Эгзэгтэй цаг мөчид эргэцyyлэн тунгаах ухаанаар хандах нь: тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР 2017

ЭГЗЭГТЭЙ ЦАГ МӨЧИД ЭРГЭЦYYЛЭН ТУНГААХ УХААНААР ХАНДАХ НЬ: ТАЙВАН, ШУДАРГА, БҮХНИЙГ ХАМАРСАН НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ

ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН БАРИМТ БИЧИГ

Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн тоо буурч, ашиг орлого нь тогтворгүйжин, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хоорондын хэлхээ холбоо тасарч буй талаарх маргаан дэгдэж буй өнөө үед 2016 онд улс төрийн хэд хэдэн гол үйл явдлын мэдээ сурвалжлагад худал хуурмаг мэдээлэл илэрсэн нь хэвлэл мэдээллийн салбар дахь нэн шинэ анхаарал татахуйц асуудал болоод байна. Файнаншиал Таймс сонины сэтгүүлчийн ажигласнаар, “сонины хэвлэлт буурч, онлайн хэвлэл мэдээлэлд шилжиж буй нь тэд байдагаа шавхан, мэдээллийн асар их урсгал дунд, сэтгэмж ухаанаа уралдуулан, нууц мэдээ илчлэн задруулах, хуйвалдааны онол, энэрэнгүйн болон үзэн ядалтын илэрхийлэлтэй хамт хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна.”

Гэсэн хэдий ч бэрхшээл бүхэн боломжийг дагуулдаг. Нью Йорк Таймсын Жим Рутенберг 2016 онд газар авсан худал хуурмаг мэдээллийн тэсрэлт үнэн бодит мэдээ, мэдээллийн үнэлэмжийг дээшлүүлэхэд нэн ач тустай гээд “Хэрэв тийм бол, энэ нь сэтгүүл зүйг аврагч агуу сэтгүүл зүй байх болно” гэв. Өнөөдөр жинхэнэ шүүмжлэлт, баримтад тулгуурласан сэтгүүл зүй урд өмнөхөөс илүү шаардлагатай байна.

Ийм сэтгүүл зүй чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн таатай орчин бүрдсэн цагт л хөгжинө. Ийм орчинд хэвлэл мэдээлэл нь тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэх хязгааргүй боломжийг бүрдүүлдэг. 2009 онд амиа хөнөөлгөсөн Шри Ланкийн сэтгүүлч Ласанта Викрематунге нь чөлөөт хэвлэлийг тодорхойлохдоо, олон нийтийг толинд будаг шунхгүй нүүр царайгаа харахтай зүйрлээд, үүнээс та улс үндэстнийхээ бодит нөхцөл байдлын талаар ойлгож, ялангуяа таны үр хүүхдэд гэрэлт ирээдүй бэлэглэхээр таны сонгосон тэр л хүмүүсийн үйлдлийг харж болно” гэжээ.

Сайн засаглал, тогтвортой хөгжилд гүйцэтгэх хэвлэл мэдээллийн үүргийг 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын 193 улс орны баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-аар хүлээн зөвшөөрсөн. 2000 оноос 2015 он хүртэл Олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжлийг хөтөлсөн Мянганы хөгжлийн зорилт (МХЗ) нь хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн талаар тодорхой заалт тусгаагүй боловч ТХЗ-аар олон нийтийн мэдээлэл авах эрх, үндсэн эрх, эрх чөлөө, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын чухлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлыг ТХЗ-ын 16 дугаар зүйлээр “Амгалан тайван, бүх нийтийн оролцоог хангасан хуульт ёст нийгмийг цогцлоож, үр нөлөөтэй, хариуцлагатай, оролцоо бүхий чадварлаг институцийг бүх шатанд бий болгох” хэмээн заасан. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн явдал нь маш чухал ач холбогдолтой, учир нь ТХЗ ирэх 15 жилд ядуурлыг эцэслэх, шударга бус явдалтай тэмцэхээс эхлээд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх хүртэлх нийгэмд хамгийн ихээр тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн улс орнуудын үйл ажиллагааг чиглүүлнэ.

