Үлгэр жишээч загвар болохуйц хүрээлэнг Монголд байгуулсан

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баасансүрэнг “Ярилцах цаг” буландаа  урьж ярилцлаа.

-Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 жилийн ой тохиож байна. Та сэтгүүлзүйн салбарт олон жил ажилласан, МХХ-г үүсгэн байгуулалцахад гар бие оролцсон хүний хувьд дурсах юм ихтэй байх.Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монголын Хэвлэлийн Хүрээлэн ТББ-ыг үүсгэн байгуулах Анхдугаар чуулганаас нь эхлэн үйл ажиллагаанд нь оролцсон юм байна. “Чөлөөт хэвлэл” төслийнхөнтэй санал солилцож байсан нь бишгүй. Уг төслийн зохицуулагч ноён Ю.Рингаард саяхан Улаанбаатарт хүрэлцэн ирж МХХ-гийн Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа үүх түүхийг нь сөхөн сануулж байна лээ.

1993 оны арваннэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Засгийн газрын 169 дүгээр тогтоолоор Данийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх “Монгол дахь чөлөөт хэвлэл” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. “Чөлөөт хэвлэл” төслийг хэрэгжүүлэх байнгын хороог ердөө нэг сарын дараа буюу 1993 оны арван хоёрдугаар сарын 16-нд байгуулж, Соёлын сайд Н.Энхбаяр толгойлон ажиллаж эхэлсэн байдаг юм.

Монгол Улсын түүхэнд Ерөнхий сайдаар томилогдож ажилласан мэргэжлийн сэтгүүлч хэд хэд бий. Жишээ нь Догсомын Бодоо /1921 он/, хоёр дахь Ерөнхий сайд нь Намбарын Энхбаяр /2000 он/, улмаар Цахиагийн Элбэгдорж, бас Санжаагийн Баяр нар болно. /тэднээс хоёр нь буюу Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгч болсон/ Түүхэндээ ийм олон сэтгүүлч Ерөнхий сайдтай улс орон өөр байдаг эсэхийг би мэдэхгүй.

Н.Энхбаяр гэхэд 1980-аад  оны сүүлчээр соёлын тулгамдсан асуудлаар нэг биш асуудал дэвшүүлсэн даацтай өгүүлэл бичсэн байдаг. О.Дашбалбар тэр хоёрын нийтлэлийг сэтгүүлзүйн судлаач, доктор профессор Л.Норовсүрэн “Монголын нийтлэл” судалгааны номондоо онцлон тэмдэглэж өндрөөр үнэлсэн байдаг юм.

Тийм хүн ардчилсан Монгол Улсын түүхэн дэх анхны “Чөлөөт хэвлэл” төслийг хэрэгжүүлэх байнгын хороог толгойлж ажилласан нь азтай завшаан байсан гэж бодож байна. Монгол Улсын соёлын салбарыг толгойлж байсан нь ч бидэнд их дэмжлэг болсон. Байнгын хорооны бүрэлдэхүүнд нь манай нэрд гарсан сэтгүүлч Ц.Дашдондов, миний нэрлээд байгаа ноён Рингаард зэрэг хүн байсан санагдана.

Ноён Ю.Рингаард сая бидэнтэй уулзахдаа Монголд хэрэгжүүлсэн “Чөлөөт хэвлэл” төсөл анхных байсан. Ийм болохоор түүнийгээ яаж хэрэгжүүлэх бэлэн  практик туршлага тухайн цаг үед байгаагүй. Тэр туршлагыг Монголд бид хуримтлуулсан. Энэ нь эргээд их хэрэг болсон. Гадаадын ардчилал хөгжиж байгаа хэд хэдэн оронд “Чөлөөт хэвлэл” төслийг хэрэгжүүлэхдээ бид Монголд олж хуримтлуулсан туршлагаа яг хуулбарласан гэж хэлж байна лээ.

Энэ утгаар нь авч үзвэл “Чөлөөт хэвлэл” төсөл Монголд  чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд төдийгүй ардчиллын замаар замнаж байгаа бусад улс оронд чөлөөт хэвлэлийг хөгжүүлж ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлж, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм билээ. Монголын Хэвлэлийн Хүрээлэн үүгээрээ бахархах эрхтэй гэж бодож байна. Үлгэр жишээч загвар болохуйц “Чөлөөт хэвлэл” төслийг Монголд анхлан хэрэгжүүлж Монголын Хэвлэлийн Хүрээлэнг байгуулсан байгаа юм.

-МХХ-ээс өнгөрсөн 20 жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хэрхэн яаж оролцож ирэв. Юу  нь танд илүү таатай сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Анхдугаар чуулганаас нь эхлээд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн гэдгээ би түрүүнд хэлсэн. Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ч нэг биш удаа сонгогдон ажиллаж байлаа.

