Орчин үеийн ухаалаг уурхай ба Австралиас суралцах хичээл


Монгол Улсын эдийн засгийг чирж яваа уул уурхайн салбараа өөд нь татах гэж төмөр зам барина, барихгүй, өргөн, нарийн цариг хэмээн 10 жил ам булаалдан маргах зуур дэлхийн хөгжил биднийг тээр хол хаяж оджээ.

Хиймэл оюун ухаан тэргүүтэй технологийн дэвшил уламжлалт уул уурхайг орвонгоор нь эргүүлсэн байна. Зуу, зуун хүний хөлс хүчээр жилдээ нэг сая тонн нүүрс олборлодог байсан нөр их ажлыг техник, технологийн ачаар нугалж, тавхан уурхайчин Австралид 10 сая тонн нүүрс олборлох болсон нь автоматжуулалтын гайхамшиг.

Уурхайг ийнхүү автоматжуулснаар ажлын бүтээмжийг даруй 10 дахин нэмэгдүүлж, экспортыг үлэмж өсгөсөн тухай Австралийн Күйнсландын их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтийн Виртуал риализэйшн лабораторийн профессор Мехмет Кизил танилцуулав. “Шанхайн ранк” буюу дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбэд 2018 онд Австрали улсаас зөвхөн Күйнсландын их сургууль толгой цохиж, Уул уурхай, эрдэс баялгийн инженерийн салбарын дэлхийн шилдэг боловсон хүчин бэлтгэгч хэмээн хоёр сарын өмнө хүлээн зөвшөөрөгджээ. 

Профессор Мехметийн хувьд сургуульдаа төдийгүй Австрали улсад анх удаа виртуал риализэйшн ашиглан хичээл зааж эхэлсэн бөгөөд “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Австрали улсын Күйнсланд мужид туршлага судалсан монгол сэтгүүлч биднийг гүний уурхайгаар “аялуулсан” юм. Газрын гадаргаас олон метрийн гүнд өрнөж буй нүүрс олборлох тэр бүх үйл явцыг дэргэдээс нь харах боломж тэр бүр олдохгүй. Харин олборлолттой нарийн танилцах боломж олгож, дэргэд нь очсон мэт бодит мэдрэмж төрүүлдгээрээ түүний хичээл оюунуудын сонирхлыг хамгийн ихээр татдагийн адил бидэнд ч өвөрмөц санагдав. 

Технологи ажлын байрыг хумьсан ч хүн эрэлттэй хэвээр

“Ирээдүйн уурхай” төслийг 10 жилийн өмнөөс хэрэгжүүлсний үр дүнд “Рио Тинто” групп Австралийн Перт хот дахь Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайгаа бүрэн автоматжуулжээ. Австралийн баруун эрэг дэх 16 уурхайгаас цөөн хэдэн уурхайг ийнхүү автоматжуулах ажил эд өрнөж байгаа бөгөөд Пилбарад дахь хүнд даацын машин, эксковатор гээд 90-ээд том техник болон галт тэргийг 1,500 км-ийн алсаас удирдаж байгаа талаар “Рио Тинто”-ийн Өсөлт, инновацийн группийн Харилцаа холбоо хариуцсан менежер, Брисбэн дэх HUB-ийг хариуцсан ажилтан Моник Бенстед ярьсан юм. 

Автоматжуулалт нь нэг талаараа айдас. Хүн төрөлхтний хийж чадах бүхий л ажлыг хиймэл оюун ухаант роботууд 2-3 хоногт “дадлагажаад” л орлон гүйцэтгэх чадвартай болдог нь өөрөө ажлын байрыг олноор нь эзлэх аюул дагуулж буй.  90 жолооч ажилгүй болсон ч техникийн удирдлагын төв 600 шинэ ажилтантай болсон “Уул уурхайн салбарт автоматжуулалт 2000-аад оноос хүчээ авснаар хүний оролцоо багасаж, олон ажлын байр технологид шилжиж, зардал буурна гэсэн хүлээлт бидэнд ч байсан. Гэвч тухайн үед хүнд даацын машиныг жолоодож байсан 90 хүний ажлын байр шаардлагагүй болсон ч нөгөө талдаа Техник удирдлагын төв хэмээн шинэ бүтцэд 600 хүн ажиллаж байна. Энэ бол автоматжуулалтын нөлөөгөөр үүссэн цоо шинэ ажлын байр” хэмээн Моник ярьсан юм.  

