30 орны 300 гаруй эдийн засагчид оффшор бүсийг үгүй болгохыг уриаллаа

Дэлхийн улс орнуудын төрийн удирдагч, тэрбумтан, бизнесмэн болоод олны танил хүмүүсийн нууц эд хөрөнгийн тухай “Панамын баримт бичиг” хэмээх санхүүгийн баримтууд дэлгэгдсэн нь дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Энэ сарын 9-ний өдөр Монголын цагаар шөнийн 02:00 цагт “Панамын баримт бичиг”-ийн жагсаалтын нэрсийг олон нийтэд ил болголоо.
   
Оффшор бүсэд компани байгуулах, данс нээхэд хуулийн үйлчилгээ үзүүлдэг “Mossack Fonseca” фирмийн мэдээлэл 2015 онд хакерийн халдлагаар задарсан билээ. Тус фирм нь Панам улсад бүртгэлтэй учир “Панамын баримт бичиг” хэмээн нэрлэгдсэн юм. “Mossack Fonseca” фирмийн мэдээллийг хакердсан этгээд Жон Доу хэмээн өөрийгөө нэрлэж буй. Тэрээр өөрийгөө тагнуулын байгууллагатай огт хамааралгүй бөгөөд улс төрийн ямар нэгэн зорилгогүйгээр мэдээлэл хакердсан тухайгаа 1800 үгс бүхий захидлыг, хуулийн фирмийн баримтуудын хамт анх Германы “Sьddeutsche Zeitung” сонины Фредерик болон Бастиан Обермайер, Ванесса Вормер, Вольфанг Яшенкси нарын сэтгүүлчдэд өгсөн байдаг. 
Фото эх сурвалж: sueddeutsche.de

Нийт 2,6 терабайт хэмжээтэй 11,5 сая файл бүхий мэдээллийг “Sьddeutsche Zeitung” сонины сэтгүүлчид дангаар боловсруулж чадахааргүй байсан учир International Consortium of Investigative Journalists /ICIJ/ буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандсан байна. Ингээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд дэлхийн 78 орны хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллагын 400 орчим сэтгүүлч “Панамын баримт бичиг”-ийн судлах төслийг хэрэгжүүлсэн юм. Их Британийн “The Guardian”, BBC, Францын “Le Monde”, Аргентины “La Naciуn”, Швейцарийн “Sonntagszeitung”, Австрийн “Falter”, Оросын “Новая газета” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллажээ.  

Компани тус бүрийн нэртэй фолдерт цахим захидал, гэрээ, фото зураг, сканердсан баримт бичгүүд хадгалагдсан “Mossack Fonseca” фирмийн 1977-2015 оны архивын мэдээллийг ICIJ нь “Nuix” программыг ашиглан системчлэн ялгаж, тодорхой нэрс бүхий жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтад багтсан тухайн хүн оффшор компанийн бүтэц бүрэлдэхүүнд ямар үүрэгтэй, мөнгө нь хаанаас орж ирсэн, хөрөнгө мөнгөний хэлэлцээр хаана явагдсан, хуулийн хүрээнд хийгдсэн эсэх талаар сэтгүүлчид судлан шалгасан байна.

Оффшор компани, данс эзэмших нь хууль бус асуудал биш бөгөөд ICIJ-ийн эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд компани, данс эзэмшигчид хэн болохыг тогтоох гол зорилгыг агуулж буй. Учир нь оффшор бүсэд компани, данс эзэмшигчид ихэнхдээ өөрийн нэрийг нууцлах, зарим тохиолдолд итгэмжлэгдсэн хүний нэр дээр байлгах хүсэлтэй байдаг. Улстөрчид, төрийн удирдагчид итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан компани, дансаа хянах нь илүүтэй. “Mossack Fonseca”-ийн үйлчүүлэгч нь 1000 ам.доллар төлснөөр “нууц” компани эзэмших эрх нээгддэг бөгөөд нэмэлт төлбөртэйгээр үндсэн эзэмшигчийн нэрийг нууцлан, “зохиомол” эзэмшигчтэй болгодог байна. Тус фирмын үйлчлүүлэгч дунд төрийн удирдагч асан, одоо Ерөнхийлөгчийн алба хашиж буй, Ерөнхий сайд болон парламентын гишүүд зэрэг улс орнуудын 128 улстөрчдөөс гадна алдартай тамирчид, жүжигчид, бүр мафийн бүлэглэлийн гишүүд ч бий аж. 

ICIJ-ийн “Offshore Leaks Database” ажиллагааны offshoreleaks.icij.org сайт дээр 21 оффшор бүс дэх 206 улсад хамааралтай 214 мянган компанийн нэр, эзэмшигч, эздийн хаягийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй тавьсан. Энэхүү мэдээлэлд Монгол улсын 49 иргэний нэр орсон бол Оросын 6285 иргэн болон 11 516 компани, Хятадын 8995 иргэд бүртгэлтэй байна. Колумбын Их сургуулийн профессор Жеймс Генрийн судалгаа тооцоогоор “Панамын баримт бичиг” дэх Хятадын иргэд 1,2 их наяд ам.доллар, оросууд 1,3 их наяд ам.долларыг оффшор бүсэд байршуулжээ. Үйлчүүлэгчдээ хөрөнгөө татвараас нуухад нь туслахдаа “Mossack Fonseca” фирм нь “Deutsche Bank”, HSBC, “Credit Suisse” банкуудтай хамтран ажилладаг байсан нь “Панамын баримт бичиг”-ээр илрээд байгаа.   

Өнгөрсөн сарын 3-нд “Панамын баримт бичиг”-ийн эрэн сурвалжлах ажлын эхний үр дүнг мэдээлэх үед авлигатай тэмцэх олон улсын “Transparency International” байгууллагаас “Их хорь”-ийн Төрийн тэргүүн нарт хандаж, дэлхийн дахинаараа оффшор бүсгүй болохыг уриалж байсан юм. Тэгвэл нууц баримт бичиг дэх нэрсийг олон нийтэд зарласан энэ өдөр дэлхийн 30 орны 300 гаруй эдийн засагчид оффшор бүсийг үгүй болгохыг дахин уриаллаа.

“Панамын баримт бичиг”-ийн жагсаалтад орсон компани, иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн нийтлэлүүдээр үргэлжлүүлэн хүргэх болно.

 
Э.Од

 
 
                         

Сэтгэгдлийг ачааллаж байна ...