Таамаглал хийгээд андуурал

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ 2016” төслийн Уралдааны шалгаруулалтад ирсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцуулж байна

Говьсүмбэр аймгийн “Боржигон” FM радиогийн сэтгүүлч Т.Болдбаатар



Таамаглал хийгээд андуурал


“Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүй хүнд эрээн цоохор” гэсэн үгтэй. Мэдэхгүй огтоос гадарладаггүй юмны тухай элдвийг сараачих ч дээ, тун явахгүй эд бололтой. Захын асуудлыг шүүрч аваад ганган хун лугаа юмыг хон хэрээ шиг болгож цөхөх юмгүй. Хэт нэг талыг барьж бараантуулж сүүдэрлэхийг хүсэх юм биш. Таамаглаж байж таварцаглах шахсан маань дэмий хар сэр юунд ч хүргэж болох “Харанга” дэлдсэн юм.

Дэлхий ертөнц даяарын тэг дунд нь орших Ази тивийн зүрхэн тушаах Монгол улсынхаа төв цэг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутгийн олны бишрэл хүндэтгэлт Ихэр хөх хайрхад- Чойрын Богд уулын гэзгийн булаг шандны урсгал тасарч, эхээ эвхэн татаж, дээс шидмэс шиг амь тэмцэн гялтагнах, худаг усны түвшин доошлож ундрага нь илт муудаж, аав ээжийн минь 20 гаруй жил нутагласан ширэг, зүлгэнд нь таван хошуу мал тааваар идээшилсэн, замаг, цүнхээл, дун хорхойтой усны шувууд зунжаад буцдаг Эргэнэбулаг санаандгүй байтал ширгэж малын чийрний мөртэй цөлжсөн элс хайрга үлдсэнд 1990-ээд оноос ашиглаж эхэлсэн Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ил уурхайг эргэлзэх юмгүй буруутгаж байлаа, өчигдөрхөн болтол.

Аймгийн БОАЖГ, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд, зарим юм гадарлах хүмүүсийн ярианаас уугуул сэхээтний хармын сэтгэл шингэсэн таамаглал маань андууралд хүрэх аюулыг гэтлэн давлаа. Дэлхий дахиныг нүүрлэж буй сүүлийн жилүүдийн дулаарал хуурайшил байгалийн огцом хувьсал өөрчлөлийн харгайгаар хөрсний усны хомсдол үүсч эхэлсэн нь хараажаар илт. Шивээ-Овоо ТӨХК-ний үйл ажиллагааг нөхөн сэргээлттэй нь холбож байгаад “Баллаж тавина даа” гэсэн бодол минь үргэж одсоныг нуух юун. Хаа очиж тус уурхай нөхөн сэргээлтийн хувьд тун боломжийн үнэлгээтэй яваа ажээ. Далайн түвшинээс дээш 1200м-т оршдог, нүүрсний орд нь 29.500 га талбайг хамардаг, геологийнх нь нөөцийг тодорхойлоход Б-2 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд багтдаг, найман давхрагынхаа эхний 1-2-т нь л олборлолт хийгдэж байгаа, 2.7 тэрбум тн нүүрсний нөөцтэй гурван хэсгээс бүрддэг, орон нутгийн төсвийн 90 орчим хувийг бүрдүүлж ирсэн Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 1995 онд байгуулагджээ.

