Тбилисийн тэмдэглэл

Э.Оджаргал (2017.04.17-20 Гүрж. Тбилиси хот)
Үүлгүй цэлмэг тэнгэрийн зах хязгаар үл харагдах орон зайд нарны цацраг Гантиган тэнгисийн уснаа гялтганах нь уран зураг мэт харагдана. Эх орны нийслэлээс 20 гаруй цаг үргэлжилсэн нислэг Ази, Европ тивийг холбосон хагас арал Турк улсаар дайран өнгөрч, үүр цайхтай уралдан эртний түүхт Тбилиси хотноо хүрсэн юм.

фото тэмдэглэл: Э.Оджаргал

“Барсан хэвнэгт баатар” Шота Руставелийн нэрэмжит онгоцны буудал жуулчдын хөл хөдөлгөөн, дуу чимээ ихтэй угтав. Тив тивийн жуулчдыг Гүрж орон чухам юугаараа ингэтэл татна вэ гэх сонирхол Орос орны нэгэн үеийн их удирдагч Иосиф Сталины төрсөн нутгийг үзэхийг яарсан хүслийг минь улам хөглөнө.

Гүржийн эдийн засгийн гол багана аялал жуулчлалын салбар аж. Өнгөрөгч онд 6.35 сая жуулчин энэ улсыг зорин иржээ. Зэргэлдээх Азербайжан, Армени, Турк, Оросоос ирэгсэд хамгийн олон нь. Сүүлийн жилүүдэд Иран, Энэтхэг, Саудын Араб, Филиппин, Оман, Хятад, Японы жуулчдын тоо мэдэгдэхүйц өсч буй. Харин гүржүүдийн хувьд энэ оны гуравдугаар сарын 28-наас эхлэн Шенгений орнууд руу визгүй зорчих болж, евро бүсэд нэгдэх олон жилийн зорилт нь ойртсоор байна.

Жуулчдыг татах хүчин зүйлийн нэг нь төрөл бүрийн зочид буудал, түүнийгээ дагасан хямд үнэ аж. Hilton, Shangri La, Marriot, Radisson Blue   зэрэг дэлхийгээр хэрсэн аварга сүлжээ буудлуудын чамин барилгууд энд хэдийн сүндэрлэжээ. Тэр байтугай Эмиратын алдарт “Millenium” сүлжээний люкс зэрэглэлийн 7 одтой Biltmore  зочид буудал хүртэл үүдээ нээсэн байна. Тэдгээр сүлжээний нэг  Holiday Inn  зочид буудлын 20 давхрын цонхоор хот алган дээр мэт харагдах нь хачин сонирхолтой. Өрөөнийхөө буйданд тухлан шигдэж, кофе уух зуураа өнөөх цэлгэр том цонхоор их хотын хөл хөдөлгөөнийг шимтэн ажигласан мөчүүд гайхалтай. Ингэж суухдаа Тбилиси хоттой танилцах аялалын бяцхан төлөвлөгөө гаргав. Томилолтын шахуу хугацаанд олдсон багахан цаг заваар Гүрж орны хөгжил, Кавказ ард түмний ахуй соёлтой ойр танилцах ховорхон боломж олдсон юм.

“Монголыг мэдэлгүй яахав. Дэлхийн талыг эзэлсэн Чингис баатрын түүх шүү дээ” гэснээр Тамараз бид хоёрын яриа өрнөв. Филологич мэргэжилтэй тэрээр Тбилист 30 гаруй жил таксины жолооч хийж буй аж. Төрөлх нутагт нь анх удаа ирснийг мэдээд намайг очих газарт минь хүргэхдээ түүхийн дурсгалт газруудаар зориудаар дайран өнгөрч, үүх түүхийг нь сонирхуулан тайлбарлаж өгөв. Гүрж орныг зорин ирсэн хэнд ч өөрийн улсын түүхээ таниулах соёл гүржүүдийн цусанд нэвт шингэсэн бололтой.

