МСНЭ-ийн XVII Их хурал хурал эхэллээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн XVII Их хурал өнөөдөр эхэлж байна. 1951 оноос түүхтэй МСНЭ-ийн XVII Их хуралд оролцохоор Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 305 сэтгүүлч мандат аваад байгаа юм. Энэ удаагийн их хурлаар МСНЭ-ийн дүрмийг шинэчилж, Ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгон томилох учиртай.

Хурлыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээж үг хэлэхдээ "Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн төв байгууллага 1951 оноос түүхээ эхэлсэн МСНЭ-ийн XVII Их хурал эхлэхэд бэлэн боллоо. Энэ салбарт тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 3000 орчим хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, ажилчдын төлөөлөл болсон 305 төлөөлөгч оролцож байна. Хурлын ажилд амжилт хүсье" гэлээ.

Дараа нь Мандатын комиссоос МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг мэдээлэл хийхдээ, МСНЭ-ийн Их хурлын зохион байгуулах ажлын хэсгийг ерөнхийлөгч Б.Галаарид удирдан зохион байгуулсныг хэлээд, төлөөлөгчдийг Телевиз, радио, Сургалт судалгаа, Цахим мэдээллийн сайт зэрэг мэргэжлийн төвүүдээс ирүүлсэн саналын дагуу 305 төлөөлөгчид мандат олгосон гэлээ. Хурлын төлөөлөгччдийн хамгийн өндөр настай нь 87 настай Х.Цэвлээ, хамгийн залуу нь 23 настай н.Мөнхбаяр оролцож байгаа бөгөөд ахмад, залуу үе, хүйсийн харьцааг тэнцвэртэй хангасныг мөн онцолж байв. Нийт 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаас нийслэл болон хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн бүхий л салбарын төлөөлөл хамрагдсан байна.

Мандатын комиссын мэдээллийн дараа Их хурлын таван тэргүүлэгчийг санал хураалган сонгов. Хурлын даргаар эрдэмтэн судлаачдын багийн төлөөлөл Боловсролын их сургуулийн доктор Ж.Батбаатар, тэргүүлэгч гишүүдээр ахмадын төлөөлөл Ү.Хүрэлбаатар, залуучуудын төлөөлөл, сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, орон нутгийн төлөөлөл, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Номин, телевизийн төлөөлөл, МҮОНТВ-ийн дарга асан Ц.Оюундарь нар сонгогдлоо. Улмаар тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй баталж, хурлын дэгээ тогтов.

МСНЭ-ийн ерөнхийлөгчид “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Х.Мандахбаяр, niislel.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс, МҮОНРТВ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар нар өрсөлдөхөө одоогоор зарлаад байгаа юм.

Эх сурвалж: ibook.mn

Сэтгэгдлийг ачааллаж байна ...