Уул уурхайн хаялга

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2017” төслийн Уралдааны шалгаруулалтад ирсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

Говьсүмбэр аймаг дахь МҮОНРТ-ийн сурвалжлагч Т.БОЛДБААТАР

Уул уурхайн хаялга

Манай аймагт Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн ашиглалтын явцад шүүрүүлж юүлсэн гүний усны “Хаялга” нэртэй нуур тогтоод 20 гаруй жил болжээ. Анхандаа хэлний мэргэжлийн хүний хувьд энэ нэрэнд сүжиг муутай, баахан сэтгэл  дундуур явах л даа. Байгалийн чандмана эрдэнэ, говь талын хээрийн бүсэд бялхаж  цутгаад байдаггүй усыг шавхаж шавхчихаад “хаялга” байхдаа яахав. Үг, нэршил мундсан биш ухааны юм бодох. Өнөө харахнаа, арилжаа наймаанд нүнжиг буянтай загнах, бизнесийн салбарт өгөөмөр өгөөжтэй хандах нь байх л асуудал. “Хэр хаялгатай эр вэ дээ” гэж ярилцах нь бий. Үүнтэй жишихэд энэ нуурын хаялга нь адаглаад л хүнсний зориулалтаар ашиглах махны чиглэлийн цагаан сугас загас нутагшуулж овоо хэдэн тоо толгойд хүрсэн гэж байгаа. Хараахан бизнес нэвтрээгүй болохоор ашиг орлого, зарлага үрлэг тооцоогүй л байна.

                      
Бидний хэсэг сэтгүүлчид говийн бүсэд сэлүүхэн амьсгалах сэрүүхэн салхины сураг ч үгүй байдаг зуны халуун өдрүүд дамнуулан Өмнөговь аймгийн Оюутолгой, Эрдэнэс таван толгой, Ухаа худгийн уурхайнуудад танилцах аялал хийсэн юм. Аялал жуулчлалын зориулалттай том оврын автобусаар пиг дүүрэн зорчиж яваад сэтгүүл зүйн богц дүүрэн багц, багц олз омогтой ирлээ. Нийслэлээс гарах замын эхэнд сониуч соргог гэж жигтэйхэн, хавь орчноо гярхай ажиглахнаа, оройтож орсон борооны хөөнги униар татсан усан цэнхэр уул, толгод, хэц, нуруу бие биеэ үүрсэн мэт хөндөлдөнө. Миний хувьд, дэлхий даяарыг тэжээн тэтгэж, улс гүрнүүдийн хөгжил дэвшлийн түүчээ, нүүр царай, өнгө төрх болж байгаа хэтэрхий дур зоргоор, чөлөөт нийгмийн өнгө аясаар тоос, ис тортогноосоо ч илүү нүүгэлтсэн хар хэл ам, атаа жөтөө, төсөв төслийн хөрөнгөнөөс зувчуулж завшигчдын  шунал, сөрөг энергийг агуулж, дагуулж яваа томоохон уул уурхайнуудын зүгээс тухайн орон нутагтаа хэр зэрэг өгөөмөр, дулаан хандаж, нийгмийн хариуцлагаа ямар түвшинд ухамсарлаж, өгөөж нүнжигээ хуваарилж байгааг олж харахыг зорьсон юм.

Зам гудаст явж гавиагүй, үзэж харсан зүйл маруухан мань мэтэд хүчит техник, хүнд механизмын зураг танилцуулга, хагас сайжруулсан замын хоёр талыг холбож тэгнэсэн самбарууд гудамжны эх адагт, агаарт хөндөлдөх нь уул уурхайн компаниудын ялгах онцлог ч юм шиг. Хариуцлгатай уул уурхайн тухай яриаг амдуулан нэгэн сөрөг хандлага ажиглагдсаныг дурдахаас аргагүйд туллаа. Уурхай түшиглэсэн суурин газар гэвэл нэгэнт байгуулагдсан уурхай руу нүүдэллэн ирж суурьшсан айл өрх, хүн амыг хэлэх жишээний. Уул уурхайгаасаа нийгмийн хариуцлага нэхэж, шаардаж болсон юм сумын төв, суурин газрууд эргэн тойрны хэдэн км-ийн зайд нүдэнд өртөх хог хаягдалгүй байж болмоор. Ямар л хөрөнгө хүч, төсөв мөнгө шаардаа аж. Ажилгүйдэлд өртсөн гэх өч төчнөөн хүн гэр, хоршоо хоёрын хооронд хөлхөж, гудамж талбайгаар сэлгүүцэж байгаа. Сумын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын бөөн хүчийг ончтой дайчлан, зохион байгуулвал байгаль эхийн унаган төрх, царайг дарсан тал, хэц, толгод, гуу жалга, сархиагаар нэг эрээлжлэх хогноосоо салж болмоор. Гагцхүү сум багийн удирдлагуудын санаачилгатай зохион байгуулалт , иргэдийн идэвхитэй оролцоог дөгөөж өгөх ажил огт байхгүйтэй холбоотой хэрэг.
                      