Кавказын уулсын энэ улс дэлхийд сайн чанарын дарсаараа гайхагддаг. Айл бүр дарсны нөөцтэй. Тамаразын гэрийн зооринд гэхэд хагас тонн дарс хадгалаастай гэнэ.  Хэрэв гүрж ард түмний ахуй соёлыг таньж мэдэхийг хүсвэл захын айл руу ороод л ямар зочломтгой найрсаг болохыг ойлгоно. Өөрийгөө хүндэлдэг ямар ч гүрж эр өөрийн дарсан хамгийн сайхан амттай дарсаар дайлж, харин гэрийн эзэгтэй зоог өрсөн баялаг ширээгээр угтах болно гэж тэр хэлсэн юм.

Нутаг буцахдаа дурсгал болгон Гүржийн гоёмсог “пардаги” авахыг надад зөвлөв. Гүрж эмэгтэйчүүд 6-7 настайгаасаа “пардаги” нэхэж сурдаг байна. 1800 оноос уламжлалтай гар урлалын хивсээрээ Гүрж орон хэзээнээсээ алдартай. Хээ хуар, өнгө үзэмж гоц гойд “hand made” хивс энд ирсэн гадны жуулчдын мөнгөө харамгүй үрдэг тансаг бэлэг дурсгалын нэг аж. Бидний яриа Ягаан хувьсгал, Саакашвилийг төрийн эрх барьсан найман жил гээд сонирхолтой сэдвээр өрнөсөөр Ботаникийн төв цэцэрлэгт хүрээлэнд хүрэв. Аяллын төгсгөлд шинэхэн танил маань таксины төлбөр авахаас татгалзан, харин Гүрж оронд дахин ирэхдээ гэрээр нь зочилж дарс амтлах “амлалт”-ыг аваад буцсан юм.

Солалаки ууланд орших Ботаникийн төв цэцэрлэгт хүрээлэн Тбилиси хотын үзэсгэлэнт газруудын нэг. Байгалийн онгон төрхийг хадгалсан энэ хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрт ургадаг олон төрөл зүйлийн моддыг нэг дороос харж болно. Сакура, дал модтой зэрэгцэн ургаж, ёроолыг нь өнгө өнгийн алтан зул цэцэг эмжиж, уулын оройгоос урсах гол горхины чимээ хэн хүний нүд, сэтгэлийг баясгана. Их хотын хэмнэлээс хэсэгхэн холдож, Кавказ орны онгон дагшин байгалийг үзэх гэсэн жуулчдын хөл хөдөлгөөн цэцэрлэгт хүрээлэн рүү тасрахгүй.

Эртний болоод шинэ цагийн Тбилиси хот Солалаки уулаар зааглагдана. Уулын орой дээр  Гүржийн эх хөшөө сүндэрлэнэ. Нэг гартаа аягатай дарс, нөгөө гартаа сэлэм барьсан эмэгтэйг дүрсэлсэн 20 метрийн өндөртэй энэ хөшөөг 1958 онд Гүрж улсын нийслэлийн 1500 жилийн ойд зориулан босгожээ. Хөшөөний ойроос Тбилиси хотыг бүхэлд нь харж, хот дундуур урсах Кура гол дээгүүр агаарын дүүжингээр аялах боломжтой. Голын хоёр эргийг архитектурын өвөрмөц шийдэл бүхий “Дэлхийн гүүр”-ээр холбожээ. Солалаки уулын эсрэг талд Саакашвили Ерөнхийлөгчийн үед баригдсан шинэ Төрийн ордон сүр бараатай харагдана.  

