Оффшор компани буюу “Панамын баримт бичиг”-ийн дуулиан

International Consortium of Investigative Journalists /ICIJ/ буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо нь төрийн удирдагчид, тэргүүн асан дэлхийн алдартай хүмүүсийн оффшор компанитай холбоотой 11,5 сая баримтыг 4 дүгээр сарын 3-нд олон нийтэд дэлгэсэн нь томоохон шуугиан тариад байгаа билээ. Татвараас “бултаж”, халхавч компанийн нэр дор их хэмжээний мөнгө байршуулж, зарим талаараа угаасан гэх нэр бүхий хүмүүсийн жагсаалт Германы “Sьddeutsche Zeitung” сонин болон дэлхийн 100 гаруй мэдээллийн томоохон сувагуудаар нэгэн зэрэг цацагдсан юм. 

Оффшор бүсэд компани байгуулах, данс нээхэд хуулийн үйлчилгээ үзүүлдэг 1977 онд үүсгэн байгуулагдсан “Mossack Fonseca” хэмээх Панамын компаниас алдагдсан баримтууд учир “Панамын баримт бичиг хэмээн нэрлээд буй. “Mossack Fonseca” компани нь Лондон, Бээжин, Майами, Цюрих болон дэлхийн 40 оронд салбартай. “Панамын баримт бичиг”-ээр 21 оффшор бүс дэх 214 мянган компани, олны танил хүмүүсийн санхүүтэй холбоотой электрон захидал, 500 гаруй банкны мэдээллүүд задарсан юм. Нийт 2,6 терабайт багтаамж эзлэх мэдээлэлд хакердан халдсан байна. Эдгээр баримт бичиг нь 1977 оноос эхэлж 2015 оны дуусах хүртэл хугацааны буюу 40 гаруй жилийн мэдээллийн архив аж.

“Mossack Fonseca” компанийн үйлчлүүлэгчдийн дунд Ерөниийлөгчийн алба хашиж буй 5 орны төрийн удирдагчдын нэр багтсан нь Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Халифу ибн Зайд Аль Нахайяна, Исландын Ерөнхий сайд Сигмундур Давид болон Саудын Арабын хаан Салмана ибн Абдул-Азиза Аль Сауда нар юм. Түүнчлэн, Египетийн Ерөнхийлөгч Хосни Мумбарак, Ливийн тэргүүн агсан Муаммар Каддафи, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон зэрэг төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн мэдээлэл бий. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ийн нэр дор бизнес, санхүүгийн үйл ажиллагаа явуулсан, нэр холбогдсон алдартнуудын баримт бичгүүд ч багтсан байна.
   
Азербайжан- Ильхам Алиев нь 1997 оноос өнөөг хүртэл 2 удаа Азербайжан улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй. Түүний гэр бүл нууцаар эзэмших оффшор компаниар дамжуулан Лондон дахь үл хөдлөх хөрөнгө болон бусад хувьцаануудаа хянадаг байна. “Mossack Fonseca” компанийн мэдээллээр Ерөнхийлөгч Алиев болон түүний эхнэр Мехрибан нар 2003 онд “Rosamund International” компанийг Британийн Виржинийн арлуудад байгуулжээ. 2005 онд Азербайжан дахь алтны зургаан ордыг ашиглах лицензийн эрхийг оффшор компани руугаа шилжүүлсэн байна. 2008 онд “Rosamund International”компанийн хууль ёсны эзэшигчдээр 19 настай охин Арзку, 23 настай Лейла нарыг бүртгүүлжээ. Оффшор данс, компанитай холбоотой мэдээллийн талаар Ильхам Алиев “Азербайжан улсын хуулинд Ерөнхийлөгчийн хүүхэд арилжааны компани эзэмшихийг хориглоогүй” хэмээн мэдэгдсэн байна.

