Технологийн хөгжил сэтгүүл зүйн үүргийг хумиж байна

Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ой тохиож буй энэ өдөр сэтгүүл зүйн шүүмж, судлалд өөрийн дуу хоолойг хүргэж ирсэн судлаач Д.Цэрэнжавтай ярилцлаа.

-Ажиглагч.мн, Баабар.мн сайтуудад нийтлэлүүдээ бичихээ байгаад  та төрийн бус байгууллагын ажил дээрээ төвлөрч байгаа юм байна. Монголын сэтгүүл зүйн өнөөдрийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс харахад болж бүтэж  байгаа эерэг юм юу харагдана?

Бусад улстай, Улаанбаатар шиг хүн амтай хотуудтай харьцуулахад хэтэрхий олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гээд толгой сэгсэрдэг, энэ бол зах зээл биш, хиймэл гэж ярьдаг. Гэхдээ нэгэнт энэ бүхэн байгаа бол яах аргагүй зах зээлийн үзэгдэл мөн байх л даа. Үүнийг би маш сайн зүйл гэж хэрэглэгчийн хувьд үздэг. Мэдээж зах зээлийн тодорхой хувийг эзлээд, хэвлэл мэдээллээр бизнес хийж байгаа хүмүүст бол төвөгтэй байх. Нийгмийн хувьд бол энэ яах аргагүй сонголт юм. Задгай, жолоодлогогүй юм шиг зах зээлийн үйл явц явагдаж байна. Өдөр тутмын сонин эрхэлж, телевиз ажиллуулж байгаа бол радио эзэмшиж болохгүй гэх мэтээр бусад оронд маш нарийн хязгаарласан байдаг. Эсвэл зах зээлийн тэдээс дээш хувийг эзэмшиж байгаа бол телевизтэй байж болохгүй гэдэг ч юм уу, төвлөрөл, монопольчлолыг хязгаарласан зохицуулалт бий. Манайд тэр нь байхгүй, жам ёсоороо явж байна. Түүнээс гадна мэдээллийн технологи гэдэг хямд төсөр, хялбар болчихлоо. Хэн ч гэсэн гэрээсээ, өрөөнөөсөө, бараг гудамжинд сууж байгаад ч юм уу хэвлэн нийтлэх боломжтой, нийгмийн сүлжээ хүчээ авч байна.

“Шүүмжлэлгүй сонин шүдгүй араатай адил” гэж үг бий. Худалдагдаад, захиалгат сэтгүүл зүй давамгайлаад ирэхээр үнэн худлын заагийг олох  нь олон нийтэд улам төвөгтэй болж байна л даа?

Ерөнхий мэдээллийн урсгал нь пи-ар талруугаа явчихсан байна. Тэгэхээр сэтгүүлчийн жинхэнэ үүрэг, үргэлж итгэхгүй байх, үргэлж шүүмжилж байх гэдэг юм нь орхигдож байна. Чиний өмнөх асуултанд ч гарч байна, эерэг гэж. Одоо телевизүүдэд “сайн мэдээ”, “эерэг мэдээ, “таатай мэдээ” гээд хийж байна. Хүмүүсийг шүүмжлэх нь гол биш, хүний хийж бүтээсэн юмыг ард түмэнд хүргэнэ гэсэн хандлага бий боллоо. Уг нь бол шүүмжлэх нь гол байхгүй юу. Тэр хийж бүтээсэн юмыг нь ард түмэнд хүргэх нь гол зүйл биш, бодит байдал дээр зээлийн хүү буураад ард түмэн сайхан амьдарч байна уу гэдэг үр дүн чухал.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд техник технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэх цоо шинэ эрин үе ирж байна. Бид хаана нь явна вэ?

-Тийм, ер нь сэтгүүл зүй их өөр болж байна. Өөр болсноосоо ч өөр болж байна.  Сэтгүүл зүйн тухай тогтсон ойлголт мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор яах аргагүй шинэ болоод байна. Хэвлэл мэдээлэл ямар байх ёстой вэ гэдэг бол технологийн хөгжлийн л асуудал болсон шиг байна. Хэвлэл мэдээллийн хөгжил юу вэ гээд гадаад дотоодын судлаачдын юмыг уншихаар технологи л ярьдаг. Энэ дунд сэтгүүл зүй маань яаж зохицох вэ гэдэг нь л асуудал. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн нийгэмд эзлэх байр суурь нь, дөрөв дэх засаглал гэдэг утгаараа их жижгэрчихсэн юм шиг, тэр их технологийн нэг хэсэг нь  юм шиг болж өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгэхээр дөрөв дэх засаглал гэдэг ойлголтоо хүртэл бид авч үзмээр ч юм шиг. Манай хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид энэ их өөрчлөлт давалгаан дунд байр сууриа олж авч чадах уу  гэсэн асуулт тавигддаг болсон байна. Сэтгүүлч яваагүй газар сонирхолтой үйл явдал боллоо гэхэд жирийн хүн тэр зургийг аваад тавьдаг болж. Мэргэжлийн ялгаа байж болох ч зарчмын ялгаа байхгүй болсон байна.

