Үүцээ задалсан ч Алтайчууд үр өгөөжөө хүртэхгүй нь

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2017” төслийн Уралдааны шалгаруулалтад ирсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

Говь-Алтай аймгийн АЛТАЙН МЭДЭЭ сонины сэтгүүлч сэтгүүл Э.НАРАНГЭРЭЛ 


Үүцээ задалсан ч Алтайчууд үр өгөөжөө хүртэхгүй нь

“Монгол улсын хөгжил дэвшлийн үүц бол Говь-Алтай аймаг” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Пунцагийн Жасрай гуай хэлсэн  удаатай. Алт, хөнгөн цагаан, зэс, төмрийн хүдэр, газрын тос бус энд зөвхөн хар алт гэгдэх нүүрсний уурхайг тоочвол Зээгт, Хүрэнгол, Хөвбулаг, Цахиурт, Мааньт гэж бий. Үүнээс үзвэл Говь-Алтай аймгийнхаа нүүрсний хэрэгцээг дээрх уурхайнууд бүрэн хангах боломжтой юм.

Гэр хорооллын иргэд өвлийг өнтэй давахын тулд мод түлээнээс илүүтэйгээр нүүрсийг өргөн хэрэглэдэг. Гэвч Говь-Алтай аймагт жил ирэх тусам бусад аймгуудаас өндөр үнэтэй нүүрс хэрэглэдэг уламжлал тогтоод байна. “Дулаан явбал мянган лан” гэдэг шиг хүн бүр л дулаахан сайхан өвөлжихийг хичээн дор бүрнээ чармайдаг. Ард түмэн олсон хэдэн төгрөгөө өнөө маргаашдаа чүүтэй чайтай хүргэж байгаагийн хажуугаар хүйтний улиралд нүүрс түлээ нуруун дээр нь хүндхэн ачаа болдог. Аймгийн нүүрсний хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг “Хөв булаг”-ийн уурхайн нүүрсний үнэ хийгээд орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж буй тухай цохон сийрүүлье.

Уг уурхай нь Дэлгэр сумын Баянбуурал багт үйл ажиллагаагаа явуулдаг ба аймгийн төвөөс 120 километрт оршдог, үүнээс 90 километр хатуу хучилттай, үлдсэн хэдхэн километр шороон замаар яваад л хүрдэг. Тэгэхээр тээвэрлэлтэд ямар ч хүндрэл учрахгүй. Өнгөрсөн жил уурхайгаасаа тонн тутмыг нь хувь хүнд 80 мянга, гэрээт аж ахуй нэгжид 49 мянган төгрөгөөр борлуулсан. Яагаад бусад нүүрсний уурхайгаас өндөр үнэтэй зарагдаж байна вэ гэдэгтээ уурхайн үе үеийн удирдлагууд нүүрс олборлох өртөг өндөр гэсэн хариултыг л өгдөг. Зөвхөн Алтай хотын нүүрсний хэрэглээ 45 мянга орчим тонн, үүнээс дулаан эрчим хүчний хэрэглээнд 26,350 тонн, гэр хорооллын айл өрх 16,650 тонн, бага оврын уурын зуух 2000 тонн нүүрс хэрэглэдэг судалгаа бий. Эрт хүйтэрдэг аймгуудын тоонд ч Говь-Алтай аймаг багтдаг ба хамгийн үнэтэй нүүрс хэрэглэдэг аймгийг жагсаавал манай аймаг тэргүүлэх нь гарцаагүй. Алтайнхны хэрэглэж буй нүүрсний үнийг сонсоход уг нь эдийн засаг, ард түмний амьжиргаагаараа бусдаасаа толгой цохих мэт. 