Жуулчдын сонирхлыг татдаг өнө эртний соёлыг харуулсан ховор нандин өв бол “Дзвели Калаки” юм. “Хуучин Тбилиси”, “Эртний хот” гэж нэрлэх нь элбэг. Солалаки уулын хормойд Тбилиси хотын анхны байшин, гудамж бий болж хотын түүх эхэлжээ. Хуучин хотын байшин барилга, гудамж тэр л цагийн хэвээрээ, элээж ирсэн он жилүүдийн түүхийг өгүүлэн дүнсийнэ. Цонх, хаалга, тагтны нарийн хээ урлал одоо хэр хээнцэр чамин байдлаа алдаагүй аж. Чулуун замтай, хачин нарийн гудамжнууд нь эрт үеийн лабиринтийг санагдуулна. Орон зайгаар шилжин өнө эртэд очсон мэт оюун бодлыг төөрөгдүүлэх нь гайхалтай. Хуучин Тбилиси хот чамин үзмэртэй музей мэт.

Кавказын нурууг дэрлэн сунах Гүрж орны нийслэлТбилиси хотод шулуун гудамж тун ховор. Уулыг ухаж нүхлэлгүй, модыг тайрч хаялгүйгээр байшин, зам, гүүрийг урлагийн бүтээл мэт урлаж болдгийн тод жишээ энэ хот юм. Хотоосоо ч илүү насыг элээсэн аварга модод эртний түүхт Тбилиси хотын үзэмжид улам ч өнгө нэмнэ. Дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд хэдийнэ зун цаг ирж, хотын гудамж бүхэлдээ ногоон модод, өнгө алагласан цэцгэнд умбажээ. Гудамжаар цэцгийн худалдаачид хаяахан таарах агаад цэцгийн баглаа худалдан авах эрчүүдийн энгийн соёл энд гээгдээгүй аж.   

Уулан дээр баригдсан хот гэхэд авто замын түгжрэл үгүй. Нийтийн тээвэр маш сайн хөгжжээ. Автобуснууд буудлын самбар дээр заасан цагаасаа нэг ч минут хоцрохгүй юм. Аливаа хотын хөгжлийг тольдохын тулд нийтийн унаагаар нэг удаа ч гэсэн зорчиж үзэх хэрэгтэй гэж мэргэжил нэгт, Азербайжаны сэтгүүлч Русал хэлж билээ.

Дээгүүр, доогуур сүлжилдсэн давхар замууд, түүнд зохицуулсан явган хүний гарцыг байгуулахдаа байгалийн хад чулууг тэр чигээр нь ашигласан нь хотын бас нэгэн үзмэр гэлтэй. Ийм нэгэн гүүрэн дээр нэрт яруу найраг А.С Пукшин нэгэн цагт энд ирснийг гэрчилсэн самбар өлгөжээ.

Шинэ Тбилиси хотын төвд зочид буудлын барилгуудыг эс тооцвол тэнгэр баганадсан, ганган хээнцэр байшин ховор юм. Дөнгөж баригдаж эхлээд буй бололтой арзгар сарзгар дутуу барилга энд тэндгүй. Хуучны ЗХУ-ын үеийн хотын бүтээн байгуулалтын хэв маяг, барилга архитектурын шийдэл шингэсэн хорооллууд тэр чигээрээ түүх болон хадгалагдан үлджээ. Гэлээ ч хүүхэд залуучуудын хөл хөдөлгөөнд дарагдсан Mc Donalds, Burger King, KFC сүлжээ, Gucci, LV, Prada-гийн дэлгүүрүүд, казиногийн чамин хаягтай газрууд, жуулчдын хөл үл тасрах зоогийн газрууд гээд Гүрж улсын нийслэл дэлхийн хөгжил рүү яарч явна.

