“СОШИАЛ” ЕРТӨНЦИЙН СОЁЛЫН ДОВТОЛГОО

(асуудал дэвшүүлсэн өгүүлэл)


                      Кибер ертөнцөд хэзээ болтол “тулалдах” вэ?

Мэдээллийн гэгддэг 21-р зуунд хүн төрөлхтөн цахим сүлжээ буюу интернэт ертөнцөөс шууд хамааралтай болж нийгмийн харилцаа ч үүнийг дагаад өөрчлөгдөж байгаа билээ. Хүн бүр компьютер, гар утаснаас хэрэгтэй мэдээллээ, хүссэн газраасаа авах боломжтой болсон. Олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа “Фейсбүүк”-ийг монголын хүүхэд залуус өргөн хэрэглэх болжээ. Үүнийг дагаад эерэг зүйл олон байгаа хэдий ч сүүлийн үед сөрөг талууд давамгайлах хандлагатай байна.

Тухайлбал, энэ сарын дундуур “Исламын улс” бүлэглэлийн террористууд Францын Парис хотноо нэг зэрэг долоон халдлага үйлдэж 150 гаруй хүний аминд хүрсэн аймшигт хэрэг болж дэлхий нийтийг цочроосон билээ. Энэ явдал болсны маргааш дэлхий нийтээр гашуудаж буйгаа илэрхийлсэн бөгөөд үүний нэг илрэл нь фейсбүүкийн хэрэглэгчид нүүр номын зургаа Францын далбаагаар сольсон явдал байв. Үүнтэй зэрэгцэн Монголынхоо далбаагаар нүүр номны зургаа сольсон хүмүүс ч байсан. Ингэх болсон шалтгаан нь Парист халдлага болохын өмнөх өдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийг цочроосон нэгэн үйл явдал болсон нь “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан хэрэг байсан юм. Тийнхүү монголын нийгэм аргаа барсан хэцүү байдалд байхад гадны оронд харамсан гашуудан суух утгагүй гэх мэтчилэн сэтгэгдэлүүд хөвөрсөөр...

Түүнчлэн зарим хүмүүс Сири болон дүрвэгсэдийн асуудлыг тухайн үйл явдалтай зэрэгцүүлэн хөндөж байлаа. Өдөр бүр Сири, Африкт олон зуун хүн амиа алддаг. Тэднийг хэн ч тоодоггүй. Учир нь тэнд Франц шиг үнэтэй бренд байхгүй гэхчилэн нэг нь нөгөөгөө үгүйсгэж маргалдах тохиолдол гарсан. Тэд хэд хоног дамнан зөрчилдсөн. Сүүлдээ нүүр номонд “Парист халдлага үйлдсэн террористууд монголчуудыг хагаралдуулах зорилго агуулаагүй гэдгээ мэдэгдлээ” гэх явган шог ч гарсан  юм.

Мөн сүүлийн үед айл өрх бүрийн гэрийн хойморт ням гараг бүр гарах болсон “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын санал асуулгын дүнтэй холбоотойгоор нэвтрүүлгийн хоёр дахь долоо хоногт тэнцсэн дуучин залуу О.Баярсайхан буруу сонголт байсан гэхчилэн бие бие рүүгээ дайрсан шүүмжилсэн хандлага бий болсон. Ингээд л ямар нэгэн үйл явдал болоход монголын цахим ертөнц шүүмжлэгчээр дүүрэн болж хувирдаг “ёс” тогтжээ. Аливаа шүүмжлэл нь сайн талтай хэдий ч сүүлийн үед ямар нэгэн үйл явдал болоход талцдаг асуудал хэрээс хэтэрч байна. Өөрт хамааралтай болон хамааралгүй дотоод гадаадын бүхий л асуудалд оролцож түүнд шүүмжлэлтэй хандах болсон нь нийгэмд буй бухимдал стрессийн нэг илрэл гэлтэй.

Монголын залуус ид хийж бүтээх суралцах насан дээрээ аливаад шүүмжлэлттэй ханддаг, бэлэнчлэх сэтгэлгээтэй, бодит бус хийсвэр ертөнцөд бухимдал, үзэл бодлоо илэрхийлж түр зуурын тайвшрал, сэтгэл ханамжийг авдаг болсон байна. Бодит амьдрал дээр гарч бусадтай нүүр тулан харилцаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үгээр бус үйлдлээр хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж бодогдоно. Цахим ертөнцийг эергээр ашигладаг  залуус байгаа хэдий ч бид өөрийн мэдэлгүй хийсвэр ертөнцөд үзэл бодлоороо сөргөлдөж нэг л мэдэхэд бодит амьдрал, амьд харилцааг бага багаар алдах болжээ. Монголын хөгжлийн гарц интернэт харилцаа биш юм.

Бид кибер гэмт хэргийн хохирогч болсоор байх уу?

2015 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар нийт 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цахим луйвар, залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ. Тэдний нийт хохирлын хэмжээ ойролцоогоор 1.8 тэрбум төгрөгт хүрээд байна. Мөн энэ оны эхний арван сарын байдлаар нийт 15 иргэн бэлгийн сүрдүүлгийн гэмт хэргийн хохирогч болж ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэгдээд байна.

