Хар алтны хар балаг

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2017” төслийн Уралдааны шалгаруулалтад ирсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

Дорнот аймгийн Дорнод медиа группын сэтгүүлч Э.ОТГОНТУЯА




Хар алтны хар балаг


Дорнод Монголын Мэнэнгийн тал хараа алдам яруу сайхан. Энэ л сайхан уудам тал Монголд төдийгүй дэлхийд ховордсон хялганат хээр, цагаан зээрээрээ алдартай. Цагаан зээрийн сүрэг тал нутагтаа дураараа бэлчиж, нүд баясгадаг байсан цаг зурганд л мөнхрөн үлдэж, хялганат хээр тал цөлжилтөд нэрвэгдэх вий гэсэн айдас Дорнод нутгийн ард түмнийг зовоогоод удаж буй.

Цагаан зээр бэлчээрлэх явцдаа туурайгаараа газрын өнгөн хөрсийг сийрэгжүүлж, ургамал үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Зээрийн мөрөөр хонхойсон газарт борооны ус хуримтлагдан тогтож, бэлчээрийг усжуулдаг төдийгүй зун намрын цагт шүүдрийн усыг хөрсөнд буулгадаг нь 50 мм хүртэл хур тунадас орсонтой адил чийг болдог аж.

Тал хээрийн экосистемийг  тэнцвэртэй байлгахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулдаг энэ л хүндтэй амьтан одоо нүдний гэм болчихож. Юуны  учраас цагаан зээр унаган нутгаасаа дайжив. Энэ асуудал Дорнод нутгийнхны дунд олон жил яригдсаар ирсэн ч  сүүлийн нэг сарын хугацаанд эрчимжиж тодорхой шийдэлд хүрээд байна.

Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн хангасан Дорнод Монголын алдарт Мэнэнгийн тал өнөөдрийн байдлаар нүүр нүдгүй тоос шороо шуурсан, аалзны тор мэт энд тэндгүй хэрсэн замаар сэглэгдчихэж. Хар алтны арвин их нөөцтэйдөө баярлаж суух учиртай нутгийн ард иргэд эсрэгээрээ цөхөрч гүйцээд байна. Хар алтаасаа болж хар балагт унасандаа биш, хариуцлагагүй сул дорой төртэйдөө ийнхүү бачимдан суугаа.

Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай байдгаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байна. Дорнод аймагт Тосон-Уул 19, Тамсаг-21 гэсэн хоёр том талбайд “Петрочайна Дачин Тамсаг” компани газрын тосны бүтээгдэхүүний олборлолт, хадгалалт, тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Тэртээх 1997 онд Тамсагийн сав газраас газрын тос гарч байсан гэдэг. Анх л П.Очирбат ерөнхийлөгч газрын тосоор дээлээ мялааж байсан тэр орд шүү дээ.

Хятадын үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин ойл Фийлд Лититед” компани нь 2005 оны 8 дугаар сараас Тамсагийн сав газрын 19,  20,  21 гэрээт талбайд үйл ажиллагаа явуулж байна. Тэд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний  эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг Монгол улсад байгуулсан.  Монгол улсын Ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэгдсэн нөөц, ЭБЭХ-ий сайдын 2011 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Матад суманд орших Тосон-Уул 19 талбайн баталгаат нөөц 179 сая тн, ашиглалтын баталгаат нөөц 20.17 сая тн  гэж үзжээ. Харин Халхгол суманд орших Тамсаг 21 талбайн баталгаат нөөц 127 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц нь 14.1 сая тн юм.

Тосон уул 19 талбайн 456 цооногт олборлолтын тоног төхөөрөмж суурилуулснаас хоногт дунджаар 381 цооногоор 10 мянган баррель газрын тос олборлож Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт, Дорнод аймгийн Халхгол сумын Баянхошууны боомтоор БНХАУ-д экспортолж байна. 2016 онд 8.25 сая баррель ( 1.12 сая тонн)газрын тос олборлож, 8.06 сая баррель (1.09 сая тонн) газрын тос экспортолж, Улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Харин Тамсаг 21-р талбайд 229 цооногт олборлолтын тоног төхөөрөмж суурилуулснаас хоногт дунджаар 218 цооногоор 12 мянган баррель газрын тос олборлож Дорнод аймгийн Халхгол сумын Баянхошууны боомтоор БНХАУ-д экспортолсон гэсэн дүн мэдээлэл бий.  Харин  Буйр-21 газрын тос олборлох талбайг 2011 онд Монгол Улсад буцаан өгч байжээ. Үүнтэй холбогдуулан “Петрочайна Дачин Тамсаг” компаниас нөхөн сэргээлт болон олборлосон газрын тосны нөхөн төлбөр авах талаар хэлэлцэж байсан ч нам гүм болсон юм.