Гэсэн хэдий ч, Африкийн Хүний болон ард түмнүүдийн эрхийн комиссын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч Фейт Панси Тлакула нь “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрх нь зөвхөн цаасан дээр бус бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд маш хүчтэй хүсэл эрмэлзэл шаардлагатай” -г бидэнд сануулсан. ЮНЕСКО-гийн хувьд ТХЗ-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь боловсролын хүртээмж, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, бүхнийг хамарсан нийгэм, хүрээлэн буй орчны хамгаалалт, энх тайвныг хөхиүлэн дэмжих тогтвортой хөгжлийн зорилтын бүхий л хүрээнд урт хугацааны, эерэг үр нөлөө авчрах чадавх бүхий, бүхнийг хамарсан, мэдлэгжсэн нийгэм цогцлоохоос хамаарна. Энэ бүхнийг буй болгоход чөлөөт, олон ургальч, хараат бус сэтгүүл зүй голлох үүрэгтэй.
Дээрх асуудалтай холбогдуулж, 2017 оны ДХЭЧӨ ТХЗ-ын 16 дахь заалтыг амжилттай хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл үр дүнтэй хувь нэмэр оруулахын тулд чөлөөт, чанартай сэтгүүл зүйг бэхжүүлэхийн чухлыг онцолж байна. Нэн ялангуяа, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шударга ёсыг бүх нийтэд хүртээх, эрх зүйт ёс болон бүхнийг хамрах асуудлын харилцан хамаарал, хэлхээ холбоог хэлэлцэнэ.

1. ШУДАРГА ЁСЫГ БҮХ НИЙТЭД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ,
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН УГТВАР НӨХЦӨЛ МӨН


Эрх зүйт ёс нь ардчилсан, бүхнийг хамарсан нийгмийн салшгүй хэсэг юм. Энэ нь суурь эрх, эрх чөлөөг сахин хамгаалж, хүн бүр, аж ахуйн нэгж бүрт хүртээмжтэй байна. Энэ нь нийгмийн оролцогч тал бүр өөрийн үйлдлийн төлөө хариуцлага хүлээх үйл явц юм. Нийгмийн сул дорой институцууд, сул дорой шүүх засаглал, шударга ёсоор гачигдах нь тогтвортой хөгжилд ихээхэн саад тотгор болдог. Эрх зүй, зохицуулалтын орчин тааламжгүй байх нь олон нийтийг ардчилсан үйл явцад итгэх итгэлийг алдагдуулж, тогтвортой ирээдүйнхээ төлөө зүтгэх боломжийг хязгаарлана. Иймээс 2030 он хүртэлх ТХЗ-ын 16.3 дугаар зүйлд “үндэсний, олон улсын түвшинд эрх зүйт ёс, бүх нийтийн шударга ёсны хүртээмжийг хөхиүлэн дэмжих” -ийг заасан.

Гагцхүү хэвлэл мэдээлэл чөлөөт, хараат бус, олон ургальч байсан цагт эрх зүйт ёсыг бүрэн сахин хүндэтгэж, хэрэгжүүлнэ. Үүнд эрэн сурвалжлах сэтгүүл зүй улс төр, эдийн засаг дахь авлига, хууль бус үйлдлийг илчилснээр асар их үүрэгтэй. Гагцхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөг сахин хамгаалахуйц эрх зүйн орчин бүрдсэн цагт л ийм төрлийн хэвлэл мэдээлэл хөгжих боломжтой. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл болоод үр дүнтэй шүүх засаглал нь ардчиллын тулгуур болоход хамтын үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү харилцаа холбоо нь ёс зүйт, мэргэжлийн хэм хэмжээг баримтлагч сэтгүүл зүйн оролцогч талуудыг оролцуулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний үр шим цэцэглэх суурь дэд бүтэц нь болдог.