Луйвар залилангийн гэмт хэргийн хохирогчдын хувьд гол төлөв гадаад худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд байдаг байна. Учир нь хохирогчид харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг бөгөөд тус шилжүүлгийг хийснээр гэмт хэрэгтнүүдийн урхинд орж цахим луйврын хохирогчид болдог. Иймээс энэ төрлийн цахим шууданг хүлээн авсан тохиолдолд үнэн, эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух болон ирж буй цахим шуудан хаягийн зөв бурууг нягталж шалгаж байх шаардлагатай.Интернэт залилангийн хувьд ихэнхдээ санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг иргэдийн цахим шуудан хаяг, фэйсбүүк болон гар утсанд илгээдэг байна. Энэ төрлийн гэмт хэргийг Малайз, Сенегал, Их Британи, Филиппин зэрэг улсын гэмт бүлэглэлүүд үйлдэж байгаа аж. Эдгээр улсаас манай улсын иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож эхэлдэг байна.

Улмаар итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдож сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээдэг. Үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг байна. Энэ төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол манай улсад 2012 оны долдугаар сарын 2-нд бүртгэгдэж байжээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн харьяат иргэн А өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-ны өдөр фэйсбүүкээр Их Британийн харьяат гэх хуурамч хаягтай хэрэглэгчтэй харилцаа тогтоожээ. Улмаар гэмт этгээд “Англи хэлийг чинь сайжруулж өгье” гэх халхавчаар хохирогчтой дотносож, бэлэг явуулах тухай ярьж эхэлсэн байна. Ингээд хэд хоногийн дараа Малайз улсын холбогдох албанаас хэмээн утсаар ярьж, таны нэр дээр Их Британиас илгээж байгаа ачаанд их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн, та үүнийг авахын тулд ийм хэмжээний татвар төлнө үү, төлөхгүй бол Олон улсын шүүхэд хандана гэх зэргээр хууран мэхэлж 7850 ам.долларыг шилжүүлж авчээ.Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгддэг аж. Тиймээс интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй “сайн найз” болохгүй байх хэрэгтэй.

Хууль хяналтын байгууллагынхны ангилснаар цахим орчны өөр нэг ноцтой гэмт хэрэг бол секс сүрдүүлэг. Энэ төрлийн гэмт хэрэг нь фэйсбүүк болон бусад төрлийн сошиал сайтаар хохирогчтой танилцсанаар эхэлж, улмаар дотно харьцаанд орохыг хүсч, хохирогчийн хувийн чанартай зураг болон бичлэгийг хуулж авдаг. Үүний дараа олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр тодорхой заагдсан хугацаанд шаардсан мөнгөн дүнг шилжүүлэхгүй бол эдгээр материалыг найз нөхөд болон олон нийтэд тараана хэмээн сэтгэл санааны дарамтанд оруулдаг байна. Ийм төрлийн гэмт хэрэгт өсвөр насны охид өртөх нь элбэг байгаа ажээ. Тухайлбал энэ оны 8-р сард гэрэл зурагчин Ө гэгч фэйсбүүк хуудсаар дамжуулан охид бүсгүйчүүд рүү "Зургийг чинь дарж өгье. Фото модель болгоё. Уулзъя" гэж зурвас бичсэн байна. Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж гэрэл зурагчин Ө-д эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Уг хэрэгт гурван хохирогч тогтоогдсон бөгөөд тэдний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байгаа аж.

Цаашилбал цахим орчинд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр кино бүтээлүүдийг олон нийтэд түгээх гэмт хэрэг түгээмэл байгаа юм. Садар самууныг сурталчлах гэмт хэрэг ч идэвхжих болжээ. Энэ онд Монгол Улсын хэмжээнд садар самуун агууламж бүхий дүрс бичлэг, гэрэл зургийг бусдад тарааж, сурталчилж байсан дотоодын зургаан цахим хуудасны үйл ажиллагааг таслан зогсоож хариуцлага хүлээлгэсэн байна.


Үндэсний олон нийтийн
цахим сүлжээтэй болох хэрэгтэй

Монголын олон нийтийн түгээмэл хэрэглэдэг сүлжээ сайтууд болох Фэйсбүүк, Инстаграм, Твиттер, Гүүгл зэрэг нь бүгд гадаадын цахим сүлжээнүүд байдаг. ОХУ, БНСУ, БНХАУ нь өөрийн гэсэн үндэсний олон нийтийн сүлжээтэй бөгөөд иргэд нь ч түүнийг түгээмэл хэрэглэдэг. Тухайлбал ОХУ “ВКонтакте”, БНСУ “Какао ток” гэсэн олон нийтийн цахим сүлжээг ашигладаг. Харин БНХАУ-ын хувьд Фэйсбүүк, Твиттер, Скайпыг албан ёсоор хаасан. БНСУ-ын “Какао ток” сүлжээний хувьд хэрэглэгчид нь ихэвчлэн хоорондоо захидлаар харилцдаг. Мөн өөрийн зургийг ч оруулах боломжтой. Гэхдээ тухайн хэрэглэгчийн хувийн мэдээлэл маш өндөр түвшний нууцлалтай байдаг. Тухайлбал тухайн хүний нэрээр хаягийг нь хайвал олдох боломжгүй. Харилцах шаардлагатай хүмүүс нь тухайн хүнээс өөрөөс нь л хэрэглэгчийн кодыг асууснаар найзууд болох боломжтой. Харин Монгол улсын хувьд интернэт хэрэглэгчдийн ихэнх нь нүүр ном буюу Фэйсбүүкийг ашигладаг. Энэ нь дэлхийн цахим хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, аливаа мэдээллийг цаг тухай бүрт нь хүлээн авах ач холбогдолтой боловч иргэдийн хувийн мэдээлэл ил, цахим гэмт хэрэг, кибер халдлагад өртөх магадлал өндөр байгаа юм.