Тосон уул 19-р талбайд хайгуулын ажил бүрэн дуусч олборлолт эхэлсэн он цаг нь 2012 он. Харин 21-р талбайд 2014 оноос хайгуулын ажил эхэлсэн гэдэг. Тэр цагаас хойш л Халхгол, Матад сумын нутаг Монгол Дагуурын сав газар, Монголд төдийгүй Дэлхийд ховордсон хялганат хээр тал шороо тоосонд дарагдсаар байна. Эдгээр жилүүдэд газрын тос зөөж, тээвэрлэж буй замаа хатуу хучилттай болго гэсэн удаа дараа шаардлагууд Монгол улсын эрх бүхий байгууллагуудаас ирсээр байтал Петрочайна Дачин огт тоосонгүй.

Хоёр хилийн боомтоор 25-35 тонны даацтай олон зуун машин газрын тосыг өмнөд хөрш рүү зөөсөөр.., Өдөр, шөнөгүй холхилдож газрын тос, шатахуун, тоног төхөөрөмж, ажилчдын хоол хүнс зөөх хүнд даацын 900 гаруй авто машины дуу чимээ тоосжилтоос залхаж Халхгол сумын  малчин өрх айлууд идээшиж дассан нутаг уснаасаа холдож нүүдэллэхээс өөр аргагүйд хүрээд байна. Энэ талаар дуугараагүй хэвлэл мэдээллийн байгууллага ховор. Энэ сарын эхээр “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн баг Халхгол суманд ирж, Халхын голыг хэрсэн аалзны тор мэт зам, Хятадуудын даварч буй үйлдлийг цахим сүлжээнд дахин дэлгэсэн юм. Үүний дараагаар, олон нийтийн сүлжээгээр дээрх  хууль бус үйлдлийг дургүйцсэн, санал гомдлууд хөвөрсөөр. Дорнод аймгийн Засгийн дарга энэ тал дээр шуурхай ажиллан А/425 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан тус компанид хяналт шалгалт хийсэн юм. Тус ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, автозамын хяналтын улсын байцаагч, байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд багтаж, энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллаад ирлээ.

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 159 тоот тушаалаар баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто зам барих, ашиглах, засвар арчлалт хийх түр журам”-ын 1.4-т “Хатуу хучилттай авто зам барьсны дараа уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг явуулна” гэсэн заалт бий. Газрын тосны 19-р талбайгаас Баянхошуу боомт хүртэл 210 км.  Харин 21-р талбайгаас  дээрх зам руу нийлэх 68 км. Дээрх тээвэрлэлтийн авто замуудыг хатуу хучилттай болгох ёстой. Энд талбай хоорондын болон газрын тос сорох “төмөр шумуул”-нуудын хоорондын олон салаа замыг тооцохгүй ээ. Тээвэрлэлт хийх дээрх замыг хатуу хучилттай болгох ёстой хугацаа өнгөрөөд ганц жилээр тогтохгүй хугацаа өнгөрчихөөд байхад “Петрочайна Дачин тамсаг” компани Монголын хууль дүрмийг уландаа гишгэн шороон замаар тоос татуулан тээвэрлэлтээ хийсээр л. Тодруулбал, зөвхөн 68 км авто зам гэхэд л Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 тоот тушаалаар аль хоёр жилийн өмнөөс баригдаж эхэлсэн байх учиртай.

