Х.Наранжаргал: Эдийн засгийн цензур улс төрийнх болж редакцид ирээд байна

-АРДЧИЛСАН СЭТГҮҮЛ ЗҮЙН ГОЛ ҮНЭТ ЗҮЙЛ НЬ ХАРААТ БУС БАЙДАЛ-

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд Гадаад хэргийн яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран “Их тэнгэр”-т “Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү форумд Монголын талаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МОНЦАМЭ агентлаг, сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд зэрэг 50 гаруй төлөөлөгч, Оросын талаас ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/ Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан-Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчид тус тус оролцов. Төлөөлөгчид хоёр талын салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мэдээлэл, нэвтрүүлэг, сэтгүүлчид харилцан солилцох зэрэг хамтын ажиллагааны цаашдын зорилтоо ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцав.

-Манай сэтгүүлчдийн түгээмэл гаргаж буй алдаа юу байна вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ер нь гурван төрлийн мэдээлэл явдаг шүү дээ. Сэтгүүл зүйн, пи-арын, зар сурталчилгааны мэдээлэл. Манай залуу сэтгүүлчид пи-ар-ын мэдээлэл, сэтгүүл зүйн мэдээлэл хоёрын ялгааг ерөөсөө ойлгохгүй байна. Адил төстэй тал бий юу гэвэл бий. Хамгийн аюул нь пи-арын мэдээллийг сэтгүүл зүйн аргаар хийж хүмүүсийг төөрөгдүүлээд байдаг. Сүүлийн хоёр мэдээллийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө авчирдаг шүү дээ. Би чамд эфирийнхээ хэдэн минутыг зарлаа, би сониныхоо зай талбайг тэдээр зарлаа, чи дуртай юмаа хий гээд нэг албан байгууллагын даргаас ярилцлага авчихаж байгаа юм. Сэтгүүл зүйн арга мөн үү мөн. Дотор нь байгууллагаа, өөрийгөө сурталчилчихаж байна. Тэрнийхээ төлөө мөнгө төлж байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлын тухайд та юу хэлэх вэ?

-Сэтгүүл зүйн мэдээлэл гэдэг нийгмийн, хамгийн хараат бус байх ёстой. Ардчилсан сэтгүүл зүйн гол үнэт зүйл нь хараат бус байдал юм. Олон улсын сэтгүүлчдийн холбооны нэг тодорхойлолт байдаг юм. Энэ нь Засгийн газар болон бусад ямар нэгэн талаас дарамт шахалтгүй байхыг хэлдэг. Хараат бус байдлыг чөлөөт хэвлэл гэдэг юмаа гэж. ЮНЕСКО-гийн тодорхойлолтоор бол бүр ойлгомжтой. Засгийн газар, улс төрийн намууд, дээрээс нь бизнесийн компаниуд, тэр байтугай хувийн продакшн, студи, дэд бүтэц өөрөөр хэлбэл түгээлтийн тогтолцооноосоо хараат бус байхыг хэлнэ гэж. Энийг хуулиар л шийдэх зүйл. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэдэг хэрэглэгчийн тоо маш бага болоод байна. Хараат бус байхын тулд нэгд, эрх зүйн орчин таатай байх ёстой. Редакцийн орчин таатай байх ёстой.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар бүх төрлийн цензурыг хориглодог ч бодит амьдрал дээр байсаар л байна?
 
-Тийм. Өнөөдөр амьдрал дээр бүх цензур бодитой байна. Яагаад гэхээр эдийн засгийн цензурь улс төрийнх болж редакцид ирээд байгаа байхгүй юу. Манайх шиг гурван сая хүн амтай, хэвлэл мэдээллийн жижиг зах зээл дээр 500 гаруй хэвлэл мэдээлэл, түүнээс 14 өдөр тутмын сонин, 90 гаруй сайт, 190 гаруй жижиг том телевиз, мөн 90 гаруй радио бий гэж бодохоор яагаад ч энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг шингээх зах зээл байхгүй.

-Зах зээл байхгүй ч оршин тогтноод байгаа шүү дээ?

-Учир нь мөнгө хаана байна тэнд л ойрхон байгаад байгаа байхгүй юу. Мөнгө хаана байна? Засгийн газар мөнгөтэй байна. Төрийн бүх байгууллага мэдээлэл сурталчилгааны өөрийн төсөв хөрөнгөтэй. Хэдэн тэрбумаар тоологдох мөнгө байгаа шүү дээ. Тэр ирж байгаа мөнгө нь Засгийн газрын зар сурталчилгаа болохоос биш сэтгүүл зүйг дэмжээд байгаа юм биш. Гэтэл тэр чинь татварын мөнгө байхгүй юу. Шилэн дансны тухай хууль гарсан байхад Ямар мэдээллийн хэрэгсэл юуны төлөө хэдэн төгрөг аваад байгаа юм бэ гэдэг ил тод биш байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж буй реклам зар сурталчилгаа харьцангуй багассан санагддаг уу?

