Сэтгүүл зүйн “ТОРГОН ХҮЧ”

Хэвлэлийн эрх Чөлөөний өдөрт зориулав: 

ТОЙМ:

Нийгмийн тогтолцоо бүхэлдээ “организмын шинжтэй” харилцан уялдаагаар дүүрэн байдаг. Нийгмийг хүн бүрдүүлдэг учраас хүмүүний бий болгож, оршин амьдарч буй нийгмийн хэлбэр нь организмын шинжтэй байдаг эсэхийг судлаач нар хэлэх байх. Харин тэр харилцан уялдаагаар дүүрэн байдаг салбаруудаас нийгмийн оюун санааны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлдөг сэтгүүл зүйн салбарын “Торгон хүч”-ийг шинээр харах оролдлого хийе гэж бодлоо. Ингэхдээ “Soft Power” номын зохиогч, профессор Жозеп С.Найгийн “Торгон хүч” хэмээх онолын ойлголтыг үндэс болгов.  Учир нь нийгмийн амьдралд шинээр бий болж байгаа, эсвэл аль хэдийнэ тогтож хэлбэршсэн институтлэг бүтцийг задлан шинжилж, эрүүлжүүлж, зохистой байлгах, зарим үед өөрчлөх үүргийг гүйцэтгэж байдаг салбар бол сэтгүүл зүй юм.

Иймээс тухайн нийгмийн хөгжлийн ерөнхий чиг хандлага, дархлаа, тухайн нийгмийн үнэ цэнэ, нэгэнт тогтсон соёлын үр нөлөө зэргийг сэтгүүл зүйгүйгээр төсөөлөх боломж надад хараахан алга байна. Харин хэвлэл мэдээлэлд итгэл алдарсан нийгмийн гишүүний хувиар “Яагаад” гэдэг асуултыг нээлттэй тавьж, бусдыг уриалсугай. Сэтгүүлчид л үнэнийг хэлнэ дээ гэх нийгмийн цөөнгүй хэсгийн гэнэн цайлган гэмээр итгэл үнэмшлийг нэр төртэй өөртөө харъяалуулах нь сэтгүүл зүйн “хайр дааж амьдрах” ёстой чухал шаардлага болчихоод байна.

ХӨГЖИЛ БА СЭТГҮҮЛ ЗҮЙ: 

Хөгжил гэх ойлголт өөрөө хурд гэсэн төсөөллийг бий болгодог.

Энгийнээс нарийнд шилжих үйл явц хэр зэрэг товчлогдож байгааг үндэс болгож сэтгүүл зүйг нийгмийн хөгжлийн хурдтай хэрхэн уялдаж, сэтгүүл зүйн хэлбэр өөрөө хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг ажиглавал хоёр үндсэн өөрчлөлтийг хэлж болно.

Юуны өмнө тэдний “мэдээллийг эрж хайх, мэдээлэлд хүрэх үйл явц” технологийн дэвшлийн үр нөлөөгөөр асар их өөрчлөгдсөнийг харж болно.

Өнөөдөр сэтгүүлчид харьцангуй өргөн далайцтай мэдээллийн эх сурвалжид харьцангуй хялбараар хүрэх боломжтой болжээ.

Хоёрдугаарт, тэдний мэдээллийг түгээх боломж санаанд багтамгүй огцом өөрчлөгдсөнийг харж болно. Мэдээллийн орон зайн хил хязгаар гэж байхгүй болсон нь үүнийг нотлох баримт билээ. Зөвхөн энэ хоёр өөрчлөлтөөс харахад “сэтгүүл зүйн нийгэмд үзүүлэх нөлөө улам тэлж байгаа” гэсэн дүгнэлт хийж болох юм. Гэтэл нөгөө талдаа огт өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ёсгүй зүйл байна.

Сэтгүүл зүйн гол мөн чанар болох сэтгүүл зүйг нийгмийн оюун санаанд нөлөөлдөг бусад салбаруудаас ялгаж өгдөг тухайн салбарын “ёс зүй” өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд харин ч улам нарийсан хөгжиж байна. Ямарваа нэг салбар хуулиар зохицуулах боломжгүй орон зай буюу өөрийн сул талаа ёс зүйгээр зохицуулдаг болсон цагт тухайн салбарын хөгжил шинэ шатанд гараад зогсохгүй, өөрийн гэсэн дархлаа тогтож өгдөг. Энэхүү сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй нь нийгмийг өөртөө татах, нийгмийн оюун санаанд нөлөөлөх, эрх мэдлийн гол институтээр нийгэмд тустай шийдвэр гаргуулах, ийм шийдвэр гаргахад нөлөөлөх сэтгүүл зүйн торгон хүчний нэгэн гол эх сурвалж, амин сүнс нь юм. Ийм дархлаа тогтоогүй байгаа нь манайд хөгжиж буй сэтгүүл зүйн сул тал билээ. “Дархлаагүй сэтгүүл зүй”. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийг хүнээр төсөөлбөл аманд нь хорхойтой шүд байна аа гэсэн үг.

