Бөөрөлжүүтийн энэлэн

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2016” төслийн Уралдааны шалгаруулалтад ирсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

Өвөрхангай аймгийн "Өвөрхангайн мэдээ" сонины сэтгүүлч
Б.Мөнгөнцэцэг












Бөөрөлжүүтийн энэлэн “Баян” Бөөрөлжүүтийн буурал түүхийг сөхвөл...


Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутагт буюу сумын төвөөс хойш 10 гаруй километрт Бөөрөлжүүтийн хөндий хэмээх хойноос урагшаа чиглэлд сунан тогтсон урт хөндий байдаг. Хөндийн эхээс Бөөрөлжүүтийн гол урсаж, 10 гаруй километрийг туулан Онги голд цутгадаг. Хөндийн эхэн дээр хоёр, гурван салаатай.

Зүүн салаанд нь оршуулгын газартай. Нутгийн эхэс дээдэс, буурлуудыг өнө эртнээс нутаглуулж ирсэн, өдгөө ч өөд болоочдыг нутаглуулсаар байгаа. Баруун салаагаараа битүү модтой, өвс ургамал сайтай учраас нутгийн малчдын өвс хадлангаа бэлтгэдэг гол газар юм. Бөөрөлжүүтийн хөндийн эхэнд Бат-Өндөр хэмээх нутгийн ард олны шүтээн болсон тахилгатай хайрхан байдаг.

Бөөрөлжүүтийн хөндийд бүх төрлийн эмийн ургамал ургадаг, Монгол улсын эмийн ургамлын сан болсон газар гэдгийг эртний мэргэд, лам нар тогтоосон байдаг. “Байгалийн эмийн сан” гэж нэрлэгддэг байсан. Бурханы шашны гурван зулын нэг Халхад шашин номын их хөлгөнийг түгээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь Бөөрөлжүүтийн хөндийн ар, “Баарайн цагаан хошуу” хэмээх газар 1639 онд мэндэлсэн түүхтэй.

Анхдугаар ламын гэгээн Лувсанданзанжанцан нь 1662 онд Бөөрөлжүүтийн хөндийн эхэн дээр “Гандандашпиллин” буюу “Дөчин дуутын хурал” нэртэйгээр Монголын анхны “Мамба дацан”-г байгуулж байжээ. “Намрын намарт лам нар ирж Бөөрөлжүүтийн хөндийн эхээс эмийн ургамал түүдэг. Намар болохоор л шар орхимжтой лам нар ангир шувуу шиг л шаргалтаад, бэлчиж харагддаг байсан” гэж нутгийн хуучуул ярилцдаг. Хүний яс, мах, судас, шөрмөс, таван цул, зургаан сав эрхтэний бүх өвчинг анагаадаг Ар үр, Жүр үр, Бар үр хэмээх ургамлуудаас Монголд ургадаггүй Ар үр гэгч ургамал зөвхөн Бөөрөлжүүтийн хөндийд ургадаг гэдгийг 1970-аад онд Түвдийн лам нар нээн илрүүлжээ. Мөн энэ хөндий нь сарлаг үхрийн гол орон юм. Учир нь сарлаг үхэр 140 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос Бөөрөлжүүтийн хөндийд 130 гаруй төрөл нь ургадаг гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.

Жилийн дөрвөн улиралд нутгийн малчид Бөөрөлжүүтийн хөндийд малаа маллан амьдарч ирсэн төдийгүй, Бөөрөлжүүтийн зүүн, баруун салаагаар Уянга сумын олон сарлагтай айл өрхүүд нутагладаг байжээ. 1940-өөд онд Монголын Сүү тосны үйлдвэр байгуулагдан ажиллаж эхлэхэд Уянга сумын Бөөрөлжүүтийн хөндийд “Сүү тосны завод” байгуулагдан ажиллаж эхэлжээ. Тус завод нь сарлагийн сүүг боловсруулж, цөцгийн тос үйлдвэрлэж, жилд 100-200 тонн цөцгийн тос, 50-60 тонн ээдэмцэр, бусад төрлийн цагаан идээ 30-40 тонныг үйлдвэрлэж, улсад нийлүүлдэг томоохон үйлдвэр болтлоо өргөжиж, тус үйлдвэрийг 45 жил удирдан ажилласан П.Лонжид Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Уянга сумын Бөөрөлжүүтийн хөндийгөөс сүү тосны чиглэлээр Монгол улсад анхны Хөдөлмөрийн баатар төрж байсан түүхтэй. Хөрсний үржил шим сайтай нутагт бэлчээрлэх сарлаг үхэр үржил шим сайтайн дээр, мах нь чанартай байдаг байна. Таацын хөх сарлаг, Бөөрөлжүүтийн бор сарлаг нь ашиг шим сайтай, мах нь илүү жин дардгийг улсын мах бэлтгэлийн үеэр малчид ярьдаг, дарга нар ч мэддэг байжээ. Уянга сум нь 1970-1980-аад онд 30 мянган сарлагийн баяр, түмэн тугалын баяр хийж, улсад сарлаг үхрийн тоогоороо олон жил тэргүүлсэн. 1990 онд бяслагний үйлдвэр багуулагдаж байжээ. Бөөрөлжүүтийн хөндий нь эмийн ургамлаас гадна алт, нүүрсний их нөөцтэй газар ажээ. Өдгөө Бөөрөлжүүтийн хөндийд Уянга сумын 6 дугаар багийн 40 гаруй малчин өрх жилийн дөрвөн улиралд нүүдэллэн нутаглаж байна. Энэ хөндийд нийт ... өвөлжөө, хаваржаа бий. Зун айлууд голоо даган бууж, үхэр мал нь тааваараа налайн зусдаг, хүн малын жаргалын орон юм.