Орон нутгийн “Саалийн үнээ” энэ компаниас Шивээговь сумын өнгө төрх, дэвшил хөгжил, ард иргэд, айл, өрхийн ахуй амьдрал шууд хамааралтай ч гэж болох. Учир нь 3200 хүн амынх нь 570-аад нь уурхайчид байх жишээтэй. ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын жилийн хэрэгцээний 50 орчим хувийг нийлүүлдэг энэ уурхайн 2015 оны жилийн эцсийн уулын ашиглалтын мэдээнээс үзэхэд 2.1 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 1.5 тонныг олборлосон бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 867.7 тонн нүүрс олборлохоос 846.2 тонныг олборлож 839.8 тонныг борлуулаад байна. Өнгөрсөн онд 4.4 сая м.куб усыг шавхан зайлуулж 735.9 төгрөгийг харин энэ оны эхний 8 сарын байдлаар 18 цооног ашиглаж 1.6 сая м.куб усыг шавхан зайлуулж  200 сая төгрөгийг усны нөөц ашигласны төлбөрт төвлөрүүлээд байгаа ажээ. Мөн 2015 онд татварт 3 тэрбум 183 сая 172 мянган төгрөгийг төлсөн бол энэ оны 9 сарын эцсийн байдлаар 2 тэр бум  674 сая 111 мянга 719 төгрөгийг төлжээ. Хойно, усны асуудлаар санаа зовниж эзэн хүний хэтрүү ч байхаа ядахгүй харам сэтгэл гаргаж яваа бидний мэтийн төөрөгдлийг цагаашуурлах нэгэн алхмыг өнгөрсөн намар өвлийн завсар Шивээ-Овоо ХК-нийг түшиглэн хийснийг нэрлэхэд таатай байна.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл болон Автралийн ЗГ-ын буцалтгүй тусламжийн 25 сая ам долларын өртөгтэй уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон газрын доорхи усны байгалийн горим мөн газрын доорхи эвдэгдсэн усны судалгаа хийх зорилготой усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг хэлж байгаа хэрэг. Улсын хэмжээнд 117 уст цэгт бүрэн, хагас автомат багаж тоног төхөөрөмжүүд суурилуулсан цооногуудыг хиймэл дагуулаас хянаж, мэдээлэл өгч байгаа гээд бодохоор нарийн юм нарийн л байдаг юм байна. Ер нь аймгийн нийт усны түвшин доошлож байгаа нь үнэний хувьтай. Манай аймгийн нутаг дэвсгэр тэр аяараа гадаргын ус байхгүйтэй адил. Хэрлэн голтой багахан газраар хиллэдэгээс цаашгүй, хур тунадасны хэмжээ илт багасаж, илэрхий буурч гүний усны тэжээгдэл хомсдож цөлжилт 62 хувьтай дүн мэдээ гарсантай уялдуулж бодож цэгнэхэд усны аливаа асуудалд уурхайг ихэрлүүлэн холбож нүд үзүүрлэн буруутгахын аргагүй.

БОАЖЯ-ны байгаль орчны мэдээллийн сангаас шүүрдэж үзвэл гүний усыг шавхаж нуур үүсгэх замаар 80 метрээс доош усаа шүүрүүлж байж хуурайшуулсан нүүрс олборлодог томоохон ААН-ийн нэг нь Шивээ-Овоо ХК болох нь тодорхой. ШОНУ-н хүчин   чадлыг нэмж жилд 2 сая тонн нүүрсийг уурхайн зүүн ба өмнөд хэсэгт өргөтгөн олборлоход 15 жилийн ашиглалтын хугацаанд газар доорхи усны төвшин нүүрсний давхрагуудаас доор байж, уурхайн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй гэсэн  дүгнэлт  2007 онд гаргаж байжээ.

Технологийн шинэчлэл хийгдсэний үр дүнд жилдээ 4.5 сая м.куб хөрс хуулж 2 сая тонн нүүрс олборлох техникийн хүч чадал мөн оноос бүрдсэн байна. Нөхөн сэргээлтийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг олшруулах, арчилгаа тордолтыг сайжруулах, Шивээ-Овоо нүүрсний уурхайн олборлолтын лицензийн талбай нь говь хээрийн байгаль экологийн эмзэг тогтоцтой бүс нутагт орших тул орчны байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхыг анхаарч ажиллах, доройтсон орчноо нөхөн сэргээж байгаа болон байгаль орчны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг иргэдэд сурталчлан таниулах, хөрс хуулалтад өртөх талбайн үржил шимт хөрсийг тусад нь овоолон нөхөн сэргээлтэд ашиглах, нэг жилээс дээш хугацаагаар ашиглахгүй тохиолдолд ургамалжуулан хөрсөө хамгаалах, олон салаа зам гаргаж хөрс эвдрэхээс урьдчилан сэргийлэх, хатуу хог хаягдлыг богино хугацаанд тээвэрлэн хөрсний гүний овоолгод булж дарах, уурхайн орчны хөрсний эвдрэл элэгдлийг нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу жил бүрийн байгаль орчны нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөнд санхүүжилтийн хамт тусган хэрэгжүүлэх зэрэг ажлыг 2003 оноос ШУА-ийн Гео-экологийн хүрээлэн, тендер зарлаж  “Этерналграден”, “Хонгор түрүү” ХХК-тай хамтарч 35.9 га-д 151.2 сая төгрөг зарцуулж гүйцэтгээд байна.

