Л.Норовсүрэн: Сэтгүүл зүй 4 дэх засаглал гэдгийг Монголчууд 100 жилийн өмнө хэлсэн

Уламжлалт мэдээллийн орон зай улам хумигдмал болж байна. Энэ нь цахим мэдээлэл, нийгмийн сүлжээ гэдэг өрсөлдөгч гарч ирсэнтэй холбоотой. Нийгэм өнөөдөр цахим сүлжээ, нийгмийн сүлжээний мэдээллийг мэргэжлийн сэтгүүл зүйн мэдээллээс ялгаж үздэггүй тийм үе тохиож байна” хэмээн МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумын илтгэлдээ онцолсон юм.  Олон улсын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улс хэвлэлийн эрх чөлөөний байдлаар өмнөх 2016 оноос хоёр дахин ухарч, өнөөдөр 71 дүгээрт жагсаж буй юм. Энэ утгаараа Монголд хэвлэлийн эрх чөлөө өмнөхөөсөө хумигдсан дүр зурагтай байгаа юм. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх мэдэлтнүүдийн нэг “гар”,  нэг захиргаан дор орох үйл явц түлхүү явагдаж буй нь  хэвлэлийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх болжээ.

Сүүлийн хоёр жилд Монгол улсад хэвлэмэл хэвлэлийн хэрэглээ,  зах зээлийг бусад улстай харьцуулахад хүчтэй  буурч байгаа аж.  Япон улсад 30 жилийн өмнө хэвлэгдэж байсан сонины тоо хэмжээ 30% орчим хувиар буурсан бол Герман болон Европын бусад улсад 40 орчим хувийн бууралттай, харин Монгол улсад энэ байдал хамаагүй өндөр түвшинд байгааг судалгаа харуулж байна. Мэдээж энэ бүхэнд дижитал цаг үе буюу мэдээлэл технологийн хувьсгал  нөлөөлж байгаа аж. 

Нийгмийн сүлжээ бол сэтгүүл зүйн хувьд “цунами” юм. Гагцхүү сэтгүүл зүй мэргэжлийн үйл ажиллагаа учраас хувь хүний үзэл бодол, санал дүгнэлтээр “дүүрсэн” нийгмийн сүлжээг олон нийтийн хэвлэл мэдээллээс ялгаатай гэдгийг мэргэжлийн сэтгүүлчид харуулах ёстой.    
 
Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний  өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойг  тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр   Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгуулсан юм. “Юуны өмнө бид хараат бус сэтгүүл зүйг бий болгох тал дээр ажиллана. Өнөөдөр 67 жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн салбарт амьдралаа зориулсан бүхий л ахмадууд хүрэлцэн ирсэн байна. Энэхүү түүхийг буухиалан залуу хойч үедээ хүргэж яваа дунд үе, идэр залуу үеийн төлөөлөл ч энд хүрэлцэн иржээ. Бид нэгэн зүгт хамтдаа хэвлэлийн эрх чөлөөг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр форумыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. 

Тэрээр,  МСНЭ юуны өмнө  Хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллана. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай” гэлээ. Форумын үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын мэндчилгээг хэвлэлийн албадын төлөөллүүд уншиж сонордуулсан. 

“Монгол улсын сэтгүүлчид нэгэн зүгт нэгэн зорилгын төлөө явж чадвал болохгүй зүйл үгүй бөгөөд Ерөнхийлөгч миний зүгээс хамтран ажиллахад бэлэн” гэдгээ  төрийн тэргүүн мэндчилгээндээ дурдсан бол  Засгийн газрын тэргүүн “Сэтгүүлчид та бүхэн бол нийгмийн оюун санааны инженер. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг эдэлж буй хүн бүхний баярын өдөр” гэлээ.  УИХ-ын дарга М.Энхболд “Сэтгүүлчид бол нэг талаас төр, засгийн дотны нөхөр нь, нөгөө талаас гашун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь билээ”  гэсэн үгийг мэндчилгээндээ дурджээ.

Форумын үеэр сэтгүүлчдэд нэгэн таатай мэдээллийг дуулгасан зочин бол  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд. Нийслэлийн удирдлагын баг өнгөрсөн оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн орчныг сайжруулах жил” болгон зарлаж, 24 жил гацаад байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэн дэмжүүлж, УИХ-д өргөн барьж анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн аж.  Тус хууль нь  Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг заах болно хэмээгээд  “Сэтгүүлч ордон” барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул  энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж, ирэх жил гэхэд Улаанбаатар хотод сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр  мөн сэтгүүлчиддээ ирэх 10 жилийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Хараат бус байхын тулд сэтгүүлчид санхүүгийн эрх чөлөөтэй болох ёстойг юуны өмнө дуулгаад санхүүгийн бэрхшээлгүй байхын тулд сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдэх нь юу юунаас чухал гэдгийг илтгэлдээ онцолж байсан.  Тэрээр төлөвлөгөөнийхөө дагуу 1000 сэтгүүлчийн байрны төсөл хэрэгжүүлж, дөрвөн аймагт  газрын асуудлыг нь шийдээд байгаагаа ч дуулгалаа.

Мөн  олон нийтийн хараа хяналттай  “Сэтгүүлч сан” байгуулж, энэ сандаа хөрөнгө төвлөрүүлж, өгөөжийг нь хүртэх ёстой болохоос биш  үндсэн эргэлтийн хөрөнгө орохгүй гэдгийг МСНЭ-ийн удирдлага мэдээлэлдээ дурдсан. 

Сэтгүүл зүйн нэрт зүтгэлтэн, доктор, профессор Л.Норовсүрэн “Үндэсний сэтгүүл зүйн хөгжлийн түүхэн замнал ба 105 жил” сэдвээр сонирхолтой илтгэл тавьлаа.   Тэрээр, 1913 онд анхны сонин гарах үеэс ямар нэгэн цензур байгаагүй ч 1922 онд хуралдсан МАХН-ын бүгд хурлаас цензур тавигдаж эхэлсэн юм. Коментерний нөлөөлөл бий болж эхэлсэн цагаас  Монголын сэтгүүл зүй өнөөдрийг хүртэл хагас эрх чөлөөтэй явж ирлээ.  Монголд хараат бус сэтгүүл зүй байсан юм шүү” гэсэн юм. 

Тэрээр,  сэтгүүл зүй дөрөв дэх засаглал гэдгийг Монголчууд 100 жилийн өмнө хэлчихсэн юм. 1921 онд хэвлэгдэж  байсан “Уриа” хэмээх анхны хувьсгалт сонинд “Сэтгүүл зүйг зургаа дахь засаглал” гээд бичсэн байдаг. Зургаа дахь засаглал гэдгийн агуулга нь өнөөдрийн дөрөв дэх засаглал гэдгээс хавьгүй өргөн агуулгатай.  Сэтгүүл зүйг хаанчилж байдаг Орос, Англи, Америк  гэсэн таван улсыг хязгаарлах нь зургаа дахь засаглал байх юм гэж бичсэн байдаг” хэмээн  ярьсан юм. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Галаарид хэвлэл, мэдээллийн тулгамдсан асуудлуудаар мэдээлэл хийхдээ хэвлэл мэдээллийн нийгмийн хариуцлагад тулгуурласан эрх зүйн цогц зохицуулалт хийх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай суурь хуулиа шинэчлэх, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчлан батлагаажуулах, редакц, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хуульчлан батлагаажуулах  зэрэг асуудлыг онцлон дурдлаа. 

Г.Идэр  
 





Сэтгэгдлийг ачааллаж байна ...