Мэргэжлийн сэтгүүл зүй гэж юу вэ, иргэний сэтгүүл зүйгээс яаж ялгарах юм гэсэн эрэл хайгуулын үйл явц өрнөж байх шиг байна. Энгийн байдлаар хэлэхэд  өмнө нь хүмүүс төдийлөн  үзэж  хүртэж чадахгүй байсан мэдээллийг сэтгүүлч олж аваад боловсруулаад түгээдэг байсан бол одоо бүгд мэдэж сонсож байгаа, бүгдийн өмнө өрнөж байгаа үйл явцыг сэтгүүлч боловсруулаад арай өөр юм гаргаад хүмүүст өгөхийг сэтгүүл зүй гэж хэлмээр болж байх шиг. Хуучин байдлаараа байх биш энэ их мэдээллийн урсгал дунд сэтгүүлч технологитой яаж харьцах юм, яаж хүргэх юм гээд өөр чадваруудыг шаардах болжээ. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гарч ирээд өрсөлдөөд чадах, чадахгүй явж байгаа нь өөрөө эрэл хайгуулын үйл явц, төр ч үүнийг зохицуулж гүйцэхгүй байна. Бусад орнууд зохицуулаад ирсэн сэтгэгдэл энэ тэр дээр яаж хөгөө чирч байна. Нөгөө талаас төрийн мэдлээс гадуур технологийн хөгжилтэй холбоотой, ардчилал үгээ хэлэх эрх чөлөөтэй холбоотой үйл явцыг хянах аргагүй.

CNN, Bloomberg, The New York Тimes, Financial times, OK, Cosmopolitan гээд дэлхийн том брэндүүд манайд эрхээ өгсөн нь энэ салбарын чансааг илтгэдэг ч эдийн засгийн утгаараа ашигтай ажиллах тал дээр чамгүй сорилтуудтай тулгарч байх шиг?

Дэлхийн хэмжээний мэдээллийн хэрэгслүүд манайд байна гэдэг хэрэглэгчдэд үнэхээр үнэ цэнэтэй зүйл. Сэтгүүлүүдийг би илүүтэй үнэлдэг. Улс орон хөгжиж байгааг өндөр байшингаар хардаг шиг манайд ямар ямар сэтгүүлүүд яаж гарч байна гээд харах юм бол эдийн засгийн тэсэрсэн хөгжлийн нэг илэрхийлэл. Сэтгүүл гэдэг өөрөө их чухал, үнэ цэнэтэй мэдээллийн хэрэгсэл. Нийгэмд байгаа ямар нэг асуудлыг, сэдвийг, чиглэлийг сонгож аваад, боловсруулаад, агуулгын хувьд, уран сайхны хувьд, багцлаад цэгцтэй мэдээллийг хүмүүст хүргэдэг. Жишээлэхэд, уул уурхайн чиглэлийн мэдээ өдөр бүр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ч тэрийг нэгтгэж олж авна гэдэг үндсэн ажил нь биш хүнд бол хэцүү. Тэгвэл уул уурхайн чиглэлээр мэдээлэл өгдөг сэтгүүл байна гэдэг цаана нь байгаа сэтгүүлчид ажиллаад,  хайрцаглаад надад өгч байна гэсэн үг. Тэгэхээр ийм сэтгүүл олноор гарч байна гэдэг бол маш чухал зүйл эерэг өөрчлөлт гэж би хэлнэ.

                  БИЗНЕС, ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭНД ЯВСААР СЭТГҮҮЛЧИД МОХОЖ БАЙНА

Сэтгүүлчийн хариуцлага, ёс зүйн асуудлыг олон нийт шүүмжилж, төр засаг хуулиар далайлгадаг. Салбарынхан өөрсдөдөө хариуцлага тооцдог “Хэвлэлийн консул”-ын олон улсын жишгийг та 90-ээд оны сүүлээс ярьж, бичиж ирсэн. Манайд байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл” таны зураглаж байсан тэр хэлбэрээр бий болж чадсан болов уу, үүргээ хэр гүйцэтгэж байна?