-Рекламын зах зээл жилээс жилд хумигдаж, багасаад байгаа. Зөвхөн телевизийн зах зээл дээр гэхэд “Maxima”-гийн судалгаагаар 20 гаруй сая доллар эргэлдэж байна. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотод байгаа 60 гаруй суваг, аймгийн жижиг радио телевизийн бүх хүнээ санхүүгийн хувьд хараат бус байх боломжийг олгох юм уу гэхээр үгүй. Дараа нь мөнгөтэй хүн хэн байна вэ? Улс төрийн намууд. Гуравд, улс төртэй ойрхон бизнесийн бүлэглэлүүд. Энэ бүх мөнгө редакциар дамжиж орж ирдэг. Редакцид мөнгө хэрэгтэй учраас түүнийг эсэргүүцэх дархлаа байхгүй болчихсон байна. Түүгээр эдийн засгийн цензурь дамжаад “Энэ манайд рекламаа өгдөг газар шүү. Муугаар бичиж болохгүй” гэдэг. Тэр нь сүүлдээ сэтгүүлчдэд өөрсдөд нь цензурь болж ирж байгаа.

-ХҮМҮҮСИЙН ИТГЭЛЭЭР СЭТГҮҮЛ ЗҮЙН ЧАНАРЫГ ХЭМЖИХ ЁСТОЙ-

-Зарим тохиолдолд сэтгүүлч “бууж” өгөхөөс аргагүйд хүрдэг? 

-Тийм. Хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн, архи үйлдвэрлэлээ, хүнд металлтай будаа оруулж ирлээ гэдэг мэдээлэл хийчихлээ. Гэтэл гаргаж болохгүй. Яагаад? Бид тэр компаниас байнга реклам авдаг ч юм уу. Тэгэхээр бид мөнгөний төлөөх явцдаа ерөөсөө улс төр, бизнес хоёрт олзлогдож байгаа байхгүй юу. Энд яваандаа сэтгүүл зүйн хараат бус байдлаа алдах хамгийн аюултай үзэгдэл байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг маань сэтгүүл зүйн хэм хэмжээнд үндэслэгдсэн мэдээллийн бизнес. Тэгэхээр энэ бизнес чинь өөрийн зорилгоор урвуулан ашиглах юм уу, хэтрүүлэн ашиглахад маш хялбар. Их амархан ухуулга сурталчилгааны хэрэгсэл болоод хувирчихна. Их амархан суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болоод хувирчихна. Тэгэхээр редакци өөрөө гадны энэ бүх сөрөг хүчин зүйлийг сөрөх чадвартай л байх ёстой. Гэтэл өнөөдөр энийгээ алдаад байгаа нь хамгийн харамсалтай. Тэгээд муу нэр нь сэтгүүлчид дээр ирж буугаад байгаа юм.

-Сэтгүүл зүйн бүтээгдэхүүний чанарыг юугаар хэмжих вэ?

-Өнөөдөр үзэг, микрофоноо бариад гүйж яваа сэтгүүлчид худалдагдсан, ёс зүйгүй, муусайн сэтгүүлчид гээд нэрлэгддэг. Сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд надад их харамсалтай санагддаг. Гэтэл энэний ард ингэж нөлөөлж буй ийм хүчин зүйлүүд байгаа юм шүү гэдгийг олон нийт тэр болгон ойлгохгүй байгаа. Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэж буй хүний тоо нэг их буухгүй ч эргэлздэг хүмүүсийн тоо нэлээд байна. Тэгэхээр ардчилсан нийгмийн онцлог нь юунд байна вэ гэхээр бид олон нийтэд үйлчилж байгаа. Тэр нь хувийнх байна уу, олон нийтийн хэвлэл мэдээлэл байна уу хамаагүй. Бид иргэдэд л үйлчилж байгаа. Тэр иргэд улс оронд юу болоод байгаа тухай үнэн, бодитой мэдээлэлтэй л байх ёстой. Хамгийн идэвхтэй иргэн ч гэсэн өөрөө яваад, мэдээлэл цуглуулаад, түүнийгээ бололвсруулаад түгээх боломж ч байхгүй. Тэгэхээр өөрийнхөө бүх итгэл найдварыг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд өгчихөж байгаа. Та нар миний өмнөөс яваад энэ мэдээллийг цуглуулаад боловсруулаад надад түгээгээтхээч ээ гэдэг. Тэгээд гэртээ телевизийн 60 сувгийн нэг дээр нь нэг минут тогтоход л цаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэж буй итгэлээр сэтгүүл зүйн чанарыг хэмжих ёстой байхгүй юу.

-Тооноос чанар гэдэг. Дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл илүү бодитой, үнэн мэдээлэл хүргэж чадаж байна уу гэдэгтээ төдийлөн анхаарахгүй байх шиг санагддаг юм. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Өнөөдөр миний хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрэглэгчиддээ мэдээллийг яаж хүргэж байна вэ, миний сонин, сэтгүүлийн тухай иргэд юу гэж бодож байна вэ гэдэгт дотооддоо судалгаа хийдэг, ач холбогдол өгдөг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бараг байхгүй. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөрийн хяналт байх ёстой. Яагаад вэ гэвэл хяналтын гадна байдаг ямар ч этгээд байхгүй, ардчилсан нийгэмд. Бүх эрх мэдэл, давуу байдлыг хянадаг бүхэл бүтэн тогтолцоонд энэ бүхэн байдаг. Байхгүй байж байж сая хэвлэлийн зөвлөл байгуулагдлаа л даа. Одоо тэгэхээр төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд заахаа болиод, удирдахаа болиод, хянахаа болиод ирүүт яах юм бэ гэсэн асуудал гарна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө өөрийгөө хянадаг, өөрийгөө удирддаг бүтэн тогтолцоотой байх ёстой. Удирдана гэдэг нь гадны янз бүрийн нөлөөг эсэргүүцэх чадвартай байна гэсэн үг.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ
 Эх сурвалж: Мэдээ.МН
Сэтгэгдлийг ачааллаж байна ...