Монголын орон нутгийн хэвлэлд учирдаг зовлон, жаргал холын Австралид ч бий

Г.Идэрхангай (The Mongolian Mining Journal)

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий  эдийн иж бүрэн санаачлага төслөөс эдийн засаг, уул уурхайн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор сэтгүүл зүй, уул  уурхайн сэдэвт дөрвөн удаагийн онолын сургалтыг жилийн хугацаанд явуулсны сүүлийн шатны практик сургалт Австралид үргэлжлэв. Квийнсланд мужийн Брисбэнд болсон сургалтын хүрээнд Монголын арав гаруй сэтгүүлч Австралийн уул уурхайн хөгжил, дэвшилтэй танилцсан юм. Дөрвөн шатны сургалтыг Квийнсландын их сургуулийн сэтгүүл зүйн профессор Брюс Вүүлэй, тус сургуулийн Эрдэс баялгийн тогтвортой хөгжлийн институтын (ЭБТХИ) дэд захирал Робин Эванс нар  удирдан явуулсан билээ.

Шинийг эрэлхийлж мэдээлэх нь  АВС-ийн зарчим


Гэрэл зургийг Г.Идэрхангай: АВС телевизийн Түвүүмба дахь салбарын сэтгүүлч Элли

Элли өглөөний дөрвөн цагт ажилдаа иржээ. АВС телевизийн Түвүүмба дахь салбарын сэтгүүлч бүсгүйн хувьд сүүлийн долоон жил ийм хэмнэлээр ажиллаж байгаа болохоор гэрээсээ эрт гарах тийм ч хүндрэлтэй биш. Зураг авалтаа өөрөө хийнэ, монтажлана, бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаа ТВ-ээрээ цацна. Үдээс хойш түүний халааг Эзабель үргэлжүүлж, үзэгчдэдээ цаг үеийн мэдээлэл хүргэнэ. 

Орон нутгийн АВС телевизийн сэтгүүлч бүсгүйчүүд ийнхүү цаг завгүй ажиллаж,  бэлтгэсэн  мэдээллээ Брисбэнд байрлах АВС-ийн төв телевиз рүүгээ давхар “шиддэг”. Төв телевизийн сошиал хуудас 3 сая дагагчтай тул орон нутгаас ирсэн мэдээллүүд хормын зуур л үзэгчдэд хүрнэ.

“Анхнаасаа бүх зүйлээ өөрөө хийгээд сурчихсан болохоор хүндрэлтэй санагддаггүй. Өмнө нь Түвүүмбагаас ажилдаа очдог байлаа. Бүтэн цаг гаруй давхих амаргүй. Тэгээд ч орон нутагт ажиллана гэдэг орчноосоо тасарч байгаа хэрэг биш. Харин ч илүү сонирхолтой” хэмээн Элли итгэлтэй ярилаа.

2016 онд Австралийн үндэсний шилдэг сурвалжлагчийн шагнал хүртсэн Элли мөдхөн  Америкийн СNN телевизэд хэсэг хугацаанд ажиллан, туршлага хуримтлуулах гэж буйгаа дуулгасан юм.

Квийнсланд мужид Сурат, Боуэны сав газраас олборлож буй метан хийн экспорт, байгаль орчны холбогдолтой асуудлууд орон нутагт хурцаар хөндөгдөж байгаа учраас сэтгүүлчид  энэ чиглэлийн мэдээ, сурвалжлага түлхүү бэлтгэж байна. Дотоодод метан хийн хэрэглээ үлэмж хомсдолтой байсаар атал их хэмжээгээр гадагш экспортолж  буйг  Засгийн газрын түвшинд хэлэлцсэн энэ цаг үед орон нутгийн хэвлэлүүд илүү бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой хэмээн АВС-ийн Түвүүмба дахь салбарын сэтгүүлчид ярилаа.

Уул уурхай хөгжсөн энэ орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын онцлог, ажиллах механизм, баримталдаг зарчим Монголын сэтгүүлчдэд сонирхолтой байсан. Бид орон нутгийн телевизтэй танилцахын өмнөх өдөр Брисбэн хотын Southbank Parkland-д байрлах  АВС телевизийн төв салбарт зочилсон юм.
Гэрэл зургийг Г.Идэрхангай: Брисбэн дахь ABC телевизийн байр

100 хувь төрөөс санхүүжилттэй, 85 жилийн түүхтэй тус корпораци мужийн хотуудад үндсэн 8 салбар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улсын хэмжээнд 52 нэгж бүхий нүсэр бүтэцтэй. Улсын төсвөөс жилдээ 1.22 тэрбум австрали долларын санхүүжилт авдаг ч Засгийн газрын зүгээс нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй хэмээн АВС телевизийн Квийнсланд муж дахь салбарын Ерөнхий продюссер Хэйди Рэкси ярилаа.

