Алтыг нь авсан хориод жилийн түүхэнд “АВДАР”-нд юу үлдэв?

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2017” төслийн Уралдааны шалгаруулалтад ирсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

Архангай аймгийн “Архангайн толь” сонины сэтгүүлч Х.ЦЭВЭГМЭД



Орхон багийн 600 гаруй га газар нутаг сүйдээд байна

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт анх 1999 оноос “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг компани алт олборлох үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар “Монгол газар”, “Эм Жи Эйч” БНМС, “Голден хаммер”, “Алтай гоулд”, “Батбродерс”зэрэг компанийн зөвшөөрлийн дор туслан гүйцэтгэх компани, аж ахуйн нэгжүүдийн  1400 орчим иргэн үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр компани жил бүр шинэ газруудад олборлолт явуулж ирсэн төдийгүй  ойн сан бүхий онцгой хамгаалалтын бүс рүү  нэвтрэн, ой модонд тултал ухаж,  багийн нийт газар нутгийн тавны хоёр буюу 600 орчим га газар нутаг сүйтгэжээ.


Түүнчлэн Орхон голын эх ундарга болох Суварга хайрхан уулнаас эх авсан голуудын гольдролд алт олборлосноор Будант, Шийрт, Өлт, Өлзийт Тээл гэх дөрвөн гол, 15 булаг шандыг устахад хүргэсэн байна. Зөвхөн энэ жил  гэхэд булгийн тархинд олборлолт хийсний уршгаар  “Харгуйт”  булаг устжээ. Мөн ой мод, малчдын өвөлжөө, хаваржаа бэлчээр сүйтгэгдэн, малчид буух газаргүй, уухусгүй шахам болоод байна. Хамгийн гол нь тэд жил бүр олборлолтын ажил дууссаны дараа нөхөн сэргээлтээ хийнэ гэж  амладаг ч үнэндээ  энэ чиглэлээр нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйл  одоогоор алга.

Төр засгийн удирдлагууд, яамны сайд, дарга нар Орхон багаар ирдэг боловч өнгөрсөн хориод жилийн түүхэнд байгаль орчин, нөхөн сэргээлтийн тал дээр дорвитой нэг ч ажил хийгдсэнгүй гэдгийг нутгийн иргэд, төрийн бус байгууллагынхан шүүмжилсээр байна. Алт олборлогчид бүхэл бүтэн нэг багийн газар нутгийг сүйтгэж, 1000 гаруй иргэний эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг зөрчин байж хэтэвчээ зузаалдаг атал Архангайн хоёрхон аж ахуйн нэгж өнгөрсөн жил алтны олборлолт хийсэн гэх мэдээлэл байгаа нь нутгийн иргэд баялагаасаа хүртдэггүйннэг жишээг харуулж байгаа юм.

 Урт нэртэй хуулийн “буянаар”  зогссон алтны олборлолт  Сайд-ын “балаг”-аар үргэлжилсэн нь...

1999-2008 оны хооронд явагдсан алт олборлолтын үйл ажиллагаа  “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” буюу “Урт нэртэй хууль” батлагдсанаас хойш цуцлагдаж, зөвхөн нөхөн сэргээлтийн ажлууд л  хийгдэж  байв.
Гэтэл 2016 оны 7-р сарын 7-нд /тухайн үед салбарын сайд байсан Д.Оюунхоролын тушаалаар/ Засгийн газрын 289, 302-р тогтоол /гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол болон ойн сан бүхий газрын хилийг заагийн солбилцолд өөрчлөлт оруулсан/ гарч, Цэнхэр сумын Орхон багт дахин олборлолт явуулах эрхзүйн үндэс бүрдсэн. Өнгөрсөн жил л гэхэд дээрх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30 гаруй  компанийн 1300 гаруй иргэн алт олборлосон байдаг. Тэд далан шуудуу ч таталгүй ажлаа эхлүүлснээр Орхон гол бохирдох гол шалтгаан болсон нь мэдээж.Хяналт тавиад сууж байдаг гэх мэргэжлийн байгууллагынхан нүдээ таглаад суудаггүй нь лавтай. Орхон гол улаан шороогоор урсаж хүн, мал уух усгүй болоод байсан үед /2016 оны 8-р сарын 3-нд/ тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, холбогдох албаны удирдлагууд, хэвлэлийнхэн, уурхайн компаниудын эзэд, ажилчид, малчид гээд олныг хамарсан хэлэлцүүлэг болсон юм.
Салбарын сайдыг ирж, олон талыг хамруулсан халуухан хэлэлцүүлэг хийхэд хүргэсэн асуудал бол ерөөсөө Орхон гол улаанаар урсаж, нутгийн иргэдийн аж амьдалд аюул учирсан явдал.Тухайн үед Орхон гол бохирдсон шалтгаан, нөхцлийн талаар төвийн хэвлэл, цахим орчныхон багагүй шуугисныг уншигч Та санаж буй.

