Сэтгүүлчдийг 8 салбарт мэргэшүүлнэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс зохион байгуулж буй  хамгийн эхний үйл ажиллагаа "Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр"-ийн арга хэмжээгээр албан ёсоор нээгдлээ. Түүнчлэн “Цахим сэтгүүл зүйн үндэсний II форум”, “Редакторуудын улсын зөвлөгөөн”, “Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум” зэрэг сэдвээр сэтгүүл зүйн салбарынхан гурван өдөр чуулах  гэж байна.

Зургийн эх сурвалж: eagle.mn

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүл зүйн салбар руугаа хандсан цуврал 6 арга хэмжээг гурван өдрийн турш зохион байгуулна. Эдгээр арга хэмжээний салхийг хагалж “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг албан ёсоор нээж байна. Сэтгүүлчээ мэргэшүүлэн бэлтгэх санал санаачилга өнөөдөр хэрэгжиж байгаа ажил биш. Үе үеийн төрийн удирдлага, ОНХМ-ийн байгууллагын эрхлэгчид, сэтгүүлчид маань хамгийн их ярьж ирсэн сэдэв юм.

Олон санаачилга хэрэгжиж ирснээс зарим жишээг дурдахыг хүсч байна. Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд The Mongolian Mining Journal сэтгүүл томоохон ажлыг хийж чадсан. 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус сэтгүүлийн редакци уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх хөтөлбөрийг гадны донор байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Ингэхдээ төвийн сонин, сэтгүүл, сайт, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн бүхий чиглэлийн байгууллагуудын сэтгүүлчид төдийгүй 21 аймгийн сэтгүүлчдээ хамруулж сургасан томоохон туршлагатай редакци юм. Сэтгүүл зүйн салбарын хувьд бидэнд байгаа тодорхой, бодит жишээ энэ. 

Тэгвэл анагаахын чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийн клуб 20 жилийн түүхтэй. Сэтгүүлчид маань анагаахын салбарын мэргэжилтэн, докторуудын хамт энэ салбарт сэтгүүлчдийг мэргэшүүлэх ажлыг “бор зүрх”-ээрээ хийж ирлээ. Сүүлийн жилүүдэд МСНЭ-ийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна. Бас нэг санаачилга бол гадаад харилцааны чиглэлээр мэргэшүүлэхээр 20 сэтгүүлчийг бэлтгэх ажил явагдаж байгаа. Түүнчлэн, Монголбанкин дээр макро эдийн засгийн өргөн мэдлэг олгохоор санхүүгийн чиглэлээр сэтгүүлчдийг бэлтгэх хөтөлбөр 5 жилийн турш хэрэгжиж байна. БОАЖЯ-ны дэргэд 30 сэтгүүлчийг байгаль, экологийн чиглэлээр мэргэшүүлж байна. Ингээд харах юм бол салбар бүрт сэтгүүлчээ мэргэшүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна.

Мэргэжлийн төв байгууллагын хувьд МСНЭ дээрх санаачилгуудыг бүгдийг дэмжиж, хамтарсан хөтөлбөр болгон зохион байгуулъя. Эхний ээлжинд 8 салбарт мэргэшүүлэх клубын системийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Сэтгүүлчдээ мэргэшүүлэх эхний ээлжийн 8 салбар нь байгаль экологи болоод аялал жуулчлал, гадаад харилцаа, санхүү эдийн засаг, хууль эрх зүй, эрэн сурвалжлах, уул уурхай, анагаах, хөдөө аж ахуй  байх юм. Тус чиглэлүүдээр энэ жилдээ сайн дурын клубуудыг байгуулъя. Цаашдаа клубын систем амжилттай хэрэгжихээр нь салбар Зөвлөлийн статустай болгож, сэтгүүлчдээ салбараар нь дагнуулан мэргэшүүлэх нь зүйтэй гэсэн бодлого барьж байна.

Нэг удаагийн арга хэмжээгээр шууд мэргэшүүлэхгүй нь тодорхой. Тиймээс энэ үйл ажиллагаагааг тогтмолжуулах хэрэгтэй. “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийг албан ёсоор нээсэнтэй холбогдуулан жишээ болгож сургалт бүхий 3 арга хэмжээг зохион байгуулна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан эдгээр арга хэмжээний дараагаар үндэсний хэмжээнд сэтгүүлчдээ мэргэшүүлэн бэлтгэх зорилтоо шууд ажил хэрэг болгоё” гэсэн юм.  

Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас өнгөрсөн хугацаанд эдийн засаг, уул уурхайн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх эрмэлзлээр зохион байгуулж ирсэн сургалтын туршлагаа хуваалцсан юм.  Mongolian Mining Journal сэтгүүлийн Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа “Хэвлэл мэдээллийн байгууллага нь зөвхөн мэдээлэх, мэдээллийг түгээснээр ажил үүргээ хязгаарлах ёсгүй юм. Мэргэжлийн сэтгүүлзүйг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээлллийн ажилтан бүрийн идэвх санаачилга чухал гэж боддог.  “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-аас хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болон “Сэтгүүлчдийн менторшип хөтөлбөр” нь мэргэжлийнхээ, салбарынхаа эрх ашиг, хөгжил, төлөвшлийн төлөө оруулж буй MMJ сэтгүүлийн редакцийн хувь нэмэр юм. Монголын сэтгүүлчид тодорхой сэдвээр мэргэшин, шинжээчийн түвшинд бичих, нэвтрүүлэх чадвартайг, бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бие биедээ харилцан тусалж, мэдлэг туршлагаа солилцох, орчин цагийн дэлхийн сэтгүүл зүйн өндөр стандартыг нутагшуулахын тулд өөрсдөө бие даан холбоо харилцаа тогтоон ажиллаж чадахыг The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакц бүхий л үйл ажиллагаагаараа харуулахыг чармайн ажиллаж ирлээ. Үүний илрэл нь “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй”-н явуулдаг үйл ажиллагаа, сургалтууд юм” гэлээ. 

"Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр"-ийн нээлтийн үйл ажиллагаан дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад харилцаа ба сэтгүүл зүй”, МСНЭ-ийн Анагаахын сэтгүүлчдийн салбар зөвлөлийн дарга, доктор, проф. Д.Пүрэвдорж “Монголын анагаах ухааны сэтгүүл зүйн уламжлал шинэчлэл” сэдвээр илтгэлээ.  


Тэмдэглэсэн Э.Од
 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...