1996, 2003, 2007, 2016 онуудад нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэжээ. Эдгээрийн зэрэгцээ ШОНУ-н усны нөөцийг түшиглэн үүсгэсэн “Хаялга” нууранд Сэлэнгийн савын голууд, Өгий нуур, Рейн-Лена мөрөн хүртлэх Евро-Азийн гол, мөрөн, нуурт тархсан ховордож болзошгүй ангилалд багтдаг, агнуурын үнэт загасны нэг  Бух Сугасыг 2013 оноос зөөвөрлөн авчирч тавьжээ. Бие галбир, зүс улаан нүдэнтэй төстэй боловч биеэр том. Шавьжийн авгалдай, бие гүйцсэн шавьж, зөөлөн биетэн, цурхай, алгана, цулбуурт загасны өсвөр биесийг барьж иддэг. Нутагшсанаас хойш хийсэн судалгаагаар бух сугас загасны тарга авалт харьцангуй сайн байгаа нь тэжээлийн хангамж хүрэлцээтэй элбэг байгаагийнх. Цаашлаад загасчлалын аялал жуулчлал хөгжүүлэх, хүнсний зориулалтаар өсгөх, агнуурын зүйлийн бух сугасныхаа хамгаалалтыг сайжруулж нөөц бүрдүүлж эдийн засгийн олз омог олох боломж бүрдэх юм.

Энэ нэг хэрэг. ШОНУ ХХК-ний нийгмийн хариуцлагын талаар сонирхсон нь мэдээж. Борлуулж байгаа нүүрсний өртөг гарах зардлаасаа доогуур байдаг нь тус ТӨХК-ний нэгэн бэрхшээл шиг ажиглагдсан. Нүүрсний үнээ олигтойхон нэмчихье дээ гэхлээр гол хэрэглэгч ТЭЦ-4 эрчим хүчний үнээ нэмэх болдог. Хэрэглэгчдэд хүндрэлтэй. Улс орны аюулгүй байдал язгуур эрх ашигт харшлахад тулж аль, аль талын ашиг сонирхлыг нэгтгэхээс аргагүй болоод явчих жишээтэй. Нүүрсний үнээ төрийн бодлоготой уялдуулж тогтвортой барих, орон нутгийн төсвийн 90 орчим хувийг бүрдүүлж байгаа нь л нийгмийн хариуцлагын бодит үр дүн.

Уул уурхай гэдэг утгаараа эмэгтэйчүүдийн ажлын байрны хомсдолтой байдгийг харгалзан үзэж уурхайчдын ар гэрийнхнийг ажлын байраар хангах зорилгоор байгуулсан ажлын тусгай хувцасны оёдлын цех, Жудо, сагс, волейбол, шатар, даам , бокс, теннис, хөл бөмбөгийн секцэнд 150 гаруй хүүхэд залуусыг хамруулж улс, олон улсын чанартай тэмцээнд оролцох зардлыг нь хариуцаж ажилладаг “Хаялга” спорт клубын үйл ажиллагаа гээд биет бус байдлаар нөлөөлж ирсэн нь нийгмийн хариуцлагын бодитой ажил хэрэг үзүүлэлт үр дүн болж байна. Байгаль орчны болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол улсын хуулиуд, байгаль орчны эрсдлийг нь тооцож бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжилтэд нь хяналт тавьж баймааж нь  эрхэлдэг аж ахуй болохоос хэн хүний зоргоор дуртай газраа хүчит техникийн “шанага” буулгадаггүй болох талаар харилцан ярилцаж ойлголт суулгаж зөрүү таамаглалыг маань зөв зүгт залж өгсөн аймгийн татварын хэлтэс, БОАЖГ, аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Анхбаяр, Шивээ-Овоо ТӨХК-ний захиргаа хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батмөнх мөн уурхайн экологич инженер Н.Оюунбилэг нартаа баярлалаа. Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг гэж яригдах болсон цаг үед менежмэнт сайтай, ашиг орлого арвинтай байх болтугай.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...