Сэтгүүлчид, сахин хүндэлсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний гол хэрэглэгчид болоод зогсохгүй нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг мөрдөн сахих, хөхиүлэн дэмжих хэм хэмжээний бэлгэдэл болдог. Сэтгүүлчид хараат бусаар ажиллах, эмзэг сэдвийг сурвалжлан мэдээлэх боломж бүхий эрх зүйн орчинд ажиллаж байна уу? Сэтгүүлчид мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний улмаас мөрдлөг хавчилтад өртөж байна уу? Сэтгүүлчдийг хамгаалах ямар механизм байдаг вэ? Сэтгүүлчдийн эсрэг халдлага, зөрчлийг хэр үр дүнтэй мөрдөн шалгадаг вэ? Дэлхий даяарх сэтгүүлчдийн аюулгүй байдлын дүр зураг урам хугалж байна. 2016 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба ял шийтгэлгүй үлдээх асуудлын аюул заналын талаарх тайлан илтгэлдээ онцолсноор, сүүлийн 10 гаруй жилийн турш 827 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын амь насыг хөнөөсөн. Хамгийн түшгүүртэй нь эдгээр хэргийн зөвхөн 8 хувь нь шийдвэрлэгдсэн байна.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буй нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахад гол саад тотгор болж байна. Зохих ёсны хуулийн арга хэмжээ дутагдаж буй нь хүчирхийллийн тойргийг мөнхөлж, өөрийн цензурээр дамжуулан айдас хүйдэс бий болгодог тул нийгмийн гишүүн бүрт сөргөөр нөлөөлдөг. Түүгээр үл барам, олон нийтийн эрх ашигт нийцсэн шүүмжлэлт дуу хоолойг боогдуулж, мэдээлжсэн мэтгэлцээнийг нухчин дардаг.

2012 оноос хойш ЮНЕСКО-гийн нөлөө бүхий “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө” дээрх цогц асуудлыг шийдвэрлэх олон талт оролцогчдын нэгдмэл талбар юм. Дэлхийн норматив талбарт гол ахиц гарсан. Сэтгүүлчдийг хамгаалах асуудлыг дэмжихэд чиглэсэн улс төрийн идэвх чармайлт, олон нийтийн мэдээллийн хүртээмжийг хангах нь бүхий л түвшинд чухал асуудал болсон. Нэн ялангуяа олон улсын болон бүсийн чуулга уулзалтуудаар сүүлийн жилүүдэд уг асуудлаар баталсан олон тооны тогтоолоос харж болно.

Сэтгүүлчдийн цахим аюулгүй байдал, шифрлэлт, цахим эрин дэх нууц эх сурвалжийн хамгаалалтын асуудал хурцаар тавигдаж байна, энэ асуудлыг нэн ялангуяа сэтгүүл зүйн сургуулиудын хөтөлбөрт тусгах шаардлагатай. Олон улсын хамтын нийгэмлэг сэтгүүлчдийн аюулгүй байдалд хандуулах анхаарлаа нэмэгдүүлсний бас нэг жишээ бол 2030 он хүртэл ТХЗ-ын “үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу олон нийтийн мэдээлэлд хамрагдах эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах” тухай 16.10 дугаар заалтын хэрэгжилтийн ахицыг үнэлэхэд чиглэсэн ТХЗ-д сэтгүүлчид, тэр дундаа хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийнхний эсрэг үйлдсэн халдлага, зөрчлийг нягтлан үзэх тухай үзүүлэлт оруулсан явдал юм.

Эрх зүйт ёсыг дээдлэх зарчим нь үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө нь хянагч, ашиг шим хүртэгчийн үүргийг аль алиныг нь гүйцэтгэх шударга ёсыг бүх нийтэд хүртээмжтэй нийцүүлнэ. Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буй хэргийн тоо баримтын хүлээн зөвшөөршгүй өндөр үзүүлэлт нь хууль сахиулагчидтай, нэн ялангуяа үндэсний түвшинд нягт хамтран ажиллах шаардлагатайг илтгэж байна. Бүх нийтээр мөрдөх Засгийн газар хоорондын байгууллагуудын тогтоосон хэм хэмжээ, бодлого чиглэлээр үндэсний хууль тогтоомжийг бэхжүүлэх боломжтой. Сэтгүүлчдийн эсрэг халдлагаас урьдчилан сэргийлэх, ял шийтгэлгүй үлдээх асуудалтай тэмцэхэд үндэсний хэмжээний хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах механизм бий болгох чиг хандлага бий болж байна.

