Путин юу гэж хариулав?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины олон нийтийн асуултад нээлттэй хариулах “Прямая линия” шууд нэвтрүүлэг өнөөдөр Монголын цагаар 18.00 цагт эхэлнэ. Яг одоо Москва хотноо Гостиный двор театрын их танхимд улс төрч, шинжээч, эрдэмтэн, тамирчин, эмч, инженер, усан цэрэг, оюутан зэрэг нийгмийн бүх төлөөлөл Орос орны Төрийн тэргүүнд үгээ хүргэж, асуултандаа хариулт авахаар хуран цуглаад байна.  Энэ удаа иргэдийн сонирхож байгаа асуултуудад тэргүүлэх сэдэв газрын тосны үнэ, дотоодын түлшний үнийн өсөлт, Сирийн асуудал, мэдээж Путины оффшор дансны мэдээлэлтэй холбоотой болохыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ярьсан юм.  

“Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийг ОРТ буюу “Оросын 1-р суваг”-ийн Ерөнхий захирал Константин Эрнст, Бүх Оросын төрийн радио, телевизийн компанийн /ВГТРК/ дарга Олег Добродеев нар анх санаачилсан юм. Нэвтрүүлэг цацагдаж эхэлсэнээс хойш өнгөрсөн 15 жилийн хугацаанд жил бүр уламжлал болон зохион байгуулагдахдаа 2004, 2012 онд цацагдаагүй. Гэхдээ 2004 онд шууд нэвтрүүлгийн оронд Кремльд өргөн цар хүрээтэй Хэвлэлийн хурал зохион байгуулж байжээ.    

Хамгийн анхны нэвтрүүлгийг Кремлээс бэлтгэн 2001 оны 12 дугаар сарын 24-нд ОРТ, РТР телевизийн сувгаар шууд цацагдаж байсан түүхтэй. Олон нийтээс 400 асуулт ирснээс нийт 2 цаг 20 минут үргэлжилсэн эфирээр Путин 47 асуултанд хариулсан юм. Тухайн үед 2 телевизийн шууд эфир Оросын телевизийн нийт үзэгчдийн 70%-ийг татаж чадсан байна.  Энэ жил олон нийтээс 3 сая гаруй асуулт ирсэн нь нэвтрүүлгийн түүхэн дэх дээд амжилтыг тогтоож буй. Путинд тавих олон нийтийн асуултуудыг нэвтрүүлэг цацагдахаас 7 хоногийн өмнө авч эхэлдэг байна.

Шууд нэвтрүүлгийн хувьд Путинд тавих асуултаас илүүтэй түүний содон сонирхолтой хариулт үзэгчдийн анхаарлыг татдаг. “TNS Russia” агентлагаас явуулсан судалгаагаар 2015 онд Оросын Төрийн тэргүүний хариултыг 8,3 сая хүн үзсэн байна.   

2010 оны шууд эфирээр “Танд бидний өмнө ичгүүртэй биш байна уу?” гэсэн асуултанд тэрээр “Үгүй, миний аливаа шийдвэр, үйл хэрэг эх орон, ард түмний сайн сайхны төлөө байдаг. Гэхдээ үнэндээ зарим зүйлийг өөрөөр хийх боломжтой л байсан” гэж хариулжээ. Михаил Ходорковскийн тухайд Путин “Уулзах газраа өөрчилж болохгүй” киноны нэрийг иш татан “Хулгайч шорондоо л суух ёстой” хэмээсэн байна.

Шууд нэвтрүүлгийн үеэр хүүхдүүд ч өөрийн улсын  Ерөнхийлөгчтэй шууд холбогдож, дуу хоолойгоо хүргэж, хүсэл мөрөөдлөө ярьдаг. Гурав дахь жилийн шууд эфирээр анх удаа 4 хүүхэд Путинтэй утсаар холбогдож байжээ. 2002 онд шууд ярилцлагын үеэр Еврейн автономит мужийн Биробижан хотоос 11 настай Наташа охин Ерөнхийлөгчтэй холбогдон түүний хотод байрлуулсан Шинэ жилийн сүлд мод хиймэл учир амьд гацуураар сольж өгөхийг хүссэн байна. Тэр өдөр охины төрсөн өдөр тохиосон байжээ. Путин охины төрсөн өдөр болон оршин суугчдад Шинэ жилийн баярын бэлэг болгон Биробижан хотын төвд амьд гацуур байрлуулахыг Еврейн автономит мужийн захирагчид санал болгосон байна. Шууд эфирийн маргааш өдөр нь аварга том амьд гацуурыг нисдэг тэрэгээр хотын төвд буулгажээ.   

2008 оны Ерөнхийлөгчийн шууд шугаманд ОХУ-ын Буриад улсаас 9 настай Даша Варфоломеева охин холбогдон “Володя ах аа! Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байдаг. Манай тосгонд ажил олдохгүй, бид эмээгийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Баяраар эгч бид 2 шинэ даашинз өмсөхийг мөрөөддөг. Би яг Үнсгэлжингийх шиг даашинз таниас хүсэх гэсэн юм. Та шинэ жилийн баяраар сайхан сэтгэлтэй шидтэн болж миний хүслийг биелүүлээч” гэсэн хүсэлт олон олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөжээ. Путины урилгаар Даша охин гэр бүлийнхнийхээ хамт Москвад очиж, Кремльд Ерөнхийлөгчтэй уулзахдаа мөрөөдлийн даашинзаа бэлгэнд авсан юм.  

Путинд хаяглагдах асуултын тоо жил ирэх тусам нэмэгдэх болж “Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн эфир 2009 оноос 4 цаг гаруй үргэлжлэх болжээ. Хамгийн урт хугацаанд буюу 4 цаг 47 минут үргэжилсэн нэвтрүүлэг 2013 оных аж. Тус нэвтрүүлэгээр Путин 90 асуултад хариулж байжээ. Дийлэнх асуултууд орон нутаг, тэр дундаа алслагдсан бүс нутгийн иргэдээс ирдэг.  2011 онд Алс Дорнодын Казачие-Малеванный тосгоны эмэгтэй Ерөнхийлөгчтэй шууд холбогдохдоо оршин суугаа бүс нутаг нь хэзээ ахуйн хийтэй холбогдох талаар асуужээ. Ердөө хагас цагийн дараа Путины ширээн дээр 2002 оны 1 дүгээр сараас Казачие-Малеванный тосгоны иргэд хий ашиглаж эхлэх тухай “Газпром”-ын бичиг баримт байсан гэдэг.

2015 оны 4 дүгээр сарын 13-ны шууд эфир “Ерөнхийлөгчтэй шууд холбогдох шугамаар Та юу мэдэхийг хүсч байгаа юм бэ?” асуултаар өндөрлөсөн юм. Путин “Нэгдүгээрт, энэ нь нийгмийн өргөн цар хүрээний санал асуулга. Орос улсын өнцөг булан бүрээс ирж байгаа хэдэн сая асуултаас ард иргэд юунд санаа зовж буйг бодит мэдэх боломжтой. Ингэснээр төрийн алба иргэдэд хэрхэн үйлчилдэг нь тодорхой харагддаг. Хоёрдугаарт, зарим нэг чухал асуудлуудын талаар манай улсын бодлого болон төр удирдаж суугаа миний өөрийн байр суурийг ард түмэнд шууд хүргэх ойлгуулах, болж буй үйл явцад иргэд үнэлэгээ өгөх боломжийг олгодог...” хэмээн хариулсан юм.
 
Э.Жаргал

Сэтгэгдлийг ачааллаж байна ...