Замын амлалт завсарлах болсон нь хэн гуайн гавьяа вэ?

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2016” төслийн Уралдааны шалгаруулалтад ирсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

Говь-Алтай аймгийн "Алтайн мэдээ" сонины сэтгүүлч Э.Нарангэрэл














Зам дагаж хөгжил гэдэг.Говь нутагт үйл ажиллагаа явуулж буй “Таян нуур”-ын уурхайн бүтээн байгуулалт сайхан харагдах ч саарыг бас л дагуулсаар.Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь уул уурхайн салбар билээ.  “Алтайн Хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таяннуурын төмрийн хүдрийн ордод эрэл үнэлгээ, хайгуулын ажлыг явуулж, улмаар 2008 оны 3 дугаар сард нарийвчилсан хайгуулын тайланг Үйлдвэр, худалдааны Яамны дэргэдэх Эрдэс баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцүүлэн В зэрэглэлийн 6.4 сая тонн, С зэрэглэлийн 10.0 сая тонн төмрийн хүдрийн нөөц, Р1 зэрэглэлийн 30.2 сая тонн баялгийг Улсын нөөцийн бүртгэлд бүртгүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уг ордод ашиглалт явуулах 13527А, 15377А тоот лицензийг эзэмшиж байгаа бөгөөд ордын В зэрэглэлээр бүртгэгдсэн нөөц дээр байгуулах уурхайн “Техник-Эдийн  Засгийн  Үндэслэл”-ийг 2010 оны 9дүгээр сард ШУТИС-УУИС-ийн “Уул Уурхайн Төсөл Судалгааны Төв”-д боловсруулан, 2008, 2010 онуудад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-г “Газар Эко” ХХК-иар, 2012 онд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол”-ын ажлыг “Мон газар экологи” ХХК-иар хийлгэсэн байна.

Тус уурхай 2011 оноос үйл ажиллагаагаа жигдрүүлэн олон ажлын байрыг бий болгосон төдийгүй хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлага нэрийн дор Цээл сумын ард иргэдийн аж амьдралд тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хэдий ч нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх томоохон асуудлыг орхигдуулаад байна хэмээн орон нутгийн иргэд санал хүсэлтээ холбогдох газарт нь уламжилдаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй байна. Тэдгээрээс нэгээхэн жишээ болгон уурхайн үйл ажиллагаа, төмрийн хүдрийн тээвэрлэлттэй холбоотой замын асуудлыг товчхон хөндье.

Уул уурхай гэж ярихад л өнөөх хүнд даацын машин техник, тоос шороо нүдэнд үзэгддэг. Таяннуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт бүрэн хийгээгүй, уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс, бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, үзэгдэх орчин бүдгэрснээс болж авто замын осол аваар 2012-2014 онуудад үе үе гардаг байсан. 2015 оноос “Алтайн хүдэр” ХХК-ий борлуулалт буурсантай холбоотойгоор тээвэрлэлт бараг хийгдээгүйгээс тоосжилт мөн буурсан гэх сайхан мэдээг нутгийнхан дуулгасан. Сумын иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу “Алтайн хүдэр” ХХК  2013 онд “Таяннуурын уурхай”-аас бургастайн боомт хүртэлх 168.3 км цемент бетон хучилттай авто зам тавихаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээг “Начурал састайнавлэ” ХХК-иар хийлгэсэн аж. Энэхүү замын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 50 км тавигдаж 50 хувьдаа ч ороогүй байгаа нь харамсмаар.

Нутгийн иргэд ч “Алтайн хүдэр”-ийнхний хатуу хучилттай зам тавина гэдэг амлалтанд итгэхээ ч байж. Иймээс замын гүйцэтгэлийн ажил болон үүнтэй холбоотой бусад асуудлын талаар аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Авто замын улсын байцаагч н.Мөнхөөжаваас тодрууллаа:“Алтайн хүдэр ХХК-ий хүдэр тээвэрлэлтийн 168 км замын  хатуу хучилт 2012, 2013 онуудад 50 км замд хатуу хучилт хийгдсэн байна. Хатуу хучилтын суурь 80 гаруй км-т хийгдсэн. Үлдсэн 110 гаруй км нь ердийн шороон  замаар тээвэрлэлт хийгдэж байгаа.