Хамгийн эхэлж танилцсан төрийн байгууллага Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ байлаа. Сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжил, засаг дарга Б.Дэмбэрэлсамбуу нар биднийг хүлээн авч сум, орон нутгийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. Хөдөөгийн сумдад ховорхон бараг байхгүй дээ, “Иргэдийн хөгжлийн төв”-ийн хоёр давхар тохилог орчин үеийн загвар дизайнтай оффист хийсэн мэдээлэлд 15,1 мянган  кв/км газар нутагтай, 6385 хүн амтай, ХАА-н зургаан багтай, хоёр бөхт тэмээний тоогоор сүүлийн арван жилд улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлж яваа тухай, 1991 онд нээгдсэн дэлхийд хамгийн их нөөцтэй Оюутолгой орд газраас 45 км,  Улаанбаатар хотоос 650 км, аймгийн төвөөс 290 км, хамгийн том говь Галбын гурван хийдийн нэг энергийн төв Дэмчигийн хийдээс 12 км-ийн зайтай орших, төсвийн орлогынхоо 35 хувийг аймагтаа төвлөрүүлдэг, далайн түвшинээс дээш 800-1200 метрийн өндөрт өргөгдсөн энэ суманд өдөрт нэг хүн шилжин ирж харин гурав хоногт нэг хүн буцаж байдаг тухай дурдаж байлаа. “Өнөөдөр 39 орчим хэмийн халуун байна хөрсөн дээрээ бол 70 шахаж байгаа” хэмээн хөлсөө ч сэвэх юмгүй хээв нэг суугаа сумын засаг дарга “Зургаан мянга гаруй хөдөлмөрийн насны иргэдээс 400 орчим ажилгүй хүн байгаа, сумын тэргүүлэх чиглэл нь мэдээж МАА тэгээд хил орчны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна ” гэж нэмж хэллээ. 11 ортой хувийн эмнэлэгтэй, 50 ортой эмнэлэг ашиглалтад авсан, дуудлагын хоёр, ойрын дуудлагын нэг авто машинтай, сум дундын малын эрүүл мэндийн төвийн барилгын ажил эхлүүлсэн, энэ нь Оюутолгойн олон ажилчдыг эрүүл хоол хүнсээр хангах түшиц газар. Тус сум барга, буриад хониноос амьдын жин дээгүүр  татдаг нутгийн илүү нугаламт Завилууд омгийн хонио өсгөж байгаа. Завилууд гэдэг нь  нэг багийнх нь нэр. Оюутолгойн ажилчид Ханбогдод суурьшиж амьдрах урьдчилсан бэлтгэлээ хангахын тулд 16,0 хүн амын хэрэглээ, ачаалал дав дээр даах 1,8 Мегаватт-ын дулаан эх үүсвэрийг шийдэхээр ярилцаад байгаа ажээ. Захдуу хязгаарын сумдад санахаас цаашгүй хангамж шүү дээ.

