Говьд буусан хангайн гийчин


"ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2018" төслийн сургалтанд хамрагдсан сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна.  





Хөвсгөл аймгийн "Эрх чөлөө" сонины Эрхлэгч, сэтгүүлч
Б.ГЭРЭЛНЯМ
 
Нүд алдам шаргал талын нарийхан замаар говийн сайхныг бахдан бахдан харах жаргал байв. Бутуул өвсний чөлөөгөөр бударгана, харгана хэдэнтэй тааралдаж, тэртээ алсад хөрөөний ир шиг долгионтон цуврах хүрэн уулсын бараа нүдний үзүүрт жирэлзэхэд тэрхүү нутгийн ах Хайрхан минь хэмээн дуу алдана. Сонин содон бүхэн юу байгааг би анзаархыг хичээн автобусны цонхоор мэлрэн ширтэж хол ойрыг ажин явах зугаатай байв. Уулс, толгодыг нэрээр нь дуудахыг энэ нутагт цээрлэдэг бололтой. Намрын орой говийн өнгө жигтэйхэн үзэсгэлэнтэй харагдана. Оройн нарны улбар шаргал туяа газрын энгээр үргэлжилж, ойр тойрныг бүхий л чадлаарай гэрэлтүүлэн гэнэтхэн жаргах юм билээ.

Миний дотроо төсөөлсөн говийн элсэн уул, тал замд нэгээхэн ч таарсангүй. Ойрын хэдэн жилд болоогүй зун говьд болсон шүү гэж сэтгэл хангалуун ярих халзан толгойтой, малигар шар царайнд зохиосон намхан эр хааяа хөтөч хийнэ. Бидний аялал айлын бараа үл харагдах урт хөндий, тэмээн сүрэг таран бэлчээрлэх Үл олдохын тал, та бүхний сайн мэдэх "Говийн зэрэглээ" МУСК-г хийсэн дуу хуурын өлгий Дундговь аймгийн Хулд, мөн хурдтай, аваргуудтай Луус сумдаар дайран өнгөрсөн юм. Дундаа нүхтэй Дундговийн зам гэж хошигнох зуурт жолооч замын хагархай, цоорхойг сурамгай сүлжин өмнөөс ирэх машинтай эвээ олоод л зөрчихдөг сайн жолооч биднийг авч явсан даа. Өмнийн цэнхэр говь руу хөтлөх урт замын эвдрэлийг Дунддговийнхон анхааралдаа авах цаг болсон байна билээ шүү. 

Зам дагуу идээшлэх тэмээн сүргийн захад сүүлээ модоолгон тэших ботго өхөөрдөм агаад тэрхэн хавьд үзэмж бүрдүүлнэ. Холын замд хүүгээ үдэх ижий лүгээ адил хажуух уулын энгэрт бүртийх өнчин хайлаас ард алсран алсран үлдэх нь гунигтай. Үдийн нар магнайн хөлс дааварлуулж, ингэний тостой ааруул тагнайн хонхорхойд шингэж өлсгөхгүй өег байх авай.

Мандахын улаан нараар хөдөлсөн аялал оройн нар жаргах үест Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирсэн юм. Цогтцэций сумын баруун талаар үргэлжлэх Эрдэнэс-Таван толгой ХК, Энержи ресурс ХК-ий нүүрсний уурхай тоосрон манарч, том том машин түүнийг зөөвөрлөхөөр чөлөө зайгүй хурдлан давхилдана. Нүүрс, зэс хүдэр, молибдени, оюу хэвлийдээ нуусан эрднийн их өлгий Говийн шөнө бид Оюу толгойн кемп-д буудаллаа. Тэнд нам жим. Өглөө 7 цаг 30 минутанд бид өглөөний цайндаа очих учир энэ үед автобусанд бүгд суусан байх ёстой. Бидний зарим нь нэвтрэх картаа мартах, унтаж үлдэх гээд хоцрох тохиолдол гарч байв. Уг уурхайд ажиллагсдын нарийн дэглэм, цаг баримтлах, эмх замбаараатай байдал нь надад их таалагдсан юм. Шар алаг хувцсаар жигдэрсэн залуус явган зорчигчийн замаар өгсөж, уруудан, автобусандаа сууж ажил руугаа явна. Тэр их хүмүүсийн хүч хөдөлмөр, оюун ухааны хүчээр тэрхүү уурхайн бүтээн байгуулалт хэвийн өрнөж байна.

Монголын хамгийн дулаахан цэг Ханбогд сум Оюутолгойн уурхайгаас 40 орчим км-ийн зайд оршино. Алдарт Ханбогд хайрхны хормой бэл үргэлжилж дуусахгүй хэдэн арван км сунжирна. Уурхайн нөлөөлөл суманд хөгжил, дэвшлийг эхлүүлжээ. Шинэ менежменттэй сургууль, Соёлын төв, Ус цэвэршүүлэх байгууламж, техник сургалтын төв гээд бүтээн байгуулалт, тохижилттой сум угтаж, үдсэн юм. Элсэрхэг хөрстэй тус сумаас урагш 30 гаруй км-т орших Галбын гурван хийдийн нэг Дэмчогийн хийдэд зочиллоо. 

Ханбогд уулсын хэсэгт орших хад, бартаат өвөрт 5-р ноён хутагт Д.Равжаа Дэмчогийн хийдийг байгуулжээ. Ертөнц шилгээж галав юүлсэн цагт хэдэн хүнийг ч аваад үлдэх увидастай жинхэнэ Дэмчог энд бүтэх ёстой хэмээн уг газрыг сонгосон түүхтэй юм билээ. Хүмүүний сүсэг бишрэл тэнд утгаа олж залбирч, мөргөж, сүслэн тойрч, сүү өргөн дуулж байхыг харна. Өндөрлөгөөс харахад тэнгэрийн хаяа тулан бидэртэх үрлэн бор хаднууд өвөрмөц шинжээрээ Галбын говийн гайхамшгийг надад мэдрүүлнэ. Сэтгэл хөдлөл, дуу алдам тэр орчин нүд аних бүрийд торолзоно. Гол ус жирэлзэхгүй ч үе үехэн таарах тойром их газрын өнгөнд толь мэт туналзана. Говийн айлын жижигхэн цагаан өргөө хаа нэгтээ л харагдаж, бутууланд шимтэн идээшлэх хонин сүрэг өнгө ижилсэн сувдарна.

Говийн намарт сэтгэл татагдсан хангайн гийчин хэзээ нэг өдөр өөр нэг улиралд айлчлах бодол тээн үлдвээ.


Сэтгэгдлийг ачааллаж байна ...