Дашрамд хэлэхэд, Анхдугаар чуулганы дарга нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Лигдэн гуай байсан юм шүү дээ. Монголын Хэвлэлийн Хүрээлэн үүсэн байгуулагдахаасаа л сэтгүүлзүйн салбар дахь судалгаа шинжилгээний ажлыг тууштай хэрэгжүүлсэн түүхтэй.

Хараат бус, чөлөөт сэтгүүлзүйг хөгжүүлэхэд тус хүрээлэнгийн оруулсан хувь нэмэр асар их бий. Сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, Монгол дахь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны үүднээс үнэлгээ дүгнэлт өгөх, үндэслэл сайтай мониторинг хийх, төрөл бүрийн сэдвээр сургалт, семинар зохион байгуулах гээд тэр болгоныг яахан  дурдаж барах вэ. Тоогоор илэрхийлбэл хэдэн зуу, мянгаар тоологдох байлгүй.

-Гэхдээ та тодорхой тоо хэлэхгүй юу?

-Нэхээд байгаа бол ганц хоёр тоо хэлье л дээ. Өнгөрсөн хугацаанд Монголын Хэвлэлийн Хүрээлэн 193 төрлийн судалгааг хэрэгжүүлсэн байна. 645 удаа сургалт зохион байгуулжээ. Эдгээрт 17 мянган сэтгүүлч хамрагдсан гэсэн статистик мэдээлэл гарч байна лээ.

Энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэхэд үе үеийн Удирдах зөвлөл чухал үүрэг, хариуцлага хүлээж ажиллаж ирснийг ойн баярынх нь өдөр онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Б.Пүрэвдаш, Х.Чилаажав гээд идэвх чармайлт, зүтгэл санаачилга сайтай хүмүүс Удирдах зөвлөлийг толгойлж ирсэн. Анхных нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Цэндийн Энхбат, залгуулж ажилласан Донойн Цэдэн-Иш, одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Мягмарын Мөнхмандах нар бүгдээрээ л ажилсаг, санаачилгатай хүмүүс тохиосонд дотроо их баяртай явдаг.

-Өнгөрсөн хугацаанд гүйцэд ашиглаж чадаагүй, боломж алдсан гэдэг ч юм уу,  үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандах зүйл байдаг уу?

-Өөлье, шүүмжлэе гэвэл аль ч байгууллага, ямар ч хүнээс өө сэв олдоно л доо. Тэгэхийг хүсэхгүй байна. Харьцангуй сайн ажиллаж ирсэн байгууллага бол Монголын Хэвлэлийн Хүрээлэн мөн. Зарим үзүүлэлтээрээ мэргэжлийн түвшинд МСНЭ-ээс ч давж гарсан байх шүү гэсэн бодолтой байгаа. Тийм болохоор нийт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн сэтгэлийг татсан байгууллага болж хувирч чадсан. Өнгөрсөн 20 жилийн гол үр дүн бол энэ.

-Цаашдынх нь үйл ажиллагаанд санаа оноо авахуулах зорилгоор юм хэлэхгүй юм уу?

-Энэ тухай бид байнга л ярьж зөвлөлддөг юм. Удирдах зөвлөлийн хурал бүр дээр ярьдаг байх. Зарим санааг хэлье. Монголын Хэвлэлийн хүрээ¬лэн өнгөрсөн хугацаанд өсч хөгжсөн. Дэргэдээ “Сэтгүүлч” дээд сургуультай хүртэл болчихсон байгаа. Өнөөд¬рийн нөхцөлд их, дээд сургуу¬лийг үр ашигтай ажил¬луулна гэдэг маш төвөгтэй.

500-аас дээш оюутантай байж сая ашигтай ажилладаг болох нь өнгөрсөн 25  жилийн практикаар батлагдсан. Гэтэл тийм олон сэтгүүлч бэлтгэн багтааж шингээх зах зээлийн багтаамж Монголд байхгүй.  Тэгэ¬хээр хүссэн ч, хүсээгүй ч сэтгүүлчээс өөр мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхээс  аргагүй болно. Үүнийх нь төлөө тэнд ажиллаж байгаа захирал, багш нарыг буруутгаж болохгүй.