Мод үржүүлгийн талбайдаа ус чийгтэй, хөвдөн хөрстэй, сэрүүн бүсэд ургадаг 13 хятад гацуур тарьсаны 10-нь ургажээ. Тарьсан модонд урамшуулал олгодог бас хэвлэлийн төлөөлөгчтэй сум ганцхан эднийх. Бараг нь монголын уран сайхны “Говийн зэрэглээ” кинон дээр гардаг баахан “Манайх”-тай утга адил санагдлаа. Уурхайтай холбоотой цоо шинэ ажил санааны нэг нь малчдын санал өргөдөл гомдлын гурван талт зөвлөлтэй юм байна. Манай аймгийн ШОНУ-д хэрэгжүүлэхэд ядах юмгүй дээ. Энэ суманд 300 гаран ААН үйл ажиллагаа явуулдаг нь төвийн айл өрхийн тодорхой хувьтай дүйх тоо юм биш үү. Оюутолгой сумаас 1100 гаруй хүн ажилладаг ч сумандаа төрсөнөөс цаашгүй огт ирж үзээгүй нэгэн байхад сумаасаа гарч үзээгүй нь ч байх. Сонин байгаа биз. Нийтийг хамарсан бэлчээрийн дундын усан хангамжийг сайжруулах талын яриа хэлцээ, судалгаа явж л байгаа. 1994 оноос хойш хүндрэл дагуулсан усны асуудлыг 200 м өрөмдөж байж нөөц тогтоогоод байгаа. Уурхайн лицензийн талбайд орсон арван айлыг нүүлгэн шилжүүлж заримд нь нөхөн олговор олгосон. Сумаас 60-аад км-т нефьтийн ордтой. “Хүний ид шидээс илүүтэй байгалийн ид шид бүрдсэн газар юм. Галав юүлэхэд энэ хавийнхаа хэдэн хүнийг авч үлдэх хайрхан байна” гэж Галба хайрханыг хараад аугаа Данзанравжаа хэлсэн гэдэг. Сумынхан Оюутолгой хоггүй байж болоод байхад манай сум яагаад болохгүй гэж  гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн байна. “Дулаацаж чадахгүй галын оронд дах нөмрөөд суусан нь илүү дээр” ч гэх шиг, “Нөхрийн төлөө нөхөр зовсон юм. Нөхөөсний төлөө зүү утас зовсон юм” ч гэх шиг. Говь нутгийн удам дагасан хэлэмгий, бэлэн цэцтэй хүн бололтой сумын засаг дарга Бодьхүүгийн Дэмбэрэлсамбуу. Арга ч үгүй биз. Унаган нутгийн удирдах ажил нэлээд жил залгуулж яваа хүн болохоороо.
                    
Авсан бол эгүүлэн өгөх, өгсөн бол авах аль, аль  нь амьдралын философи. Нийгмийн хариуцлага талаасаа ажлын байр нь Оюутолгойд нийгмийн төвлөрөл суурьшил нь Ханбогдод байдагтай уялдаж унаган Ханбогдын Б.Наранбаатар гэр бүлийн хамт Монголын ХХI зууны эдийн засгийн гайхамшиг, дэлхийд тэргүүлэх  зэс эрдэнийн орд “Оюутолгой” төсөлтэй хамтран зорчигч болон ачаа тээвэр, АА-н авто тээвэр, тусгай авто засвар, хүний нөөц болон гэрээт үйлчилгээ эрхэлдэг “Ханбогд хурд” компани байгуулж ажиллаад таван жилийн нүүр үзэж байна. Энэ хамт олон уяа сойлго нь таарч шивхэрсэн хүлэг монгол наадмыг өнгөлдөг шиг менежмент, маркетингаа шинэ шатанд гаргаж компанийхаа дүр төрхөд шинэчлэл хийснээс гадна бүтээгдэхүүн үйлчилгээ, техникийн нөхцөлөө сайжруулахад онцгой анхаарч ирсний дүнд “Оюутолгой САМР”-д үйлчлэх стандартыг ханган ажиллаж байна. Баялгийн эзэн Ханбогдын ЗДТГ Оюутолгойн ашиглалтын лицензийн хугацаа дуусах 2033 он хүртэл /цаашид сунгагдах боломжтой/ орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах үр дүнтэй, ил тод, харилцан ач холбогдолтой хамтын ажиллагааны гэрээ 2015 оны  4-р сарын 22-ны өдөр байгуулжээ. Ер нь Өмнөговь аймагт 80 гаруй орд, 200 гаруй илрэл тогтоогдож, ашиглалтын 93, хайгуулын 155 лиценз хүчин төгөлдөр байгаагаас ашиглалт, олборолтын үйл ажиллагаа явуулж байгаа 14 ААН байдаг ажээ. Таван толгой, Оюутолгой хоёулаа монгол улсын стратегийн ач холбогдолтой ордод хамаарч сүүлийн жилүүдэд аймаг, сумдын нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц болж байгааг хүн болгоны амнаас сонсож явлаа.