Гэрэл зургийг С.Болд-Эрдэнэ

АВС-д нийт 33 сэтгүүлч ажилладаг бөгөөд түүнээс гадна цахим сүлжээ хариуцдаг 40 гаруй ажилтантай. Анх радиод түшиглэн байгуулагдсанаас хойш өргөжин тэлсээр өдгөө телевиз, цахим сайтаас гадна твиттер, инстаграмын сүлжээгээр мэдээллээ идэвхтэй түгээдэг. Сэтгүүлчдийн хувьд мэдээллээ эхлээд фэйсбүүк, твиттер, инстаграммаар товчхон дамжуулаад, дараа нь телевиз, радио, цахим хуудсаараа дэлгэрэнгүй хүргэдэг зарчим АВС-д үйлчилдэг.
 
АВС-ийн сэтгүүлчдийн ихэнх нь гэрээгээр ажилладаг. Онцгой үйл явдлын үед уртасгасан цагаар ажилладаг ч тухайн цагтай тэнцэх амралтыг дараа нь нөхөж эдэлдэг байна. Онц ноцтой биш бол замын осол зэрэг жижиг сажиг гэмт хэргийн мэдээ цацахыг  чухалчилдаггүй. Улс төр, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлийн мэдээ мэдээллийн цөм болдог байна. 

Мэдээлэхийг бус шинийг эрэлхийлэхийг чухалчлах ёстой гэсэн шаардлагыг сэтгүүлчдэдээ тавьж ажилладаг нь АВС-ийн нэг онцлог. “Манайд эрэн сурвалжлах алба байгуулагдаад удаагүй. Одоогоор гурван сэтгүүлч ажиллаж байна. Дотроо хөдөө аж ахуй, уул уурхай гээд салбар бүрээр төрөлжсөн сэтгүүлчидтэй. Тэдэнд эх сурвалжаа бататгахад хангалттай цаг гаргаж өгдөг” хэмээн Ерөнхий продюссер Хэйди Рэкси яриандаа онцолж байлаа. 

Цахим хуудсын хувьд 3.3 сая дагагчтай ч нийгмийн сүлжээ хариуцсан хоёр сэтгүүлч  өглөөний таван цагаас шөнийн 01.00 цаг хүртэл ээлжлэн ажилладаг нь АВС телевизийн мэдээллийн багийн ачаалал хэр ихийг харуулна. Бүсийн хэмжээнд дижитал мэдээлэл бэлтгэх редактор, сэтгүүлчид, техникийн ажилтнууд гээд нийт 100 гаруй хүн АВС-д ажилладаг.

АВС-ийн цахим хуудас цар хүрээ, хандалтаараа улсын хэмжээнд Newscom сайтын дараа буюу хоёрт жагсдаг. “Улс төрийн сонгууль, байгалийн хүндрэл, хар шуургатай холбоотой үйл явдлууд өрнөхөд манай байгууллага руу үзэгчид эхэлж ханддаг. Энэ нь нэг дугаарын баталгаатай эх сурвалж гэдгийг илтгэж байгаа юм. Судалгаагаар  иргэдийн 69 хувь нь манай цахим мэдээг баталгаатай гэж дүгнэсэн” хэмээн Хэйди Рэкси хэллээ.

Стюарт Грийн: Орон нутгийн сэтгүүлчид илүү ажилсаг

Гэрэл зургийг Г.Идэрхангай
 
Монголын сэтгүүлчдийн дараагийн зочилсон хэвлэл мэдээллийн байгууллага нь Түвүүмба дахь “The Toowoomba Chronicle” сонин. “Хэвлэмэл сонин сүүлийн үед борлогдохоо больж, цахим нь илүү эрэлттэй болж байна. Цахим сонинг хэдэн хүн уншиж байгааг бид өөрсдөө  хянадаг” хэмээн тус сонины Ерөнхий редактор Стюарт Грийн  бидэнд танилцуулав. 