Эх сурвалж “Архангайн амьдрал” сонин /2016 он №-28//2016 оны 8-р сарын 3-нд болсон хэлэлцүүлгийн үеэр өгсөн ярилцлагууд/

БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ: ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАНА
"Энд үнэхээр хариуцлагагүй уул уурхайн олборлолт явагдаж байгаа нь маш тодорхой байна.Лицензтэй байгаа ААН-үүд техник эдийн засгийн үндэслэлээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байна. Тиймээс нэгдүгээрт: хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргана гэж бодож байна. Хоёрдугаарт: нөхөн сэргээлтийн зардлыг хуулийн дагуу улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийг бүрэн байршуулахыг шаардана.Гуравдугаарт: лиценз эзэмшигчдийн талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Нэг талбайд олон компани зэрэг ажилласан нь эмх замбараагүй, хариуцлагагүй нөхцөл үүсгэж, гол бохирдуулж байна" гэж байв.
    
“МОНГОЛ ГАЗАР” ХХК-ИЙ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР:
Улсын онцгой хамгаалалтын бүсрүү ямар ч компани орох эрхгүй, тийм боломж ч байхгүй.Эдгээр компаниуд хуучин манай компаний ашиглаж байсан үлдэгдлийг угааж байгаа юм.Бид ямар нэгэн химийн бодисоор угаасан бол байгаль орчин бохирдууллаа гэж ойлгож болно.Үлдэгдэл зөндөө алт байгаа газрыг шууд шороогоор булаад дээр нь зүлэг тарина гэсэн ойлголт уул уурхайханд огт байхгүй.
Нөхөн сэргээлтийн хувьд бид хуулийн дагуу хийдгээ хийнэ.Урьд нь хийж л байсан, одоо ч хийсэн газар байна.Хуучин алтны ордыг манайх ашиглаад дууссан.Таван тонн алт олборлож, улсад 18 тэрбум төгрөгийн татвар төлсөн.Энэ газарт том техник орохоор ашиггүй.Харин жижиг ААН-үүд ашиггүй бол энд хэзээ ч ирж алт ухахгүй шүү дээ.Манайх хариуцлагаа хүлээнэ.
/2016-8-3/

Гэвч бодит байдал дээр олон компани гэрээгээр оруулахыг хориглоно гэсэн сайдын амлалт сарниж, багийн иргэдийн эрх илэрхий зөрчигдөн, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн тоосжилт, малын бэлчээрийн хомсдол, зөөврийн усаар өлөн зэлмүүхэн амьдарч буй өрөвдөлтэй дүр зураг одоо ч үргэлжилсээр...

Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг багийн иргэд хүсч байна

Төрийн гаргасан шийдвэрийг малчид эсэргүүцдэггүй. Гэвч хууль, журмаа дагадаггүй  алтны компаниудад хэн хариуцлага хүлээлгэх вэ?!.  Нөгөө талаас төрийн засгийн хяналт сул, хариуцлага тооцдоггүйн улмаас багийн 278 өрх, 1024 иргэн зөөврийн устай, буух газар нь хязгаарлагдмал, 54 мянган толгой мал нь ус, бэлчээрийн хомсдолтой, алт угаасан нууранд нь хүн амьтан живж үхдэг ийм л гамшиг нутаг оронд маань нүүрлээд удлаа.  
   
Өнгөрсөн өвөл гэхэд нутгийн хоёр иргэн хөлдүү газар ухаж алт олборлох гэж яваад  хиймэл нууранд амиа насаа алдсан гашуун түүх бий.

Уул уурхайгаа түшиж хөгжсөн улс орнуудын жишээнээс харахад нийт ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээн байгуулалт, нөхөн сэргээлтийн асуудлыг бүрэн шийдүүлсэн сайн жишиг олон.Дэлхийн том уурхайнуудтай Орхон багийн асуудлыг харьцуулж боломжгүй боловч хүний гар гаралгүй усаа авчихдаг хэдхэн худагтай бол малчид юу гэж ингэж зүдрэх вэ.