Дэлхий даяарх шүүхийн тогтолцоог үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад гол анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. 2030 онд хүртэлх ТХЗ-ын бүх нийтийн шудрага ёсны төлөөх уриалга нь хэвлэл мэдээллийн аюулгүй орчинг хангах гурван “P” хандлагын бүх бүрэлдэхүүн хэсэгт хамааралтай. Үүнд, хэвлэл мэдээллийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, аюулд өртсөн сэтгүүлчдийг хамгаалах, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдэгчдийг мөрдөн шалгах асуудал багтана. Эрх зүйт ёсыг дээдэлж, хүн бүрт шударга ёсыг хангасан цагт гагцхүү хүн бүрт гэрэлтэй, тогтвортой ирээдүйг нь бий болгох цаашдын үйл явцад ахиц дэвшил гарна.

Эргэцүүлэн тунгаах асуудал

• Эрх зүйт ёсыг дээдлээгүй цагт бид суурь эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалах вэ?
• Нийгэмд суурь эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг бүх нийтэд хүртээхэд саад тотгор болж буй зүйлс юу вэ?
• Сэтгүүлчдийн аюулгүй байдалд тусгайлан хандсан үндэсний механизмыг хэрхэн хөхиүлэн дэмжих вэ?
• Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, шүүх засаглал, хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн аюулгүй байдал, нэн ялангуяа тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх вэ?
• Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар шүүх засаглалын байгууллагуудын чадавх бэхжүүлэх ямар үйл ажиллагаа шаардлагатай вэ?
• Хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг үр дүнтэйгээр хуулийн хүчинтэй болгохыг бид хэрхэн баталгаажуулах вэ?

2. ЭНХ ТАЙВАН, ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛД ХӨТЛӨГЧ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ НЬ

2030 он хүртэлх ТХЗ нь хүчирхийллийн бүхий л төрлийг эрс бууруулах, засгийн газар, олон нийтийн зөрчилдөөн, аюултай байдлыг гэтлэх гарц, шийдлийг олохыг зорьсон. Энх тайван, тогтвортой байдал, хүний эрхийг дээдлэх, эрх зүйт ёсонд суурилсан үр нөлөө бүхий ил тод засаглал нь тогтвортой хөгжлийг хангахад нэн чухал. Зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, аюултай байдал нь ихэнх улс орны ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, боловсролыг дэмжих талаарх хөгжлийн зорилгод хүрэх хүчин чармайлтыг ноцтой дордуулж байна. Зөрчилдөөнт бүс нутагт бат бэх энх тайван, эдийн засгийн урт хугацааны хөгжлийн суурийг тавих бэрхшээлтэй.

Олон улсын түвшинд энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор Дэлхийн хоёрдугаар дайны сүйрлийн дараа 1945 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсч байгуулагдсан. Үүний адилаар, дүрмийнхээ дагуу ЮНЕСКО нь “боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөхиүлэн дэмжиж дэлгэрүүлэх замаар хэрэгжүүлэх, шударга ёс, эрх зүйт ёс, хүний эрх, суурь эрх чөлөөг бүх нийтээр сахин хүндэтгэхийн тулд улс түмнүүдийн хамтын ажиллагагаа хөхиүлэн дэмжих замаар энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулах” зорилготой.

Дэлхийн Банкны судалгаагаар, өдгөө хоёр тэрбум гаруй хүн сул дорой нөхцөлд, зөрчилдөөн, хүчирхийллийн улмаас хөгжил буурай улс оронд амьдарч байна. Дайны хор уршгаар хүний амь эрсдэхээс гадна бусад хор хөнөөл учруулж байна. Зөрчилдөөн, мөрдлөгө хавчлагын улмаас 60 гаруй сая хүн орон гэрээсээ дайжсан, тэр дундаа дүрвэсэн (19.5 сая), албадан нүүлгэлтэд өртсөн (38.2 сая) буюу орогнол хүссэн хүмүүс байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас дэд бүтэц, эдийн засаг сүйрч, хүнс, бусад нөөц түгээхэд саад учирч, нийгэм, улс төр, эдийн засгийн институциуд доройтож, тодорхой бус тогтворгүй байдал бий болно.