Тус сонин хэвлэмэлээр 8000, цахимаар 4000 захиалагчтай. Үйл явдлын мэдээллийг өөрийн веб сайтаараа шуурхай түгээдэг бөгөөд энэ бүхнийгээ дотоодын хэрэгцээнд ашигладаг  хяналтын системээрээ давхар хянадаг аж. Гэхдээ зүгээр хянаад байхгүй, хамгийн их хандалт авсан мэдээллээ улам баяжуулан сониндоо нийтэлдэг зохицуулалттай. Долоо хоногт 600 мянган хуудсыг уншигчид уншдаг гэхээр сонины мэдээллийн хүртээмж хэр байгаа нь ойлгогдоно.

Гэрэл зургийг Г.Идэрхангай: The Toowoomba Chronicle сонины редакци

Сонины ажил өглөөний зургаан цагаас эхэлж, шөнийн ээлжээр үргэлжилна. Хэвлэмэл сонингоо бэлтгэхдээ цахим сонингоо давхар гаргадаг нь The Toowoomba Chronicle сонины нэг давуу тал юм байна. 150 гаруй жилийн түүхтэй тус сонинг Австралийн хэвлэлийн магнат  Руперт Мурдокийн “Ньюс” корпораци худалдан авч, эгнээндээ нэгтгэжээ. Уг корпорацийн эгнээнд багтсан ч сонины нийтлэлийн бодлогод ямар нэг өөрчлөлт ороогүй, харин ч хүчирхэг мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээллүүдээ солилцох, зардлын хэмнэлт үүсгэх боломжтой болсон гэж Стюарт Грийн ярилаа. 

Ер нь Австралид барууны орнуудтай харьцуулахад хэвлэл, мэдээллийн эзэмшил нэлээд төвлөрчээ. Үндэсний сонин, хэвлэлийн эзэмшил дийлэнхдээ Руперт Мурдокийн “Ньюс” корпораци, “Жон Фейрфакс Хоулдингс” гэх хоёр том корпорацийн мэдэлд байдаг аж. Мурдокийн эзэмшилд Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гуравны хоёр буюу 64,2% байдаг бол харин “Фейрфакс”-ийн эзэмшиж байгаа сонингууд дөрөвний нэгийг эзэлдэг. Гэхдээ “Фейрфакс” цахим хэлбэрт хурдтай шилжиж, улмаар сэтгүүлчдийнхээ тоог бууруулж эхэлжээ. Энэхүү байдлыг тодорхой хэмжээнд тэнцвэржүүлэгч нь 1,2 тэрбум австрали долларын төсөвтэй АВС телевиз юм.

Ерөнхийдөө Мурдокийн “Ньюс” корпораци Австралийн орон нутгийн сонингуудыг эгнээндээ нэгтгэх ажиллагааг идэвхтэй явуулж байна. Түвүүмба хотын The Toowoomba Chronicle сониныхон “Ньюс” корпорацийн эгнээнд нэгдсэндээ сэтгэл өндөр байдгаа  илэрхийлж байна.

Гэрэл зургийг С.Болд-Эрдэнэ: The Toowoomba Chronicle сонины Ерөнхий редактор Стюарт Грийн

Тус сонины 18 сэтгүүлч өдөр бүр 30-60 нүүр сонин бэлтгэдэг. “Орон нутгийн сэтгүүлчид илүү ажилсаг. Бид өөрчлөгдөх биш, харин хотын хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү сайжрах ёстой. Орон нутагт сэтгүүлчид нэг сэдэв дээрээ илүү төвлөрч байхад  хотод сэтгүүлчдийн ажлууд хоорондоо давхцах нь ажиглагддаг” хэмээн  Стюарт Грийн ярьсан.

The Toowoomba Chronicle сонинд нийтлэгдсэн хамгийн дуулиантай мэдээлэл нь шарсан тахиа худалдаалдаг шар айрагны мухлаг хаагдсан явдал. Орон нутгийн иргэдэд илүү хамаатай иймэрхүү мэдээллээс гадна осол эндэгдэл, гал түймрийн талаарх дуулиант мэдээлэл нийтлэгдсэн тохиолдолд сонины худалдан авалт эрс өсдөг гэнэ.  “Би сониндоо 17 жил ажиллаж байна. Энэ хугацаанд нохойтойгоо гэрлэхээ зарласан эрийн тухай мэдээлэл хамгийн их дуулиан тарьж билээ” хэмээн Стюарт Грийн хошигнон ярилаа.