Яагаад гэвэл ажиллах арга барил, ажлын төрөл өөрчдөгдсөн ч техникийн ур чадвар сайтай боловсон хүчний тоо нэмэгдсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай. Ийнхүү цахим орчинд бүх гүйцэтгэл явж байгаа тул кибер аюулгүй байдлыг хангаж, интернэт дэх “ханаа бэхлэх” шаардлага улам бүр бий болсныг тэрбээр дурдсан юм.

Мэдээж энэ бүхний үр дүнд бүтээмж өсөж байгаа. Тийм ч учраас “Рио Тинто” групп инновацид мөнгө хаяж, анхаарч байгаа нь танилцуулга бүрээс нь “үнэртэж” байв. 

Оюутолгойн ил уурхайн олборлолт гар утасны дэлгэцэн дээр…

Монгол Улсын өмнийн говьд өрнөж буй Оюу Толгойн ил уурхайн олборлолтыг Австралийн Брисбен хотод суугаа зөвлөх алган дээр тавьсан мэт ажиглах боломжийг мөн л технологи олгожээ. 

“Рио Тинто” группийн Брисбэн дэх HUB-ийн Автоматжуулалтын багийн ерөнхий зөвлөх Крейг Хамфри цахилгааны инженер мэргэжилтэй. Гэхдээ тэрбээр “Рио Тинто” группийн эзэмшлийн дэлхий дээрх 22 ил уурхайг гар утасны дэлгэцэн дээрээс тольдох MasDash программыг гурван хэмжээст видео тоглоомын хийцээс санаа аван, багийн 30 хүний хамт зохион бүтээжээ. Уг программыг уул уурхайн компаниудаас зөвхөн “Рио Тинто” дотооддоо, түүний дотор 1,200 хүн л ашиглаж байгаа бөгөөд цаг алдалгүй шаардлагатай шийдвэрийг гаргах том боломжийг олгосон байна.

MasDash маш нарийн мэдээллүүдийг өгнө. Тухайлбал, бид Оюу Толгойн ил уурхайг ажиглалаа. Талбай дээр ажиллаж буй том машин тус бүр хэчнээн литр шатахуунтай байгаа, хаанаас хэдэн тонн хүдэр ачиж, хааш хүргэж байгаа, ямар хурдаар явж байгаа зэрэг үзүүлэлтүүдийг мэдэж болно.
Ил уурхайн талбай дээрх маршрутыг ажиглахад нэг хэсэг газарт машинууд бүгд хурдаа хасаж буй нь хөх өнгөөр ялгарч харагдав. Нэг хэсэг замаас болж бүх машин хурдаа хасах нь ажлыг удаашруулж, бүтээмж бууруулна. Бүх машин хурдаа сааруулж буй нь зам асуудалтайн шинж. Тиймээс энэ мэдээллийг “Оюу Толгой” компанитай холбогдон өгснөөр Бүтээмж сайжруулах баг шалтгааныг олж тогтоон, шийдвэр гаргаснаар замаа сайжруулах, эсвэл өөр зам гаргах зэргээр залруулах боломж бүрдэх нь. 