Хууль зөрчиж олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулав 2013 он

Цагтаа таван хошуу мал тааваараа бэлчиж, хүн малын жаргалын орон байсан Бөөрөлжүүтийн хөндий өнөөдөр хууль бус алтны уурхайнуудын балгаар эвдрэн сүйдэж, хаа сайгүй эрэг ганга, овоолго шороо, нүх үүсчээ. 2007 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр хуралдсан Уянга сумын ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар 0801, 0802 тогтоолууд гарч, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг “Бөөрөлжүүтийн гол” гэх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хамгаалалтын бүсийг шинээр тогтоосон байдаг. Мөн Уянга сумын ИНХТ-ийн, ЗДТГ-ын 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0482, 0439 дүгээр тоотуудаар АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газарт 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Бөөрөлжүүтийн гол” тусгай хэрэгцээний газрын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Гэтэл 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас “Монгол газар” ХХК-ийн охин компани болох “Баяргоулд” ХХК-д Уянга сумын Бөөрөлжүүтийн гол гэх газарт 948 гектор талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, улмаар 2008 оны 05 дугаар сарын16-ны өдөр Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Т.Мөнх-Оргилын 764 дүгээр шийдвэрээр “Баярсгоулд” ХХК-д 351 гектор талбайд 13713А ашиглалтын тусгай зөвшөөрлийг 60 жилийн онц эрхтэйгээр олгосон байдаг. Үүний дагуу “Баяргоулд” ХХК нь 2008 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Бөөрөлжүүтийн хөндийд алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан. 2007 онд Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт АМГТХЭГ-аас “Баяргоулд” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь “Ашигт малтмалын тухай хуулийн 24.4.2-т заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газар нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй байх” гэсэн заалтыг зөрчжээ.

Энэхүү хууль зөрчсөн ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж, удаа дараа хууль шүүхийн байгууллагад хандаж, тэмцсэний эцэст хууль зөрчин, “2008 онд “Баярсгоулд” ХХК-д олгосон газрыг 2007 онд сумын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан олгосон” нь Шүүхээр тогтоогдсон. Нийслэлийн захиргааны хэргийн Шүүхийн шүүгч Ц.Цогтын 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Т.Мөнх-Оргилын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Баярсгоулд” ХХК-д 351 гектор талбайд 13713А ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.

2013 оны хууль бус ажиллагаа буюу “Бөөрөлжүүтийн энэлэн-1”

