Уул уурхай, эдийн засгийн сэтгүүлчдийн сургалт Австралид боллоо


"УУЛ УУРХАЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР СЭТГҮҮЛЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ 2018" хөтөлбөрт хамрагдсан 
сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхижуулах” хөтөлбөрийг “Оюутолгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон тус байгууллагын ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд сэтгүүлчдэд онолын мэдлэг олгож, Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаархи олон талт дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байна. Үүн дээрээ үндэслэн сургалтад хамрагдсан сэтгүүлчид өөрсдийн сонгож авсан сэдвүүдийн дагуу нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн олны хүртээл болгожээ.

Хөтөлбөрийн дараагийн шатны онол, практикийн сургалтыг есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 01-ний хооронд Австрали улсад зохион байгуулсан байна. Энэхүү сургалтын хүрээнд Монголын төвийн хэвлэл мэдээллийн эдийн засаг, уул уурхайн мэргэшсэн сэтгүүлчид Австралийн Квийнсланд мужийн төв Брисбэн хот, Викториа мужийн төв Мелбурн хотуудад ажиллажээ. Тухайлбал, Брисбэн, Мелбурн хотууд дахь “Рио Тинто” группийн оффис болон Мелбурн хотын Бандура дахь тус группийн судалгааны төв, Австралийн хэвлэл мэдээллийн салбарын хоёр том группийн нэг "Fair fax" медиа агентлагийн үйл ажиллагаатай танилцсан аж. Мөн Квийнсландын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим болон тус сургуулийн Тогтвортой хөгжил, эрдэс баялгийн хүрээлэнгийн багш, профессорууд уул уурхайн ба сэтгүүл зүй, Австралийн сэтгүүл зүйн өнөөгийн төлөв байдал, тулгарч буй сорилт, бэрхшээл зэрэг сэдвээр сургалт явуулжээ.

Монгол, Австралид цувралаар зохион байгуулагдсан сургалтын үр дүнд эдийн засаг, уул уурхайн сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, сурвалжлагуудаар эмхэтгэл гаргахаар төлөвлөжээ. “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчийг чадавхжуулах” хөтөлбөр нь төвийн хэвлэл мэдээллийн байгууллагууд телевиз, сонин, сэтгүүл болон сайтын эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнасан сэтгүүлчдийг мэргэшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь гадаад хамгийн их хөрөнгө оруулалттай төслийн хэрэгжилт, дэлхийн томоохон төслүүдтэй харьцуулах болоод өндөр хөгжилтэй орны уул уурхайн салбар эдийн засагт нөлөөлөх байдалтай бодитоор танилцах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: eagle.mn

 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...