-Нэг зарчим нь алдагдсан. Бусад орнуудын Хэвлэлийн зөвлөлийн 90-ээд хувь нь сэтгүүлчид, эзэд, олон нийт гээд гурван талын оролцоотой механизм байдаг. Нэртэй нийгмийн зүтгэлтэн, хуульчид, том судлаачид орсон байдаг. Манайд байгуулахдаа Германы жишгээр 100 хувь хэвлэл мэдээллийнхэн орсон, эзэд бас сэтгүүлчид. Олон нийтийн оролцоо байхгүй өрөөсгөл байгаад нь би шүүмжлэлтэй ханддаг. Хийсэн нь маш том амжилт боловч асуудлаа шийдэж чаддаггүй ээлжит байгууллага болоод байх шиг. Одоогийн байдлаар тав зургаан гомдол ирснийг тэрүүхэндээ шийдээд зохицуулаад яваад байгаа юм шиг байна. Иймэрхүү өрөөсгөл механизмтай, үйл ажиллагаа хаалттай явах юм бол нийгэмд үзүүлэх эерэг нөлөө тийм сайн байж чадахгүй гэж харж байна. Мэргэжлийн холбоод манайд цөөдөөгүй. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хэн хийдэг гэхээр  сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага хийх ёстой. Хэвлэл мэдээллийн салбар өөрөө зохицуулдаг байхгүй бол төр хууль гаргаад, тэр эрх ашиг, сонирхол, байр сууриуд бидэнд халтай байхаар зохицуулагддаг тал бий.

-Сэтгүүлчид цалин багатай, сурч хөгжих зэрэг нийгмийн асуудлууд нь ч нэлээд орхигддог нь үнэн. Ерөнхий чадавхийн хувьд хэр байна вэ?

Чадавхи гэхээр хоёр л асуудал яригдана. Нэгдүгээрт, сэтгүүлчдийн үе солигдчихсон. Маш залуу сэтгүүл зүй гэж хэлье л дээ. Яахав гол гол өдөр тутмын сонин,  том телевизүүдээр  дунд, ахмад үеийн сэтгүүлчид зонхилдог ч гэсэн нийт жингээр нь аваад үзвэл залуучууд маш өндөр хувьтай байгаа. Нэгэнт залуучууд давамгайлж байгаа, үе солигдож байгаа юм чинь шүүмжлүүлэх нь зүйн хэрэг. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн ур чадварыг сорих ажлыг хэвлэл мэдээллийг эрхэлж байгаа хүмүүс нь хийлгэж байна уу эсвэл “Тэнд тийм хурал болж байна, очоод сурвалжил, энд гоё нээлт болж байна, чи машинд нь сууж яваад ир, гэрээ байгуулчихсан юм” гэдэг ажлыг түлхүү хийлгэж байна уу?  “Энэ сэдвийн хойноос яв, долоо хоног өгье гэж мэргэжлийн хувьд өсгөхөөр чиглүүлж байна уу гээд харахаар сэтгүүлчдээр хэрэггүй ажил үнэхээр их хийлгэж байна. Маш олон бизнес мэдээ, албан ёсны хурал зөвлөгөөний  мэдээ, тэгээд төр засгийг дагаж ажилладаг, нэг хэвлэлийн хурал зарлахаар оччихдог, өөр тийшээ явдаггүй. Гучаараа, дөчөөрөө, тавиараа нэг хурлыг сурвалжилж байгаа. Мэдээж төр засаг бол бидний амьдралын нэг хэсэг, гэхдээ маш их боломжийг алдаж байна. Тэр сэтгүүлч хийж байж л сурна. Реклам, мэдээ хоёр бол тусдаа. Телевизүүдийн бизнес мэдээг би их шүүмжилдэг. Банкууд бүгд бараг бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээтэй. Гэтэл  банкуудын зээлийн хүү яагаад ийм өндөр байгаа юм бэ гэдэг асуудал үлдээд байна шүү дээ.

