Дорноговийн уул уурхайн татвар ба зарцуулалт

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2016” төслийн Уралдааны шалгаруулалтад ирсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

”Д медиа” телевизийн сэтгүүлч З.Энхзул


                                                                Алт уу? авдар уу ..?

“Алтыг нь аваад
Авдрыг нь хаяв...”-гэж аав минь намайг хааяа зэмлэдэг. Гэтэл энэ зүйр үг өнөөдөр миний амьдралдаа баримталдаг зарчим болжээ. Энгийн хирнээ гүн утгыг илэрхийлнэ. Харин энэ үгтэй адилтгах жишээ Монголын уул уурхайн салбарт ижил дүр зурагтай харагдах болсон нь анзаарагдаад удаж байна. Төсвийн тухай хуулийн дагуу уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашгийн татвар, лицензийн төлбөр, газар, ус ашигласны төлбөр, тээврийн хэрэгслийн татвар гээд нэлээдгүй татварыг төлөх учиртай. Энэ татварыг Дорноговь аймагт яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд төлж байна уу? Орон нутаг үүнийг буцаагаад хэрхэн зөв зохистой зүйлд зарцуулж байна вэ? гэсэн хоёрхон асуултад хариулт авахаар зорилоо.

Өнөөдөр Улсын төсвийн орлогыг олборлох салбараас 27%, бусад салбараас 73% эзэлж байна. Үүнээс харахад Уул уурхайн салбар төсвийн нэлээд хувийг бүрдүүлж байгаа юм. Мөн өнөөгийн байдлаар Монгол улсад хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй компаниудын тэргүүн эгнээнд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Кожеговь” компани ураны 24, “Монголросцветмет” нь жонш, алт, холимог металлын 31, “Монголын алт”  МАК нүүрс болоод алтны 17 тусгай тус тус зөвшөөрөлтэй байгаа юм. Эдгээр том компаниуд Дорноговь аймгаас нэлээд хэмжээний татварыг улсад ашигт малтмалаа олборлоод эхлэхээр төлнө гэсэн үг юм.

Харин Дорноговь аймагт 2016 оны есдүгээр сарын байдлаар газар зүйн бүс нутгаар тархсан ашигт малтмал ашиглалт, хайгуулалтын 432 зөвшөөрөл олгогджээ. Үүнээс 2016 оны наймдугаар сарын 05-ны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 168, үүнээс гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 40 компани, төрийн өмчийн 8 компани, хамтарсан хөрөнгө оруулалттай 11 компани байдаг бол үлдсэн хэсэг нь хязгаарлагдмал хувьцаат компаниуд юм. Мөн тодруулан хэлэхэд эдгээрээс 41 компани нь гадаад захиралтай гэсэн тоон үзүүлэлтийг аймгийн татварын хэлтсээс авсан тоо баримтанд дурдсан байв.

Дорноговь аймгаас улсын төсөвт хичнээн төгрөгний татвар ногдуулав?

Дорноговь аймгийн нийт төсөв ойролцоогоор 18 тэрбум төгрөг байдаг. Үүнийг уул уурхайн салбар болон бусад салбаруудаас татвараар бүрдүүлдэг. 2015 оны жилийн эцсийн мэдээгээр Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр гэж уул уурхайн компаниудаас 543,4 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөр 64,6 сая төгрөг ногдуулахаас улсад 363,9 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөс 8,4 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Тоо бодвол төлөвлөсөн татвараас 179,5 сая төгрөгний орлого тасарсан байна. 2016 оны 06 сарын татварын мэдээгээр 379,4 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөр 82 сая төгрөг ногдуулахаас 97,5 сая төгрөг, агаарын бохирдлын 4,4 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Уул уурхайн ашигт малтмалын үнэ буурснаар орон нутгаас төсөвт төвлөрүүлэх томоохон компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа нь төвлөрсөн татвараас харж болохоор байна. Тодруулбал: 2016 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар Даланжаргалан сум-4, Айраг сум-3, Дэлгэрэх сум-1, Мандах сум-1, Иххэт сум-1, Сайншанд сум-1 нийт 11 компани л татвараа төлжээ. Энэ байдлыг уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унасан нь өдгөө төсвийн орлого тасалдах хэмжээнд хүрсэн гэж хэлэх хүн цөөнгүй бий. Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ угаасаа л ингэж савладаг. Тиймээс бид өөр аргаар эдийн засгаа тэлэх арга бий...” гэж хэлж байсныг зарим уншигчид санах нь зүйтэй юм. Харин судалгааны байгууллагууд 2016 онд манай улсын эдийн засгийг дунджаар 12-оос дээш хувиар өсч эдийн засгийн гол хөдөлгүүр нь уул уурхай хэмээн тодорхойлж байжээ. Өнөөдөр харин урвуу харсан үзүүлэлт харагдаж байна. Манай эдийн засгийн өсөлтийн хурд ийнхүү саарахад нүүрсний үнийн уналт болон урд хөршийн эрэлт буурч байгаа гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.