Мөн хүдрийг ачихдаа удаж байвал тухайн хэсгийн тэсэлгээтэй холбоотой байж болзошгүй. Хэрэв тэсэлгээ буруу хийсэн бол хүндрэлтэй байж мэдэх тул мөн л мэдээлэл өгч, судална. Тухайн талбайд хэзээ, хэдэн удаа тэсэлгээ хийсэн, хөрсний давхаргын бүтэц ямар байгаа зэргийг MasDash хэлээд өгнө. Эл мэдээлэлд тулгуурлан тэсэлгээний бодисын хэмжээг өөрчилснөөр асуудлыг шийдэж болох аж. Ийнхүү технологийн тусламжтайгаар олон ажлыг хялбарчилж, бүтээмжийг нэмэгдүүлсээр байгааг Крейг Хамфри онцлов. Цаашид гүний уурхайнуудад ашиглах ийм технологийг бүтээж байгаагаа тэрбээр дуулгасан юм.
Хэдийгээр Технологи хөгжүүлэлтийн баг ханцуй шамлан зүтгэж, олон шинэчлэлийг нэвтрүүлж байгаа ч тэр бүхнийг хүмүүс нь ашиглаж чадахгүй бол хийсэн болгон нь салхинд хийссэнтэй ижил гэдгийг Жеклин Лодж “Технологийн төгөлдөршил” сэдвийн хүрээнд онцолсон. Ийм ч учраас 8,000 ажилтныг техникийн хувьд төгөлдөршүүлэхээр онилжээ. Тэдний ур чадвар сайжирснаар мэдээлэл групп даяар тархаж, дагаад аюулгүй ажиллагаа ч сайжирна хэмээн тооцоолж байгаа аж. Ийнхүү уул уурхайн салбар цахим шилжилтээр амьсгалж, “Рио Тинто” л гэхэд 500 хүнтэй багийг дайчилж байна. 

Газрын эзэд №1

Күйнсланд муж Австрали улсын байгалийн баялгийн нийт экспортын 70 хувийг дангаараа бүрдүүлдэг үүц арвинтай нутаг. Магадгүй иргэн Томасын хашааны нэг булангаас алт гараад ирэх өндөр магадлалтай. Гэвч хэдий тэр алт Томасын эзэмшлийн талбайгаас олдсон ч газрын доорх бүх баялаг орон нутгийн өмч.
Тийм ч учраас уул уурхай эрхлэх, тэр баялгийг олборлох төдийгүй газар ашиглах гэж л  байгаа бол эхлээд эзэдтэй нь ойлголцон, тохиролцох шаардлагатай. Энэ механизм Австралид аль эрт хэвшсэн бөгөөд газрын эзэд энэ улсад №1 болох нь сэтгүүлчид бидний хийсэн уулзалтуудаас ажиглагдсан юм. 

Тухайлбал, Күйнсландын их сургуулиар биднийг зочлох үеэр Тогтвортой эрдэс баялгийн институтийн профессор Робин Эванс танилцуулга хийхийнхээ өмнө хамгийн түрүүнд газрын эздэд хүндэтгэл үзүүлсэн нь маш содон байв. “Күйнсландын их сургуулийг энэ талбайд байгуулах зөвшөөрөл өгсөн газрын эзэд Туррбал болон Ягера нартаа баярлалаа. Тэд газраа өгөөгүй бол манай сургууль баригдахгүй байсан” хэмээн тэрбээр тодотгосон. Газрын эздийн нэрийг мөнхжүүлж, сургуулийнхаа талбайн нэг хэсэгт томоор байрлуулжээ. 