Гэрэл зургийг С.Болд-Эрдэнэ

Сэтгүүлчийн хариуцлагагүй, анзааргагүйгээс үүдэлтэй алдааг The Toowoomba Chronicle сонины нэгэн жишээнээс харж болно. Тус сонины редакциар зочилсон Монголын сэтгүүлчдийн тухай мэдээлэлдээ хэд хэдэн сэтгүүлчийн нэр, ажлыг солиод  нийтэлчихсэн байлаа. Сэтгүүлч сэтгүүлчийнхээ алдааг олж харсан үйл явдал дунд бидний аялал цааш үргэлжлэв.

Уул уурхайн сонин Surat Basin

Квийнсланд мужийн Дарлинг даунс бүсийн “Чинчилла” (Chinchilla) хэмээх хэвлэмэл сонинг 35-аас дээш насныхан түлхүү уншина. Цахим сонингоо үнэгүй түгээнэ. Мужийн хэмжээнд метан хийн олборлолт, нүүрсний экспорттой холбоотой үйл явдлууд ид өрнөж байх үед тус сонин уул уурхайн асуудлуудыг түлхүү нийтэлдэг байсан ч уншигчдын зүгээс дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Хэдийгээр уул уурхайн бүс нутагт амьдардаг ч амьдралд ойр, хөнгөн зугаатай, спорт, аялал жуулчлал, боловсролын талаарх гэрэл гэгээтэй мэдээлэл уншихыг хүсч байгаагаа илэрхийлэх болсон байна. Иймд “Чинчилла” сонин зөвхөн уул уурхайтай холбоотой мэдээллийг нийтэлдэг Сурат Басин (Surat Basin) сонинг сард нэг удаа эрхлэн гаргах болжээ.
Гэрэл зургийг Г.Идэрхангай
 
Тус сонин одоогоор метан хийн олборлолтоос газар тариалангийн салбарт үзүүлж буй нөлөө, байгаль орчны асуудлыг нийтэлж  байгаа ба  Суратын сав газарт амьдарч байгаа 50 мянган иргэн эндээс гол мэдээллийг авч байна.

“Уул уурхайн нэр бүхий компанийг байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэж буруутгасан шийдвэрийг саяхан шүүхээс гаргасан. Гэхдээ бид шүүх, компанийн алиных нь ч талд ороогүй. Энэ бол сонины баримтлах ёстой зарчим” хэмээн “Чинчилла” сонины Ерөнхий менежер Эрика Брайшав ярилаа.

Гэрэл зургийг Г.Идэрхангай

Уул уурхайн компаниуд сурталчилгаагаа нийтлүүлэх тохиолдолд “төлбөртэй” гэдгийг сониндоо заавал дурддаг гэнэ. Гурван жилийн өмнө Түвүүмбад болсон үерийн улмаас  тус сонины хэвлэх үйлдвэр усанд автжээ. Түүнээс хойш сониноо өөр хотод хэвлүүлэх болсон гэнэ. 

Дараагийн танилцсан орон нутгийн сонин бол The Dalby Herald. 150 жилийн түүхтэй ч  хоёр сурвалжлагч, борлуулалтын хоёр ажилтан, нэг менежер, захирал гэсэн цомхон бүтэцтэйгээр ажилладаг аж.  Сонины эхээ хуучин төмөр хавтанд  шараад хэвлэдэг хуучны хэвлэх механизм энд хэвээр хадгалагдан үлджээ. Гэсэн хэдий ч 3500 сонинг 10 минутад хэвлэн, уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хүргэсээр байна.

Ерөнхийдөө Австралийн орон нутгийн жижиг сонингуудын ажиллах хүчин, ажлын байрны нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, ололт амжилт нь ч Монголын орон нутгийн хэвлэлүүдээс нэг их ялгарах зүйлгүй санагдав. Гол төлөв хоёроос гурван сэтгүүлчтэй ба тэд бүхий л ажлаа үүрнэ. Орон нутгийн чадварлаг сэтгүүлчийг төв рүүгээ татаж ажиллуулдаг  нь Квийнсланд мужийн хэвлэлүүдэд түгээмэл.