Тус  замын  байдалтай 2016 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч н.Баасанжаргалаар ахлуулсан ажлын хэсэг танилцаад ирсэн. Зөрчилтэй зүйлүүд байна.Ер нь өнгөрсөн 2 жилд тавьсан замын арчилгаагаа төдийлөн хангалттай хийгээгүй нь ажлын нөхцөл байдалтай танилцах явцад ажиглагдсан.Энэ тухай уурхайн удирлагуудад холбогдох үүрэг чиглэл өгсөн.Шороон зам мөн л үерийн улмаас болоод ихээхэн эвдэрч зарим хэсгүүд нарийсч, тоосжилт, дэржигнүүр үүссэн зэрэг хөдөлгөөнд саад учруулах боломж бүрдсэн байна. Түүнчлэн замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлүүлэх шаардлагатай байгааг холбогдох хүмүүст нь уламжлан хугацаатай  шаардах бичиг хүргүүлсэн” гэлээ. Тэрээр цааш нь ярихдаа “Хатуу хучилттай замын ажил  2015, 2016 онуудад зогссон. Уурхайн удирдлагын зүгээс одоогийн байдлаар материалаа татсан, 2017 оны төсөв төлөвлөгөөндөө замын асуудлыг тусгасан учир ирэх онд хийгдэнэ гэсэн хариу өгсөн.Бидний зүгээс хатуу хучилттай замаа тавьж дуусгасныхаа дараа тээвэрлэлт хий гэсэн шаардлагыг хүргүүлсэн” гэсэн хариулт өгөв.

Тус компаний хүдрийн ашиглалт 2015 болон 2016 оны эхний хагас жил зогсолтын байдалд орж 2016 оны 6 дугаар сараас  үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн.

2012 онд тавигдаж эхэлсэн “Таян нуурын уурхай”-аас Бургастайн хилийн боомт хүртэлх замын асуудалд ганцхан удаа өдгөөгөөс 3 жилийн өмнө тодруулбал 2013 онд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж шаардах хуудас хүргүүлсэн байдаг. Түүнээс хойш тус замын ажилтай холбоотойгоор хяналт шалгалт хийгдээгүй байсан гэж хэлж болно.2016 оны 6 дугаар сард аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар авто зам хариуцсан улсын байцаагчаа албан ёсоор томилсон.Аймгийн МХГ-т авто зам хариуцсан улсын байцаагчийн орон тоогүй байсан учир “Алтайн хүдэр” ХХК-ий хатуу хучилттай авто замын ажил удааширсан ч байж болох юм.Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг дээ.

Манай сонины 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 16/85 дугаарт “Алтайн хүдэр” ХХК-ий Замыг хэлтсийн дарга Д.Чинбат “Бид энэ жил Монгол Улсын авто замын салбарт дээд амжилт тогтоохыг зорино” гэх сүржин гарчигтай ярилцлага нийтлүүлж байсан. Тус ярилцлагандаа “Бид олон нийт болон төр, орон нутгийн байгууллагуудаас ирүүлсэн шаардлагыг түргэн биелүүлэхийн тулд зам барилгын ажилд зориулаад 6 үйлдвэр байгуулж ашиглалт оруулж удахгүй 7 дахь үйлдвэрийг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтад оруулахаар тохируулга, цахилгаан холболтын ажлуудаа хийж байна. Энэ үйлдвэр 1 цагт 160 тн асфальто-бетон үйлдвэрлэх өндөр хүчин чадалтай. Мөн жилдээ 104 км хатуу хучилттай зам барихаар төлөвлөж, төлөвлөгөөт ажил өнөөдрийн байдлаар 110 хувийн гүйцэтгэлтэй, далангийн дүүргэлт 120 хувьтай ажиллаж байна” хэмээн дурдсан ба ярилцлагынхаа төгсгөлд “Говь-Алтайчууддаа хандаж хэлэхэд энэхүү хатуу хучилттай зам ашиглалтад орсноор хил худалдааны хурд өсөж, ажлын байр шинээр бий болж, дэд бүтэц хөгжиж орон нутгийн иргэд, өрх гэрийн амьжиргааны түвшин дээшилж аймгийн хөгжилд эерэг өөрчлөлтүүд гарах болно” гэж олон нийтэд уламжилснаас хойш өдгөө 2 жил өнгөрлөө. Тэрээр уг  ярилцлагандаа 2015 он гэхэд зам бүрэн ашиглалтад орно хэмээн амласан. Энэ юу болов.