Томилогдсон ажлын хэсэг тээвэрлэлт хийж буй 68 км авто замын батлагдсан трансын дагуу үзлэг хийхэд багадаа 9-13 метрийн өргөнтэй хоёр хэсэг зам, ихдээ 17-35 метрийн өргөнтэй 10 салаа зам гарсан, замын уулзвар, гарц дээр тэмдэг, тэмдэглэгээ, хаяг байхгүй гэх зэрэг олон зөрчил илэрсэн юм. Олон салаа зам үүссэн, хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр замын хөрс суларч, тоосжилтыг үүсгэж, үүссэн тоосны тархалтаас хөрс, ургамал, амьтны идээшил, тархалт, ургамлын гарцад сөрөг нөлөө үзүүлж, тухайн замын трансын дагуу оршин сууж буй иргэдийн амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2 дахь, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 6.1.6 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 50.1 дэх заалт гээд л энд дурдахад толгой эргэмээр олон хуулийн заалт зөрчжээ. Хууль зөрчсөн эдгээр тохиолдлууд ганц энэ шалгалтаар л илэрсэн гэж баймгүй. Хууль хяналтын байгууллагууд ч гараа хумхиад суусан гэхэд зүйд нийцэхгүй. Энэ талаар МХГ-аас тодруулахад, бид энэ компанид удаа дараа албан шаардлага тавьж байсан гэсэн хариултыг өгсөн юм. Харин алдаа дутагдлаа засч, ажил хэрэг болгосон зүйл нэгээхэн ч алга.

Уул уурхайн компани байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон бол зөрчлийг арилтал  түтгэлзүүлэн зогсоох бүрэн эрх аймгийн Засаг даргад бий.  Ажлын хэсгийн дүгнэлтээр тус компанийн үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон учраас 21-р талбайн 68 км замаар газрын тос тээвэрлэхийг Аймгийн Засаг дарга  түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Цаашид энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг орон нутгийн зүгээс цаг алдалгүй шийдвэрлээд явна гэдгээ ч мөн онцлов.

Өнгөрсөн жилүүдэд манай аймгийн зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой санал хүсэлт, шаардлагыг холбогдох яаманд удаа дараалан хүргүүлж байсан ч тодорхой шийдвэргүйгээр явж ирсэн юм. Харин аймаг орон нутгийн удирдлага хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу уул уурхай, газрын тостой холбоотой асуудал дээр нухацтай ажиллаж эхэлсний илрэл нь энэ. Юутай ч Зам тээврийн сайдын тушаалыг хүртэл зөрчиж, тээвэрлэлтээ хэвийн явуулсаар байсан тус компанийг хамжааргадаж хязгаарлаж болдгийг  харуулаад авлаа. Дээрх үйл явдлыг нутгийн иргэд ч дэмжиж, тайван жагсаал хийсэн юм. Халхгол сумын иргэд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасны  дагуу эх нутагтаа амар тайван амьдарч чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна хэмээн гомдол гаргаж байгаа гэнэ. Харин шаардлагадаа “Тосоо тээвэрлэж байгаа Мэнэнгийн талаар туулж өнгөрөх 68 км замаа ирэх оны 3-р улиралд батаан шийдвэрлэх, ажилчдынхаа 80 хувийг орон нутгийн иргэдээс авч тэднийг ажлын байраар хангах, аймаг орон нутгийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бүх талын оролцоог 80 хувьд хүргэх, түүнчлэн орон нутгийн төр захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах, ашиглалтын талбай доторх замын асуудлыг цэгцэлж нэг чигийн урсгалд оруулж нөхөн сэргээлт хийх” зэргийг тусгасан. Иргэд дээрх шаардлагаа  “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн Засгийн газрын төлөөлөгчид гардуулан өгч тэндэнд санал шүүмж хэлж, санал хүсэлтээ хэлсэн. Ийнхүү жагссан иргэд 10 дугаар сарын 9-нд шаардлагынхаа хариуг авна гэдгээ мэдэгдэв.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын ЗГ-ыг төлөөлж АМГТГ компаниудтай байгуулж, жил бүр дүгнэдэг ёстой. Гэрээнд тусгагдсан ажил хийгдээгүй  хоёр жил өнгөрчихөөд байхад энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа нь хачирхалтай. Гэрээнд заасан 68 км зам баригдаагүй бол гэрээг сунгахгүй байх боломж бий л юмсан. Өнөөдөр “Перточайна Дачин Тамсаг”-д орон нутагтай тохиролцон байгуулдаг нэг ч гэрээ байхгүй учраас орон нутгийн иргэд ийнхүү хохирч байгаа биз ээ.