Бас нэгэн сонирхолтой жишээ. Күйнсландад хэдийнээ 50 жил ашиглагдсан хөнгөн цагааны хүдрийн уурхайг үргэлжлүүлэн ашиглахаар “Рио Тинто” 2015 оноос “Амрун” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төсөл хэрэгжүүлэх байршлын зөвшөөрлөө орон нутгаас авсныхаа дараа нутгийн иргэд буюу газрын эздийн дэмжлэгийг авахаар ханджээ. Гол урсаж байсан хэсэгт зам тавих тухайгаа газрын эзэн Тонид тайлбарлаж, төслөө танилцуулахад тэрбээр зөвшөөрч дэмжсэн аж. Гэвч яг барилгын ажил эхэлтэл Тони уйлж эхэлжээ. Ямар ч төсөөлөлгүйгээр зөвшөөрөл өгсөн түүний нүдэн дээр байгалийг нь сүйтгэж буй мэт сэтгэгдэл төрсөн хэрэг. Тиймээс виртуал реализэйшн ашиглан төсөл танилцуулах санаачилгыг “Амрун” төслийнхөн гаргаж, зохион бүтээсэн тухай энэ ажлыг хариуцсан мэргэжилтэн Кристи Брайант яриад бидэнд ч мөн төсөл ямар газарт хэрхэн өрнөхийг бодитоор үзүүлсэн юм. Ийнхүү газар нь яаж өөрчлөгдөхийг нүдээр үзсэн Тонигийн сэтгэл амарсан тухай Кристи сонирхуулсан нь газрын эздийг яаж хүндэтгэдгийн жишээ. 

Рио Тинто”-ийн уураг тархи буюу Бандуура

 Бандуура бол Мельбурн хотын төвөөс холгүйхэн ч онгон зэрлэг байгаль дунд орших судалгаа, инновацын маш том төв. 25 жилийн түүхтэй энэ лабораторид “Рио Тинто”-ийн хайгуул хийж буй уурхайнууд дахь хүдрийн биетийн маш нарийвчилсан судалгаа явагддаг. Эрэл хийж буй хүдрийн биетийн бүтэц, хэлбэр, хэмжээгээр зогсохгүй түүнд нуугдах баялгийг ямар аргаар боловсруулах стратегийг хүртэл энэ төвд боловсруулдаг. “Хэрэв сайтар судалж чадвал тухайн хүдрийн биет хэрхэн олборлуулахаа өөрөө заагаад өгчихдөг” хэмээн “Рио Тинто”-ийн Өсөлт, инновацийн группт харьяалагддаг Бандуура судалгааны төвийн Техникийн хөгжүүлэлт хариуцсан менежер Жейред Осборнярьсан юм. 
 
Тус судалгааны төвийнхөн шинээр хүдрийн биет эрж хайгаад зогсохгүй хаагдаж байгаа уурхайнуудын стратеги боловсруулахад ч анхаарал хандуулдаг. Гол үүрэг нь шинэ хүдрийн биетийг олж илрүүлээд эрсдэлийг бууруулах. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийхээс өмнө олборлох эрсдэлийг багасгах судалгаа хийдэг. Хэрэв тухайн хүдрийн биетийг олборлох шаардлагагүй гэж Бандуура үзвэл “Рио Тинто” хөрөнгө оруулахгүй гэсэн үг. Нэг ёсондоо энэ төв “Рио Тинто”-ийн уураг тархи нь ажээ.

Хорвоод хосгүй “Ядаар”

Бандуура яг одоо маш сонирхолтой төсөл дээр ажиллаж байгаа нь Ядаар. Сербийн Ядаар хэмээх газраас илэрсэн хүдрийн биет манай гарагийн өөр хаана ч байхгүй бөгөөд ядарайд нь литийн өндөр агуулга бүхий цоо шинэ элемент. Дэлхий дээрх хамгийн хөнгөн металлд тооцогдож буй энэхүү түүхий эдийг гибрид болон цахилгаан тээврийн хэрэгслийн зайнд ашиглана. Ядарайд буюу боратын хүчлийн давс нь халуунд тэсвэртэй шил, керамик, ухаалаг гар утас, зурагтын дэлгэц гээд орчин үеийн амьдралын хэв маягт ашиглагдаж буй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үнэтэй түүхий эд болоод зогсохгүй ногоон хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтний хөгжлийг урагшлуулах асар том ач холбогдолтой ажээ.