“Би ийм юм байгууллаа, танайх энийг сурвалжил” гэдэг байсан бол одоо нийтлэлийн бодлогоор нь худалдаж авч жилийн турш гэрээ хийхээр ерөнхийдөө тэр байгууллагын мэдэлж орж байна. Урьдынхаасаа илүү аюултай болж байна. Тэгэхээр сэтгүүл зүй өөрийнхөө байр суурийг яаж тодорхойлох юм бэ. Гурван банктай, УИХ, Засгийн газартай, тэгээд хотын захиргаатай гэрээтэй, 1000 сэтгүүлчийн форум шиг зохион байгуулалтад ордог ийм төр засаг, бизнес, хэвлэл мэдээллийн харьцаа үүсэх юм бол маш эгзэгтэй л гэж хэлье дээ.

Гарц юу байж болох вэ?

Ил тод байдал. Маш энгийн юмнуудыг хийх хэрэгтэй.

Тухайлбал?

Төр засгийн, орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн өмчит компаниудын хэвлэлтэй хийсэн гэрээ ил тод байх ёстой. Маш энгийн зүйл. Яагаад гэвэл энэ чинь татвар төлөгчдийн мөнгө учраас олон нийт мэдэх хэрэгтэй. Энэ гэрээ ил тод байх шиг хатуу хяналт байхгүй. “Хаалтын гэрээ” гэдэг үг тэрэнд нь байдаггүй юм. Гэхдээ  хаалтын гэрээ гэдэг зарчим бол тэнд байж байгаа. “Манай тухай мэдээлэл ирэх юм бол биднээс асууж байж тавина” гээд маш энгийн заалт байгаа.  Хүмүүс их хүндрүүлж боддог. Нийгэмд байгаа ямар нэгэн асуудлыг яаж шийддэг вэ гэхээр судлаад, бүх мэдээллийг  цуглуулаад, хууль тогтоомжийн юу нь болж байна, болохгүй байна гэж үзээд л том бодлого боловсруулаад УИХ-ын гишүүдэд хандаад, хуулийн төсөл боловсруулаад хамтарч хуралдаад л, процесс ингэж л өрнөдөг. Яахав том бодлого гэдэг утгаараа ингэж шийдэх нь зөв байх. Сэтгүүл зүйд ил тод байдал маш чухал. Хоёр жилийн өмнөөс хаалтын гэрээ гэж маш их ярьсан, хэвлэл мэдээллийн эзэмшил гэж маш их ярьсан. Баримтууд гараад ирдэг, гэтэл хэвлэл мэдээлэл өөрөө сонирхлын зөрчилтэй учраас, энэ рүү явах юм бол өөрөө гараад ирдэг, өөрөө жаахан тааруухан харагдах учраас мөрөөр нь явахгүй.

Хэвлэл мэдээллийн өнгийг тодорхойлж байгаа, зах зээлийн ихэнх хувийг эзэлсэн мэдээллийн хэрэгслүүд нь үүнийг цааш нь гүйцээдэггүй учраас, шийдэгддэггүй. Өөрийн зохицуулалт бий болдоггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуралдаад л, бодлого гаргаад л байх хэрэггүй. Энэ бүгд бол дагалдах зүйл. Ил тод байдал гол нь гэж би хэлэх гээд байгаа юм. Яагаад судлах, семинардах ажлыг хийгээд байна гэхээр үндсэн ажил руугаа орохгүйн тулд байхгүй юу. Ярихаараа хаалтын гэрээ байж болохгүй гэдэг талд байгаа юм шиг боловч дүр үзүүлээд,  хэвээр үлдээгээд байгаа юм. Үнэхээр  байхгүй гэж үзэж л байгаа юм бол тэр гэрээг гаргаад л тавьчих. Энэ бол маш чухал. Хоёрдугаарт, эзэмшлийн асуудал. Энэ тал дээр манайд харин нэлээд сайн өөрчлөлт гарч байгаа. Ерөнхийдөө бид хэвлэл мэдээллийн хэрэгслийн үндсэн эздийг мэдэж байна. Ил тод болчихоор учир зүггүй манай Дорж гээд л Доржийн тухай найруулга яваад байхаа больчихож, унтахаас бусдад нь дагаад явж байдгаа больж.

