Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээллийн үүрэг

“Ил тод, нээлттэй Улаанбаатар” форумын илтгэл

Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээллийн үүрэг

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид

НИТХ-ын дарга эрхэм хүндэт Д.Баттулга, Улаанбаатар хотын Засаг дарга эрхэм хүндэт Э.Бат-Үүл болон “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумд оролцохоор хуран цугласан эрхэм зочид та бүхний түмэн амгаланг айлтгая!

Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойн халуун мэндийг та бүхэнд болон нийт монголчууддаа хүргэе! Манай салбарын түүхэн дэх энэхүү чухал өдрийг тохиолдуулан “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг хамтран зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье.

Манай өнөөдрийн чуулга уулзалтад Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 15 ТББ, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн 111 хэрэгслийн дарга удирдлага, ажилтан ажиллагсад, ахмад-дунд-залуу гурван үеийн сэтгүүлчдийн төлөөлөл мянга гаруй хүн оролцож байна. Нийслэлийн удирдлагууд ил тод, нээлттэй засаглалыг бий болгохын төлөө юу хийснээ үндэсний сэтгүүлзүйн өдрөөр мянган сэтгүүлчийн өмнө тайлагнах гэж байгаа нь сэтгүүлзүйн түүхэнд ч, нийслэлийн түүхэнд ч цоо шинэ үйл явдал. Гэхдээ асуудлын гол нь шинэ хуучиндаа биш, харин агуулгадаа байгаа юм. Нээлттэй засаглалын тухай ойлголт олон улсад идэвхтэй хэрэглэгдэж эхлээд тав зургаахан жил болж байгаа ч түүний давуу тал нэгэнт илэрхий болоод байна.

Иргэд нь төрийн байгууллага юу хийж байгаа тухай бүх мэдээллийг “шилэн” зарчмаар хүлээн авах боломжтой, мэдээллийн технологийн давуу талыг ашиглан төрийн бодлого шийдвэрт оролцох боломжтой, энэхүү хамтын шийдлийг бодит ажил хэрэг болгох нөхцлийг төр захиргааны байгууллага нь иргэддээ олгодог тогтолцоог нээлттэй засаглал гэж нэрлэдэг. Ингэж ил тод байдлыг хангаснаар нэг талаас төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хууль зөрчсөн шийдвэр гаргах боломжгүй, нөгөө талаас иргэд өөрсдийнх нь эрх ашигтай холбоотой шийдвэрүүдийг цаг алдалгүй олж мэдэх боломжтой болдог. Үүнийгээ дагаад хариуцлагын тогтолцоо, шудрага ёс жинхэнэ утгаараа бий болох нөхцөл бүрддэг. Бас нэг сайн тал нь нийгмийн бүх гишүүд төрийн аливаа түвшний бодлого боловсруулах, шийдвэр гаргахад жигд оролцох боломж нээлттэй болдог. Урьд нь хэн нэгэн дарга шийдвэр гаргадаг, иргэд тэр шийдвэрийг нь дуртай ч дургүй ч биелүүлэх үүрэг хүлээдэг байсан бол нээлттэй засаглалын зарчмыг ажил хэрэг болгосноор хамтын шийдлийн механизм түлхүү үйлчилж эхэлдэг.

Улаанбаатар хотын удирдлагууд нээлттэй, ил тод засаглалыг хэрэгжүүлж байгаа нь нийслэлийн иргэн бүрт боломж олгосон чухал үйл явдал юм. Та бид нийслэл хотын нүдэнд харагдах бүтээн байгуулалтаас гадна нүдэнд үл харагдах их өөрчлөлтийн гэрч, оролцогч, үр шимийг нь хүртэгчид болоод байна.

Өнөөдөр нийслэл хотын иргэд нутгийн захиргааны 24 байгууллагын 453 төрлийн үйлчилгээг ямар нэгэн хүнд сурталгүйгээр нэг цэгээс авч чадаж байгаа нь нээлттэй засаглалын үр шим юм. Хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх үү болих уу, нийслэлийн төсөв ямар байвал зохистой вэ, бидний хийхээр төлөвлөж байгаа ажлыг та юу гэж үзэж байна хэмээн иргэдээсээ саналыг нь асууж, олонхи нь дэмжсэн асуудлыг л шийддэг болж байгаа нь, тэгэхдээ энэ нь нэг удаагийн арга хэмжээ биш тогтсон соёл болж байгаа нь нээлттэй засаглалын үр дүн юм. Нийслэлийн цагдаагийн газрын даргын сонгуульд иргэдийн санал нөлөөлж байгаа нь нээлттэй засаглалын үр шим юм. Хууль бусаар бусдын эзэмшилд очсон газрыг иргэдийн мэдэлд буцаан өгч, төрийн хамгаалалтад авсан нь бас ил тод нээлттэй засаглалын үр дүн юм. Энэ мэтээр нээлттэй засаглалыг бэхжүүлэхийн төлөө Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудын зүгээс сэдсэн санаачилсан, хийсэн бүтээсэн ажлыг нэрлээд байвал олон байна.