Одоогоор хүдрийн биетээс 2-3 тонн баяжмалыг гарган авсан бөгөөд Бандуура дээр судалгаа эд өрнөж байв. Бичил хэмжээний “боловсруулах үйлдвэр”-ийг байгуулчихсан, эхний байдлаар түүхий эдийг гарган авснаа Жейред Осборн бидэнд сонирхуулсан. Судалгааны төв 120 ажилтантай. Судлаачид нь дор хаяж 15-20 жилийн туршлагатай ба Бандуурад ажиллаагүй бол их, дээд сургуулийн профессороор ажиллах хэмжээний эрдэмтэд гэдгийг Жейред тодотгосон. 
Хүдрийн биет дотор юу нуугдаж байгааг нарийвчлан илрүүлээд зогсохгүй эзлэхүүнийг нь хүртэл тооцоолох боломжтой болсон

Ядаарыг тэд олон талаар туршиж, ямар аргаар боловсруулахыг нарийн тооцно. Туршилтын явцад өөр өөр төрлийн бүтээгдэхүүнүүд гарч байгаа тул эцсийн хувилбар тодорхой болоогүй байна. Тухайлбал, эхний байдлаар хүдрийн биетийг боловсруулснаар литиийн хүчил, борын хүчил болон сод гарган авчээ. 

“Ядаар”-ын хувьд цоо шинэ хүдрийн биет учраас эрсдэл өндөртэй. Тиймээс хүдрийн биетийг сайтар ойлгон судалж, хэрхэн эрсдэл багатай олборлох вэ гэдгийг ийнхүү судалж байна. Хэрэв хэрэгжүүлэхээр болбол “Рио Тинто”-ийн хамгийн том хөрөнгө оруулалт бүхий төсөл нь “Ядаар” болох ба дэлхийн литийн хэрэглээний нэлээд өндөр хувийг хангана.
 
Харин өнөөдрийн байдлаар тус группийн сүүлийн 100 жилд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт нь “Оюу Толгой”. Тэр тусмаа уул уурхайн салбарын гигантууд хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулахаас жийрхдэг хандлагыг эвдэж, “Рио Тинто” өмнийн говийн тэр том төслийг хэрэгжүүлэхээр зориг гаргасан манай улсын хувьд олзуурхахаас аргагүй алхам  ажээ.

Бандуурагийн багийнхны судалгааны үр дүнд өнөөдөр “Оюу толгой” гүний усыг “Рио Тинто” группийн хэмжээнд хамгийн өндөр түвшинд дахин ашиглаж байгаа төсөлд зүй ёсоор тооцогдож байгааг Жейред энэ үеэр тодотгосон. Мөн зэсийн баяжмал дахь агуулгыг өндөр хэмжээгээр гаргаж авах боломжийг ч бүрдүүлж өгчээ.
Хүдрийн биетийг лазер ашиглан өртөг багатай илрүүлэх арга ч энд боловсрогдсон. Тус лабораторид 5-10 сая ам.долларын хөрөнгө оруулж, цахим микроскопуудыг байрлуулсан нь бас нэгэн цоо шинэ боломж олгожээ. Тодруулбал, хүдрийн биет дотор чухам юу нуугдаж байгааг нарийвчлан илрүүлээд зогсохгүй эзлэхүүнийг нь хүртэл тооцоолох хэмжээнд хүртэл ажил нь нарийссан байна. 
 
Энэхүү системийг Өмнөд Африк, Индонези, Америкийн уурхайнуудад нутагшуулсан бол удахгүй Оюутолгойд нутагшуулах тухай Жейред сонордуулав. Үүний тулд технологийг ашиглах боловсон хүчнийг бэлдэхэд л хангалттай аж. Энэ бүх ажлын дүнд боловсруулалт илүү чамбайрч, эрдсийн гарц нэмэгдэх учиртай. 
Осол, бэртэлгүй ажлаа гүйцэтгэх нь хамгийн том амжилт Эрсдэлийг тооцох. Монголчуудын “гүндүүгүй”, “хээгүй” зангаасаа болж орхигдуулдаг энэ ойлголт Австралид №1, хамгийн чухал сэдэв. Их, дээд сургуулиар орсон ч тэр, албан байгууллагаар зочилсон ч тэр тэд тантай танилцаж, мэндэлснийхээ дараа хамгийн түрүүнд ямар нэгэн байгалийн гамшиг, гал түймэр гэхчлэн болзошгүй аюул тулгарвал яах ёстойг тань хэлж өгнө. Австраличууд аливаад хэзээ ч “Заа, яав л гэж” хэмээн манайхан шиг ханддаггүй. Тийм ч учраас ажил үүргээ аюул, осолгүй гүйцэтгэх нь тэргүүн зорилтод тооцогддог ажээ. 

