“Орон нутаг ба уул уурхай” сургалт эхэллээ

Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны  санаачлан хэрэгжүүлж,  жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны ээлжит сургалтаа  The Mongolian Mining Journal сэтгүүл болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”  ТББ  өнөөдөр  албан ёсоор эхэлж байна. 

Сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн ойлголт, мэдлэг чадварыг хөгжүүлэх чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулж,  тодорхой амжилтад хүрсэн тус сэтгүүлийн редакц нь “Орон нутаг ба уул уурхай” мэдээллийн буланг The Mongolian Mining Journal сэтгүүл болон www.mongolianminingjournal.com сайтад гуравдугаар сарын 25-наас эхлэн ажиллуулж байгаа юм. Тус булан нь төсөлд хамрагдаж буй 21 аймгийн сэтгүүлчдийн  орон нутгаас бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүл зүйн бүтээлийг нийтлэх,  орон нутгийн уул уурхайн бодит мэдээллийг салбарын уншигчдад хүргэх мэдээллийн талбар байх юм.  

Энэ жилийн сургалт нь  дадлага туршлагад тулгуурлаж,  сэтгүүлчдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанарт илүү анхааран “Менторшип” зарчмаар явагдах бөгөөд уг төсөлд Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль (The University of British Columbia’s Graduate School of Journalism) болон Global Reporting Centre байгууллага дэмжин ажиллаж байна.  

Сэтгүүл зүйн бүтээлийн сургалт нь гадаад, дотоодын аж ахуйн нэгж, орон нутгийн удирдлага, байгууллагын ашиг сонирхлоос ангид байж, бодит мэдээллийг орон нутаг төдийгүй Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд хүртээмжтэй түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл зүйн арга барилыг эзэмшүүлэхэд чиглэдэг.

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл нь мэдээллийн олон талт урсгалыг тогтмолжуулан, олон улсын сэтгүүл зүйн туршлага болоод ур чадварт орон нутгийн сэтгүүлчдийг суралцуулах, мэргэшүүлэн хөгжүүлэх, сэтгүүл зүйн мэргэжлийн арга зүйгээр байнга дэмжих, цаашид урт хугацаанд тогтвортой үргэлжлэх  үйл ажиллагаа юм. 

Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ  уул уурхайн сэтгүүл зүйн  анхны сургалтаа 2010 онд Өмнөговь аймгаас эхлүүлсэн бөгөөд 2015-2018 онд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын алба, “Оюутолгой” компани зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж, 12 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулсан юм. Энэ хугацаанд Монгол Улсын төв, баруун, өмнөд зэргээр бүсчлэн хэрэгжүүлсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөлд 21 аймгийн 100 гаруй сэтгүүлч хамрагдсан юм. 


Сэтгэгдлийг ачааллаж байна ...