Газрын тосны хайгуул хийх, олборлох нь хамгийн бохир үйлдвэрлэлийн тоонд багтдаг. Учир нь, өрөмдлөгийн үед ялгардаг үйлдвэрлэлийн шингэн хаягдалд агуулагддаг химийн бодисууд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн олборлолтын явцад дотроо хатуу биет агуулсан, уусгасан их хэмжээний үйлдвэрлэсэн ус газрын гадарга дээр гардаг. Энэ усанд агуулагдах бензин, толуен, мөнгөн ус, цайр, тугалга нь нөхөн үржихүйн болон мэдрэлийн эрхтэн, цус хордуулах, хорт хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлэх аюултай. Харин натри нь хөрсийг бохирдуулж, дахин ургамал ургах нөхцөлгүй болтол нь сүйтгэдэг гэх.

Энэ өдрүүдэд МХЕГ-аас томилогдсон томоохон ажлын хэсэг Петро Чайна Дачин Тамсаг дээр “буусан“. Дээрээ хүртэл энэ шийдвэрийг дэмжиж байгаагийн илрэл энэ боллоо.

Үйл явдал ийн өрнөсний эцэст сонины дугаар шилжих мөчид Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн, “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхийлөгч Зян Вэйдүн нар хамтран ажиллах санамж бичигт үзэглэв. Санамж бичигт: “Петрочайна Дачин тамсаг” ХХК энэ ондоо багтаан Тамсаг 21 дүгээр талбайгаас газрын тос тээвэрлэх хатуу хучилттай автозамын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг хийж дуусган, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, 2018 онд багтааж ашиглалтад оруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, аймгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, орон нутагт төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Мөн газрын тосны олборлолтын Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайн үйл ажиллагаанд шаардлагатай ажлын байр, туслан гүйцэтгэх ажлуудад, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг давуу эрхтэйгээр хамруулж ажиллах талаар харилцан тохиролцжээ. Энэ амлалт биеллээ олох эсэхийг цаг хугацаа харуулна. Ийнхүү талууд харилцан тохирч, санамж бичигт гарын үсэг зурснаар газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх нь ээ.

Гэтэл энэ компанийн хууль зөрчсөн үйлдлээс болж байгаль орчинд хэр хохирол учирсан талаарх албан ёсны үнэлгээ, судалгаа шинжилгээ өнөө хэр алга. Бидний үр хүүхдийн амьдрах орчин нөхцөл эрүүл аюулгүй байх ёстой учраас бидний асуух асуулт яалт ч үгүй энэ байх учиртай. Энэ талаар Петрочайна компанид ажилласан ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагаас асууж тодруулахад “Байгаль орчинд хэдий хэр хохирол учирсныг үнэлүүлэхийн тулд БОАЖЯ руу хүсэлт илгээх ёстой, үүний дагуу мэргэжлийн байгууллага ирж үнэлгээ хийдэг. Үүнд хөрөнгө мөнгө их ордог учраас Засаг дарга чиглэл өгнө” гэв. Ингээд л бас замхрах вий гэж эмээж байснаа нуух юун. Харин Засаг дарга “Энэ ажил нэн даруй эхэлнэ” гэсэн таатай хариу өгсөн юм.

Харин байгаль орчинд хохирол учирсныг баталж нотлоод, орон нутаг нөхөн төлбөрөө авч байсан баримт Матад суманд бий. Үүнийг сөхвөл, “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” 2010 оны 1 дүгээр сараас эхлэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирч, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж эхэлсэнд Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл явуулж, 2011.09.05-ны өдөр  шаардлага бүхий нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан.  Гурван жил гаруй үргэлжилсэн энэхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, төлбөр барагдуулах ажиллагааг 2013 оны нэгдүгээр сарын 5-аас хурдан шуурхай явуулснаар байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр болох 1.3 тэрбум төгрөг Дорнод аймгийн Матад сумын төсөвт 8 сарын хугацаанд орж, төлбөр барагдуулах ажиллагаа дуусч байв. 