Австрали болон Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Рио Тинто” группийн 6 тивийн 35 улс дахь уурхайнуудад ажиллаж буй 47,000 ажилтан бүр аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримталдаг. Ялангуяа, Монгол дахь "Оюутолгой" төсөл энэ том группийн хэмжээнд аюулгүй ажиллагаагаар тэргүүлсэн нь үнэхээр том амжилт ажээ. 

Энэ бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус группийн хэмжээний ауюлгүй ажиллагааны үзүүлэлт. Олон улсын дундажтай харьцуулахад эрсдэлийг маш сайн тооцоолж, аюулгүй ажиллагааг сахин ажиллуулдаг нь ямар үр дүнтэй байгааг уг график илтгэж байна. Хэдий хичээж буй ч 145 жилийн түүхтэй тус компанийн 35 уурхайн аль нэгд нь жилд ямар нэгэн байдлаар 1 хүн ажлын байран дээрээ амиа алдах тохиолдол гардаг гэнэ. 

Тухайлбал, сүүлийн 10 жилд авто замын 5,000 осол гарсны улмаас 22 хүн амиа алдсан харамсалтай тоо байна. Үүний 60 хувь нь зам дээр гарч ирсэн имжийг дайрахгүйн тулд жолоогоо мушгиснаас үүдсэн талаар Брисбэн дэх HUB-ийг хариуцсан ажилтан Моник Бенстед ярьсан. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй байх нь маш чухал гэдэг ойлголт ажилтнуудынх нь ухамсарт бат суусны илрэл. Уул уурхайн салбарт байгаль орчин хамгийн чухал сэдэв.  Байгаль орчны нөлөөллөөс болж л иргэд энэ салбарын эсрэг босож ирдэг. Тэгвэл “Рио Тинто” энэ нөлөөллийг бууруулахад бодлогоо чиглүүлдэг байна. 
Байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй, нүүрстөгөрч огт ялгаруулахгүйгээр хөнгөн цагаан олборлож байна6 

Үүний нэг том жишээг дурдъя. Канад дахь хөнгөн цагааны “Elysis” төслийг Америкийн “Alcoa” компани болон “Рио Тинто” хамтран байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй хэрэгжүүлэхээр болсноо энэ оны тавдугаар сард зарласан билээ. Энэ төсөлд Канад, Кубийн Засгийн газар дэмжлэг үзүүлж, Apple компани мөн хамтарсан хөрөнө оруулж байгаа аж. 

Carbon free буюу нүүрстөрөгчийн ямар ч ялгаралгүйгээр, байгальд огт нөлөөлөлгүйгээр хөнгөн цагааныг олборлох "Elysis" төсөл дэлхийн анхдагч бөгөөд уул уурхайн түүхийн шинэ хуудсыг нээжээ. “Энэ бол “Рио Тинто”-ийн олон жилийн зүтгэлийн дүнд бүтсэн гайхамшигтай зорилтын биелэл” хэмээн Моник Бенстед тодорхойлсон.