Өнгөрсөн өвөл аймгийн удирдлагуудын зүгээс ард түмнийхээ ачаанаас хөнгөлж хямд нүүрсээр хангах зорилтын хүрээнд 218 км-ийн зайнд орших Чандмань сум дахь “Зээгт”-ийн уурхайн нүүрсийг тээвэрлэн аймгийн төвийн хэрэглэгчдэд 1 тонныг 65,000 төгрөгөөр олгосон. Гэвч тус уурхай нь аймгийн төвөөс хол, зам харгуй бартаа ихтэй байдаг учир өрх бүр хямд нүүрс хэрэглэх боломж тэр бүр байдаггүй.

2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нүүрсний 49 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс чулуун нүүрсний 29, хүрэн нүүрсний 20 уурхай байна. Эдгээрээс орон нутгийнхаа хэрэгцээг хангадаг хил залгаа аймгуудын томоохон уурхайн нүүрсний үнийг судалвал: Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхай гэхэд л 25 мянга, Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхай 27 мянгаар ард иргэддээ нийлүүлдэг. Ашигт малтмалын газраас гаргасан нүүрсний судалгааг үзвэл бусад аймгуудын нүүрсний үнэ дунджаар уурхай дээрээ 25-30 мянган төгрөгийн ханштай байна.

Ямартаа ч дээр дооргүй өвлийн бэлтгэлээ хангаж байгаа энэ үед нүүрсний үнийн тухай албан ёсны мэдээллийг “Хөв булаг”-ийн хүрэн нүүрсний ордыг эзэмшигч “Мандал-Алтай” группын охин компани болох “Мандал Хүдэр” ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Жалцавжийгээс тодруулахад: “Одоо ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш олон нийтэд мэдээлэл өгнө. Хөрс хуулалт хийхэд хүндрэлтэй байдаг учир үнэ нь өндөр байдаг” гэв. Үнэ өртөгөө буулгах боломжгүй юмаа гэхэд Алтайчууд тэр тусмаа нутгийн уугуул Дэлгэрчүүдэд юу үлдээв гэвэл бас л муу дүн авах болов уу.

Сүүлийн жилүүдэд хариуцлагатай уул уурхай гэж дээр дооргүй ярьцгааж, хэрэгжүүлж ч байна. Даанч манай аймгийг дайрч биш тойрох нь элбэг. Үүний тод жишээ нь бас л “Хөв булаг”-ийн уурхай, одоог хүртэл Говь-Алтай аймагтай байгуулсан гэрээ, санамж бичиг байхгүй. Орон нутгийн гэрээ, нийгмийн хариуцлага гэдгийг “Хөвийнхөн” төдийлөн сайн ойлгодоггүй ч гэмээр юм уу хамтарч ажиллахдаа хойрго гэдгийг Дэлгэр сумын үе үеийн удирдлагууд хэлж ярьдаг. Саяхнаас аймгийн түвшинд нийгмийн хариуцлагын гэрээ хийх сураг сонсогдох болсон.

Аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж: “Тус уурхайтай хамтарч ажиллах гэрээний тухай санал ба нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тодорхой хэмжээнд хамтарч ажиллах албан бичиг, хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн ч  хариу ирүүлдэггүй. Бид аль болох нүүрсний үнээ бууруулахыг хүсдэг. Мэдээж орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компани учир харилцан ойлголцох боломж бий. Үнэ өртөг бууруулах тухай ярихад олборлолт хийхэд хүндрэлтэй байдаг гэдэг хариулт өгдөг. Компаний зүгээс өөрсдөө санаачилга гарган хийсэн бүтээн байгуулалтын ажил орон нутагт байхгүй. Ер нь орон нутгийн зүгээс хамтарч ажиллана гэдэгт хүлээлттэй байна” гэлээ. Уурхай 2010 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн боловч ашиглалтын лицензгүйн улмаас хууль бус гэж үзэн тухайн үеийн аймгийн Засаг дарга, холбогдох хяналтын байгууллагууд хамтран уурхайг хааж байсан удаатай. Гэсэн ч ард иргэдийн хүсэл, шаардлагын улмаас үйл ажиллагааг үргэлжлүүлсэн ба 2012 онд албан ёсоор ашигт малтмал ашиглах эрхээ авсан байдаг.