Багийн хэмжээнд “Алтай гоулд” компанийн  гаргаж өгсөн ганц худаг  бий. Малчдад ганц нэг алтны компани бараг хоёр хоногийн зайтай ундны ус хүргэж өгдөг ч энэ нь амьдралынх нь наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй.

Асуудал  ингээд дуусахгүй. Нутгийн малчид, уурхайчдын дунд ширүүхэн тэмцэл байнга шахуу болдог байна. Учир нь малчдаас мах, сүү авна гэдэг ч ганцхан хүнээс авдаг, өвөлжөөн дээрээ очсон малчдыг оруулахгүй хөөж, бороохойдох  тохиолдол ч гарч байсан ер нь л дарамтанд амьдардаг гэдгээ хэлж байв.

“Байгаа алтыг нь бушуухан олборлуулж дуусгаад, нөхөн сэргээлт хийлгээд, ус гол, унаган нутгийг минь цэвэршүүлээд өг. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулбал дургүйцэх юм алга, бид үүнийг л хүсч байна” хэмээн малчид залхсан шинжтэй хэлж байна.

Орхон багийн газар нутгийг хамгаалах зорилгоор байгуулагдан, 16 дахь жилээ үйл ажиллагаа явуулж буй “Ариун суварга” ТББ-ын тэргүүнээс утсаар холбогдож мэдээлэл авсан юм.Мөн хэлэлцүүлгийн үеэр малчдаас ярилцлага авч байснаа хүргэе.

“АРИУН СУВАРГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН Г.ЧАГНААДОРЖ: ТӨР БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛ ДЭЭР ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
    
Өнгөрсөн хугацаанд яам, холбогдох газрын удирдлагууд ирээд алтны олборлолтыг зогсооно, хүчингүй болгоно гэж сүрдүүлж байгаад буцаад явчихдаг байсан.

Тухайлбал 2016 оны 8-р сард болсон хэлэлцүүлэгт яамны сайд Д.Оюунхорол, УИХ-ын дөрвөн гишүүн ирээд тодорхой арга хэмжээ авна, хуулийн хүрээнд ажиллуулна гээд л байсан.Энэ жил л гэхэд Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хоёр удаа ирээд явлаа.Сайд, дарга нар ирээд шийдвэр гаргасныг үзээгүй өдий хүрлээ.

Төр болж бүтэхгүй зүйл дээр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй.Холбогдох олон газарт очиж санал бодлоо хэлдэг, өргөдөл, бичиг өгдөг, үр дүнгүй, нэгнээсээ түлхэх жишээтэй.Ард иргэдийн дуу хоолой төрд хүрдэггүй.Компани үүргээ биелүүлдэг, төр нь үүргээ биелүүлж, хяналт тавьж чаддаг байх ёстой.Бид эдгээр ААН-үүдийг ад үзээд байгаа юм биш.Гол нь хуулийг л ягштал биелүүлэх хэрэгтэй юм.Уул уурхайн компаниуд биш техникжсэн нинжа нар л ажилладаг гэхэд хилсдэхгүй.
Нөхөн сэргээлт огт хийгээгүй мөртлөө нэмж шинэ газар ухна.Байгаль орчин сүйдэж, иргэдийн эрх зөрчигдөж байгааг харсан мөртлөө яам юу ч хийдэггүй.Улсаас ч тэр орон нутгаас ч тэр үнэндээ хяналт алга.Үнэхээр сэтгэл дундуур байна.ТЭЗҮ, байгаль хамгаалах төлөвлөгөө, холбогдох бичиг баримтад заасан үзүүлэлтүүдийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, шаардах ёстой төрийн албаныхан ажлаа хийхгүй байгаад гол шалтгаан бий.

Орхон багийн малчин Д.НАРАНХАЖИДМАА: ГЭР ТОЙРУУЛЖ УХСААР БАЙГААД НУТАГЛАХ ГАЗАРГҮЙ БОЛЛОО

Манайхны нийлсэн 3,4 айлын өвөлжөө рүү ороод ухчихсан. Гэр тойруулж ухсаар байгаад нутаглах газаргүй боллоо.Бид ч яахав үр хүүхдүүдийн минь ирээдүй их л хэцүү болж байна даа.Нэг хэсэг нөхөн сэргээлт хийгдээд, мал хаагуур л бол хаагуур гарчихдаг, сайхан болсон байсан.
Одоо мал гарах ч газаргүй боллоо.Мал нууранд унаж үхэхээс авахуулаад л асуудал их бий.“Монгол газар” компани өнгөрсөн жил 20-иод айлын хүүхдийн сургалтын төлбөрийг өгсөн гэж сонссон.Бидэнд мөнгө төгрөг өгсөн юм байхгүй.Худаг гаргаж өгнө гээд амлаад хэрэгжээгүй.Алтны компаниуд ус зөөж өгнө гээд ч өгдөггүй.