Бидний ажилласан Ханбогд, Цогтцэций суманд Таван толгой ХК, Оюутолгой, Эрдэнэс таван толгой, Энержиресурс ХХК-иуд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ ч утгаараа Өмнөговь аймаг нь орон нутгийн төсвөөс улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлж байгаа аймгуудаас бүсдээ нэгдүгээрт, улсдаа Улаанбаатар хотын дараа хоёрдугаарт жагсдаг болсон нь чухамдаа уул уурхайн хаялга юм. Сүүлийн гурван жилийн байдлаар Оюутолгой компаний шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах “Эрдэнийн говь ” ёслол, “Ажилтай иргэн орлоготой өрх” нээлттэй өдөрлөг, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –гийн мэдээлэл, цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх,  “Галбын говь залуусын дуранд” гар зургийн уралдаан, оюутанд тэтгэлэг гардуулах ёслол, мэргэжил олгох хөтөлбөр, орон нутгийн худалдан авалтыг сайжруулах хамтарсан ажлын хэсэг ажиллуулах, хил, уул уурхайн бүсэд шилжин суурьшсан эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах, “Зан заншил-Сургалт” төслийг санаачлах, “Зөгийн үүр-100”, “Англи хэлтэй Өмнөговь” дэд хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх гээд эдгээр нь бүгд нийгмийн хариуцлага. Сонсоход ч чихэнд чимэгтэй байлаа. Ханбогд, Цогтцэций сумын ард иргэдийг бишгүй азтайд нь хөөрхөн атаархал төрсөнөө нуух юун.

Оюутолгой төслөөс сүүлийн 10 жилийн хугацаанд 600 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгосон бол 2016 оны хагас жилийн байдлаар нийт ажиллах хүчний 95%-ийг монгол иргэд бүрдүүлж байгаагийн 22 гаруй хувийг Өмнговийн иргэд эзэлдэг дүн гарчээ. Бас нэгэн сонин гэвэл, ус чандмана эрдэнэ болсон, шавхуур худаг дээр дээл хувцсаа гандаан, царай зүсээ гундаан байж хэдэн малаа усалдаг говь газар гэхэд Ханбогд сум цэвэр усан хангамжийн цогцолбортой болсон нь бөөн завшаан. Ханбогд сумаас 160 орчим км алс Энержи ресурс, Эрдэнэс тавантогой компаниуд үйл ажиллагаа явуулдаг Цогтцэций рүү хөдөллөө. Яг л Улаанбаатарын авто замын түгжрэл. Гэхдээ ирснийг бодвол арай сийрүү. Ачаагаа буулгасан том оврын машинууд хөл хөнгөн урагшлах ажээ. Зам гэж там болсон халж улайстал нь ээлж сэлгээгүй  хүнд даацын машин цувах болохоор газрын хөрсийг онги нидэрч эвэрхий болсон, засаж янзалсан нь яр шарханд наасан цаасан лент мэт алаглаж харагдах, домносон төдий. Их шанхын хэцийн алдарт хурдан хүлгүүдийн цомбон туурайн тоос сураг алдарсан ч юм шиг. Миний Боржигины 14-16 чий /нэг чий 0,32 см/-ний углуургадаж угсардаг модон  байшингийн дайтай нүсэр, нүсэр төмөр хөлгүүд хангир, жингэр зөрөөд л хичнээн ч км зам туулж нуруугаа хөнгөлж, хичнээн ч км-ийн урт дугаарлаж зогсдог юм бэ. Амь нас хамгаалах зургаан дүрэм. Айдас хүйдэст автаж, бие баглагдаж, хүлэгдмээр. Чалкогийн өрийг дарах замын гудаст хичнээн машин тэрэг саатаж, хөмөрч хөрвөөж, хэдэн эрдэнэт хүний халуун амь нас, зах хязгааргүй хүсэл мөрөөдөл сүйддэгийг хэн мэдлээ, ёстой бурхан л мэдэх биз.