Гүрж нь ашигт малтмалын нөөц, баялаг ховортой. Уул уурхайн үйлдвэрлэл гэж бараг үгүй. Харин хил залгаа Азербайжан улсын төсвийн 60%-ийг бүрдүүлэх газрын тосны экспортын тээврийг газар нутгаараа дамжин өнгөрүүлснээс Гүрж улс багагүй орлого олдог. Орос улсаас Армени руу экспортлох байгалийн хийг газар нутгаараа тээвэрлэсний төлбөрт 10%-ийг нь дотоодын хэрэгцээндээ нийлүүлдэг. Өндөр уулын гол усны нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээндээ зориулдаг. Өнөөдөр тус улс нь дэлхийн зах зээлд жимсний төрөл бүрийн дарс, алдарт Боржоми эрдэс усаа нийлүүлж байна.

Засгийн эрхэнд Михаил Саакашвили гарч ирснээр тус улсын эдийн засаг тэлж, дэлхийн зах зээлд ойртох чухал алхмууд хийгдсэн гэж үздэг. Тэдгээрийн нэг нь бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр татварын уяан хатан бодлого нэвтрүүлсэн юм. Ингэхдээ татварын 20 гаруй төрлийн тэн хагасыг нь цуцалж, үлдсэнийг нь бүгдийг 50%-иар бууруулж, онлайнаар төлөх нөхцөл бүрдүүлжээ. Үр дүнд нь тус улсад гадаад, дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа илт идэвхжсэн байна. Тус улсад бизнесээ нээхээр Азербайжан, Орос, Хятадаас олноор зорин ирдэг. Дэлхийн улс орнуудын бизнесийн таатай орчны чансааг тогтоодог “Doing business 2016” судалгаагаар Гүрж улс 24 дүгээрт эрэмбэлэгджээ. Европ болон Дундад Азийн орнуудаас шилдэг дөрөвт тооцогдож, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд хамгийн идэвхтэй шинэчлэл хийж буй улс хэмээн тайланд онцолсон байна.

Гэвч хуучин ЗХУ салан задарсны дараа ч, төрийн эрх барьж байсан Шеварднадзе, Саакашвилигийн аль алиных нь үед ч ажилгүйдэл өнөө хэр гол асуудал хэвээр байгааг иргэд өгүүлж байна. Хөрөнгө мөнгөтэй, жаахан сүйхээтэй нь хувийн бизнес эрхэлж, харин чадал муутай нь Москва болон хилийн чанад руу ажил хийхээр явдаг байна. Өнөөдөр гүржүүд нутагтаа дунджаар 400 ам.долларын цалин авч байна. Энд 1 ам.доллар Гүрж улсын мөнгөн тэмдэгт 2340 ларитай тэнцэнэ. Тбилиси хотын томоохон дэлгүүр, жуулчны төв гудамжаар хог ухаж, гуйлга гүйх хүүхэд, хөгшчүүлтэй цөөнгүй таарна.

Гүрж улсын Төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдсон Михаил Саакашвили Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний дөрвөн жилд эрч хүчтэй, идэвх зүтгэлээр дүүрэн ажиллаж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээж чаджээ. Харин улиран сонгогдсон дараагийн дөрвөн жилдээ “мафийн толгойлогч” шиг аягласан талаар ярих нэгэн ч байна. Тэрээр өдгөө эх нутагтаа ирэх эрхгүй болж, Голланд улсаас төрийн орогнол хүсч, тэндээ амьдарч буй. Гэсэн хэдий ч Гүрж улсыг өнөөгийн хөгжилд хүргэхэд чамлахааргүй их зүйл хийснийг мартаагүй,  талархах иргэд хавьгүй олон ажээ.
       
Шинэ Торгоны зам...Хилийн чанад дахь цөөнгүй томилолтуудын маань зорилго өөр өөр байсан хэдий ч тэр бүхэнд “Шинэ торгоны зам” дайран өнгөрөх зарим орнуудаар аялжээ. Энэ удаагийн томилолт маань Ази-Европ тивийг алс ирээдүйд холбох “торгоны” гэх тодотголтой замаар мөн л үргэлжлэн Турк улсаар дамжин Гүржийн нийслэл Тбилиси хотноо хүрсэн юм.


Сэтгэгдлийг ачааллаж байна ...