Монголчууд маань газар нутгаа нялх хүүхдийн зулайтай зүйрлэдэг учиртай.Тэр л эмзэг зөөлөн хөрсөн дээр 80 тоннын даацтай чиргүүлтэй хятадын “Норд бенц” автомашинд талхлагдсан говийн хөрсний хохирлыг тоочиж барамгүй. Энд нэг зүйлийг онцлоход талхлагдаж буй тэр нутагтай хил залгаа Хятад улсын  аль ч мужид чиргүүлтэй хүнд даацын машин явдаггүй. Энэ нь тус улсын иргэн бүр хууль дүрмээ нарийн чанд баримтлан хэрэгжүүлдгийн баталгаа гэлтэй.Уг нь “Алтайн хүдэр” ХХК үндэсний хөрөнгө оруулалттай гэдгээрээ улсдаа гайхагддаг.Өөрсдийн хөрөнгөөрөө хийж байгаа болохоор ямар нэгэн байдлаар шахаж шаардах боломжгүй гэж зарим хүмүүс ярилцдаг. Тийм ч учраас нутгийн ард иргэд тэдэнд илүү ихээр итгэл найдвар хүлээлгэн замын ажлыг хийж дуусгахыг өдий болтол ямар нэгэн тэмцэл хийж, шаардлага тавилгүйгээр хүлээсээр... Амлалт л бол амлалт шүү дээ.Хааяа сумын малчид хөдөлмөрчид хурал цуглаан дээр асууж сураглан сумын удирдлагууддаа хэлэхээс цаашгүй.

2014 онд багтаж тус замын ажлыг дуусгах ёстой гэх Засгийн газрын хатуу шаардлагыг “Алтайн хүдэр” ХХК үл тоомсорлон өдгөө хүртэл биелүүлэхгүй л байна. Уурхайн дотоод зам талбай, Бургастайн боомт хүртэлх авто замын дагуу малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтыг бууруулах усалгааг тогтмол хийж байх, Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртэмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч нарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг тоосжилттой холбоотой асуудлыг тус шаардлагад мөн л тусгасан байна. Гэвч хэрэгжүүлсэн нь бүдэг бадаг.Монгол Улсын үндсэн хуульд Монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг нь зүгээр л цаасан дээр бичигдсэн зүйл болон хувирч байна уу даа гэсэн төөрөгдөлд хүргэж байна.

Олон нийтийн эрх ашгийг хөндөж, дуу хоолой нь болдог байгууллага бол Иргэний нийгмийн байгууллага байдаг. Тэр ч үүднээсээ “Шинэ зууны Цээл” ТББ-ын гишүүн Н.Суманзаан “Хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийдэг нь хөрсийг маш ихээр эдвэж,  ховорсон амьтдын нутагшилтад саад болсон, ургамал ан амьтанд маш ихээр нөлөөлдөг” талаар хэвлэлийн бага хурал дээр иргэдэд сонордуулж байсныг энд дурдъя.

Хөдөлгөөнд оролцож буй жолооч ямар ч үед сэргэлэн цовоо, овсгоо самбаатай байх тухай замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд заасан нь “Таян нуурын уурхай”-н жолооч нарт ахадмаар... Хэдэн бор төгрөгнөөс болж амралт, ажил хоёроо зохицуулж чадахгүй байгаа эдгээр хүмүүс эцэс сүүлд нь өөрсдөө л эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.

