь салбараас хийсэн сурвалжлагуудаараа сэтгүүлчдэд зориулсан нэвтрүүлэг тус тус бэлтгэн телевизийн сувгуудаар цацсан билээ.

Уул уурхайн салбарын үйл ажиллагаа, технологийн шат дамжлага, металын төрөл ангилал, уул уурхайн эдийн засаг, татвар, дэлхийн улс орнуудын туршлага, цаашдын хандлага зэрэг олон чухал сэдэв “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” байгууллагын сургалтын байнгын сэдэв байдаг.

www.journalism.mn
info@journailsm.mn
976-77222400, 976-77222300