ЭХ ХЭЛЭЭ “ЭВДЭХГҮЙ” ЮМСАН

МУИС-ийн Сэтгүүл зүй,
Олон улсын сэтгүүл зүйн lll ангийн оюутан Д.Ганзориг


(асуудал дэвшүүлсэн өгүүлэл)

Сүүлийн үед гадаад хэлтэй л бол хэнбугай ч юуг ч бүтээж чадна гэх хоосон бардамнал, хий цэцэрхэл нийгэмд түгэх болжээ. Олон хэлтэй, онцгой авьяастай хэн нэгэн байлаа гээд түүнийг үгүйсгэж буй хэрэг биш. Гэхдээ монгол хэлээ мэдэж, ёс заншлаа нөмрөөгүй байж, “гадны цуваар” гангарах нь юутай харамсалтай. Монгол бичгээрээ нэрээ ч бичиж үл чадах атлаа, харийн хэлний “хаягдал хогийг” чирж ирдэг нь юутай эмгэнэл вэ. Наад захын жишээ л гэхэд, одоо цагт “эрлийз” хэлээр хэн хүнгүй л ярих болж. Гадаад үгийг монгол хөрсөнд буулган “нутагшуулахын”  оронд шууд л шүүрэн “гангарах” хандлага газар авчээ. Бяцхан сурагч, багш сурган хүмүүжүүлэгчдээс эхлээд төрийн түшээд нь хүртэл  энэ бохирдлын боол болсон нь гажуудлын “ялзрал” эцэстээ хүрч дэндүү “өмхийрснийг” илчлэх мэт.



Зөвхөн харь үгийн нөлөө гэхэд манай хэл соёлд яаж нөлөөлж байгааг авч үзье. Мэдээж, үгийн санг бохирдуулж, монгол сэтгэлгээг үгүйсгэж байгааг хэлэх ч юм биш. Үүний гол шалтгаан нь ярьж буй хүн өөрийгөө өрөөлийн хэлээр ярьж байгаагаа ч мэддэггүйтэй холбоотой. “Өшөө чанга” хэмээн орилох дуучин, өшөө ямар асуудал тулгарч байна хэмээн ичих ч үгүй асуух сэтгүүлчээс л наад захын тар нь танигдана. Энэ мэт үгс нь он цагийн уртад  монгол хэлний үгийн сангийн тогоонд “тэнүүчилсээр” нэгэнт тогтсон хэллэг. Утгыг нь нарийн ярьвал  атаа жөтөө гэсэн агуулгаас халихгүй билээ. Харин үүний оронд хэрэглэх боломжтой үгсийг тооцоолж үзвэл, өөр, ондоо, бас, дахиад, улам, бүр гэх мэтээр хорь гаруй хэллэг байх юм. Ганц үүгээр ч үл барам ийм төрлийн үг зай завсаргүй “давшилсаар” байгаа нь бид өөдөөс нь нэн даруй сөрөн урагшлах  хэрэгтэй  болсныг  сануулсаар л. Чухам ийм л сөрөг хандлагын “салхи” ярианы ч бичгийн ч хэлэнд сэвэлзэх болсон нь эх хэлийг маань эвдэх нэгэн шалтгаан болж байна.

Сонгодог монгол хэлний уламжлан ирсэн ул мөрийг нь авч үзвэл, хөгжлийнхөө явцад олон зүйлийн өөрчлөлт хувьслыг дамжсаар өдийг хүрчээ. Эртний монгол хэлэнд байсан ховор хэллэг, содон сэтгэлгээ, өвөрмөц сонин өнгө аяс балартан хуучирч, нийгэм цаг үеэ дагасан үгсийг өөртөө шингээсээр ирсэн байх юм. Ингэхдээ ямарваа нэгэн зүйлийг нэрлэх, илэрхийлэх арга хэлбэр нь хувьсан уламжлагджээ. Үүн дотор нэгэн этгээд гэмээр хандлага өнөө үед давамгайлж байна. Худалдан авалт хийх, өвдөлт өгөх, хөрс хуулалт хийх гэх мэтээр ярихыг хээв нэг байдал, зөв ойлголт гэх хандлага нийгэмд оршсоор, улам бүр гаарсаар байгаа нь тун ч эмзэглэмээр. Үүнийг ажиглааад үзэхэд ч, Академич Ш.Лувсанвандан “Үйл үг бол эх хэлний манаач юм” хэмээн тэмдэглэснээс харахад ч энэ чухам  жинхэнэ гажуудал гэдэг нь тодорхой. Худалдаж авах, өвдөх, хөрс хуулах гэж ярьж  болох ч  заавал нэршүүлж хэрэглэх нь үнэндээ “модон хэл” гэгчийг далласаар байгаа нь үнэн. Нуршиж болно, ойлгогдож байгаа нь чухал хэмээн орхих гэсэн ч алга. Үүний балгаар хэтдээ бид “Би хоол идэлт хийгээд цадалт авлаа”, Өвдөлт өгсөн үед эм уулт хийгээрэй” гэж ярьж, бичвэл яана. Энэ аюул биш гэж  үү?.