Уг нь “Петрочайна Дачин Тамсаг”-ийн толгой компани болох  “Дачин ойл Фийлд Лититед” нь БНХАУ-д тэргүүлдэг үндэсний хэмжээний газрын тосны корпораци юм билээ. Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг ба Казахстан Индонези, Иран, Малайз зэрэг орны газрын тосны 23 сав газарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна. Тэд АНУ-ын “СОКО Интернэшнл” ХХК-ийн Кеймэний аралд бүртгэлтэй “СОКО Тамсаг Монгол”  ХХК-ийн хувьцааны 94,4 хувийг 93 сая ам.доллараар худалдан авсан байдаг. Тэд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт газрын тосны үйл ажиллагаа бас явуулдаг. Газрын тосны үйлдвэрлэлээ даган тэнд Дачин хот сүндэрлэсэн байдаг. Дорнод аймаг бол Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн сав газартай биологийн тогтоцын хувьд газрын тосны нэг бассейнд оршдог. Монгол Хятадын хилээр энэ сав газар зааглагдсан ч хөрсөн доорх газрын тосны суваг хоорондоо холбогддог гэж ойлгож болно. Иймээс Хөлөнбуйрын талаас гарч байгаа шингэн алт, Дорнодын талаас гарч байгаатай чанар, найрлагын хувьд  зөрөхгүй. Гарц, нөөц болон газрын тос олборлож эхэлсэн цаг хугацаа ч нэг их ялгаагүй. Зүйрлэбэл, Дорнод болон Хайларт явагдаж байгаа газрын тос олборлох үйл явц хөлдсөн нуурын мөсийг хоёр талаас нь цоолж, ус хутган авч байгаатай л адил. Тиймээс Хайлаар болон Матад хоёрыг адилтгахад болохгүй зүйлгүй.

Хөлөнбуйр аймгийн нутаг дахь газрын тосны төв цэг нь Хайлаар, Дачинхотууд. Манайхаар бол Хайлар нь аймгийн төв буюу Чойбалсан хот, Дачин нь Матад сум гэсэн үг л дээ. Тэгэхээр Дорнод аймгийг Хөлөнбуйр аймагтай, Матад сумыг, Дачинтай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Хайлаар, Дачин хотууд манай Матадаас айхтар илүү хөгжилтэй байсан уу гэвэл үгүй. Харин, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж биднийг хол хаясан. Мэдээж, том гүрний цэгцтэй бодлогын үр дүн гэж хэлж болох ч, мэдрэгдэхүйц нөлөө Газрын тос олборлолттой холбоотой юу гэвэл бас л тийм. Мэдээллийг улам л баяжуулаад явбал Хайлаарт газрын тосны боловсруулах үйлдвэр байдаг юм билээ. Бид газрын тосны боловсруулах үйлдвэр мөрөөдөж, орон нутгийн хөгжил цэцэглэл ярихаасаа урьдаар байгаль орчны нөхөн сэргээлтээ хангалттай хэмжээнд хийлгэж чадах эсэхээ л ярьж байна.

Аймгийн ЗДТГ, АМГТГ, “Петрочайна Дачин тамсаг” компанийн байгуулсан гурван талт санамж бичгийн эцсийн зорилго бол байгаль орчноо хамгаалуулах тал дээр илүү төвлөрнө гэдгийг аймгийн зүгээс удаа дараа онцолсон. Мөн ирэх сард тус компани ард иргэдэд тайлангаа тавьж, нээлттэй уулзаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг асуудлаар ярилцах юм байна. Санамж бичигт байгаль орчны асуудал, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг 9 заалт байгаа аж. Тус компанийн хувьд тендерийн урилга, ажлын байрны зар, тайлан тооцоо гээд л бүх л мэдээлэл хаалттай байсаар ирсэн. Харин одооноос нээлттэй, ил тод болох юм байна.  2017 онд тус компанид 23 хүн ажилд орсны 2 нь Халхгол сумынх байна. Нэг талбай дээр туслан гүйцэтгэгч 30 гаруй үүний 4-5 нь л орон нутгийнх байгаа юм: Энэ тоонд өөрчлөлт орно гэсэн хүлээлт бас бий болж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тус компанийн хууль зөрчсөн үйлдлүүд “Санамж бичиг” хэмээх цаасанд дарагдан, зүгээр өнгөрөх вий гэсэн хардлага сэтгүүлч надад төрсөн юм. Энэ талаар Засаг даргаас тодруулахад “МХЕГ-аас томилогдсон баг манай аймагт ажиллаж байна, тэд гарсан зөрчил дутагдлын хүрээнд тухайн байгууллагад шаардлага хүргүүлдэг. Өмнө нь хууль, хяналтын байгууллагууд хангалттай шахаж шаарддаж чаддаггүй байсан. Харин бидний зүгээс тус компанийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэн тогтоох шийдвэр гаргасан шүү дээ” гэв.

Ингээд цаасан дээрх санамж бичиг ажил хэрэг болох эсэхийг хянаж шалгах, шахаж шаардах ажил л бидэнд үлдлээ. 

Дорнод медиа групп


Сэтгэгдлийг ачааллаж байна ...