Сэтгүүлчдийн “Аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй орчин”-ыг бий болгохын төлөө хамтран ажиллацгаая

НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай  163 тоот тогтоол баталсан юм. Олон улсын энэ өдрийг тохиолдуулан доорх мэдээллийн багцаас мэдээ, сурвалжлага бэлтгэхийг уриалж, ЗАСГИЙН ГАЗАР, УИХ, ШИЙДВЭР ГАРГАГЧДААС АМЛАЛТ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР ШААРДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

1.    НҮБ-аас 2012 оны 4 сарын 13-нд Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан юм. Уг төлөвлөгөөнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйтай тэмцэх талаар НҮБ-ын механизмыг хэрхэн бэхжүүлэх, Гишүүн орнуудтай ямар замаар, хэрхэн хамтран ажиллах, уг асуудлаар бүх нийтийн ойлголт мэдлэгийг хэрхэн хангах, аюулгүй байдлыг бэхжүүлэх санал санаачлагыг яаж дэмжих, дагалдах арга хэмжээний ямар ямар механизм байгуулах талаар тусгажээ.
http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1337&menuid=427

2.    НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаар 68/163 тоот тогтоолыг баталсан юм. Уг тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тухай шийдвэрлэсэн билээ. Мөн Гишүүн орнууддаа хандаж “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эсрэг үйлдэгдсэн сэжиг бүхий бүх хэлбэрийн хүчирхийллийн хэргийг шүүх эрх мэдлийн хүрээнд үнэн шударга, түргэн шуурхай, үр дүнтэй мөрдөн шалгах, эдгээр төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг шүүхээр хамгаалуулах эрхээр хангах асуудалд хариуцлагатай хандах талаар боломжтой бүхнээ хийх”- ийг шаардаж, сэтгүүлчдэд халдсан хэргийг хянан шинжилж, мэдээлэх, эдгээр төрлийн халдлагыг мөрдөн шалгаж, шийтгэл ногдуулахад шаардлагатай нөөц бололцоог зориулах замаар сэтгүүлчдэд ажил үүргээ бие даан, хөндлөнгийн оролцоогүйгээр гүйцэтгэхэд нь аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийг уриалсан билээ.
http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1143&menuid=427

3.    2015 оны 5-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газарт нийт 164 зөвлөмж өгснөөс найм нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байна. Тухайлбал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотойгоор Швейцарь, АНУ, Франц, Герман, Эстон, Чех, Ирланд, Австри зэрэг улс манай Засгийн газарт хандан, үндэсний хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, зохицуулах байгууллагын хараат бус байдлыг хангах, нэр төр гутаахтай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас халах, Интернэтийг хамруулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах, мэдээллийн эх сурвалж, шүгэлдэгчийн эрхийг хамгаалах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн идэвхтнүүдийн ажил үүргээ гүйцэтгэх аюулгүй орчныг хангах зэрэг зөвлөмж өгсөн юм.
http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1336&menuid=427

4.    Эдгээр зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар бүрэн хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 204 тоот тогтоолоор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө баталсан юм.
http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1334&menuid=427
 
5.    2016 оны 11 сарын 3-ны өдөр Улсын Их Хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” 51 тоот тогтоол баталсан юм. Уг хөтөлбөрийн зорилтын хүрээнд иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх үйл ажиллагааг тусгажээ.
http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1335&menuid=427

6.    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 тоот тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” баталсан юм. Уг хөтөлбөрт иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах зорилтын хүрээнд “эрэн сурвалжлах замаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлчийг аливаа дарамт, шахалтаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааных нь улмаас эрүүгийн хариуцлагад татах явдлыг өөрчилж, аюулгүй байдлыг хангах” зохицуулалтыг бий болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ.
http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1339&menuid=427

7. ЮНЕСКО-оос 2013-2015 онд Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд цогц үнэлгээ хийж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, шийдвэр гаргагчдад хандан, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг илүү баталгаажуулах үүднээс эрх зүйн шинэтгэл хийх, ялангуяа сэтгүүлчдэд мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх зүйн хамгаалалт бий болгох, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хөхиүлэн дэмжсэн бодлого батлан баримтлах, хэвлэл мэдээллийн салбарт ил тод байдлыг хангасан механизм бий болгох, сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ, чанарыг сайжруулахад хүчин чармайлт гаргах, мэргэжлийн сургалт, судалгааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах зэрэг зөвлөмж өгсөн билээ.
http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1262&menuid=427

8. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2017 оны 7 дугаар сарын 6-7 өдрүүдэд Монгол Улсын илгээсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх 6 дахь тайлан илтгэлийг (CCPR/C/MNG/6) хэлэлцээд, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж өгсөн юм.
http://globeinter.org.mn/?cmd=Record&id=1338&menuid=427

Та бүхэн эдгээр баримт бичгийг цахим шуудангаар авахыг хүсвэл
коммент хэсэгт өөрийн хаягаа бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Глоб Интернэшнл Төв
Утас: 99035470
Цахим шуудан: globemon@gmail.com

Сэтгэгдлийг ачааллаж байна ...