NEWS WEEK СОНИНЫ РЕДАКЦИД

Захидал бичсэн
МУИС-ийн Олон улсын сэтгүүл зүйн III курсын оюутан Г.Хулан

Мэдээллийн News агентлагаас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын NEWS WEEK сонин анхны дугаараа 2013 оны гуравдугаар сарын 5-нд 20 мянган хувь хэвлэн орон даяар уншигчдад түгээж байсны нэгийг миний бие хүлээн авч уншиж байсан.

Тэр үеэс хойш цаг хугацаа өнгөрөхийн хэрээр танай сонин агуулга, хэлбэрийн хувьд өөрчлөгдөж, сайжирсныг энд дурдахад таатай байна. Миний бие тогтмол уншигчийн хувьд өөрийн хэмжээнд “бяцхан” анализ хийсний эцэст танай сонины редакцид захидал бичиж санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

Өнгө, шрифт, сонины үндсэн хэмжээ, тодорхой булангуудаа өөрчлөлгүй ирсэн нь танай сонины бие даасан байдал, онцлогийг шингээж, уншигчдад хэзээний танил болгожээ. Хөгжлийнхөө явцад II нүүрэнд байрлах редакцийн танилцуулгыг эрс өөрчилж, “News”агентлагийн логог оруулан, шрифт, харагдах байдлыг нь өвөрмөцөөр тодорхойлсон нь надад таалагдлаа. Мөн 2014 оны II улирлаас эхлэн social media news, тухайн 7 хоногийн торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгасан фото сурвалжлагын нүүрийг шинээр нэмж, рекламыг илүү зохион байгуулалттай байрлуулах болжээ.

Өмнө нь рекламыг дараалсан 4-5 нүүрэнд байрлуулдаг байсан нь танай сонинд зарлал сурталчилгааны өнгө аяс давамгайлсан мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан. Харин одоо рекламыг нүүрүүдэд хэсэг хэсгээр нь хуваан байрлуулах болсноор энэ байдал өөрчлөгдсөнийг дурдмаар байна. 2015 онд техник, технологийн дэвшлийг сэтгүүлчийн үйл ажиллагаатай сайтар хослуулж чадсаны илрэл болгож “Инфографик” хэмээх буланг нэмж, уншигчийг текстээр “бөмбөгдөж” залхаахаас илүүтэй сонирхолтой баримтуудыг дүрсжүүлж, графикжуулсан нь илүү итгэл үнэмшил төрүүлэхүйц сонирхолтой болжээ. Түүнчлэн энд танай сонины бас нэгэн онцлог болох дугаар бүрийн I нүүртээ оруулдаг “Редакцийн зурвас” булан нь цаг үеийн асуудлыг хөндөж, өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж, асуудлын мөн чанарт нэвтэрч чаддагаараа бусад сониноос ялгардаг гэдгийг ч хэлмээр байна. Энэ мэтчилэн сайшаалтай талууд олон бий ч цаашид анхаарууштай хандвал зохих хэд хэдэн зүйл ажиглагдсаныг дурдмаар байна.

Үүнд:
- Нэгдүгээрт, Танай сонины ихэнх булан бусад сонинтой адил нэршилтэй. Нийгэм, улс төр, байр суурь гэх мэт. Харин хоёрдугаар нүүрний нэршил тун сонирхолтой, өвөрмөц. Ердөө л “хэзээ, хаана, юу”. Товч бөгөөд тодорхой энэ гурван үгэнд сэтгүүл зүйн хамгийн шуурхай, шинэлэг чанар агуулагдаж байдаг гэдгийг илтгэн, уншигчдын анхаарлыг татахуйц байна. Тиймээс бусад булангаа ч иймэрхүү маягаар товч, тодорхой, содон байдлаар нэрлэвэл зохилтой.

- Хоёрдугаарт, ямар ч сониныг таашаал авах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор уншдаг тодорхой хэмжээний уншигчид байдаг гэдгийг санах хэрэгтэй. Танай сонины хувьд “гедонизм” буюу уншигчийг цэнгүүлэх, баясгах үүргээ умартсан уу гэлтэй байна. Энэ төрлийн мэдээлэлд зориулсан нүүр алга. Тиймээс, дахин шинэ нүүр нээх бус “Зурхай” хэмээн нэрлэсэн нүүрэндээ багтаачихвал болмоор байна. Учир нь өнөөдөр бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа цахим орчинд дурын нэг веб сайтаас зурхай унших боломж хүн бүхэнд нээлттэй байна. Тиймээс сонины зай талбайг аль болох ашигтай мэдээллээр дүүргэхийг бодолцох хэрэгтэй.

- Гуравдугаарт, Бичлэгийн төрөл зүйлийн хувьд болон тусгаж буй сэдэв, мэдээллийн агуулга явцуу мэт санагдлаа. Бусад сонины л адил, мэдээ, ярилцлага, сурвалжлага зонхилж, асуудал хөндсөн материалууд цөөхөн хэвлэгдэж нийтлэл уран сайхан, шинжлэлт бичлэгийн төрөл зүйлд хамаарагдах бүтээл тун хомс байна. Мөн эрүүл мэнд, урлаг соёл, дэлхий дахины үйл явдал зэргийг бараг тусгадаггүй нь ажиглагдлаа.
 
- Дөрөвдүгээрт, Булангуудын дотоод зохион байгуулалт сул. Тухайлбал, “Үйл явдал” хэмээх нэртэй буланд “Харах өнцөг” гэдэг дэд булан нээж түүнийхээ дор задлан шинжилсэн агуулгатай нийтлэл  байрлуулах нь хэр оновчтой вэ? Үүний оронд харах өнцөг, хөндөх сэдэв зэрэг хөмсгүүдийг нэг буланд багтаавал зохистой.

- Тавдугаарт, танай сонин жижиг шрифттэй учир зарим хүнд уншихад хүндрэлтэй байхыг үгүйсгэхгүй. Ажиглахад сонины баганын тоо бусад сониныг бодвол харьцангуй тогтмол бус юм. Тиймээс баганынхаа тоог аль болох тогтмолжуулж, дундаж хэмжээтэйгээр хуваах нь зүйтэй байх.

-Зургадугаарт, нэгэнт монголын сонины зах зээлд өөрийн байр суурийг эзэлж, уншигчдад хэзээний танил болсон тогтвортой сонины хувьд бусдаас ялгарах нэгэн онцлог болох “Уриа”-гаа байрлуулах хэрэгтэй. Эс тэгвээс танай сонин юуг эрхэмлэдэг, ямар бодлого баримталдаг гэдэг нь илэрхий бус байна.

Эцэст нь хэлэхэд энэхүү захидлыг эгэл жирийн нэгэн уншигч өөрийн үзэл бодлоо илэрхийлэн хувь хүний өнцгөөс бичлээ. Тиймээс, миний бичсэн зүйлд субъектив хандлага  илэрч болох ч та бүхэн авах гээхийн ухаанаар хандаж уншихыг хүсье.

"Маргаашийн сэтгүүлчид өнөөдөр бичиж байна", 2016 он

Сэтгэгдлийг ачааллаж байна ...