Их Британи- “Панамын баримт бичиг”-т Их Британийн Лордын танхимын 6 гишүүн болон парламентын экс гурван гишүүн, Ерөнхий сайд Девид Камероны таалал төгссөн эцэг Иен Камероны нэр багтсан байна. Эдгээр хүмүүстэй холбоотой баримт бичгийг Их Британийн Засгийн газраас судалж, татвараас зайлсхийсэн талаар шалгаж байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон нь өөрийн эхнэрийн хамт эцэг Иен Камероны оффшор компанид хувь эзэмшдэг нь үнэн ч төрийн албан тушаалд томилогдохоосоо өмнө худалдсан талаар мэдэгджээ.

Исланд-“Оффшоргүй улс төр” уриатайгаар төрд гарч ирсэн Исландын Ерөнхий сайд Сигмундур Давид болон түүний эхнэр оффшор данстай болох нь “Панамын баримт бичиг”-ийн дуулианаар илэрчээ. Оффшор компанийн мэдээлэл цацагдсаны дараа Исландын иргэд Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж жагсаал хийж, 4 дүгээр сарын 5-нд Сигмундур Давид Ерөнхий сайдын албанаас буусан юм.

Казахстан- Ерөнхийлөгчийн ач болон шадар сайд Нурали Алиевагийн хүү нар Британийн Виржинийн аралуудад оффшор 2 ч компани эзэмшдэг болох нь “Панамын баримт бичиг”-ээр илэрсэн байна. Тэдгээр компаниудаар мөнгө угаах үйл ажиллагаа хийгддэг байжээ.

Хятад- Хятад улсын одоогийн хүчин төгөлдөр хуулиар хилийн чанад руу 50 мянган ам.доллараас дээшгүй хөрөнгө шижлүүлэх эрхийг заасан байдаг байна. “Панамын баримт бичиг”-ийн хэрэгт Хятадын Коммунист намын тэргүүлэгч удирдлагуудын гэр бүл, намын улс төрийн товчооны 8 гишүүний ойрын садан төрлийн хүмүүс оффшор компаниуд эзэмшдэг аж. Коммунист намын 5-р удирдагч Лю Юншан, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч дарга Жан Гаолин нарын хамаатнуудын нэр холбогдсон юм. Уг баримт бичигт орсон Хятадтай холбоотой мэдээллүүдийг эрх баригчид хааж, цахим хайлтыг блоколсон байна.

Пакистан-Одоогийн Ерөнхий сайд Наваза Шарифын гурван хүүхдийн нэр оффшорын хэрэгтэй холбоотой аж. “Панамын баримт бичиг”-ийн дагуу Ерөнхий сайдын гэр бүл Британийн Виржинийн аралуудад дөрвөн оффшор компанитай бөгөөд Лондон дахь 6 үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байна.

Орос- Орос улстай холбоотой “Панамын баримт бичиг”-ийн мэдээллийг “Organized Crime and Corruption Reporting Project” /OCCRP/ байгууллагын 3 мэргэжилтэн, 1 сэтгүүлч нягтлан шалгажээ. “Mossack Fonseca” компанийн баримтанд хөгжимчин Сергей Ролдугин, бизнесмэн ах дүү Аркадий, Борис Ротенбергийн оффшор компани эзэмшдэг аж. Сергей Ролдугин 2015 он хүртэл эзэмшиж байсан оффшор компанийн дансаар 2 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдсэн байна. Тэрээр оффшор компаниараа дамжуулан гадаад, дотоод компаниудын хувьцааг худалдан авах, худалдах үйл ажиллагаа явуулж байжээ.

Түүнчлэн, Челябинск мужийн амбан захирагч Борис Дубровский, Псковский мужийн амбан захирагч Андрей Турчак, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Песковын эхнэр болох нэрт уран гулгагч Татьяна Навка, түүний 2 хүү Николай Патрушев болон гадаад хэргийн сайдын орлогч Игорь Зубов нар оффшор компаниа татан буулгасан мэдээлэл байгаа юм. Төрийн томоохон албан хаагчдаас Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев, Москва хотын зам тээвэр хариуцсан даргын орлогч Иван Малюшин, Төрийн Думын гишүүд Виктор Звагельский, Михаил Слипенчук, Суйлеман Геремеев, Александр Бабаков нар оффшор компанийн эзэмшилтэй аж. Нэр дурдагдсан эдгээр хүмүүс бүгд Путины “ойрын” гэгддэг.

