СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ : 5,000-аас дээш дагагчтай хэрэглэгчийг ХМХ-д тооцох ”учиргүй”

МУИС-ийн Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн багш, 
www.ubn.mn сайтын редакторсэтгүүлч Д.Идэржаргал 

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум” хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Нийгмийн сүлжээнд сэтгүүлчдийн манлайлал” хэлэлцүүлгээс хийсэн тэмдэглэлийг хүргэе.

Энэ хэлэлцүүлгийн үеэр гарсан хамгийн маргаантай асуудал нь УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учралын санаачилж буй “Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл”-д оруулахаар төлөвлөж буй агуулга байв. Түр хороо цаашид сошиал сүлжээнд 5,000-аас дээш найз, дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Харин мэргэжлийн сэтгүүлчид үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байв. 

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал: Таван мянгаас дээш найз, дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох ёстой 
 
“Манай иргэдийн хувьд шүүмжлэн эргэцүүлэх буюу мэдээлэлд анализ хийх чадвар муу байгаагийн дор сошиал хэрэглээ дэлгэрээд ирэхээр их аюултай болж байна. Мэдээлэлд дүн шинжилгээ хийж чадахгүй байгаа учраас хүүхэд гэмт хэрэгт өртөх нь нэмэгдэж байна. Тиймээс нэгдүгээрт энэ ур чадварыг олгох ёстой. Хоёрдугаарт хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай. Нийгмийн сүлжээнд эрх зүйн зохицуулалт хийх, нийгмийг соён гэгээрүүлэх, технологийн шийдэл зэргийг хамтад нь шийдэж үүн дээр хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэй.

Харилцаа холбооны зохицуулах хороо дэргэдээ гомдол хянан шийдвэрлэх шинжээчдийн байгууллагатай байх ёстой. “Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл”-өөр хүүхдийн контентийг ялгая гэсэн байр суурьтай байна. Редакциуд хүүхэд хамгааллын асуудалд ямар үүрэгтэйг ялгаж салгая. Мөн 5,000-аас дээш найз, дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн байгууллагад тооцох ёстой” гэв. 

Сэтгүүлч И.Отгонжаргал сошиал хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох нь сошиал медиаг хэт дэвэргэсэн хэрэг бус уу гэсэн саналыг танхимаас өгсөн.

Үүнд Н.Учрал “Арван мянган дагагчтай хүн бол цензургүйгээр сошиалд бичиж байна. Дахин жиргээ их авч байна. Муухан сайтаас хүчтэй байна. Энэ нь хэн нэгнийг гүтгэх, доромжилсон үед асуудалтай байна. Тиймээс үүнийг хуулинд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээрх хуулийн хэлэлцүүлэг Пүрэв гарагт 14 цагаас болно.  Хэлэлцүүлэгт сэтгүүлч та бүгдийг урьж байна” гэв. 

“UbLife” сайтын Ерөнхий редактор Ж.Хулан:  Нийгмийн сүлжээнд иргэнийг сонсоно гэдэг том үнэт зүйл

Нийгмийн сүлжээнд өнөө үеийн хүмүүсийн чухал ур чадвар болсон дижитал болон мэдээллийн боловсрол хэрэгтэй байгаа. Хэдийнээ хэрэглэгч болсон хүмүүсээс гадна хүүхэд, өсвөр үеийнхэндээ анхаармаар байна. Гэхдээ сошиал медиа гэж юуг авч үзэх вэ? Сэтгүүл зүй бол хүмүүст мэдээллээ хүргэх зорилготой. Сошиал медиа хэрэглэгчид ч тийм л зорилготой байгаа. Тиймээс иргэнийг сошиалд ялгаж авч үзэх нь зохимжгүй гэж бодож байна. Сошиалд иргэдийн үзэл бодлыг сонсоно гэдэг том үнэт зүйл. 