Мөн 2015 оноос ашиглалт явуулж буй уул уурхайн компаниудын мөрдөж эхэлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жилийн дараа буюу 2016 оноос л мөрдөж эхэлжээ. Тэгэхлээр бас л хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байсан гэж хэлж болох нь. Хуулийн дагуу тус компани аймгийн төсөвт байршуулсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн гүйцэтгэлийг сүүлийн 3 жилээр авч үзвэл:

2010-2014 онуудад Дэлгэр сумын хэд хэдэн өрхүүдийг малжуулж, өвөл цаг агаар хүндэрсэн тохиолдолд малчдад өвс тэжээл, зарим нэг төр захиргааны байгууллагад нүүрс үнэ төлбөргүй олгож байсан гэдэг. Хааяа хөгшчүүдэд үнэ төлбөргүй ганц тонн нүүрс өгдөг байсан боловч сүүлийн жилүүдэд сонгуулийн сургаар МАХН-ын гишүүд дэмжигч ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд “Мандал”-ын тодотголтой нүүрсээ тараадаг болсон нь нууц биш. Уг нь Монгол улсын Үндсэн хуулинд “Газрын баялаг бол ард түмний өмч” хэмээн тунхагласан байдаг ч даанч хэрэгждэггүй нь харамсмаар. Уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн уугуул иргэдийн эрх ашиг тэргүүн эгнээнд тавигддаг олон улсын жишгийг дагамаар. Энэ жишиг Австрали улсад дадал хэвшил болчихсон нь сайхан. Мөн Норвеги улсад “Байгалийн баялаг нь хүний оролцоогүйгээр бүтсэн тул ард түмний дундах өмч байх ёстой” гэсэн зарчим мөрддөг байна. Гэвч манай улс, тэр тусмаа Алтай нутагт сүүдэр нь ч тусахгүй нь бололтой.

“Хөв булаг”-ийн хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаа явагдаж эхэлсэнээс хойш Дэлгэр сумын ард иргэдэд үр өгөөжөө хэр өгч байна вэ гэдэгт тус сумын Засаг дарга С.Уранчимэг дараах хариултыг өглөө. “2016 онд сумын харьяат өрхүүдэд 2 тонн хүртэлх нүүрсийг тонн тус бүрийг 50 мянга төгрөгөөр олгосон. Үүнээс өөр хувь нэмэр оруулсан гэж нэрлэх зүйл байхгүй. Харин 2017 онд хийсэн гэрээндээ сумын төвд халуун усны газар байгуулна. Алтай хотоос сум хүртэлх замын олон салаа уулзарт тэмдэг тэмдэглэгээ, хаалт тавьж, уурхайгаас төв зам хүртэл сайжруулсан зам тавина. Мөн багийн ИНХ, сумын хөдөлмөрчдийн хуралд ажлаа тайлагнана” гэж тусгасныг онцолсон юм. Уурхайн удирдлагууд үйл ажиллагаагаа Дэлгэр сумын иргэдэд тайлагнаж ач холбогдол өгдөггүй нь тодорхой мэдээлэлгүй иргэд эргээд шаардлага, албан ёсны хүсэлтээ тавих нь хомс. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Говь-Алтай аймаг дахь төлөөлөгч Д.Баттайван: “Нүүрсний үнэ, түүнтэй холбоотой санал хүсэлт иргэдээс ирүүлдэггүй. Бид иргэдийн санал хүсэлтийн дагуу хяналт, шаардлага тавьж ажиллах ёстой” гэснээс харж болно.

