Цахим сэтгүүлчид ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд ажиллах ёстой

Монгол улс 1992 оноос цахилгаан холбооны салбартаа технологийн шинэчлэл хийж эхэлсэн бол  1996 оноос интернетийн 24 цагийн сүлжээнд анх  холбогдсон түүхтэй. Энэ үеийг цахим сэтгүүл зүй хөгжих эхлэл ч гэж үздэг. Сүүлийн жилүүдэд интернетийн хөгжил хурдаа авч, иргэдийн өдөр тутмын цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэж буй. 

Харилцаа холбооны мэдээллийн технологийн салбарын статистик мэдээллээс харахад 2011-2017 онд Монгол улсад гар утас хэрэглэгчдийн тоо 285.000-аас 2.500.000 орчим болж нэмэгдсэн байна. Харин нийт интернет хэрэглэгчдийн тоо 2.9 саяд хүрчээ. Хүн амын дийлэнх нь эдүгээ гар утсаараа  цахим ертөнцийн мэдээллийг авч байна гэсэн үг.
  
Түүнчлэн Монгол улсад өнөөдөр 350 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаагаас  89 нь сонин, 80 гаруй нь сэтгүүл, эмхтгэл, 100 орчим мэдээллийн сайт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бүр өөрийн сайт, faсеbooк, twitter зэрэг нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээллээ түгээх хэлбэр бий болсон.  

Эдгээр нөхцөл байдлын улмаас Монгол улсын Засгийн газраас цахим мэдээллийн орчныг сайжруулах, тоон контентын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн боловсруулан, үүнтэй зэрэгцүүлэн оюуны өмчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор ажиллаж буй.  Өнгөрсөн сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Цахим бодлогын түр хороог байгуулах ажлыг дэмжсэн юм. 
 
Мэдээлэл, технологийн салбарын  хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Харилцаа, холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхэд бэлтгэжээ.  Түүнчлэн  Төрөөс мэдээлэл харилцааны салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг өнгөрсөн жил хууль тогтоох байгууллагаар батлуулсан ба уг баримт бичгийг хэрэгжүүлэх ажил шат дараалалтай өрнөж буйг Харилцаа холбоо, Мэдээллийн технолгийн газрын удирдлагууд “Цахим сэтгүүл зүйн II форум” чуулганы үеэр тодотгож байсан.  

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс зохион байгуулж буй цуврал чуулганы үргэлжлэл “Цахим сэтгүүл зүйн II форум” өнөөдөр МУИС-ийн номын сангийн Их танхимд  боллоо. Чуулганы эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үндэсний сэтгүүл зүйн түүхийн сүүлийн 10 жилд хүч түрэн орж ирсэн цахим сэтгүүл зүйн салбарт зарчмын өөрчлөлт хийх гэж оролдож ирсэн гэдгээ илэрхийлсэн юм. 

Тэр дундаа цахим салбарт хамаарах эрх зүйн зохицуулалтыг гардан хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагууд, агентлагуудтайгаа бодлогын хувьд ойлголцох, олон удаагийн уулзалт хийх боломжуудыг эрэлхийлж иржээ. Нөгөө талаас, цахим сэтгүүл зүйн салбар гэж цоо шинэ салбар үүссэнийг олон нийтэд ойлгуулах зэрэг  ажлыг өрнүүлж ирсэнээ  тэрээр дурдсан юм. Үүний дээр цахим сэтгүүлчдэд олон нийтийн сүлжээнд, интернетийн орчинд илүү ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн хандлагатай байх шаардлага тулгарч байгааг МСНЭ-ийн Ерөнхийлөгч  Х.Мандахбаяр  онцолж байсан юм. 

 Г.Идэр

Сэтгэгдлийг ачааллаж байна ...