Тоосжилтын асуудлыг зөвхөн хүний эрүүл мэнд, амь настай холбож болохгүй байх.Үүний уршгаар тухайн нутгийн уур амьсгал, хөрс, ан амьтанд сөргөөр нөлөөлдөг.Тоос, тоосонцор нь хүн амын дундах амьсгалын замын өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж, хүн амын дундах зүрх, уушгины өвчний нас баралтад 30 хувь нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ.Тоос тоосонцор нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүсдэг байна.Манай оронд ихэвчлэн хүний үйл ажиллагаанаас үүсдэг нь яалт ч үгүй хаа хаанаа анхаарал хандуулах цаг болсныг сануулсаар байна. Эдийн засаг, хөрөнгө мөнгө хэмээсээр байгаад зөвхөн “Таян нуурын уурхай”-н ажилчид төдийгүй уул уурхайтай ойр байдаг хүн амын дундаж болон дундаас доош давхаргынхан замаас улбаатай тоосноос үүдэлтэй “амьсгалын замын” хэмээх оноштой өвчтөн болох нь ээ.   
“Таян нуурын уурхай” хүдрийн тээвэрлэлтээ хийхдээ Говь-Алтай аймгийн Цээл, Төгрөг, Бугат сумдын нутгаар дайран өнгөрдөг. 168.3 км замын 98 км нь Бугат сумын нутгаар дайран өнгөрдөгтэй холбоотойгоор тус сумын байгаль орчны асуудалтай хамгийн ойр байдаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Энхтуултай утсаар холбогдон хүдрийн тээвэрлэлт,  хатуу хучилттай зам тойрсон асуудлаар лавлахад:  “Алтайн хүдэр” ХХК  2014 онд хатуу хучилттай замаа тавьж дуусна гэж ярьж байсан боловч эдийн засгийн хямралтайгаар 1 жил зогссон. Уурхайн удирдлагын зүгээс танай сумын нутгаар Засгийн газрын хэрэгжүүлж буй босоо тэнхлэгийн зам тавигдах учир ОХУ 33%, БНХАУ 33%, МУ 33 %-ийг гүйцэтгэхээр гэрээнд үзэглэж байгаа.Тиймээс бид тус гэрээг ажиглаж байна гэсэн хариулт өгсөн.Хатуу хучилттай зам тавигдахгүйгээс болоод говийн эко системд шууд нөлөөлдөг.

2016 оны 10 дугаар сарын эхээр уурхай руу хяналт, шалгалтаар яваад ирсэн.Үйл ажиллагаа нь тогтворжоогүй байсан хэдий ч тоосжилт нэлээн байсан” хэмээлээ. Тус сумын 3 багийн нутагт амьдардаг 20 гаруй малчин өрхийн намаржаа, хаваржаа, өвөлжөөний бэлчээрийг дайран өнгөрдөгтэй холбоотойгоор тухай багийн малчдаас хатуу хучилттай зам хурдан тавиулна уу, эсвэл замыг нь хаана уу гэсэн хүсэлтээ сум орон нутгийн холбогдох албан тушаалтанд байнга ирүүлдэг байна. Сумын удирдлагууд тус уурхай үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хатуу хучилттай замаа хурдан тавина уу, ядаж л замын усалгаагаа хийх хэрэгтэй байна гэсэн албан тоот хүргүүлдэг байна.Тодруулбал тухайн бүс нутагт манай улсын 33 говийн нэг “Алаг нуур”-ын говийг дайран өнгөрдөг байна.Түүнчлэн Алтай сумын “Ажийн нуруу”-аас “Хөвчийн нуруу”-ны хооронд ан амьтан нутагладаг говийн баян бүрд байдаг аж.Яг тухайн газраар тээвэрлэлт дайран өнгөрдөг учир ан амьтны нутагшилтад сөргөөр нөлөөлдөг байна.үүнтэй холбоотойгоор Говийн Дархан цаазат газрын “Б” бүсийн  хамгаалалтын захиргааны удирдлагын зүгээс хүртэл уурхайн удирдлагуудад албан бичиг, хүсэлтээ хүргүүлдэг гэнэ. Ийнхүү тус уурхайн замын асуудлаас үүссэн тоосны балгийг тоочоод байвал үргэлжилсээр...

Зам тавих нэрийдлээр элс, хайрга гаргах карьер нүх олонтаа ухжээ.Ухсан нүх нь болон малын бэлчээрийн асуудлаас болж малчид, уурхайн удирдлагуудын хооронд зөрчилдөөн гардаг гэж Бугат сумын Байгаль Орчны Хяналтын улсын байцаагч Т.Хадбаатар дурдлаа.Ухсан нүхний асуудлыг түр азная.

