“Глоб Интернэшнл” Монголын Хуульчдын холбоотй хамтран ажиллана

Монголын Хуульчдын холбоо нь “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.01.04/ болж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал нар санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тухай Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн талаар сургалт зохион байгуулах, хуульчдыг уулзалт, семинарт оролцуулах бөгөөд хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр 20 хуульчийг мэргэшүүлэн бэлтгэхээр төлөвлөжээ.

Мөн сэтгүүлчдийн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгүй болгох чиглэлээр мониторингийн судалгаа хийх, нөлөөлөл, лобби үйл ажиллагааг зохион байгуулах юм

Талууд нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх, харилцан мэдээлэл солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиролцсоны зэрэгцээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулан хамтарсан аян зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж:www.mglbar.mn

Сэтгэгдлийг ачааллаж байна ...