Энэ бүхэн хэвлэл мэдээлэлд ямар хамаатай юм бэ, ийм олон сэтгүүлч цуглуулаад ийм зүйл ярих хэрэг байна уу гэсэн асуулт гарч болох юм. Улстөржүүлэн хардах эрх ч та бүхэнд бий. Ийм бодол өвөрлөн сууж байгаа хүн байвал хуучин тогтолцооны хаалттай байсан үеийн Улаанбаатар хотын захиргаа, иргэддээ нээлттэй өнөөгийн үйл ажиллагаа хоёрыг харьцуулан жишиж үзэхийг зөвлөмөөр байна. Аливаа шатны дарга удирдлагын гаргасан шийдвэрийг өөлж шүүмжлэх, өөрийн хувилбарыг санал болгох боломж хорь гаруйхан жилийн өмнө бидэнд хаалттай байсныг ахмад, дунд үеийнхэн сайн мэднэ. Тэр үеийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн үүрэг, боломж ямар хязгаарлагдмал байсныг бас сайн мэднэ. Ардчиллын эхэн дунд үед ч гэсэн янз бүрийн түвшний дарга удирдлагын зарим тушаал шийдвэрийг олж харахын тулд мөшгөн сурвалжлах, ингэж мэдээлэл олж авсныхаа төлөө хуулийн өмнө өвдөг сөгдөх шаардлага сэтгүүлчдэд тулгардаг байлаа. Мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн ач холбогдлыг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй эрхтэн дархтанууд одоо ч гэсэн энд тэнд бий.

Гэхдээ өнөөдөр нээлттэй засаглал гэдэг ойлголт бий болж, түүнийг талархан хүлээн авч ажил хэрэг болгохын төлөө, төрийн ажлын хэм хэмжээ болгохын төлөө хичээдэг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар зэрэг орон нутгийн төр захиргааны байгууллагуудын хичээл зүтгэлийн үр дүнд иргэн төр хоёрын дундах хаалт тээгүүд бага багаар арилж, тэр хэрээр сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо ч өөрчлөгдөж эхлээд байна. Монголын хэвлэл мэдээллийнхэн саяхныг хүртэл тэр байгууллага ийм шийдвэр гаргажээ, тэр дарга ингэж үзэж байна гэсэн мэдээллийг олон түмэнд хүргэдэг, иргэн тэр ингэж ярьж байна, ард түмэн ийм санал бодолтой байна гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан төр засгийнхны нүд чихэнд өртүүлдэг, тэгээд өөрсдийгөөтөр ард түмний холбоос болсон маш чухал ажил хийж байна гэж үздэг байлаа. Зургийн аппарат зүүж, тэмдэглэлийн дэвтэр халаасалсан сэтгүүлчийн хэв шинжит дүрийг шинэ зууны технологийн дэвшил, засаглалын шинэчлэл, тогтолцооны өөрчлөлт тэр чигээр нь өөрчилж байна. Төр ард түмэн хоёр ихэнхдээ дундын зуучлагчгүйгээр хэл амаа ололцдог боллоо. Иргэд маань сэтгүүлч бидэнтэй л нэгэн мэдээлэл чөлөөтэй олж авдаг, бас түгээдэг субъект болж хувирч байна. Цөөн тохиолдолд иргэн-сэтгүүлчийн мэдээллийн хурд, хүртээмж, ач холбогдол мэргэжлийн сэтгүүлчийнхээс давах тохиолдол ч байна. Ийм нөхцөлд сэтгүүлчид бид мэргэжлийн түвшинд мэдээ мэдээллийг боловсруулан түгээдэг, ёсзүйгээ эрхэмлэдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг гэдгээрээ иргэн-сэтгүүлчээс, нийгмийн сүлжээгээр мэдээлэл түгээгчдээс ялгарах ёстой юм. Энд л та бидний давуу тал, давтагдашгүй чанар оршдог билээ.

Ялангуяа нээлттэй засаглал шиг нийгмийн онцгой ач холбогдолтой асуудлын мөн чанарыг олон нийтэд ойлгуулан таниулах, энэ чиглэлээр хийгдэж байгаа дорвитой ажлууд, сайн жишээг сурталчлан түгээх, бурууг зоригтой шүүмжилж, зөвийг тэтгэн дэмжих нь өнөөгийн сэтгүүлзүйн эрхэм чухаг үүрэг юм. Өнөөдөр ил тод нээлттэй засаглалын талаар Улаанбаатар хот шиг далайцтай ажиллаж, мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн орон нутгийн төр захиргааны байгууллага Монголын хэмжээнд бараг алга. Тийм болохоор төр засгийн бодлого шийдвэр гарах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлье, хяналтыг сайжруулъя, хариуцлагыг нэмэгдүүлье гэж л байгаа бол бусад орон нутгийн төрийн байгууллагууд Улаанбаатарын сайн засаглалын туршлагаас суралцах ёстой, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүлчид маань үүнд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүйгээр залгамж чанараа хадгалан үргэлжлэх ёстой бөгөөд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үйл ажиллагааных нь сайн жишээг дэмжин сурталчилж, танилцуулах нь улстөржилт биш гэдгийг энэ дашрамд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Ил тод нээлттэй засаглалыг бэхжүүлэх асуудал бол нийгмийн харилцаанд оролцогч бүх талуудын хамтын оролцоо, хамтын хичээл зүтгэлийн үр дүнд хэрэгжих их ажил бөгөөд үр шимийг нь даяараа хүртэх учраас нийгмийн өмнө онцгой хариуцлага хүлээдэг манай сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарынхан идэвхитэй оролцох ёстой юм. Иргэд өөрсдөө санаачлагатай байж, нээлттэй засаглалын үр дүнд бий болсон боломжуудаа бүрэн дүүрэн ашиглахад нь манай салбарынхан бас тусалж мэдлэг мэдээллээр хангах үүрэгтэй гэж үзэж байна.

Мэргэжил нэгт эрхэм нөхөд өө! Ил тод нээлттэй засаглалыг бэхжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе!

2016.03.04

Эх сурвалж: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл



Сэтгэгдлийг ачааллаж байна ...