2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Баярсгоулд” ХХК-д олгосон 13713А ашиглалтын тусгай зөвшөөрөл Нийслэлийн захиргааны хэргийн Шүүхийн шүүгч Ц.Цогтын 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр ийнхүү хүчингүй болж, “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр гэгч нь Бөөрөлжүүтийн хөндийд ширхэг чулууны ч мэдэлгүй болсон. Гэтэл “амташсан хэрээ арван гурав эргэнэ” гэгчийн үлгэрээр алтны нөөцийг тогтоож, хичнээн хэмжээний алт байгааг мэдсэн Ц.Мянганбаяр гэгч нь “Зул мөнх бадмаараг”, “Кенордо”, “Шар зүлэг”, “Шаазгай бадмаараг”, “Шинэ Уянга” ХХК-иудтай хууль бус гэрээ байгуулсан. Тэдгээр компаниуд 2013 онд Бөөрөлжүүтийн гол дагуу бууцгааж алт олборлох үйл ажиллагааг зун, намрын турш явуулсан. Ингэхдээ дээрх нэр бүхий компаниуд “Эдоц”, “Өгөөж Өлт”, “Дөлгөөн цайдам”, “Соёл Арвижих”, “Энх онолт”, “Арвайн уянга”, “Сэнгэ адир” “БМБП”, “Хаан соёолж” ХХК-иуд, Уянга сумын иргэн н.Пүрэвдаш нартай хууль бус гэрээ байгуулан нийт 15 аж ахуй нэгж Бөөрөлжүүтийн голд өдөр шөнөгүй алт олборлосон. Хууль бус үйл ажиллагаа явагдаж байхад Орон нутгийн удирдлагууд үүргээ биелүүлж, Бөөрөлжүүтийн хөндийг эхнээс нь хамгаалсан бол өнөөдрийг хүртэл хууль бус үйл ажиллагаа явагдахгүй байсан нь мэдээж. Гэтэл тэмцэх нь байтугай өөрсдөө үгсэн хуйвалдаж, Уянга сумын ИТХ-ын дарга Ж.Шийрэвдорж, Засаг дарга П.Баатар, ЗДТГ-ын дарга З.Дагвасүрэн, 6 дугаар багийн Засаг дарга н.Цэрэнчимэд, Төрийн сангийн төлөөлөгч н.Минжбадгар нар нь хамтран ажиллах гэрээг байгуулан, тэр ч байтугай зарим нь өөрийн оруулсан уурхайнууддаа төлөөлөл хүнийг байлгаж, олсон алтнаас нь 30 хүртэлх хувийг нь авч байсан нь Шүүхийн үйл ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр баталгаажсан байдаг.

2013 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл дээрх компаниуд Бөөрөлжүүтийн хөндийд алт олборлож, Монгол улсын газрын тухай хууль, Усны тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчиж, Ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, Газрын хэвлийг дур мэдэн ухсан, Усыг зөвшөөрөлгүйгээр ашигласан зэрэг байгаль орчныг хамгаалах журмын эсрэг ноцтой гэмт хэргийг үйлдсэн. Бөөрөлжүүтийн гол дагуу нэлэнхүйд нь том техникээр ухан сэндийчэж, газрын хөрсийг эргүүлэн, энд тэндгүй өндөр эрэг, энхэл донхол болсон газрууд, голын уснаас татан нуур үүсгэж, голын дэргэдээс шороо ачин зөөсөн том тэрэгнүүд, үүсгэсэн нуур нь задарч Бөөрөлжүүтийн гол руу улаан шалбааг урсан нэлийж, улаан шороотой Бөөрөлжүүтийн гол Онги голд нийлж, Онги голын ус сүүлийн 20 жилд байгаагүйгээр бохирдон улаанаар урсан уйлж байсан нь тухайн үеийн Бөөрөлжүүтийн хөндийн дүр зураг.

Хүнд даацын тос техникүүдэд Бөөрөлжүүтийн хөндий эрэмдэглүүлж, алтны уурхайн “том толгойтой” эздийн өмнө нутаг усаа гэсэн малчин ардын үг хүчин мөхөсдөж байсан. Энэхүү байдлыг “Өвөрхангайн мэдээ” сонин тухайн үед нь удаа дараа сурвалжлан бичиж байсан 2013 оны 11 дүгээр сард хүйт ороход цагийн эрхээр дээрх уурхайнууд буугаад явсан. Хууль бус үйлдэл гаргасан “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр болон Уянга сумын удирдлагууд, дээрх компаниуд Монгол улсын Мөрдөн байцаах газарт эрүү үүсгэн шалгагдсан. Тус хэрэг шалгагдсаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар Шүүхийн тогтоол гарч, “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярт тус хэргийг холбогдуулан шалгаж, шүүгдэгч Ц.Мянганбаярыг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулж, улсад нийт 163,342,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутай” хэмээн тогтоосон. Хууль бус ажиллагаатай тэмцэлгүй, үгсэн хуйвалдсан Уянга сумын удирдлагууд, мөн дуртай газраа техникээ байрлуулаад алт олборлодог, эргээд нөхөн сэргээлт хийдэггүй, хаяад явдаг алтны уурхайн эздэд ямар нэгэн хариуцлага тооцогдолгүй үлдсэн.