Цаашлаад хүссэн хүнийхээ овог нэр, найз нөхдийн мэдээллийг хайлт хэсэг дээр бичихэд төвөггүй олддог. Үүнээс үүдэн иргэдийн хувийн мэдээлэл алдагдах, гэрэл зургийг нь хууль бусаар ашиглах зэрэг олон сөрөг хандлага гарч байна. Түүнчлэн нүүр ном хэрэглэгчдийн 70 гаруй хувийг залуус эзэлж байгаа нь сошиал ертөнц тэдний хувьд амьдралынх нь нэгэн салшгүй хэсэг болсонтой холбоотой. Нүүр номын ертөнцөд залуус зургаа хүссэнээрээ оруулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсоор тодорхой хугацаа өнгөрчээ. Монголоос бусад оронд интернэт хэрэглээ нь төрийн бодлогын түвшинд хараа хяналттай явагддаг. Харин Монгол улсын хувьд төрийн бодлого, хараа хяналт цахим ертөнцөд дутмаг байна. Монголчууд өөрсдийн зан сэтгэхүй хэрэглээнд тохирсон монгол программистуудын зохиосон өөрсдийн олон нийтийн цахим сүлжээтэй болох хэрэгтэй
.
                Хүүхэд залуусын хөгжилд цахим ертөнц сөргөөр нөлөөлдөг

Бусдын өмнөөс хуурамч Фэйсбүүк хаяг нээж, нэр төрд нь халдах тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн: “ЦЕГ-аас АНУ дахь Фэйсбүүк компанитай харилцан тохиролцож Монгол Улсын иргэд өөрийн хүсэлтээр хуурамч фэйсбүүк хаягуудаа устгуулах боломж бүрдүүлсэн. Тодруулбал, та өөрийн албан ёсны нүүр номныхоо тусламжийн төв гэсэн хэсэг рүү бичиг баримтаа хуулбарлан явуулж хүсэлтээ илгээвэл тухайн хуурамч хаягуудыг Фэйсбүүкийн үндэсний төвөөс устгадаг болсон” гэв.

МУИС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх тэнхмийн эрхлэгч доктор, профессор Г.Сарантуяа өсвөр насныхны олон нийтийн сүлжээнд хандаж буй сэтгэл зүйн онцлогийн талаар “Өсвөр насны хүүхэд аливаад сониуч байдаг, юмыг туршиж үзэх, олны анхаарлын төвд байх, мундаг гэдгээ харуулах зэрэг сонирхол их байдаг учир олон нийтийн сайт болох Фэйсбүүк, Твиттерт донтох нь сүүлийн үед ихэсч байна. 12, 13 настай хүүхдүүд ямар ч мэдээллийг хяналтгүй үзэж байна. Бичиж байгаа сэтгэгдлүүдийг нь харахад хараалын шинж чанартай байгаа нь хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаагийн илрэл юм. Үүнд нэгдсэн хяналт хэрэгтэй. Олон цагаар интернэтэд байх шалтгаан нь тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэдтэй холбоотой соёл урлагийн арга хэмжээ зохиогдохгүй байгаатай мөн холбоотой юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ ямар мэдээлэл хүлээж авч байгаа зэрэгт хяналт тавих шаардлагатай байна” гэв.

Хүүхэд залуус цахим ертөнцийн хараат байдлаас гарч бодит амьдрал дээр бусадтай харилцах, үзэл бодлоо илэрхийлж байхыг эрмэлзэх хэрэгтэй. Төрөөс кибер гэмт хэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, хуулийн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн эдгээр төрлийн гэмт хэргийн хохирогч болох, цахим ертөнцийн нөлөөнд автах эсэх нь хувь хүний анхаарал болгоомж, зан төлөв, ухамсраас шалтгаална гэдгийг дор бүрнээ анхаарах хэрэгтэй юм. Сошиал ертөнцийн соёлын сөрөг довтолгооноос хүүхэд залуусыг хамгаалах нь зүйтэй.


О.Болор-Эрдэнэ
Олон улсын сэтгүүл зүйн 3-р анги
“МАРГААШИЙН СЭТГҮҮЛЧИД ӨНӨӨДӨР БИЧИЖ БАЙНА”, 2016 он









Сэтгэгдлийг ачааллаж байна ...