Харин нэг зүйлийг хэлэхэд, мэргэжлийн сэтгүүлчид, редактор, найруулагч, зураглаачид гээд манай салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг таван жил тутамд нэг удаа богино хугацааны давтан сургалтад хамруулдаг болмоор байгаа юм. Сэтгүүлзүйн онол, практикийн шинэчлэлээр, шинэ мэдээллээр цэнэглэж баяжуулах хэрэгцээ нийгэмд бодитой бий. Аль ч их, дээд сургууль төгссөн хүн таван жил болоод шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгөө цэнэглэх шаард¬лагатай болдог юм. Тэр эрэлт хэрэгцээг “Сэтгүүлч” дээд сургууль 14 хоног, нэг сарын зэрэг түргэвчилсэн сур¬галтаар хангах боломжтой санагддаг.     

Нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэд, ерөнхий редактор, ерөнхий эрхлэгч нар үүнд анхаараасай  гэж хүсч байна. Энэ чиглэлээр “Сэтгүүлч” дээд сургууль тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөвхөн дээд мэргэжилтэй сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх биш, давтан сургалтыг өөртөө авч үүгээр дагнаж ажиллах боломж, давуу тал “Сэтгүүлч” дээд сургууль бий. Бусад их, дээд сургуулиуд сэтгүүлчийн мэргэжлээр давтан сургалт явуулдаггүй. Онгорхой эзэнгүй байгаа энэ орон зайг овсгоотой ашиглах ёстой гэж бодож байна.

-Таны яриан дундуур ороод нэг зүйлийг асуучих уу. Гэхдээ ярьж байгаа сэдэвтэй нэг юм л даа. Сэтгүүлзүйн онол, практикийн асуудлыг хөндсөн “Сэтгүүлч” сэтгүүлийг Монголын хэвлэлийн хүрээлэн МСНЭ-тэй хамтарч гаргах үүрэг хүлээсэн санагдана. Тэр сэтгүүл үзэгдэхээ болиод удлаа. Уг нь манай сэтгүүлчдийн дунд эрэлттэй, хүлээлттэй байсан юм сан. Яагаад гарахаа больчихов оо?

-Энэ  аль, аль талын санхүүгийн боломжтой холбоотой байх. Улс оронд нүүрлэсэн санхүүгийн хямрал бодитой хүндрэл учруулж байгаа нь ойлгомжтой юм. Хэдийгээр энэ мэт хүндэтгэх шалтгаан байвч “Сэтгүүлч” сэтгүүлийг бүрмөсөн нүд аниулах нь зохимжгүй байж мэднэ.

Бас нэг зүйлийг нэмж хэлье. Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс сар бүр нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааны талаарх социологийн судалгааг хийж, өргөн олон нийтэд танилцуулж ирсэн юм. Нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдэд социоло-гийн судалгаа явуулж үзэгч, сонсогч, уншигчдын судалгааг гаргадаг байв.

Сүүлийн үед энэ ажил мөн л санхүүгийн хүндрэлээс болж эрч нь баахан саарч, бүтэн жилээр нэгтгэн мэдээлж дүгнэдэг болж хувираад байна. Судалгааны орон зайг нь “Максима” судалгаа төвийнхөн булааж авсан байдалтай харагдаж буй. Урьд нь Монголын Хэвлэлийн Хүрээлэн ба Максимагийн судалгааны дүнг хооронд нь харьцуулж харахад их сонирхолтой дүр зураг харагддаг байлаа. Одоо бол бид “Максима”-гийн монополь үнэлгээнд л итгээд явж байна.

-Энэ бүгд чинь Удирдах зөвлөлийн гишүүд та нартай хамаатай зүйл биш үү. Яагаад анхаарал хандуулж хэрэгжүүлж чадаагүй юм бол...

-Хамаатай байлгүй яахав, гүйцэд хэрэгжиж чадаагүй нь өнөөх л эдийн засгийн хямралтай холбоотой. Удирдах зөвлөлийн хурал дээр удаа дараа ярьж сануулж, гарц хайж ирсэн зүйлээ л давтаж байгаа ухаантай юм.

Бидний үүрэг,  сонгуульт хугацаа энэ жил дуусгавар болж байгаа. Дараагийн сонгогдох гишүүдэд хэрэг болж магадгүй гэж санаа авахуулах үүднээс зориуд хэлж байгааг ойлгох байх аа. Бид 20 жилийн ойгоо тэмдэглэхдээ амжилтаа товойлгож магтахаасаа илүүтэйгээр алдаагаа бас олж харж сургамж авахыг эрхэмлэж байгаа учраас үүнийг ярьж байгаа юм.

Та бүгдэд, Монголын бүх сэтгүүлчдэд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлье. Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх ариун үйлсэд хамтдаа зүтгэж, ардчиллын үнэт зүйлсийг хамтдаа хамгаалж хамтын хүчээр бэхжүүлцгээе гэж уриалах байна.

-Бидний урилгыг хүлээж авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: gogo.mn


Сэтгэгдлийг ачааллаж байна ...