Зөрчилдөөнтэй, хямралтай нөхцөлд хэвлэл мэдээлэл голлох үүрэгтэй. Хараат бус, бодит, төвийг сахисан хэвлэл мэдээлэл нь сөргөлдөөнийг намжаах, олон талт яриа хэлэлцээг идэвхжүүлэх, зөрчлийг дарах хүчин чадалтай. Эсрэгээрээ, нэг талыг барьсан, худал хуурмаг мэдээ, мэдээлэл хүчирхийллийг гүйнзгийрүүлэх уршигтай. Суртал ухуулгын зорилгоор урвуулан ашигласан хэвлэл мэдээлэл нь үзэн ядалтыг турхирч, цуурхал тараахад нөлөөлнө.

Энэ нь сэтгүүл зүйд, нэн ялангуа зөрчилдөөнт нөхцөлд ёс зүйн, мэргэжлийн хэм хэмжээг нэвтрүүлэхийн чухлыг харуулж байна. ЮНЕСКО олон жилийн турш зөрчилдөөн үүсэх үндсийг тодорхойлохын тулд задлан шинжлэх, түүнийг тэжээн тэтгэж буй хүчин зүйлийг илрүүлэх, сөргөлдөгч талуудын хоорондын үл ойлголцлыг арилгах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг тайлбарлан таниулах, тохиролцолд хүргэхэд дэм болох харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжих ур чадвар шаардсан зөрчилдөөний мэдрэмжтэй мэдээ, сурвалжлагыг идэвхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн, зөрчилдөөн, хямралтай нөхцөлд сэтгүүлчдэд тулгарах эрсдэл эрс нэмэгддэг. Зарим нь шөргөн галд өртөж, нөгөө хэсэг нь санаатай довтолгооны бай болдог. Сүүлийн 10 жилд бусдын гарт 827 сэтгүүлч амь насаа алдсаныг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал зэмлэн буруушаасан. 2014-2015 онд амиа алдсан сэтгүүлчдийн 60 хувь нь зэвсэгт мөргөлдөөн гарсан бүс нутагт үрэгджээ. Зөрчилдөөнт нөхцөлд сэтгүүлчдэд тулгардаг эрсдэлийг шийдвэрлэх нь 2012 онд батлагдсан Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг зорилт мөн. Энэ нь сэтгүүлчдийг хамгаалах, мөн хямрал, зөрчилдөөний үед нийгмийг бүхэлд нь үнэн зөв, амин чухал мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой.

Дайны хажуугаар Ирак, Левант дахь Исламын улс, Аль Каида, Боко Харам зэрэг террорист болон хэт даврагч бүлгүүдийн өдөөсөн хүчирхийлэл, хэт туйлшрал тархаж буй нь энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, шударга ёсонд ноцтойгоор заналхийлж байна. Эдгээр бүлгүүд дэлхий нийтэд шашны, соёлын, нийгмийн асуудлаар хэт улайрсан мэдэгдэл тараахдаа нийгмийн сүлжээг ашиглаж байна.
Цахим эринд мэдээлэл авах, мэдлэг бүтээх, түүнийгээ хуваалцах, соёл хоорондын яриа хэлэлцээ, солилцоог дэмжих боломж нэмэгдсэн. Гэсэн хэдий ч онлайн дахь үзэн ядалтаас үүдэлтэй үг хэл өсч буй нь цахим технологи мөн олон асуудал бэрхшээлийг дагуулж буйг харуулж байна. Үүний нэг нь онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон эрх тэгш байдал, хүний эрхэм чанарыг сахин хүндэтгэх асуудлыг зөв тэнцвэржүүлэх явдал юм.

