MMJ-ийн тэргүүн бичлэгийн эзэн тодров

Монголын уул уурхай, эдийн засгийн салбарын нэгэн жилийн өнгө аяс, амжилт бүтээл, ололт бэрхшээлийг ММJ-ийн хамт олон сэтгүүлийнхээ алтан хуудсанд мөнхлөн үлдээсэн 2016 он улиран одлоо. 

Хийж бүтээхийн оргилуун хүсэл тэмүүллээр жигүүрлэн,  сэтгүүл зүйн эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа манай хамт олон уламжлал ёсоор “Оны тэргүүн бичлэгийн эзэн”-ээ  тодруулсан юм.

Уул уурхай, эдийн засгийн салбарт өрнөж буй үйл явдлуудыг гярхай ажиглан,  шинжээчийн үнэн зөв дүгнэлт хийж, олны анхаарал татсан  жинтэй нийтлэлүүдээрээ ялгардаг сэтгүүлч С.Болд-Эрдэнэ The Mongolian Mining Journal-ын 2016 оны Тэргүүн бичлэгийн шагналыг хүртлээ.

Тэрээр  2016 онд Тавантолгой ордын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, Монголд ашигтай хувилбараар ажиллуулах тодорхой саналууд бүхий “Эрдэнэс Тавантолгойг элгээр нь хэвтүүлэх эцсийн сум”, “Эрдэнэс Тавантолгой Энержи Ресурс хоёрын нэгдэл хэзээ вэ?, Тавантолгой дахь гал намдаах шийдэл” цуврал нийтлэлүүд, макро эдийн засгийн асуудлыг хөндөж, шийдэл хайж, тодорхой санал дэвшүүлсэн “Ломбардын хүү”, “Сайн уу, Стэнд бай” зэрэг нийгмийн анхаарлын төвд хүргэсэн нийтлэлүүд бичсэн юм. 

Түүний  бүтээлүүд баримтгүй хийрхэх, аль нэг талыг баримтлахаас зайлсхийж, эерэг сөрөг үр дагаврыг харьцуулан анализ хийж, хандлага гаргахдаа гарц хайсан, сэдвээ мухарлатал явсан сэтгүүлчийн ажиллагаа, мэргэжлийн ур чадвараараа ялгардаг.

Ялангуяа “Сайн уу, Стэнд бай” нийтлэл нь өнгөрсөн хугацааны үйл явдлыг дүгнэн, ирэх цагийн учирч болзошгүй эрсдэлийг таамаглан бичсэн нь цаг хугацааны эрхээр улам бодитой болж байна. Энэ нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр мэргэшин ажиллаж буйн давуу талын тод илрэл юм.  
Сэтгүүлч С.Болд-Эрдэнэ 2013 онд шилдэг нийтлэлүүдээрээ The Mongolian Mining Journal-ын “Тэргүүн бичлэгийн шагнал”-ыг хүртэж байсан билээ.

Г.Идэр

Сэтгэгдлийг ачааллаж байна ...