Орхон багийн иргэн М.БАТМӨНХ: ЗӨВШӨӨРӨЛ Л ОЛГОХГҮЙ БАЙВАЛ,
ИЙМ АСУУДАЛ ГАРАХГҮЙ
    
Энд ажиллаад байгаа уурхайн ажилчдыг буруутгаад байх юм алга.Ажиллах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа газруудад л арга хэмжээ авмаар байна.Хууль үйлчилдэг газар байхгүй болж.Бидэнд өгсөн, тараасан мөнгө байхгүй.Уурхайн дарга нараас нутгийн иргэд бид юу ч гуйдаггүй, харин мөнгө төгрөг өгнө гэж амласан зүйлүүд бий, өгдөггүй.Газар нутгийг зарж, зөвшөөрөл л олгохгүй байвал, ийм асуудал гарахгүй байх.

Алтны уурхайнууд аймгийн төсөвт 90 сая төгрөг төвлөрүүлжээ
    
Дээрх алтны уурхайнууд аймагт ус ашигласны төлбөр, газрын төлбөр, хог хаягдлын хураамж төлдөг байна.Үүнээс газрын төлбөр, хог хаягдлын хураамжийг Цэнхэр суманд төлдөг аж.

2016 оны байдлаар “Монгол газар”, “Эм Жи Эйч” “Голден хаммер”, “Алтан Дорнод Монгол”, “Алтай гоулд” компаниуд ус ашигласны төлбөрт 320,8 сая төгрөг төвлөрүүлжээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 90 сая төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.

Цэнхэр сумын төсөвт хог хаягдлын хураамжид 2016 онд 28,400,00 бусад буюу начны найр, гарын бэлэг зэрэгт нийт 150 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ онд мөн 120 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.Өнгөрсөн онд Орхон багийн төвийг “БМНС” ХХК арав гаруй сая төгрөгөөр засварлаж өгснийг багийн дарга Ч.Бармид хэлж байна.  Найр, наадам, гарын бэлгэнд хандив гуйж суухаас илүүтэй сум, багийн нийт иргэдийн эрх ашгийн төлөөх, нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлд зарцуулсан бол илүү өгөөжтэй, тустай  гэдгийг хаа хаанаа бодолцмоорсон.
Эх сурвалжийн мөрөөр...
Нийтлэл бичих хугацаанд аймгийн БОАЖГ, Орхон чулуут голын сав газрын захиргаа, МХГ, бусад холбогдох эх сурвалжуудаас мэдээлэл авахыг зорьсон.Гэвч аймгийн МХГ-ын уул уурхайн асуудал хариуцсан байцаагчтай уулзахаар хэд хэдэн удаа очсон ч эзгүй байсны улмаас мэдээлэл авч чадсангүй.Утсаар холбогдоход БОАЖГ-аас мэдээлэл ав, адилхан байгаа гэсэн хариулт өгсөн юм.Аймгийн БОАЖГ-ын уул уурхай хариуцсан мэргэжилтэн Г.Лхагвасүрэн доорх мэдээллийг өгөв.

Эх сурвалж Архангай аймгийн БОАЖГ
    Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны танилцуулга
    
