Оффшорын хэргийн үргэлжлэл буюу “Paradise papers”

Одоогоос жил гарангийн өмнө оффшор бүсэд хөрөнгө, компанийн эзэмшилтэй төрийн удирдагчид, улс төрчид, томоохон бизнесменүүдийн мэдээллийн архив хуулийн “Моссак Фонеска” фирмээс алдагдаж дэлхий дахинд шуугиан тарьсан билээ. Алдагдсан мэдээлэл баримтын мөрөөр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо /ICIJ/ болон Авлигал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх төв /OCCRP/ дэлхийн 80 гаруй орны сэтгүүлчидтэй хамтран эрэн сурвалжлаг явуулан хууль бус хэргүүдийг илчлэн олон нийтэд дэлгэсээр буй. Үүнийг олон улсад “Панамын баримт бичиг” гэх нэрээр сайн мэднэ.

Тэгвэл ICIJ нь“Paradise papers” буюу “Диваажингийн баримт бичиг” хэмээх сэтгүүлчдийн эрэн сурвалжлах хоёр дахь том үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 5-нд дэлхий дахинд мэдээлэв. Энэ удаад сэтгүүлчид Бермудийн аралд бүртгэлтэй хуулийн фирм “Appleby” буюу “Estera”-ийн архивын 13.4 сая мэдээллийг гартаа оруулан авчээ. Алдагдсан мэдээллийг нууц нэгэн Германы “Sьddeutsche Zeitung” сонины редакцад өгснөөр ICIJ-ийн сэтгүүлчдэд хүрсэн байна. Мэдээллийн мөрөөр 67 орны 96 хэвлэл мэдээллийн байгууллагын 382 сэтгүүлчид ажиллаж эрэн сурвалжлаг явуулж байгаа юм.

“Appleby” фирмийн алдагдсан файлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сайд нарын танхимд багтах Худалдааны сайд Уилбур Росс, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Английн хатан хаан II Елизавета, Германы канцлер асан Герхард Шрейдер нэрс бгатсан Казахстан, Хятад, Орос, Бразил, Япон, Украин Турк, Гурж, Армени зэрэг дэлхийн 50 гаруй орны 120 улс төрчийн хөрөнгөтэй холбоотой мэдээлэл багтжээ. Нийт 13.4 сая мэдээллийн 7 сая болох 1950-2016 оны архивт цахим захидал, олон тэрбумын зээлийн хэлэлцээр, 180 орны үйлчлүүлэгчтэй холбоотой банкны албан бичгүүд байна. Алдагдсан архивт дэлхийн хамгийн нууцлагдмал “татварын диваажин” болох Каримбын тэнгис, Номхон далай, тэр дундаа Антигуа, Барбуда, Кука болон Малта зэрэг аралуудад бүртгэлтэй компаниудын мэдээлэл ч бий. Дэлхийд нэр хүндтэй “Barclays”, “Goldman Sachs” болон “BNP Paribas” банк, “Nike”, “Siemens”, “Allianze” зэрэг бренд болсон компаниуд, Оросын олигархи Роман Абрамович, дуучин Мадонна ч “Appleby” фирмийн үйлчлүүлэгчид болохыг мэдээллүүд гэрчлэх аж. Twitter, Facebook-ийн хөрөнгө оруулагчдын нэг “DST Global” сан Оросын “Газпром” компани, ВТБ банкуудаас санхүүжилт авсан байна. Түүнчлэн, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн гигант Glencore групп “Paradise papers”-ийн хэрэгт нэр холбогдсон байна. Швейцарийн худалдааны трейдер Glencore нь татвараас зайлсхийх зорилгоор Бермудийн арал дахь оффшор данс ашиглан 25 тэрбум ам.долларын нууц гуйвуулга хийсэн нь илэрчээ.

Алдагдсан мэдээлэл цацагдсаны дараагаар дэлхий нийтийн анхаарлыг татаж буй хэргийн нэг бол АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росстой холбоотой юм. Тэрээр Кайманы арлууд дахь оффшор бүсээр дамжуулан “Navigator Holdings” компанид өөрийн хувь эзэмшлийг авч үлджээ. “Navigator Holdings”-ийн чухал харилцагчдын нэг нь Оросын “Сибур” компани бөгөөд тус компанийн гол эзэмшигч Кирил Шамалов нь ОХУ-ын Ерөнхийлөг Владимир Путины хүргэн юм. 2016 онд “Navigator Holdings” болон “Сибур” 23 сая ам.долларын хэлэлцээр байгуулсан байдаг. Уилбур Росс АНУ-ын Худалдааны сайдаар томилогдохдоо 80 гаруй компани дахь хувь эзэмшлээсээ салсан ч “Navigator Holdings” компанийн эзэмшлээ үлдээсэн нь ийнхүү “Appleby”-ийн алдагдсан мэдээллээр илэрчээ.

Appleby...?

119 жилийн түүхтэй хуулийн фирм 2016 он хүртэл “Appleby” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд бие даасан компани болохоор “Estera” хэмээн нэрээ өөрчлөөд буй. Интернетийн халдлагад өртөж зарим үйлчлүүлэгчдийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар 2016 оны аравдугаар сард хуулийн фирм өөрийн сайтдаа мэдээлж байжээ. “Appleby” фирм нь Хонгконг, Шанхай, Их Британийн Виржинийн , Каймановын арлуудад салбартай.

Бэлтгэсэн Э.Жаргал

Сэтгэгдлийг ачааллаж байна ...