Гэрэл зургийг Г.Идэрхангай

Гэхдээ эндхийн хэвлэлүүдийн нэг онцлог нь 100 гаруй жилийн түүхтэй уламжлалт сэтгүүл зүйн хэв маягаа хадгалдаг бөгөөд хэт дуулиант мэдээллийн араас хөөцөлддөггүй, спорт, соёл урлаг зэрэг хөнгөн, сонирхолтой  мэдээллүүдийг түлхүү нийтэлдэг нь анзаарагдаж байлаа.

Мэдээллийн томоохон сайт “Брисбэн таймс”   
     
Мурдокийн “Ньюс” корпорацийн гол өрсөлдөгч Жон Фейрфаксийн эзэмшлийн “Брисбэн таймс” (The Brisbane Times) хэмээх мэдээллийн томоохон сайтын үйл ажиллагаатай танилцсан юм. Брисбэн хотод байрлах тус сайтын Ерөнхий редактор Саймон Хох “Бидний өмнө тулгарч байгаа хамгийн том сорилт бол хэрэглэгчдийн зан үйл, зуршил. Тэдний  зан үйлд өөрчлөлт орж байна. Уншигчдын дунд мониторинг хийж үзэхэд өдөрт хандалтын дөрвөн оргил үе байдгийг анзаарсан. Тухайлбал, сайтын хамгийн өндөр хандалттай цаг нь өглөөний 7-9 цаг байсан бол өдрийн 12 цаг болж өөрчлөгдсөн. Мөн үдээс хойш буюу 17 цаг, оройн 19-21 цагт хандалт өндөртэй байдаг” хэмээн ярилаа.

Гэрэл зургийг С.Болд-Эрдэнэ: “Брисбэн таймс” сайтын редакци

Өглөөний өндөр хандалтыг ашиглаж, ихэвчлэн улс төрийн мэдээллээ түлхүү түгээдэг бол өдрийн өндөр хандалтаар энтертаймэнт мэдээллээ түгээж, оройн цагаар дүгнэлт, анализ бүхий мэдээллээ хүргэдэг аж.

Өмнө нь сэтгүүлчид аль нэг сэдвээр дагнан мэдээлэл бэлтгэдэг байсан бол одоо бүх сэдвээр бичдэг болжээ. Учир нь, сэтгүүлчдэд тухайлсан сэдэв хариуцуулахаар завсарт нь бусад үйл явдлын мэдээлэл орхигдох талтай гэнэ. Иймд “Брисбэн таймс” сайтын сэтгүүлчид видео камер, фото камертайгаа ажиллан, бүгдийг өөрөө гүйцэтгэх ур чадвар эзэмшдэг аж.

“Манай сэтгүүлчид бүх зүйлийг төгс эзэмшсэн эксперт болох шаардлагагүй. Холбогдох салбарын мэргэжилтнүүдээс тайлбар, мэдээллээ аваад мэдээндээ шигтгээд оруулчихад л хангалттай” хэмээн Саймон Хох ярьсан юм. Тэрээр мэдээлэл бэлтгэхдээ “сэтгэл хөдөлгөсөн, боловсрол, танин мэдэхүйн ач холбогдолтой, хувьсал, өөрчлөлтийн агуулгыг шингээсэн байх” гэсэн гурван шаардлагыг сэтгүүлчдэдээ тавьж ажилладгаа онцолж  байлаа. “Брисбэн таймс” сайтын “News room”-д 20 гаруй сэтгүүлч ажиллаж байгаа нь гол өрсөлдөгч “Ньюс” корпорацитай төстэй гэнэ.   

Гэрэл зургийг С.Болд-Эрдэнэ: “Брисбэн таймс” сайтын Ерөнхий редактор Саймон Хох

Квийнсландын Их сургуулийн сэтгүүл зүйн багш Брюс Вүүллэй Австралийн хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар бидэнд товчхон танилцуулсан юм. Тус зөвлөл 1976 онд байгуулагджээ. Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд сайн стандарт хэвшүүлэх, олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн мэдээлэл авах, иргэний эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллээр дамжуулан үг хэлэх эрх чөлөөг эдлэхэд туслах үүрэгтэй байгууллага  бол Австралийн Хэвлэл мэдээллийн зөвлөл юм байна.  

Хэвлэлийн зөвлөл нь Австралийн сонин, сэтгүүлтэй холбогдох гомдолд хариу өгөх үүрэгтэйгээрээ Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаатай төстэй юм.



Сэтгэгдлийг ачааллаж байна ...