    БОАЖ-ын Сайдын 5-р сарын 19-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/215 дугаар тушаалаар БОАЖЯ, МХЕГазар, АМГТГазар, УМБГ, орон нутгийн холбогдох байгууллагууд хамтарсан шалгалтыг Орхоны уурхайд хийж 6-р сарын 2-ний өдрийн 09/063/26 тоот актаар Монгол газар ХХК болон Эм Жи Эйч ХХК-иудын нөхөн сэргээлт хийх, хаягдлын даланг шинээр барих, засварлах ажлуудаас бусад олборлолтын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл 2 сарын хугацаанд зогсоосон. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн МХГ, БОАЖГ, ЦГ, ОБГ, Цэнхэр сумын ЗДТГ, ОЧГСГЗ зэрэг байгууллагуудыг хамруулсан ажлын хэсгийг 5-р сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллуулж байгаа бөгөөд захирамжийн хүрээнд Монгол газар болон Эм Жи Эйч ХХК-ийн MV-005529, MV-002426 MV-002427, MV-009258, MV-007207 тусгай зөвшөөрлийн талбайд ажил туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан 12 ААН, 7 иргэний алт угаах төхөөрөмж, болон техник хэрэгслийг талбайгаас гаргаж чөлөөлүүлэх, уурхайн талбайд байгаа 4 нуурын далан, 30 орчим км цэвэр усны суваг шуудууг засварлах, шар ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн. Мөн БНМС ХХК, Голден хаммер ХХК, Алтай голд ХХК, Батбродерс ХХК-уудын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 д заасан бичиг баримтын бүрдлийг хангаагүй тул улсын байцаагчийн актаар зогсоож угаах төхөөрөмж, техник хэрэгслийг лацдсан. 7-р сарын 16-ний өдөр эдгээр ААН-ийн бичиг баримт бүрдсэн тул үйл ажиллагааг эхлүүлэн төлөвлөгөөний дагуу хяналт тогтмол тавин ажиллаж байна.

    Бусад ААН-үүд үйл ажиллагаа явуулж байгаа, мөн МХЕГ-аас үйл ажиллагааг сэргээх акт гарсантай холбоотойгоор Монгол газар ХХК болон Эм Жи Эйч ХХК-ийн ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан ААН-үүд уурхайн талбайд олноор орж угаах төхөөрөмж, техник хэрэгслийг байрлуулсан бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулахыг завдсан  23 ААН, иргэний 31 угаах төхөөрөмжийг лацдаж үйл ажиллагаанд тогтмол хяналтыг тавьж байна. Тус 2 ААН-ийн 2017 оны уулын ажлын болон байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө зэрэг холбогдох бичиг баримтын бүрдэл хангагдаад байна.
2017.09.19
Эх сурвалж /Орхон-Чулуут голын сав газрын захиргаа/
   
Алт олборлож байгаа ААН-үүд ус ашиглах зөвшөөрлийг холбогдох газруудаас авч усны чанартаа онцгой анхааран тунгаах нуурын усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж байрлуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, усны дээжийг шинжилгээнд хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулснаар усны чанар өнгөрсөн жилийн мөн үеэс сайжирсан байна.Үүний үр дүнд Орхон гол цэвэр тунгалаг урсаж байна.
2017.09.26
   
Хяналт тавьдаг мэргэжлийн байгууллагууд ийм дүгнэлт ирүүлдэг.Өмнөх жилүүдэд ч өгдөг мэдээллүүд иймэрхүү жишигтэй.Өнгөрсөн жил болсон хэлэлцүүлгийн үеэр Д.Оюунхорол сайдын эмгэнэн гашуудаж, амласан амлалт ч биеллээ олсонгүй.Сайд, дарга, мэргэжлийн байгууллагын байцаагч нар, компаний эзэд иймэрхүү мэдээлэл өгдөг.Гэвч багийн иргэдийн нөхцөл байдал, байгаль орчин жил ирэх тусам доройтож байгаа нь нүдэнд илхэн.

Түүхийн дурсгалт газар, үзэсгэлэнт байгалиараа алдартай Архангай аймгийн үе үеийн  удирдлагууд ч уул уурхай, тэр дундаа алт олборлох тал дээр эсрэг байр суурьтай байж, ногоон хөгжлийг дэмжих чигийг хатуу баримталж ирсэн. Гэтэл Д.Оюунхорол сайдын балгаар алт олборлолтын асуудал дахин хүчээ авч мал, малчин хоёул зүдэрч буй бодит түүх ийм байна.

Сайд буцаад яамаа удирдах болсон хугацаандаа л лав ямар нэгэн арга хэмжээ авсангүй.Орхон голыг цэвэршүүлж, уух ус, буух газаргүй болтлоо шахагдсан малчдын асуудалд тодорхой арга хэмжээ авахыг хүлээсээр хориод жилийг үдлээ.
   
    Хатуухан хэлбэл ашигт малтмалаар хөлжигч “Монгол газар” тэргүүтэй компаниудад хууль үйлчилдэггүй.Тэдэнд хариуцлага хүлээлгэх, хяналт тавих шударга төр хэрэгтэй байна.Ус гол, газар нутаг, хүний эрхээс ч үнэтэй алтны компаниудын балгаар үнэндээ хоосон нүх л үлдэж байгаа нь асуудал юм.
         

Сэтгэгдлийг ачааллаж байна ...