“Панамын баримт бичиг” олон нийтэд хэвлэгдэхээс 7 хоногийн өмнө Путины эсрэг барууны ОНМХ-үүд “мэдээллийн хадлага” хийхээр бэлтгэж байгаа тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийж байсан юм. Оросын нэр хүндийг унагаж, олон улс дахь байр суурийг нь сулруулах гэсэн оролдлого гэж Төрийн Думын зарим гишүүд “Панамын баримт бичиг”-ийн талаар үзэж буй. Нэр дурдагдсан хүмүүсийн асуудлыг Оросын Ерөнхий прокурорын газраас шалгаж эхэлсэн байна. Харин Кремлийн хувьд Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаах гэсэн оролдлого гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар шүүхэд хандахгүй гэдгээ мэдэгджээ. Харин Путин өөрөө “утгагүй худал зүйл” хэмээн нэрлэж, 4 дүгээр сарын 14-нд болсон “Ерөнхийлөгчийн шууд шугам” нэвтрүүлгийн үеэр “Эдгээр баримт бичгүүд нь сэтгүүлч биш, хуулийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэсэн мэт сэтгэгдэл төрж байна” хэмээн асуултанд хариулсан юм. Мөн тэрээр АНУ-ын “Годман Сакс” корпорацийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг холдингид Германы “Sьddeutsche Zeitung” сонин харьяалагддаг болохыг өгүүлжээ.

    ОХУ саяхан авлигатай тэмцэх хуульдаа төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хориглолоо



АНУ-  АНУ-ын нэрт бизнес эмэгтэй Марианн Олшевски оффшор данс нээлгэхээр 2008 онд “Mossack Fonseca” компанийн үйлчилгээг авч байжээ. “Панамын баримт бичиг”-т оффшор компани, дансны эзэмшилтэй АНУ-ад оршин суугаа 211 хүний нэр бчигдсэн аж. Эдгээр хүмүүс АНУ-ын иргэн мөн эсэхийг тогтоосны дараа нэрсийг олон нийтэд мэдэгдэх гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама “Татвараас зайлсхийх нь дэлхий нийтийн “толгойны өвчин” болсон асуудал бөгөөд хууль бус хөрөнгийг чөлөөтэй эргэлдүүлэх үйл ажиллагаатай тэмцэхийн тулд Америкийн Засгийн газар арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.      

Украин- Петр Порошенко нь Украины Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө өөрийн эзэмшиж буй чихрийн үйлдвэрлэлийн “Рошен” компанийн бүх хувьцааг худалдахаа мэдэгдэж байжээ. Гэхдээ тэрээр 2014 онд Британийн Виржинийн аралууд дахь оффшор компани руугаа шилжүүлсэн болох нь “Панамын баримт бичиг”-ийн дуулианаар илэрсэн байна. Компанийн хувьцааг гадаад худалдан авагчдад илүү үнэд хүргэж худалдах гэсэн зорилготой байсан гэж Порошенкогийн туслах тайлбар хийжээ. Гэвч Порошенкогийн улс төрийн өрсөлдөгчид түүнийг татвараас зайлсхийж Украин улсын хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм. Порошенкогийн гол өрсөлдөгч “Радикал” намын тэргүүн Олег Ляшко Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашигласан учир огцрохыг шаардсан байна. 

Оффшор дансны мэдээлэл алдагдсан нь сэтгүүл зүйн түүхэн дэх авлигалын эсрэг хийгдсэн хамгийн том ажиллагаа хэмээн АНУ-ын тусгай албаны экс ажилтан Эдвард Сноуден өөрийн блогдоо онцлон бичжээ.
      
Э.Жаргал
 

    

Сэтгэгдлийг ачааллаж байна ...