Тусгай зөвшөөрлийг сэргээв “Бөөрөлжүүтийн энэлэн-2”

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар Шүүхээс Ц.Мянганбаярыг “тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулж, улсад нийт 163,342,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутай” хэмээн тогтоож, Ц.Мянганбаярын улсад төлөх ёстой 163,342,000 төгрөгийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэст шилжүүлж, “Техник хяналт барьцаа” нэртэй дансанд байршуулсан. 2013 онд эвдэгдэн сүйтгэгдсэн Бөөрөлжүүтийн хөндийд нөхөн сэргээлт хийх тендэр зарлагдаж “Гүн билэг трейд” ХХК нөхөн сэргээлт хийх тендэрийг авсан.Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн “Техник хяналт барьцаа” нэртэй дансанд байршуулсан 163,342,000 төгрөгөөс урьдчилгаа 30 хувийг “Гүн билэг трейд” ХХК-д шилжүүлж, нөхөн сэргээлт хийх ажил эхлэх гэж байх үед Нийслэлийн захиргааны хэргийн Шүүхийн шүүгч Ц.Цогтын 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр цуцлагдсан 13713А ашиглалтын тусгай зөвшөөрөл гэнэт хүчинтэй болсон байдаг. 13713А ашиглалтын тусгай зөвшөөрөл албан ёсоор сэргээгдсэн тул “Гүн билэг трейд” ХХК-д шилжүүлээд байсан 30 сая төгрөгийг буцаан татсан байдаг.

Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан тусгай зөвшөөрөл гэнэт яагаад хүчинтэй болов. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд “Баяргоулд” ХХК гомдол гарган, хариуцагчаар АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга татагдсан байна. “Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн дэнж, Бөөрөлжүүт нэртэй газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуулын ажилд нийт 1.422.945.916 төгрөг зарцуулсан. Гэтэл 2007 онд Уянга сумын ИТХ-аас хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговорыг нэг жилийн дотор төлнө” гэж заасны дагуу нөхөн олговор авах хүсэлтээ Уянга сумын ИТХ, Засаг даргад гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй.

Нөхөн олговор шаардахад төлөх боломжгүй, Уянга сумын ИТХ, Засаг даргаас тус компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхэд татгалазхгүй талаар тайлбар гаргах болсон” гэж “Баярсгоулд” ХХК-ийн зүгээс Шүүхэд нэхэмжлэх гаргажээ. Харин хариуцагч: АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын зүгээс “Баяргоулд” ХХК нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Шүүхийн шийдвэр гарснаас хойш хуульд заасан хугацаанд давж заалдах шатны Шүүхэд гомдол гаргаагүй учраас Нийслэлийн захиргааны хэргийн Шүүхийн шүүгч Ц.Цогтын 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа. АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шүүхийн шийдвэрийг үгүйсгэх боломжгүй” гэсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар Шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр “Баярсгоулд” ХХК-ийн эзэмшиж байсан 13713А тусгай зөвшөөрөл бүхий 351 га газар дээр үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээхийг АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргад даалгасан шийдвэрийг гаргажээ.

Монгол улсын Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” хэмээн заасан байна. Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн Шүүхийн шүүгч Ц.Цогтын “Баярсгоулд” ХХК-ийн 13713А ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байхад дахин Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар Шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна. Үүнд уншигч Та дүгнэлт хийж бодоорой. “Баярсгоулд” ХХК-ий эзэмшдэг 13713А ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргэсэн нь Бөөрөлжүүтийн хөндийд дахин хууль бус үйл ажиллагаа явагдах үндэс суурь болов. Учир нь: тус компани нь тусгай зөвшөөрөл сэргэсэн нэрээр дагалдах бичиг баримтаа бүрдүүлэлгүйгээр энэ оны 05 дугаар сараас эхлэн хууль зөрчин үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “Шаазгай бадмаараг”, “Сэнгэ-Адир”, “Шар зүлэг”, “Соёл-Арвижих”, “Ариунбэл”, “БМБП”, “Даллагын хас”, “Арвайн Уянга”, Уянга сумын иргэн Д.Давааноров, Т.Пүрэвсүрэн, Ш.Алтанцэцэг, Г.Бямбасүрэн зэрэг аж ахуй нэгж, хувь хүмүүс Бөөрөлжүүтийн голын дагуу бууцгааж, алт олборлож эхэлсэн. Харин энэ оны 08 дугаар сард аймгийн Засаг даргын шийдвэрээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан дээрх компани, иргэдийг албадан нүүлгэсэн. Хэдийгээр албадан нүүлгэж чадсан ч нөхөн сэргээлт хийгдэлгүй, өнөөдрийг хүртэл Бөөрөлжүүтийн хөндий эрэмдэг, энхэл донхол хэвээр байна. “Өвөрхангайн мэдээ” сонин Бөөрөлжүүтийн хөндийн асуудлыг дараа дараагийн дугаараараа сурвалжлан хүргэх болно.



Сэтгэгдлийг ачааллаж байна ...