“Хөв булаг”-ийн уурхайн нөлөөллийн бүс нь тус сумын  Баянбуурал багийн малчдын намаржааны  нутаг юм. Уг нөлөөллийн бүсэд нутагладаг малчдын төлөөллөөс уурхайн үйл ажиллагаа ахуй амьдралд нь хэрхэн нөлөөлж буй талаар лавлахад:

“2-3 жилийн өмнө уурхайн ойр орчимд нутагладаг өрхүүдэд 2 шуудай тэжээл үнэгүй өгсөн. Нүүрс үнэ төлбөргүй авч үзээгүй, харин үнийн хөнгөлөлттэй нүүрс авсан. Өвлийн улиралд уурхайн хөрс хуулалтын нүүрс уугиж, агаарт цэнхэртэн хонинд явахад  угаар ханхлаад хэцүү. Угаар нь 10 км-ийн дотор үнэртдэг. Энэ нь хүн болон малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хүүхэд ханиаднаас салдаггүй, мал гаргахад ходоод, уушги, гүзээ нь их л харласан байдаг. Нялх хүүхэдтэй айлууд өвлийн улиралд холдож нүүдэг” хэмээн ярилаа. Үүнээс харахад өнөөх л уул уурхайн хор уршиг малчдад хүндээр нөлөөлж байна. Мэдээж уурхайн үйл ажиллагаа явагдаж буй аль ч газар байгаль, ан амьтан, ургамал болон хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг. Гэсэн ч аливаа уул уурхай байгаль, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд хамгийн бага хор учруулахыг зорих учиртай. Дээрх малчдын төлөөлөл уурхай дээр хяналт шалгалтынхан ирлээ л гэдэг, гэвч хүн, малын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар шалгаж үздэггүй хэмээснийг нь онцлон холбогдох хүмүүст нь дуулгая.

Ямартаа ч дарга, цэрэггүй л тус компанид санал хүсэлтээ хүргүүлж байна. Улсын хэмжээнд хүртэл Хөвийн нүүрсний үнийн тухай олон нийтэд хүрсээр байгаа. Өнгөрсөн онд МҮОНТ-ийн цахим хуудсанаа “Нүүрсний үнэ иргэдэд хүнд тусч байна” хэмээн гарчигласан мэдээ нийтлэгдээд амжсан. Хангайн аймгууд шиг хаяанаасаа модоо түлчих боломжгүй байдал нь нүүрсний эрэлтийг ихэсгэж, үүнийг дагаад өртөгийг улам бүр нэмэгдүүлдэг нь алслагдсан говийн аймгийн иргэдэд хүндээр тусч байна. Зарим хүмүүс “Хөв булаг”-ийн нүүрсний үнийг хий хоосон хөөрөгдөл гэлцдэг. Үүнд хариулт авахын тулд компани болон холбогдох газарт очдог ч “компаний нууц” гэх тайлбар сонсдог. Үнэндээ иргэд үнэн зөв мэдээлэлтэй болчихвол хар муугаар хардаад байхгүй л байх. Уг нь аймгийн хэмжээнд ард иргэдийг бугшуулж буй энэхүү асуудлыг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, аймгийн удирдлагууд анхааран хэлж ярьсаар байгаа ч одоог хүртэл тодорхой үр дүнд хүрэхгүй л байна. Анх уурхай гүнрүүгээ нүүрс олборлох тусам нүүрсний давхарга нь зузаарч, үүнийхээ хэрээр нүүрсний үнээ бууруулах боломжтой гэдэг байсан. Гэтэл жил ирэх тусам нэмэгдсээр л...