Миний хэрэгтэй хувцас, эдлэл, аягатай хоолыг минь авчих юм шиг хармын сэтгэл төрж байсныг яана гээ. Энержи ресурс ХХК-ний Ухаахудагийн уурхайн нэгдсэн сүлжээний цахилгаан хангамжийн ерөнхий схем-М-Си-Эс интернейшнл ХХК-ний Ухаахудаг салбарын захирал н.Хүдэрхуяг ажлаа танилцуулах талаараа гаргуун залуу санагдсан. Тус уурхай нь 2005 онд байгуулагдаж үйл ажиллагаа нь 2009 онд эхэлсэн мөн ондоо олон улсын хөдөлмөрийн зах зээлд гарсан юм билээ. Цогтцэций сумын төвийн хуучин төрхийг өвлөн үлдсэн эх оронч эмэгтэй баатар Түвдэнгийн Борын хөшөөг нэлээн эрж байж олж харсан гээд боддоо. 640 хүүхдийн  сургалтын, 100 хүүхдийн дотуур байр, 110 хүүхдийн цэцэрлэгтэй “Мөрөөдөл” цогцолбороор орлоо.  Улсдаа анхдагч бүтээн байгуулалт энэ цогцолборынхон гурван багштай дотуур байраа “Хүүхэд хөгжлийн төв” гэж үздэгээ шинэхэн захирал Б.Ганжаргал онцолсон. Говийн ирээдүйг “Мөрөөдөл”-ийн бүтээгдэхүүн цогцлоох алсын хараатай. Мөн сумын нүд хужирлах юмны нэг бол компанийн хөрөнгө оруулалтаар 2011 онд ашиглалтад орсон “Цэций” орон сууны хороолол. 600 өрх амьдрах, 11 блокоос бүрддэг хамгийн бага талбайтай нь 22м/кв бол том нь 59м/кв. Гурваас найман жилийн хугацаанд ажиллавал хувийн эзэмшлийнх болох нөхцөлтэй. Нэг давхарт нь нийтийн ахуй, худалдаа, хүүхэд харах үйлчилгээний салбарууд ажиллуулахад эхний жилдээ түрээсээс чөлөөлж бичил бизнес эрхлэлтийг дэмжих зорилготой.

Уурхайн оффис гэхэд л газар дор нэг дээшээ гурван давхарт байрладаг. Сургалтын семулятор төхөөрөмжтэй, хүнд машин механизмын засварын төв, орчин үеийн лабораторитай, 2010 онд баригдсан галерей кемп нь 650 хүний багтаамжтай, 280 гаруй өрөөтэй, 250 хүнд зэрэг үйлчлэх цайны газар, эмнэлэг, номын сан, үсчин, дэлгүүр, спортын цогцолбороос бүрдсэн хачин тохилог буудал л гэсэн үг. Эдний хөрөнгө оруулалтаар 250 оюутантай МСҮТ-тэй болсон, баклаврын зэрэглэлтэй сертификаттай төгсөлт хийдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, гадаадад ажиллах эрхтэй коллежийн сургалтын стандартаар хичээллэдэг. Мэдлэг, ур чадвар, технологи дээшлүүлэхээр зохион байгуулдаг сургалтаа 3D гэцгээх. Учир нь Дархан, Дорнод, Даланзадгадын коллежиудтай хамтарч ажилладагтаа тэр. Ханбогд суманд ТМС-д дадлагаар суралцагчийн өмнөх төв байгуулсан. 220 гаруй төгсөгчдийн дийлэнх нь далд уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа. Энэ оны 4-р сад төгссөн гагнуурын 30 гаруй оюутнууд нь гүн уурхай, бусад ажлын хэсэглэлийн шаардлага захиалгаар бүгд ажлын байранд шилжсэн.

Газрын хэвлийн баялаг гэж гавих юм байгаагүй бол уул уурхайн үйлдвэрлэл хөгжихгүй, уул уурхай байгаагүй бол бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, нийгмийн асуудлууд шийдэгдэхгүй бахь байдгаараа үхэр харганы жимсхэн, цагаан, улаан гоёогоороо гайхуулсан шигээ халуу төөнөсөн бүгчим говь нутгийн уламжлалт аж ахуй, амьдрал хэвийн л үргэлжлэх байсан биш үү. Эрдэс баялгаасаа хувь хүртэж өнгөлөн өөдлөх амьдралтай яваа говь нутгийнхандаа баярлах нь зүйтэй. Хөл хөс дарсан газарт сайн сайхны зэрэгцээ саар муу, бүтэж явах нэг байхад бүтэл нь хазайсан үйл хэрэг алийг тэр гэхэв. Ерөөсөө сайнтай, муутай хорвоо дүүрдэг хойно. Сайн сайхан нь, үнэн цагаан, давуу тал нь л дийлэнх байвал болох нь тэр. Улс орноор үл барам даян дэлхийд данстай энэ их уурхайнуудын хаялга арвижан тэлж, уурхай түшиглэсэн орон нутгийн өнгө жавхаа өөдрөг өнгөлөг, хүн ардынх нь амьдрал дэгжин дээшлэх болтугай.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...