Манай сэтгүүлийн үндсэн сэдэв бол орчин цагийн Монгол хүн

Лихтенштейнээс оюутны судалгааны ажлаар Улаанбаатарт ирсэн Анна The Mongolian Observer сэтгүүлийг хараад баярлан дуу алдсан юм.  “Манай багш өнгөлөг цаасаар ороосон амт муутай чихрийг санагдуулдаг сурталчилгааны материалууд хэрэггүй шүү.  Нутагт нь очсон хүн байна, бодит түүх өгүүлдэг сэтгүүл зүйн бүтээлүүдийг судалгаандаа ашиглах хэрэгтэй гэж даалгасан. Үүнийг би эх сурвалжийнхаа нотолгоо болгон түүнд аваачиж өгнө өө” гэсэн юм.

Монгол Ажиглагч буюу The Mongolian Observer /TMO/ нэртэй бүрэн англи хэл дээр хэвлэгддэг сэтгүүл уншигчдын хүртээл болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, түүх, соёл ахуй гээд цогц агуулгыг англи хэлтнүүдэд хүргэдэг ТМО-н санаачлагч нь Ч.Бүрэнбаяр. Тэрээр 1991 онд  The Mongol Messenger сонинг мөн санаачлан хэвлүүлж байжээ. “Мэсэнжэрээс хойш Монголын тухай англи хэлтнүүдэд зориулсан дорвитой хэвлэл төрсөнгүй. Гадны ХМХ, сонин сэтгүүлийг авчраад орчуулж гаргасан нь харин олон. Англиар ярьдаггүй хүн ч бараг алга. Тэр хэрээр бид гадаад ертөнцийн тухай сайн мэддэг болжээ. Харин бидний тухай гадаад ертөнц мэддэггүй, ойлгодоггүй хэвээрээ. Харилцан ойлголцолгүйгээр нөхөрлөл, хамтын ажиллагааны тухай ярих боломжгүй. ТМО энэ орон зайд ажиллахыг зорьсон” хэмээн Ч.Бүрэнбаяр сэтгүүлийнхээ бодлого, ач холбогдлын талаар тайлбарласан юм.
 
TMO БОЛ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛЭГДДЭГ ИРГЭНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛ

Бид сайхан байгаль эсвэл Чингис хааныхаа тухай ярих нэг хэрэг. Манайд ч сайхан байгаль, домогт баатрууд бий гэж дэлхийн ихэнх хүмүүс үзэх байх. Харин нүүдэлчин удамтай, тэрхүү соёл ахуйнхаа нөлөөгөөр байгаль, амьтныг гүнзгий ойлгож хайрладаг, зарим нь эдүгээ ч нүүдэлчин ахуйгаа хадгалж яваа, олонх нь харин суурин соёлд шилжсэн орчин цагийн монгол хүний тухай хүүрнэх нь бусдын сонирхлыг гарцаагүй татах сэдэв гэж Ч.Бүрэнбаяр үздэг.

ӨӨРИЙГӨӨ ХЭР САЙН ОЙЛГУУЛЖ ЧАДАХААС ТУХАЙН УЛСЫН АМЖИЛТ ШУУД ХАМААРАЛТАЙ

Хүн бүр өрөөл бусадтай найзалж нөхөрлөн, гэр орноороо орж гарч, ганзага нийлмээр бол хамтдаа бизнес эрхэлж, жаргал зовлонгоо хуваалцаж амьдрахыг эрмэлздэг. Санаа сэтгэл, хүсэл сонирхол  нийлэхийн дээр итгэж болох жинхэнэ сайн анд нөхрийг эрж олно гэдэг амаргүй ажил. Өрөөлийг ойлгохын зэрэгцээ өөрийгөө бусдад таниулж байж сая нөхөрлөл, итгэлцэл үүснэ. Улс орнууд хийгээд үндэстэн хоорондын харилцаа үүнтэй яг ижил. Өөрийгөө хир сайн таниулж, ойлгуулж чадсанаас тухайн улсын амжилт шууд хамааралтай. Гадаад ертөнцөд улс орноо таниулах, танилцуулах бодлого шинэ юм биш ээ. Гол нь өнөөдрийн дэлхий ертөнцийн хүмүүс хуурай сурталчилгааны материалуудад үнэмшихээ байчхаж. Тиймээс нийгэм ахуй хийгээд түүнийг бүтээгч хүнийх нь тухай бодитой өгүүлэх иргэний сэтгүүл зүйн бүтээлүүд үнэ цэнэтэй оршсоор. Улс орон бүр өөрсдийгөө таниулах хүрээнд сэтгүүл зүйн томоохон төслүүд хэрэгжүүлдэг. Заримдаа ийм төслүүд өөрийн туршлага, мэдлэг чадвараа тодорхой үйл хэрэгт зориулахаар сэтгэл шулуудсан хувь хүмүүсийн санаачилга, сэтгэл зүтгэлийн үр дүнд хэрэгждэг аж. The Mongolian Observer сэтгүүл бол тийм төслүүдийн нэг.