Таяннуурын уурхай нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт туссан ажлуудаа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт улирал бүр тайлагнан ажиллаж ирсэн хэмээн аймгийн Байгаль Орчны Газрын уул уурхай хариуцсан мэргэжилтэн н.Мөнгөнчимэг товчхон мэдээлсэн юм.Мөн төлөвлөгөөний хэрэгжилтэнд сум орон нутаг болон Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийн алдаа дутагдлыг залруулан ажилладаг учиртай.Гэвч алдаа дутагдлыг нь залруулдаг гэдэг ч замын ажил мөн л таг чиг.2014 оноос эхлэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэн ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн 2 жил хангалттай буюу 80 хувьтай дүгнэгджээ. Хүдэр олборлолтын оргил үе болох 2013 оны “Таян нуурын уурхай”-н Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийн тухай холбогдох бичиг баримттай танилцахад:
Агаарын тоосжилт, түүнийг багасгахад чиглэсэн үйл ажиллагааны талаар  “Агаарын тоосжилтын хэмжээг тодорхойлох хэмжилтийг Австрали болон Шинэ Зеландын хамтарсан EV- 007 стандартын дагуу боловсруулсан орчны агаарын дээжлэлт, шинжилгээний аргаар хийж гүйцэтгэж байна. 10 цэгт тоосжилтын хэмжээг тодорхойлох багаж суурилуулан сард нэг удаа хэмжилт анализ хийдэг.Хэмжилтийн дүнгээс харахад нөлөөллийн цэгүүдэд зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байна.Мөн уурхайн овоолго, хөрс болон хүдэр тээвэрлэлтийн шороон замыг дулааны улиралд усалж тоосыг нь дарж байна” гэж дурдсан нь Цээл, Төгрөг, Бугат сумын иргэдийн тоосны тухай ярьж буйтай үл тохирч байна.

“Алтайн хүдэр” ХХК, Говь-Алтай аймгийн удирдлагуудтай өнгөрсөн жилүүдэд хийсэн гэрээнд хатуу хучилттай замын талаар хэрхэн тусгасан тухай судалсан боловч байгууллагын нууцын хууль болон уул уурхайн асуудал хариуцдаг аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн хөдөө томилолтоор явсан учир гэрээтэй танилцаж чадсангүй ээ.

Энэхүү нийтлэлээ бичих явцдаа “Алтайн хүдэр” ХХК-ий зам, түүнтэй холбоотой асуудлын талаар тодруулахаар ХАБ-ын мэргэжилтэн н.Жаргалсайхантай хэд хэдэн удаа холбогдсон боловч тодорхой хариулт өгсөнгүй.Мэдээж өөрийн хийсэн бүтээснээ хэн муулж гоочлох билээ. 2014 онд дуусгана гэсэн худал амлалт 2016 онд мөн л биелэлээ олохгүй нь  ойлгомжтой. Зогсолтод орсон замын ажлыг яаралтай үргэлжлүүлэхгүй бол тоосжилтын асуудлын улмаас тухайн орон нутгийн мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг малчид, ар гэрээ тэжээж буй ажилчдын  эрүүл мэнд цаашлаад онгон дагшин байгаль, ус ургамал, ан амьтад нь дайжиж  өнөөх дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа цөлжилт хэмээх байгалийн гамшиг хаяанд ирэх нь ээ. Энэ мэт уул уурхайн компанийн уршгаар унаж төрсөн нутаг ус минь цөл болон хувирч, чимээгүй тахал үүдийг нь тогшин эрүүл мэнд, амь нас, эрдэнэт сүргийг маань авч одох нээ.Энэ бүгдийг    нутгийн иргэд дуугүй харж явсаар байх уу.

Ямартай ч Таяннуурын уурхайгаас бургастайн боомт хүртэлх хатуу хучилттай замын ажлыг нэн яаралтай тавьж дуусгавал ан амьтад нь яах вэ гэж бодоход эрдэнэт хүнийхээ эрүүл мэндийг хамгаалж буй томоохон алхам болно. Нутаг ус, ан амьтан, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг алдалгүй анхаарч “Алтай хүдэр” ХХК-ийг хариуцлагатай байхыг шаардаж, цаасан дээр бичигдсэнийг ярьж хэлж суух биш, ажил хэрэг болгох хэрэгтэй байна.


Энэхүү нийтлэл нь“Алтайн мэдээ” сонины 38/197/ дугаар нийтлэгдсэнийг хавсралтаар хүргүүлэв.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...