Хөгждөггүй, хөгжсөн ч хөгжил нь харагддаггүй аймгуудын нэг Говь-Алтай аймаг гэж бусад аймгийнхан дүгнэдэг. Бусад аймгууд уул уурхайнхаа хүчинд орон нутгийнхаа өнгө үзэмж, ард түмнийх нь амьдралд бодитой хөрөнгө оруулалтуудыг хийж хөгжсөөр л. Өмнөговь аймагт уул уурхай нэрээр хийгдсэн бүтээн байгуулалт болон оюуны хөрөнгө оруулалтын олон ажил бий. Онцлон дурдахад: “Оюу Толгой” ХХК-нь Австрали улстай хамтран дадлагажигч оюутан бэлтгэх 4 жилийн хөтөлбөр хэрэгжүүлэн тусгайлсан МСҮТ-ийг байгуулжээ. Уг сургалтын төвд 250 оюутан суралцаж байгаа ба төгсөгчид олон улсад ажиллах эрхтэй төгсдөг байна. Мөн оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт маш сайн хамруулдаг. Ялангуяа орон нутагт дутагдалтай мэргэжлээр тэтгэлэг олгодог сайн туршлага тэдэнд бий. “Хөв булаг”-ийн уурхайтай ийм том уурхайг харьцуулжээ гэж зарим хүмүүс шүүмжилж магадгүй. Гэхдээ энэ мэт нүдэнд ил сайн туршлагаас суралцан ард түмнийхээ аж амьдралд бага ч болов бодитой хувь нэмэр болох ажлын санаа аваасай гэсэндээ л энэ. Хамгийн гол нь бусад аймгууд шиг орон нутаг, малчид, уурхайн гурвалсан гэрээг байгуулаад ажиллавал ч хэн хэндээ шаардлага тавиад, дэм дэмэндээ  сайхан амьдарчихна шүү дээ. Уг нь нутгийн иргэд дундын сан байгуулаад тонн тутмаас  тодорхой хэмжээний хөрөнгө байршуулж түүнийгээ наандаж өвөл цаг агаар хүндэрсэн үед малын өвс тэжээл, цаашлаад булгийн эх хаших ч юм уу байгаль орчинд ээлтэй ажлуудад зарцуулах санал санаачилгаа хөдөлмөрчдийн хурал дээрээ ярилцдаг ч компани сонсохоос өөр хийсэн бүтээсэнгүй.

Юу байна түүгээрээ дайлна гэгчээр нүүрснийхээ үнэд уян хатан хандаж өөрсдийн боломжоороо хямдруулмаар юм. Уурхайн олборлолтын ажиллагаа зардал өндөртэй учир нүүрсний үнээ бууруулах боломжгүй юм бол аймаг, орон нутгийн зүгээс тус уурхайн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж ард иргэдээ хямд нүүрсээр хангах зайлшгүй шаардлага үүсээд байна. Өвлийн цагт Алтайчуудад ус агаар мэт хэрэгтэй нүүрсний үнийг бууруулах гарц бидэнд бий. Нүүрс олборлолтын өртөг өндөртэй гэгдэх Багануур, Шивээ-Овоо гэх мэт уурхайнуудад төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг өгч төрийн өмчит компани болгон нүүрсний үнэд хяналт тавьж, нэмэгдүүлэхгүй боломжийг бий болгосон. Энэ жишгээр Алтайчуудын ачаанаас хөнгөлөх боломжтой юм.

Төрийн буруу бодлого, уурхайн хариуцлагагүй байдлын улмаас ядарсан зүдэрсэн өнөөх гэр хорооллынхон балагт унасаар. “Нүүрсний үнэд хязгаар тогтоох хууль эрхзүйн орчин манай улсад байдаггүй. Зөвхөн аймаг, орон нутгийн зүгээс л гэрээ хэлэлцээр хийсний үндсэн дээр нөлөөлж болно” гэсэн мэдээллийг Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтансүх өгсөн юм. Нүүрсний үнийг тогтоох нэгдсэн бодлого байхгүй улмаас компани тус тусдаа хувиа борлуулж, довоо шарлуулна гэдэг шиг л өөрсдийн дурын үнээр зах зээлд нийлүүлж байна. Иймээс манай улсад нүүрсний үнийг тогтоох нэгдсэн тогтолцоог бий болгох нь зүйтэй юм.

Ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн үзүүлэлтээрээ сүүл мушгиж, иргэд төв суурин бараадах болсон нь хөгжлийн бодлогоо дахин тодорхойлж тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарын бодлого төлөвлөгөөгөө эргэн харах зайлшгүй шаардлага бий болсныг илтгэж байна. Уугуул иргэд ухаж сэндийчсэн хар нүхнээс өөр зүйлгүй хоосон үлдэх вий дээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...