ХҮН ИДЭХ ШҮД СЭТГҮҮЛ ЗҮЙД БАЙХ ЁСГҮЙ:

Их өөдрөгөөр тодорхойлбол манай өнөөгийн нийгмийн үнэ цэнэ бол эрх чөлөөний төлөөх тэмүүлэл юм. Түмэн саад бэрхшээл байгаа ч энэ тэмүүллийг сааруулах, хойш нь чангаах, саад болох эрх Монголын сэтгүүл зүйд байхгүй. Харин түүнийг арчилж тордох, түшиг тулгуур болох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах торгон хил болох үүрэг даалгавар сэтгүүл зүйд бий. Энэ үүргээ биелүүлэх мэргэжлийн ур чадвар байгаа ч зарим үед хүн чанар нь дутдаг. Ёс зүйтэй байх, татгалзах зэрэг дархлаа байхгүйгээс сэтгүүл зүй эрх мэдлийн гар хөл болж, “тогтолцоо хэмээх үл үзэгдэх машиныг хүнээр хооллодог” болсон байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйд хүн идэх шүд ургаж, тэр шүдийг нь хорхой иджээ. “Улс төр” хэмээх хорхой тэр шүдийг авахын аргагүй өмхий заваан, сул хэврэг болгожээ. Суга татаж хаях цаг нь болж. Хүний төлөө, хүний эрхийн төлөө, хүний эрх чөлөөний төлөө ажилладаг сэтгүүл зүй, шударга үнэний төлөө ажилладаг сэтгүүл зүй гэж байхаас төрийн төлөө ажилладаг сэтгүүл зүй, хуулийн төлөө ажилладаг сэтгүүл зүй гэж байх ёсгүй билээ. Төр, хууль хоёр хүнд үйлчлэх ёстой. Хүнд үйлчилж байх ёстой энэ тохиргоог сэтгүүл зүй тааруулж, түүний үр дүнг эрх чөлөөт хүн амсах учиртай. 

ЁС ЗҮЙТЭЙ, МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨ:

Сэтгүүл зүй сонирхдог хүний нүдээр өнгийж харвал Монголын сэтгүүл зүйд юм юм л болж байна. Сэтгүүлчид улс төр лүү орж байна, сэтгүүлчид пиар хийдэг болж байна, сэтгүүлч хүн улсын Ерөнхийлөгч болж байна, сэтгүүл зүй төрөлжих хандлагатай болж байна, сэтгүүлчид улс төрчдийн өрсөлдөгчөө намнадаг “бууны сум” болж байна, сүүлийн үед сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагатай болохоор нэгдэж эхэлж байна, мөн Монголын сэтгүүлчид улам “Завгүй” болсоор байна. Хамгийн чухал нь сэтгүүлчид ёс зүйг хүндэлж эхэлж байна.

Гэхдээ өнөөгийн байдлаас дүгнэхэд сэтгүүлчдийн боловсрол мэдлэг нийгмийнхээ хүрсэн түвшингээс тэртээ хол хоцорчээ. “Боловсрол бол ёс зүй юм” гэдгийг ойлгох сэтгүүлч хуруу дарам цөөхөн байна, цөөхөн байгаа учраас мэргэжлийн ёс зүй гэх ойлголтыг их сургуульд үздэг нэг л хичээл мэтээр “төсөөлдөг бололтой” юм. Тиймээс, хатуугаар хэлэхэд Германы философич Лейбницын тайбарласан оюуны ухааны үнэнийг “баримтат үнэнээр гуйвуулдаг” ажлыг цөөнгүй сэтгүүлчид хийдэг болжээ. Үүнийгээ пиар гэж итгэдэг юмдагуу даа. Сэтгүүлч Л.Болормаагийн бичсэн “2000 оны эхний 10 жилд сэтгүүл зүйг пиарын ажил болгон өнгийг нь идэвхтэй хувиргасан юм” /”Завгүй” 163-р х, Л.Болормаа/ гэх дүгнэлттэй санал нэг байна.

Мөн чанараараа, чиг үүргээрээ, арга технологи, “хэмжээ дамжаагаараа” ч огт өөр энэ хоёр салбар ингэтлээ “эвцэлдэж”, нийгэмд нөлөөлж байдаг торгон хүчнийхээ гол эх сурвалжийг ингэж сулруулснаараа Монголын сэтгүүл зүй “уналтынхаа шинэ шатанд” орох гол шалтгаан болсон юм. Сэтгүүлчид ямарваа нэг пиарын ажилд оролцохоос мэргэжлийн ёс зүйн үүднээс татгалзах нь “онол практикийн судалгааны ач холбогдолтой” төдий зүйл биш юм. Ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйн “Торгон хүч” чухам үүнд л оршиж байна уу гэж бодогддог.

СЭТГҮҮЛЧ ХҮН ТЭТГЭВЭРТ ГАРДАГГҮЙ:

Хувьсгал хийхгүйгээр нийгмийн харилцааг өөрчилж чадах “Торгон хүч” байдаг учраас сэтгүүл зүйн гол албан хаагчид болох сэтгүүлчдэд тэтгэвэрт гарах ёс суртахууны эрх байх учиргүй юм. Он цаг өнгөрөх тусам тэдний “борвин дахь баас” цэвэрлэгдэж байх ёстой. Туршлагатай сэтгүүлч хэзээ ямагт “шилдэг улс төрч”-өөс илүү нийгмийн оюун санааны орон зайд дутагдаж байдаг. Учир нь нийгэм цаг ямагт үнэнийг мэдэх шаардлагатай болоод тэр. Үнэний төлөөх тэмцэл нь хүн төрөлхтөнийг улам “хүмүүнлэг” байхыг шаарддаг нь түүхэн үнэн. Үнэнийг хэлэх замаар, соён гэгээрүүлэх замаар, зугаацуулах замаар нийгмийн оюун санаанд нөлөөлж байдаг тэр “Торгон хүч”-ээ шинээр сэлбэж, “албан хаагчид”-ынхаа мэдлэг боловсролыг шинээр харж, дэлхийн улс орнуудын сайн сайхнаас суралцах нь Монголын сэтгүүл зүйн цаг үеийн хямралаас гарах шинэ харгуй болов уу.

Н.Батжаргал

Эх сурвалж : www.ikon.mn


 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...