Мэдээллийн шинэ технологи сэтгүүлчийн мэргэжлийн агуулгыг улам өргөжүүлж байна

- Монгол хэл бол  мэдлэг шингэсэн хэл -

Жил бүрийн тавдугаар сарын  3-ныг дэлхий нийтээрээ Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Уг өдрийг угтан өмнөх өдөр нь (тавдугаар сарын 2)  МСНЭ-ээс  “Редакторуудын улсын зөвлөгөөн 2019”-ыг “Эх хэлний хэрэглээ, Соёл ба Хэвлэл мэдээлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Ардчилсан Монгол Улс байхын тулд хэвлэлийн эрх чөлөө зайлшгүй хэрэгтэй. Тиймээс тавдугаар сарын 3-н бол та бидний хариуцлагын өдөр. Бид иргэдийн мэдэх эрхийг хангах, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох, хэвлэлийн эрх чөлөөнд юуг багтааж, цааш нь уламжлан авч явах ёстойг энэ өдрүүдэд ярих ёстой” хэмээн тодотгосон.

Хоёр дахь жилдээ болсон тус зөвлөгөөнд МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш доктор, профессор Д.Ганболд “Цахим хэвлэлийн хэл найруулга, анхаарах зүйлс”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавъяат ажилтан С.Дулам “Монгол хэлний найруулгад үгсийн сангийн баялгийг ашиглах нь” гэсэн сэдвээр тус тус илтгэж,  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  Өнөө цагт “Интернэт хэл шинжлэл” гэх  шинэ салбар үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд цахим орчны хэл найруулгын тухай бүхэл бүтэн судлагдахуун болсон тухай Д.Ганболд профессор илтгэлдээ дурдлаа. Тэрээр “хэллэгээрээ бичсэн ёс бус бичлэгүүд”, “Хэллэгээрээ бичсэн дүрэм бус бичлэг”-ийн жишээнүүдийг иш татан өгүүлсэн юм.

С.Дулам багшийн хувьд “Монгол хэл мэдлэг шингэсэн хэл байх ёстой”-г өгүүлээд, орчин цагийн технологийн ямар ч үгийг Монгол хэлнээ ончтой үгээр нь буулгах боломжтой хэмээлээ. Япон улс техник, технологийн ололтоо өөрийн хэлэндээ өөрийн оюун санаагаараа буулгадаг тэр чадамжийг бид ч мөн хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй гэдгийг тэрээр залуу сэтгүүлчдэд зөвлөсөн юм.  Тус зөвлөгөөнд “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа “Хэвлэл мэдээллийн редакторлах ажил, тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлдээ “Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа сэтгүүл зүйн бүхий л бүтээлд үг үсэг төдийгүй утга, найруулгын алдаа байнга гарах болсон нь уншигчдын бухимдлыг төрүүлж байна” хэмээн тодотгосон.  Мөн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь бичиг”-ийн хэрэглээг  сэтгүүл зүйн салбар сайтар мөрдөж ажиллах шаардлагатайг судлаач Б.Элбэгзаяа хэд хэдэн жишээн дээр тайлбарласан. “Журамласан хэл зүй, журамласан толь бичиг гэдэг бол шууд дагаж мөрдөхийг хэлж байгаа юм. Ерөнхийлөгчийн зарлиг ч энэ чиглэлээр гарсан. Журамласан толь бичгээ төрийн тэргүүнээс нэгдүгээр ангийн хүүхдүүд бүгд дагаж мөрдөх ёстой” хэмээн судлаач Ж.Батбаатар зөвлөгөөний үеэр байр сууриа илэрхийллээ. “Ц.Дамдинсүрэн багшийн журамласан хэлний зүйн дүрэм хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ эрдэмтдийн дунд маргаантай байсан зарим асуудлыг сүүлийн үед Ардын багш Чоймаа тэргүүтэй  монгол хэлний эрдэмтэд журамлаад ном болгон гаргасан. Гагцхүү бид  үүнийг уншиж, хэрэглэж, сурах л хэрэгтэй байна” хэмээн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Ёолк зөвлөгөөний төгсгөлд онцлон хэлж байлаа.
 
Х.Мандахбаяр: Ардчиллыг хамгаалдаг харуулын багана нь “Сэтгүүлч ордон” байх болно

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 3-нд МСНЭ-ээс энэ өдөрт зориулан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.  Тус форум “Ардчиллын  төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдвээр өрнөсөн юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн үзэл санаа” сэдвээр илтгэхдээ “Зөрчлийн хууль гэж гаргаж ирээд сэтгүүлчдийг шүүхгүйгээр яллаж байгаа. Энэ хууль засагдах байх гэж найдаж байна. Хэвлэл мэдээллийн 15 байгууллага нэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Зөрчлийн хуулийн 6.21-д байгаа заалтыг хасч өгөөч гэдэг маш тодорхой саналыг хүргүүлсэн” хэмээн онцолсон. Тэрээр мөн “Дараагийн бас нэг хуулийн асуудал бол Өргөн нэвтрүүлгийн тухай хууль. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталж ний нуугүй хэлэхэд хэтэрхий даварсан АйПи телевизүүдийн хазаарыг чангалахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө  тэнд хязгаарлагдаад байна. 