Зуун эрхэм, төмөр замтай холбоотой нэвтрүүлэг, С1 гээд эзэмшил нь тодорхой байгаа болохоор тэр нэвтрүүлгүүдийг эерэгээр юм уу сөргөөр хүлээж авч байгаа ч гэсэн нэг их автахгүй байна. Энэ бол маш зөв. Үүний нөгөө талд эзэд өөрсдийнхөө нөлөөг оруулах арга улам нарийссан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг чинь сонгуулийн урд өдөр нээчихээд дараа нь хаадаг зүйл биш. Энэ чинь амьд организм шахуу юм. Янз бүрийн брэнд бий болдог, маш их техник ордог, өөрийн дотоод соёл бий болдог, хамт олон бүрэлддэг, үндсэн нэвтрүүлгүүд, архив, түүх үүсдэг гээд тасралтгүй явдаг үйл ажиллагаа. Сонгуулийн голын хоёр жилд харьцангүй чөлөөтэй байдаг. Одоо бол сонгуулийн горимондоо шилжсэн байна л даа. Сонгуулийн сурталчилгааны 18 хоног гэдэг бол зүгээр л хаалтын ёслол. Нижигнэсэн алга ташилт нь байхгүй юу. Жинхэнэ сурталчилгаа одоо явж байна.

Одоо хүмүүс тойргоо авчихсан, дүрдээ итгэчихсэн, сайд нар дуулж бүжиглээд л юм тараагаад л, гэнэтхэн том том амлалтууд аваад л. Тэгэхээр хамгийн гол асуулт, хэвлэл мэдээллийн байгууллага үүнийг яагаад хэлэхгүй байна вэ? Хэлж байгаа боловч үндсэн урсгалаараа бид хэлэхгүй л байгаа байхгүй юу. Бүр байхгүй болсон гэж би хэлэхгүй. Нөгөө талаас жижиг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд энэ байдал боломж олгож байгаа юм. Өдөр тутмын арван сонин “хаалтын гэрээ”-тэй гээд хэлэхгүй байгаа, орон нутгаар гардаг телевизүүд дуугарахгүй байгаа юмыг шинэ гарсан хэвлэл мэдээллийнхэн гаргаж ирээд танигдаж болно. Ингэж хийгээд нэр хүндээ өсгөөд явах боломжийг зах зээл, олон ургальч үзэл гэдэг чинь өгч байна. Зөв юм хийгээд хүмүүсийг татаад байх юм бол гарч ирэх боломж байсаар байна.

“Ил тод байдал сан” ТББ ямар төслүүд хэрэгжүүлж байна?   

Би яг шууд хэвлэл мэдээллийн салбарт ажиллахгүй байгаа ч үндсэндээ тэр л ажлаа хийж байна. Өөрөөр хэлбэл мэдээлэлтэй ажиллаж байна. “Ил тод байдал сан” ТББ  маань нийгмийн  бүх салбарт  ил тод  байдлыг хангахтай холбоотой, сэтгүүл зүй, ТББ хоёрын зааг дээр ажилладаг. www.tusuv.mn, www.iltod.mn, www.ilzasag.mn, www.ilniislel.mn, www.mongold.mn, www.ajiglalt.mn гээд сайтуудаараа мэдээллээ олон нийтэд хүргэдэг нь бусад ТББ-уудаас ялгарах манай онцлог юм. Цахим эрэн сурвалжлагын сайтууд нээж байгаа. Үүнийг олон нийтэд зориулж биш, эрэн сурвалжлагад оролцож байгаа хүмүүс нь мэдээллээ тэнд байршуулаад, ажлынхаа үр дүнг шууд хараад, сайтаар дамжуулж хоорондоо хэн нь ямар баримт олж байна, юу нь олдохгүй байна гэдгээ харж, холбогдох боломж олгох юм. Интернэтийн боломжийг бид ашиглаж, тэр бичлэгүүдээ нуучихдаг, зөвхөн өөрсдөө л үздэг байхаар тавьж байна. Ийм сайтын нэг жишээ нь Mongolx.mn юм.

ТББ-ын ажил гэдэг хариуцлагатай, хугацаатай, тайлан гаргах ёстой учраас бичих ажлаа нэг хэсэг жаахан орхигдуулсан. Ajiglagch.mn маань хуучин мэдээлэл нь олон болоод, цэгцлэхэд төвөгтэй болсон учраас шинээр Ajiglalt.mn-ыг нээсэн, одоохондоо арай эрчээ аваагүй байна. Бидний зорилго бол ТББ-ын ажлаа олон нийтэд хүргэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулна гэж ярьдаг даа, хүмүүст хүргэнэ, төр засагт хүргэнэ гэдэг бол маш хүнд, зардал чирэгдэл ихтэй ажил учир энгийн хэлбэрийг ашигласан. Сайтуудаа өгөөд “Бид юу хийснийг, ямар дүгнэлтэд хүрснийг  үзээрэй” гэдэг.

Эх сурвалж: tusgal.mn

Сэтгэгдлийг ачааллаж байна ...