Нийгмийн сүлжээн дэх сэтгүүлчдийн манлайллын тухайд “Eagle” телевизэд ажиллаж байхад сошиал медиагийн баг маань сэтгүүлчдэд хандалтын талаах статистик мэдээлэл өгөхөөс гадна тэнд юу трэнд болж буйг хэлж өгдөг байсан. Өөрөөр хэлбэл иргэнээ сошиал орчинд сонсдог байсан. 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир: Бид салбараа цэвэрлэхийг хүсч байна 

Редакци бол сэтгүүлчдийн бамбай юм. Редакци дүрэм журамтай байж мөн сэтгүүлчээ сургаж хамгаалах ёстой. Тиймээс бид сэтгүүлчийн эсрэг гомдол авахгүй байгаа. Хэвлэлийн зөвлөлийн хувьд гомдлын тоо ихэслээ, багаслаа гэдэг чухал биш, алдаан дээрээ суралцаж байгаа эсэх нь чухал. Бид салбараа цэвэрлэхийг хүсч байгаа. Редакциуд ёс зүйн бодлогоо гаргаач ээ. Ингэж уриалж буй шалтгаан нь редакци өөрөө хариуцлагаас зугтахыг болиулмаар байна. Энэ үндэслэлээр хүссэн хүсээгүй Хэвлэлийн зөвлөл сошиал медиатай холбогдож байгаа. 

20К клубын тэргүүн Г.Энхболд: Сэтгүүлчид сошиалд гурван зүйл дээр манлайлах боломжтой
 
Манлайлна гэдэг харизматик өгөгдөл. Хувь хүний онцлогт тулгуурладаг болов уу гэж боддог. Ийм чиглэл дээр сэтгүүлчид яаж манлайлах вэ? Ёс зүйгээр хайрцаглагдсан сэтгүүлчидтэй харьцуулбал над шиг сошиалчид давуу байдалтай байгаа. Тэгэхээр сэтгүүлчдийн хувьд сошиалд манлайлахад хэцүү гэж бодож байна. Сошиалд чөлөөтэй бичнэ гэдэг аз жаргал юм. 

Нийгмийн сүлжээний онол бол сүлжээ үүсч байх үед яригдаж байсан санаа нь хэрэглэгчид багаа тайлж орж ирдэг буюу ёс зүйгээ тайлаад оролцдог гэсэн үг. Гэхдээ сэтгүүлчид нийгмийн сүлжээнд гурван зүйл дээр манлайлах боломжтой гэж харж байна. Нэгдүгээрт, хэл зүйгээрээ ялгарах. Жаргон буюу этгээд үг хэллэг ашиглахгүй байх, эх хэлээрээ алдаа мадаггүй бичих. Хоёрдугаарт, хуурамч мэдээллийг ялгаж салгах, гуравдугаарт, биг дата боловсруулах дээр.

Энэ үед заалнаас “Глоб Интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал "Мэдээллийн эрин зуунд хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийгөө яаж зохицуулах вэ гэдэг тулгамдсан асуудал. Олон улсын туршлагаар 3 зүйл дээр төвлөрч байна. Сошиал талбар бол уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн агуулгын талбарт тооцогддог. Тиймээс үзэн ядах үг хэллэг зэргийг тухайн хэвлэл өөрөө хариуцна. Үүнийг яаж хийх вэ гэдэг нэг асуудал. Мөн сошиалд манай сэтгүүлч яаж ажиллах вэ гэдгийг зохицуулж өгдөг. Эцэст нь сошиалаас манай сэтгүүлч мэдээлэл авбал яаж зохицуулах вэ гэдэг асуудал. Манайд эдгээрээс дотоод зохицуулалтууд нь дутагдаад байна. Мэдээллийн боловсрол бол төрийн бодлогын нэг хэсэг байх ёстой. Ирээдүйгээ хамгаалая, нийгмийн соёлыг төлөвшүүлэе л гэж бодож байгаа бол төр үүнд анхаараачээ гэж хүсмээр байна" гэсэн санал хэлэв. 

Эх сурвалж: www.ikon.mn
Сэтгэгдлийг ачааллаж байна ...