Уул уурхайгүйгээр дэлхий “эргэхгүй”

Ийн хэлсэн нь арай давсалсан мэт санагдаж болох юм. Гэхдээ энэ цаг үед уул уурхайгүйгээр дэлхийн хөгжлийг үнэхээр төсөөлөхийн аргагүй болжээ. Бид ухаалаг утасгүйгээр нэг өдөр ч тэсэх аргагүй болсонтой яг адил. Үүнийг орчин үеийн дэлхий ертөнцийг тодорхойлж, бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж буй бүтээгдэхүүнүүдэд түүхий эдийн эзлэх үүрэг тод харуулна. 

- Төмрийн хүдэр - бүтээн байгуулалт, машин, техник, гэр ахуйн хэрэгсэл.

- Хөнгөн цагаан - Тээвэрлэлт, тоног төхөөрөмж, сав, баглаа боодол, барилга угсралт, цахилгаан материал

- Зэс - Гэр ахуйн болон албан газар, тээврийн хэрэгслээс гадна нар, салхины гэгчлэн сэргээгдэх эрчим хүчний системийн гол түүхий эд. 

- Борын хүчлийн давс - Тусгаарлагч, бордоо, халуунд тэсвэртэй шил, ухаалаг утас, таблет, зурагтын дэлгэц. 

- Титан - Агаарын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, зүрхний электрон төхөөрөмж, эрхтэн шилжүүлэн суулгах болон гоо сайхны хагалгаа

- Уран - Эрчим хүчний байгалийн хамгийн том эх сурвалж. Цэвэр, тогтвортой, суурилагдсан эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд.

- Очир эрдэнэ - Хагас тэр бум хүн очир эрдэнийн дор хаяж нэг үнэт эдлэлийг хэрэглэдэг гэсэн тооцоо байна.

Хэрэв уул уурхайгүй амьдаръя гэвэл энэ бүх "тансаг" хэрэглээнээс татгалзаж, эртний үедээ эргэн очих сонголтыг хийж байгаатай агаар нэг ажээ. Энэ салбар эдийн засгийн хамгийн том үр өгөөжийг өгч байгаа нь гарцаагүй үнэн. Гагцхүү байгалиас авсан тэрхүү баялгийн үр шимийг хүн бүрт тэгш хүртээж, хөндсөн газар нутгаа эргэн арчилж, сэргээх нь үүрэг юм. Австрали улсын хувьд уул уурхайдаа түшиглэн зөв хөгжсөн орны том төлөөлөл. 

Тус улсад баялгийн сан гэж байхгүй. Гэвч уул уурхайн салбараас олсон орлогыг зөв зарцуулж, эдийн засгаа тэлж чадаж буйд нууц нь орших ажээ. Гэхдээ манай улстай адил мөнгөний шок тэнд ч үзэгддэг гэх. Тухайлбал, өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өссөнөөр төсөвт тусгагдаагүй 1 тэрбум ам.доллар “илүү” гарахад Австралийн Засгийн газар юунд зарцуулах учраа олохгүй дэмий үрсэн тухай жишээг Күйнсланд мужийн Нөөц баялгийн зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер дурдсан.

Түүнчлэн тус улс дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэт уналтын үед уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг алдуулахгүйн тулд экспортоо хазаарлах бодлого хүртэл хэрэгжүүлдэг байна. 

Монгол Улсын хувьд туршлагатай орноос суралцах зүйл маш олон байгааг дээрх жишээ баримтууд бага ч болов харуулсан болов уу. “Оюу толгой” төсөл “Рио Тинто” группийн гарын таван хуруунд багтах ирээдүйтэй, өсөлттэй төслүүдийн нэгд бичигдэж байна. Харин хэрхэн иргэддээ өгөөжтэй, зөв хэрэгжүүлэх нь бидний хувьд чухал юм.

“Алдагдсан боломжууд үргэлж мөнгөөр хэмжигддэг. Цаг хугацаа алдах тусам зардал өсөж, тэр хэрээр өгөөжийг бууруулж байдаг” хэмээсэн Моник Бенстедийн үгийг энд сануулахыг хүслээ.
 
Р.Оюунцэцэг


Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдлийг ачааллаж байна ...