Онлайн дахь үзэн ядалтаас үүдэлтэй үг хэл, хүчирхийлэлд уриалан дуудсан хэт туйлширлын эсрэг тэмцэхэд агуулгыг хориглох, хаах зэрэг арга хэмжээнээс илүүтэйгээр нийгэмд үүссэн хурцадмал байдал, зөрчилдөөн бий болсон шалтгааныг үндсээр нь шийдвэрлэхэд чиглэсэн нэгдмэл хандлага бий болгохыг шаардаж байна. Ялгаварлан гадуурхалт, дайсагнал, хүчирхийллийг өдөөн турхирсан үндэсний, арьс өнгөний, шашны өш хонзонд нөлөөлсөн үйл ажиллагааг хориглох тухай Рабатын Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэвлэл мэдээлэл үүнд гол үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл нь хүлээцтэй байдал, яриа хэлэлцээ, эргэцүүлэн тунгаах сэтгэлгээг бэхжүүлэхэд дэм болохуйц олон түмний дуу хоолой, санаа бодол, байр суурийг илэрхийлэх талбар бий болгох чадалтай. Мөн түүнчлэн хэт туйлшрал, болзошгүй хүчирхийллийг дэврээсэн мэдээ, мэдээллийн санаа бодлыг үгүйсгэх зорилгоор сөрсөн мэдээ, мэдээлэл түгээх боломжтой. Туйлшрал, болзошгүй хүчирхийлэл, хэт даврах үзэлтэй тэмцэхэд чиглэсэн стратеги нь мөн эмэгтэй сэтгүүлч, улс төрч, хувь хүмүүсийн эсрэг удаа дараа онлайнаар үйлдэж жендэрт суурилсан халдлага, хүчирхийлэл доромжлолын асуудлыг шийдвэрлэхэд шууд чиглэгдэх ёстой.

Эцэст нь, хэт даврах үзэлтэй тэмцэхэд интернэтийн мэдээллийг удирдан чиглүүлэх, үзэн ядсан, өдөөн турхирсан мэдээ мэдээллийг залруулах, үл зөвшөөрөх, хариу үйлдэл үзүүлэхэд шаардлагатай ур чадвараар хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийг хүчирхэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Нийгэмд хэвлэл мэдээлэл, мэдээллийн эрдмийг бэхжүүлэх нь Гишүүн улс бүрийн 2030 он хүртэлх ТХЗ-д хүрэх хүчин чармайлтын гол зорилт байх ёстой.

Эргэцүүлэн тунгаах асуудал

• Энх тайвны соёлыг бодит болгоход хэвлэл мэдээллийн боломжийг хэрхэн дайчлах вэ?
• Сөрөг үүрэг гүйцэтгэгч, өөрөөр хэлбэл зөрчилдөөнийг дэмжигч хэвлэл мэдээллийн улмаас гарах эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?
• Терроризмтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд засгийн газруудын хариу үйлдлийн тэнцвэрийг хэрхэн хангах вэ?
• Онлайн дахь үзэн ядалтаас үүдсэн үг хэлтэй тэмцэхэд хуулийн болон бусад зохицуулалтын арга хэмжээг хэрхэн хослуулах вэ?
• Хэвлэл мэдээлэл, мэдээллийн эрдэм нь хэрэглэгчдийг онлайн, офлайн дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар мэдлэг ойлголттой болох, түүнийг эдлэхэд хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

3. ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ,
МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БҮХНИЙГ ХАМАРСАН НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ


Цахим технологи хөгжихийн хэрээр мэдээллийн урсгал асар ихээр нэмэгдэж байна. Дэлхий нийтээр 21 дүгээр зуунд урагшлан дэвшихийн хэрээр мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах нь олон нийтийг хэвлэл мэдээлэлд идэвхтэй оролцох боломж олгосон. Нийгмийн сүлжээний тусламжтайгаар өрнөж буй нээлттэй мэтгэлцээн нь мэдээлэл хайх, хүлээн авах, түүнийгээ хуваалцах олон жишээний зөвхөн нэг хэсэг юм. Олон нийт цахим технологийн ачаар хэвлэл мэдээллийн үйл хэрэгт оролцох боломжтой болсон нь соёл хоорондын яриа хэлэлцээг ардчилах боломж олгосон.
Мэдээлэл, харилцаа холбоо нь дэлхийн өнцөг булан бүрт хүрч, бүх нийтийг хамран, интернэтийн сүлжээнд холбогдсон хүн бүрт дуу хоолойгоо илэрхийлэх боломж олгодог. Гэсэн хэдий ч мэдээллийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр дээр өгүүлсэн онлайн дахь үзэн ядалтаас үүдэлтэй үг хэл гаарч буй нь интернэтийн зуучлагчдын үүрэг хариуцлага, эх сурвалж илчлэгдэх эрсдэл, цахим аюулгүй байдалтай холбоотой сэтгүүлчдэд тулгарах бэрхшээл зэргийг дурдах нь зүйтэй. Мэдээлэл түгээх эрх, мэдээллээ нууцлах эрхийг зохистой тэнцвэржүүлэхтэй холбогдуулан мэдээлэл авах эрхийг ил тод байдал, түүний гүйцэтгэх үүрэгтэй цогцоорнь авч үзэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.