ЭНЭТХЭГТ ТӨРЖ ӨССӨН МОНГОЛ ДОМОГ

Бүрэнбаяр эрхлэгчийн амьдралын түүх бол гарцаагүй домог. Гучаад оны хэлмэгдүүлэлтийн эрхээр нутгийн Очир дарь хувилгаанд бараа болон цагаачилж одсон залуус. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хүч үл хэрэглэн хувьсгалт ялалт байгуулсан бужигнаант он жилүүдийн дунд гал голомтоо бадраан хүүгээ өлгийдсөн монгол айл.БНМАУ-ын АИХ зөвшөөрөл олгосны дагуу аав ээжээ даган уугуул нутагтаа ирж социалист улсын иргэн болсон намтар гээд кинонд л байж болох түүх хөвөрнө. Жавар тачигнасан идэр есийн цагаар галт тэрэгний буудлаас шууд Улаанбаатар зочид буудал хүргүүлэхдээ Бүрэнбаяр хүйтэн гэж чухам юу болохыг анх удаа бодитой мэдэрч байжээ. “Миний хэлний аппарат хинди хэлэнд зохицоод тогтчихсон болхоор монгол хэлээрээ өнөө хир аялгатай ярьдаг” гэсэн юм.

Цөмийн физикч болох гэж байсан залуу хархүү социализмын үзэл суртлын машинд дайрагдан монгол хэлний багш болж. Ажил мэргэжлийн гараагаа Радио телевизийн улсын хорооноос эхэлсэн цагаас улс орныхоо гадаад сурталчилгааны талбарт англи хэлний мэдлэг, хүч авъяасаа зориулах үүрэг ногдсон байна.

“Хүрэн өнгийн хүрэмтэй, монголоор ярьдаггүй, цав цагаан залуу байж билээ. Манай радио телевизийнхэн гүйлдэж очин хардагсан. Наяад оны Улаанбаатарынхны ярианы гол сэдэв эднийх байсан. Хөрөнгөтөн орноос ирсэн, их зовсон байх даа гэхчлэн хот даяараа л цуурдаг байлаа” гэж манай оператор Г.Жамсран бичлэгийн дараа сонин болгон хүүрнэсэн юм.

ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ БАЙХАД ХАНЬ НӨХӨД ЗААВАЛ ОЛДОНО

Ганцаараа сэтгүүл санаачлаад, өөрөө санхүүжүүлээд явах мэдээж амаргүй. Гэхдээ сэтгэл зүтгэл байхад юуг ч бүтээж болно гэдгийг Аглаг бүтээлийн хийд надад ойлгуулсан гэж Бүрэнбаяр эрхлэгч ярив. Бас сэтгүүлийг нь уншаад талархлын сэтгэгдлээ илгээсэн гадаад уншигчид,  дэмжин ажиллаж буй сэтгүүлийн зөвлөл, бүтээлүүдээ ирүүлдэг нийтлэлчиддээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн.

Өөрөө нэгэнтээ эх орноо харийн зочны нүдээр гайхшран харж байсан нь түүний ажиллах талбар, бүтээх үйл хэргийг шийдсэн байж мэднэ.

@STsetseg

Сэтгэгдлийг ачааллаж байна ...