Сэтгүүлч таны хүчирхэг зэвсэг-гар утас”

Сүүлийн арван жилийн хугацаанд Глобал медиа форум нь ХБНГУ-д зохиогддог олон улсын хэвлэл мэдээллийнхнийг нэг дор цуглуулсан томоохон чуулган болон өргөжиж буй. Энэ жилийн хувьд тус форум 120 орны 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгээрээ урьд өмнөх форумаас ч өргөн цар хүрээтэй болж байна.

Дойче Вилле академийн Ерөнхий захирал Петер Лимбург олон улсын сэтгүүлчид, хэвлэлийн менежерүүд өөр хоорондоо чөлөөтэй уулзаж, санал бодлоо уралдуулах индэр нь Бонн хотноо зохион байгуулагдаж байгаа Глобаль медиа форум гэдгийг эхний өдрийн чуулганд цохон тэмдэглэж байсан.

Дойче Вилле нь энэ жил 65 насны ойтойгоо золгож байгаа бөгөөд “Глобаль Медиа Форум”-ыг 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулж буй нь энэ.Алдарт Людвиг ван Бетховены есдүгээр симфони “"Ode to Joy" аялгуугаар сүр жавхлантай эхэлсэн энэ жилийн хуралд оролцож буй сэтгүүлчдийн нэлээд хувь нь Пакистан, Бангладеш, Африкийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид байгаа гэдгийг Дойче Виллегийн хөтөлбөр хариуцсан ажилтнууд хэлж байна.

Чуулганд оролцогчдын ихэнх нь хөгжиж буй орнуудын сэтгүүлчид байгаа нь бидний хэлэлцэх асуудлыг улам ч сонирхолтой болгож байна. Тэдгээр сэтгүүлчидтэй холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг олгосон ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлэх учиртайг хурлыг зохион байгуулагчид онцолж байлаа.

Энэ удаагийн чуулганы хамгийн хүндтэй зочдын нэг нь Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай. Тэрээр чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны эхэнд тэрээр, манай улсын аюулгүй байдал, энх тайван байдалд АНУ ихээхэн хувь нэмэр оруулж байгааг улс орнууд мэднэ, гэсэн хэдий ч энд ямар нэгэн үзэл суртал байхгүйг Афганистаны амьдралаас сэтгүүлч та бүхэн харж болно хэмээн онцолсон.

Мөн “гар утасны сурвалжлага”-ын эцэг гэдгээрээ олон улсад танигдсан, Юсиф Омар чуулганы хамгийн онцгой оролцогчдын нэг болоод байна. Тэрээр сэтгүүлчид гар утасаа сурвалжлагандаа чадмаг ашиглаж чадвал тэр нь маш хүчирхэг зэвсэг байх болно хэмээн ярилцлагадаа дурдлаа.

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлч, сурвалжлагчдын амин чухал хэрэгсэл нь технологийн өндөр шийдэлтэй гар утас болсон тул үүнийг маш сайн ашигладаг байх хэрэгтэйг тэрээр сануулсан. 
Үнэхээр ч Глобаль Медиа Форумаас камер үүрсэн нэг ч сэтгүүлч анзаарагдсангүй. Хурлын завсарлагааны богинохон мөч хормыг тэд гар утсаараа шуурхай ярилцлага сурвалжлагаа хийж, олон нийтэд түгээж байна.

“Сэтгүүлчид өнөөдөр дэлхийн нийтэд айдас учруулж буй терроризмыг зоригтой хөндөж сурвалжлахгүй бол хэн бидний энэ ажлыг хийх вэ?”... Яг энэ асуултад хариулт эрсэн олон асуудлыг “Глобаль Медиа Форум”-ын хоёр дахь өдрийн хуралдаанаар хэлэлцэж буй. Ялангуяа салан тусгаарлах бодлогын улмаас гарч буй элдэв зэвсэгт мөргөлдөөн, талибаны асуудал, исламын тэрс үзэлтнүүдийн сэргэн мандалт гээд сэтгүүлчидтэй хүссэн хүсээгүй нүүр тулан учирдаг асуудлыг хэрхэн сурвалжилж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх нь анхаарах ёстой чухал болж байгааг чуулганд оролцогчид тэмдэглэж байсан.

Чуулганы үеэр Өмнөд Африкийн нэрт гэрэл зурагчин Жонни Миллерийн дэлхийн тэгш бус байдлыг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн олны анхаарлыг татаж байна. Тэрээр гэрэл зурагчнаас гадна алдартай сэтгүүлч бөгөөд иргэний сэтгүүлчдийн байгууллагыг үндэслэн байгуулсан юм.


Г.Идэрхангай, The Mongolian Mining Journal
ХБНГУ-ын Бонн хот. 2018-06-13  

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...