Үүнээс гадна, онлайн, офлайн аль аль мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг арилгах, гадуурхагдсан хүн амд мэдлэгжсэн нийгэмтэй хөл нийлүүлэн алхах боломж олгоход чиглэсэн хүчин чармайлт шаардлагатай байна. Улс хооронд, улс орны хэмжээнд, мөн түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд мэдээллийн хүртээмжтэй байдлын асар их зөрүү нь Мэдээллийн эринд арга хэрэгслээр зохих ёсоор хангасан боловч төсөөлж байсанчлан хоорондоо нягт холбоотой ертөнцийг бий болгож чадсангүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүх нийтээр хангах, тогтвортой хөгжлийг өрнүүлэхийн тулд мэдээлэл ямар нэгэн хориггүйгээр бүх хүнд нээлттэй байх ёстой. Томоохон алхам хийхээс өмнө цахим эрдэм дутагдах асуудлыг бүрэн хэмжээгээр шийдвэрлэх шаардлагатай.

2030 он хүртэлх ТХЗ “Нийгмийн бүх давхаргын төлөөллийн оролцоотой, хариуцлагатай шийдвэр гаргах тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэх” -ийг зорьсон нь бүх нийтийн мэдээллийн хүртээмж бий болсон цагт хэрэгжинэ. Гагцхүү мэдээллээр хангагдсан, бүхнийг хамарсан нийгэм хувь заяагаа гартаа авч, нийгмийн байгууламжийн ардчиллын үйл ажиллагаанд оролцон, бат бэх энх тайван тогтоож, сайхан ирээдүйг бий болгож чадна.

Иргэдийг хүчирхэгжүүлснээрээ, мэдээллийн эрх чөлөө нь оролцоонд тулгуурласан ардчиллын тулгын чулуу болдог. Мөн эрх зүйт ёсыг дэмжигч хариуцлагатай, үр дүнтэй институциудыг хөхиүлэн дэмжихэд гол үүрэгтэй. Олон нийт хараа хяналт тавих замаар төрийн байгууллагуудын ил тод хариуцлагатай байдлыг хангах боломжийг иргэдэд олгодог. Мэдээллийн чөлөөт урсгал нь эрх баригчдад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийн сацуу мөн дээрх байгууллагуудын үр нөлөө, ил тод байдлыг сайжруулна. Бүхнийг хамарсан байдлыг хангах нь уламжлал ёсоор гадуурхагдсан, олон нийтийн яриа хэлэлцээнд оролцох, өрнүүлэхийг нь үгүйсгэж буй тэр л хүмүүсийг чадавхжуулна. ТХЗ нь нас, хүйс, арьс өнгө, үндэс угсаа, бэлгийн чиг баримжаа, биеийн чадвар, хэл соёл, эдийн засаг, нийгмийн байдлыг үл харгалзан хүн бүрт ижил тэгш боломж олгосон цагт гагцхүү бүрэн дүүрэн хэрэгжих боломжтой. Хүн бүр нийгмийн амьдралд бүрэн оролцох боломжоор хангагдсан байх ёстой. Хэвлэл мэдээлэл нь нийгмийн оролцоог хангахад чухал үүрэгтэй. Яриа хэлэлцээ өрнүүлэх, нийгмийн санаа бодол, байр суурийн олон талт байдлыг тусгах, мушгин гуйвуулалт, хэвшмэл ойлголтын асуудалд анхаарал хандуулахад тэдний бололцоог хөхиүлэн дэмжих шаардлагатай. Хэвлэл мэдээлэл дэх олон ургальч байдлыг хангах, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа энэ үйл явцыг тэргүүлэх ёстой. Ихэнх улс орны хэвлэл мэдээллийн салбарын хэмжээнд, мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн агуулгад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байна. Залуучууд, хэл, угсаатны цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмзэг бүлгийнхний оролцоог хангахад ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай.