Хууль тогтоомж бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна

2013 оноос эхлэн “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”-ийн орлогыг Төсвийн тухай хуулийн 59, 63 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлж, хуваарилж, орон нутагт хуваарилсан хөрөнгөөр олон нийтийн оролцоотойгоор сонгосон төсөл, хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлж байна.

Дорноговь аймагт санал асуулгад оролцоогүй төсөл арга хэмжээг төсөвт оруулж батлуулсан нь 695 сая төгрөгийн зөрчил илэрчээ. /зураг1/ Орон нутгийн удирдлага, тухайн ажил хариуцсан албан тушаалтнууд төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулах чадвар дутмаг хэмээн 2014 оны есдүгээр сарын 18-нд Орон нутгийн хөгжлийн санд хийсэн аудитын тайланд Монгол улсын ерөнхий аудитор тусгасан байдаг байна.

ОНХС-ийн орлогын эх үүсвэрийн төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалт, түүнд тавих хяналт сул байгаагаас орлого бүрдүүлэх боломжийг ашиглаагүй, хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнд сөрөг нөлөөлөл үүсчээ. Үүнд: Иргэдээс ирсэн саналыг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, орон нутагт үр өгөөжтэй, иргэдийн амьдралд нөлөөлөх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг төлөвлөөгүй, тэдгээрийг худалдан авах ажиллагаанд холбогдох хууль, тогтоомжийг мөрдөөгүй нийтлэг үндэслэл илэрсэн байна.

Жишээ дурьдвал:Дорноговь аймагт 2014 онд Сайншанд сумын 3-р багийн 8,16 дугаар хэсэгт таксины зогсоол байгуулах ажлыг 4 сая 820 мянган төгрөгөөр, 5-р багийн халуун усны өргөтгөлийн ажлыг 10 сая төгрөг, мөн тус багт тоглоомын талбай байгуулах ажлыг 25 сая 697 мянган төгрөг, 5-р багийн цэцэрлэгийн шугам шинээр солих ажлыг 34 сая 888 мянган төгрөг, 3-р сургуулийн дотуур байрны тохижилтын ажлыг 2 сая 640 мянган төгрөгөөр тус тус хэрэгжүүлсэн боловч иргэдийн саналыг авалгүй ИТХ-д танилцуулан 2014 оны ОНХСангийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлсэн байна. Энэ мэтчилэн иргэдийн санал асуулгаар явуулж байгаа гэх Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 төсөл хөтөлбөрт тусгагдсан ажлыг аж ахуй нэгжүүд гүйцэтгэжээ. Харамсалтай нь төслийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр ажлуудыг гүйцэтгэж Дорноговь аймаг эдгээр төслүүдэд 926 160,0 төгрөгийн өглөгтэй байна. Эргээд харахад зориулалт бусаар зарлагдсан ажлууд, хагас дутуу хийгдсэн ажлууд олон байна.

Хяналтыг сайжруулж, мэдээллийг ил тод болгох алхам...

Уул уурхайн салбарын татвар, хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв ашиглах шийдэл олох нь өнөөдөр бидний өмнө тулгараад байна. Өөрөөр хэлбэр Монголын ашигт малтмалыг хамгийн зөв аюулгүй, ашигтайгаар олборлож иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх хэрэгцээ их байна.

2012 оноос төсвийн шинэчлэлийг тодорхой хэмжээгээр хийж ирэхдээ орон нутагт төвлөрөх татварын хэмжээг нэмэгдүүлэх, орон нутаг зарим татварын хувь хэмжээг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа тогтоох зэргээр орон нутгийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж иржээ. Ингэснээр орон нутагт сум бүрт 200-300 сая төгрөгний хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэх ажлын асуудлаа шийдвэрлэх боломжтой болсон. Гэвч зарцуулалтын мэдээлэл төдий л ил тод биш, гүйцэтгэл дутуу, бага сагахан зүйлд мөнгийг үр ашиггүй зарцуулах нь их байна.

Уул уурхайн салбарын эдийн засгийг үр ашигтай өсөн нэмэгдүүлж, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй эзэмшигч компаниуд мөн мэдээллээр иргэдийг хангах, хууль тогтоомжийн дагуу татвараа цаг хугацаанд төлөх шаардлагатай байгаа төдийгүй тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг тодорхойлон уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагыг ухамсарлан ажиллах хэрэгтэй байна.



Сэтгэгдлийг ачааллаж байна ...