Кабелийн телевизээр нэвтрүүлгээ цацах гэж телевизүүд мөнгө төлдөг. Тэгвэл тэрхүү татварын мөнгийг контент үйлдвэрлэгч нарт шилжүүлж байж үндэсний контент хөгжинө” гэлээ.   Үүнээс гадна Нийгмийн сүлжээний тухай хууль санаачлан батлуулах шаардлагатай байгааг ч тэрээр дурдлаа. Мэргэжлийн сэтгүүл зүйн хэм хэмжээг баримтлах, мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Редакцын стандартыг тогтоох гээд олон санал санаачлагыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа онцлон хэлж байсан юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Бид Сэтгүүлчдийн ордоноо барих гэж байна. Өнгөрсөн жил би ингэж хэлээд зогсож байсан. Гэхдээ ажил урагшилж байна. Газрын асуудлаа шийдлээ, энэ жил барилгын зургийн ажлаа дуусгасан. Одоо санхүүжилт босгоно. Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр удаа хүсэлт тавьсан ч хариу ирүүлээгүй. Ерөнхий сайдад хүсэлт гаргасан, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бид сэтгүүлч та бүхнээс, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас  хандив хүсч байна. Хандивын сан нээнэ. Бид өндөр сайхан байшинд ороод суух биш Монгол Улсын ардчиллыг хамгаалдаг харуулын баганатай болох гэсэн юм” хэмээн илтгэв. “Хараат бус  сэтгүүл зүй“ үндэсний форумд төрийн гурван өндөрлөг болон  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  нийт сэтгүүлчдэд хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Өнөөдөр дэлхий дахины сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг даяаршил, задрал, төвлөрөл, ижилсэх гэсэн дөрвөн гол хүчин зүйл тодорхойлж байна. Уламжлалт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн хүлээн авагчид багасч, тэд олон хэсэг бүлэгт хуваагдах болсон, хүлээн авагчдад сонголт хийх боломж эрс нэмэгдсэнээр зорилтот хүлээн авагчдыг тодорхойлох боломжгүй болсон тухай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D) М.Зулькафиль илтгэлээ. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хоорондоо ижилсэх үйл явц өнөө цагт бий болсон байна. Тэгвэл дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага Монголын сэтгүүл зүйн хөгжилд хэд хэдэн зүйлээр нөлөөлсөн байна. Тухайлбал, олон нийтийн мэдээллийн тоо нэмэгдсэн (88 сонин, 71 сэтгүүл, 48 радио, 127 телевиз, 100 мэдээллийн сайт) үйл ажиллагаа явуулж буй. 

Онлайн сэтгүүл зүй, кабелийн телевиз, FM  радио, гар утсаар мэдээлэл дамжуулах, хүлээж авах (мобайл сэтгүүл зүй) бий болжээ. Интернетийн хэрэглээ 2002 онтой харьцуулахад 400 дахин өссөн , өнөөдөр 2,4 сая хүн интернэт хэрэглэж байна. Сонирхолтой нь, өнөөдөр Монголд 2.2 сая фэйсбүүкчид, 44 мянган жиргээчид, 400 000 инстаграмчид, 170 линкчид байна гэдгийг судалгаа харуулж байгаа аж.  Ерөнхийдөө онлайн сэтгүүл зүйн хөгжил тогтмол хэвлэлийн уншигчдын тоо аажим аажмаар буурахад нөлөөлөх болжээ. Ялангуяа сонин, сэтгүүл уншдаг залуусын тоо эрс багассан байна. Өдөр тутмын чанартай сонинуудыг гол төлөв нас тогтсон, харьцангуй өндөр боловсролтой хүмүүс уншдаг бол долоо, арав хоногийн сонинуудыг орон нутгийн иргэд болон харьцангуй бага боловсролтой хүмүүс унших нь түгээмэл болжээ. Блокчид өөрийн гэсэн уншигчтай болж, өдрөөс өдөрт нэмэгдэж буй сайтууд хүмүүсийн анхаарлыг ихээр татах болсон тухай  доктор, профессор М.Зулькафиль илтгэлдээ дурдлаа.

Ерөнхийдөө сэтгүүл зүйн уламжлалт ойлголтын хамрах хүрээ, багтаамж, агуулга өөрчлөгджээ. Сэтгүүлчийн мэргэжил шинэ медиагийн орчинд өөрийн бодит дүр төрхийг хараахан олж чадаагүй, эрж хайх шатандаа яваа аж. Сэтгүүл зүй бие дааж оршин тогтнох нь улам багасч, олон нийтийн мэдээллийн харилцаа буюу маss communication-ний бүрэлдэхүүн хэсэг болж хувирсан байна. Мөн сэтгүүлчийн мэргэжлийн тухай уламжлалт ойлголт үндсээрээ өөрчлөгдөж, мэдээллийн шинэ технологи сэтгүүлчийн мэргэжлийн агуулгыг улам өргөжүүлж, чанарын шинэ шаардлагуудыг тавих болсон байна. Өнөөдөр Монголын сэтгүүл зүй либертари сэтгүүл зүйгээс хариуцлагатай эрх чөлөөний сэтгүүл зүй руу шилжих тодорхой алхам хийж эхэлжээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа аж. Гэхдээ шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байгаа юм. Монголын сэтгүүл зүй 100 гаруй жилийн хөгжлийн уламжлалыг тодорхой хэмжээгээр хадгалан, орчин үеийн шинэчлэлтэй хослон хөгжиж байна. Энэ шинж ялангуяа тогтмол хэвлэлд нэлээд тод илрэх болжээ.

Ийнхүү  Монголын сэтгүүл зүйн 1000 гаруй төлөөлөл хуран цуглаж, орчин цагийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцсан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний зөвлөгөөнд олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм.  
 
Г.Идэр          
         

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...