Иргэдийн мэдээллийн хүртээмж дээшлэх явцад иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих, хязгаарлахыг завдах хандлага гардаг. Орон орны сэтгүүлч, блогчид буруу, бусармаг зүйл илчилснийхээ төлөө цөөнгүй эрсдэлтэй тулгарсаар байгаа бөгөөд олон нийтэд мэдээлсний улмаас амь насаараа хохирч байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөг хангах нь үр нөлөө бүхий ардчиллын үндэс суурь болж, тогтвортой хөгжилд хүрэхэд хувь хэмэр оруулдаг. Мэдээлэл харилцаа нь эерэг өөрчлөлтөд хөтөлж, эдгээр эрх чөлөөний бодит биелэл нь сэтгүүлчид байдаг.

ЮНЕСКО-гийн Интернэтийн нэгдмэл чанарын талаарх үзэл баримтлалаар тогтвортой хөгжлийн суурь болох мэдлэгжсэн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар бүхий бүх нийтийн оролцоог хангасан интернэтийн дөрвөн зарчмыг дэвшүүлсэн. Нийгмийн амьдрал интернэттэй улам бүр холбогдох тусам интернэтийн засаглал хүний эрхэд суурилсан, нээлттэй, хүртээмжтэй, олон талын оролцоог хангах зарчимд хөтлөгдөх нь нэн чухал байна.
2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ядуурлын бүх хэлбэрийг бүрэн устгах, эх дэлхийгээ хамгаалах, бүх нийтийг хөгжил цэцэглэлтэд хүргэх зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ нь бид бүхэнд бүгдэд чухал ач холбогдолтой дэлхий нийтийн хөтөлбөр юм. Гагцхүү хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийг дэмжсэн, хэвлэл мэдээллийн аюулгүй орчинг бий болгосон, мэдээллийн чөлөөт урсгалыг хангасан, бүхнийг хамарсан нийгэмд бүх нийтийн сайн сайхан ирээдүйг цогцлоох зайлшгүй нөхцөл бүрдэнэ.

Эргэцүүлэн тунгаах асуудал

• 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх хүчин чармайлтад олон нийтийн оролцоог хэрхэн хангах вэ?
• Мэдээлэл хайх, олж авах эрхийг хангахад хэвлэл мэдээлэл, мөн түүнчлэн нийгмийн бүхий л бүлгүүдийн баримтлах бүхнийг хамарсан ямар бодлого боловсруулах вэ?
• Үр дүнтэй, эгэх хариуцлага бүхий бүхнийг хамарсан институциуд нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ямар үүрэгтэй оролцох вэ?
• Суурь эрх чөлөөг хамгаалахад институциудын чадавх бэхжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд бид хэрхэн хамтран ажиллах вэ?

ДҮГНЭЛТ

Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжилд хүрэх шинэ алхам хийж буй энэ цаг үед 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийн гүйцэтгэх үүргийн чухлыг онцлон тэмдэглэх онцгой боломж олгож байна. Эдгээр суурь эрх, эрх чөлөөг тогтвортой хөгжилд хүрэх арга хэрэгсэл гэж үзэхийн сацуу мөн тогтвортой хөгжлийн зорилт хэмээн үзэж болно.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сэтгүүл зүйд тулгарч буй асуудал бэрхшээл өсөн нэмэгдэж буй энэ үед хүчирхэг сэтгүүл зүйг сахин хамгаалахын чухлыг сануулах ач холбогдолтой. Мөн түүнчлэн бүх гишүүн орнууд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийг бэхжүүлэх, мэдээллийн түгээмэл хүртээмжийг хангах чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа нийцүүлэхийг уриалах боломж олгож байна.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...