Олон улсад хэрэглэдэг нийтлэг нэршил, шинжлэх ухааны ухагдахууныг бид шууд авч хэрэглэж болно хэмээн онгирцгоодог. Жишээлбэл, компьютер, машин, телевиз гэх мэт. Гэхдээ үүний далбаан доор өөрийн хэлээ “үхрийн элэг” болгох учиргүй ээ, бид.

Б.Ринчен гуай 1970 онд хийсэн судалгаандаа Монгол хэлэнд хэрэглэгдэж буй үг хэллэгийг давхцахгүйгээр хоёр сая таван зуун мянга гэж тодорхойлсон байдаг. Гэтэл бидний ярианы үгийн сан тавхан мянга дотор эргэлдэж байгаа нь та бид өөрөөсөө монгол хүн мөн билүү? гэдгээ нэг асуугаад үзмээр ч юм шиг. Эх хэлэнд харь үг “ноёлолоо” гээд ярьвал худал сүржигнэлээ гэх нэгэн хэсэг байхыг үгүйсгэхгүй. Чин үнэндээ эхлэл хэсэгт дурдсанчлан  эх хэл минь бидний  үндэсний оршихуй юм. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бол та, чи, бид. Дахин хэлье. Бид бүгдээрээ юм шүү.

2011 онд БСШУЯ-аас хийсэн судалгаагаар ЕБС-ийн бага ангийн сурагчдын хамгийн дургүй хичээлээр Монгол хэл, дуу хөгжмийн хичээл шалгарсан бол Англи хэлний хичээл хамгийн үнэлгээ сайтай гарсан байна.  Эндээс үзэхэд арван жилийн сурагчдад  эх хэлээ үл ойшоох хандлага ухаан гүйцэж, сэтгэхүй нь төлөвшсөн хүмүүсээс ялгаагүй оршин байна гэдгийг тодорхой харуулжээ. Гадны орнууд өөрсдийнхөө үсрэнгүй хөгжлийг “Бид иргэддээ багаас нь хэл, соёлоо таниулсантай холбоотой” хэмээн тайлбарладаг. Гэтэл манайхан юу хийж, хаана явна вэ?. Үүний шалтгаан мэдээж олон.

Багшийн хичээлээ заах ур чадвар, арга барилаас гадна, сургалтын төлөвлөгөөний агуулга зорилт ч үүнд маш их нөлөөтэй. Сурах бичиг зохиох шалгаруулалтыг “сүрхий” зохион байгуулж харагддаг яамны мэргэжилтнүүд үүнд анхаарахын оронд үүдээ хаан, хөлөө жийн суух нь даанч хэцүүхэн. Ядаж “Хэл зохиолын хүрээлэн” гэх сүржин нэртэй дардан байгууллага засаг төр лүүгээ гомдоллох нь байтугай туслах дүрийн жүжигчдээ өмнөө хөөн гаргачихаад тайзны ард тайван суух нь тарчигхан бодлого, бачимхан ажлыг нь илтгэх мэт. Одоо л хөдөлж эхлэв үү гэтэл өнөө хэдэн үсэгтэйгээ тэмцээд унах. Гэхдээ  бид дан ганц төр засгийн бодлого, төлөвлөгөөг үүний буруутнаар цоллох нь учир дутагдалтай.

Эх хэлийг минь чимээгүйхэн "хэмлэж” буй энэ асуудлын гарц нь бидний хэлэх үг, хэрэгжүүлэх үйлдлээс шалтгаална. Мэдээж, иргэн бүрийн эх орноо, үндэсний оршихуйгаа гэх сэтгэл зүтгэл энд нэхэгдэнэ. Гадны соёлд баяртай гэж хэлэхгүй ч гайтай хэдэн үгэн дотроос нь “өнгийж” чадвал болох нь тэр. Бас монголоо алдлаа гэхэд арай л дэндсэн гаж сэтгэлгээний үгсээ гаргаж хаявал огцом биш ч аажимдаа байдал дээрдэх нь дамжиггүй. Мөн Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас  ард иргэддээ  үндэсний бахархалт соёл, эх хэлээ таниулан мэдүүлэхэд чиглэсэн ажлуудаа далайцтайхан явуулах хэрэгтэй. Нэг ёсондоо төр засгийн зүгээс төрөлх хэлээ бөөцийлөх бодлогоо харамгүй хайрлаж, сургалтын чанар, агуулгад ач холбогдол өгөх нь зүйтэй. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад монгол хэлний хичээлийн цагийг нь нэмэгдүүлж,  сонирхолтой байдлаар, нухацтай заахад анхаарах нь хойшлуулшгүй хийх алхам юм. Үүнээс гадна, эх хэлнийхээ эзэд нь болсон Монголчууд бид өөрийн үүх түүхээ эргэн нэг харж, монгол үнэрийг хайж, уламжлалт сэтгэлгээгээ эрхэмлэн ярих нь нэн чухал. Хэдийгээр харийн соёл бидэн рүү хүчтэй давалгаалж байгаа ч түүнээс урьтаж эх хэл, бичгээ дархлаажуулах нь бидний чин сэтгэлийн дуудлага, эрмэлзмэл байх учиртай.

"Маргаашийн сэтгүүлчид өнөөдөр бичиж байна", 2016 он

Сэтгэгдлийг ачааллаж байна ...