Шударга ёсны шагналын эзнээр Л.Болормаа эрхлэгчийг тодруулав

“Транспэрэнси Интернэшнл” хэмээх авлигын эсрэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Транспэрэнси Интернэшнл Монголиа” ТББ энэ жилээс эхлэн шударга ёс, авлигын эсрэг иргэний зоригийн шагнал (Transparency Award)-ын эзнийг тодруулж байхаар болжээ. Энэ жилийн шударга ёсны шагнал буюу Transparency Award-ийн эзнээр нэрт сэтгүүлч, Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа агсныг тодруулжээ. Шагналыг өнөөдөр түүний охин Б.Алигэрмаад гардуулж өглөө. 

Шагналын эзнийг тодруулахдаа нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтийн санал асуулга явуулсны зэрэгцээ “Транспэрэнси Интернэшнл Монгол”-ын Удирдах зөвлөл шалгуур тавьж, хэлэлцэн шалгаруулжээ. Сэтгүүлч Л.Болормаа 2015 онд авлигын эсрэг бичсэн томоохон нийтлэлүүд, уул уурхайн салбарын ил тод байдлын чиглэлээр хийсэн ажлууд, эрэн сурвалжлах чиглэлээр бичсэн нийтлэлүүдээрээ шударга ёс, авлигын эсрэг мэргэжлийн байгууллага, ард иргэдийг зөв тал руу уриалан дуудсан нь энэхүү шагналыг олгох гол шалгуур болсныг “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяр тайлбарлалаа. Түүнчлэн энэхүү шагнал авлигын эсрэг тэмцэж буй бүх сэтгүүлчийн шагнал болохыг онцолсон юм. Цаашид энэхүү шагналыг жил бүр тогтмол олгож байх юм байна.

Шагналыг гардаж авах үеэр түүний охин Б.Алигэрмаа “Энэ шагналыг ээж маань гардаж авсан бол юу гэж хэлэх байсан болоо гэж бодлоо. Юуны өмнө шударга ёсны шагнал бий болсонд маш их баярлаж байгаагаа хэлэх байсан байх. Ээж минь эх орны хөгжил, хүн бүрийн сайн сайхан амьдралын төлөө бүгд дуугарах ёстой, үүнд сэтгүүлчдийн үүрэг асар их гэдэгт итгэдэг байсан. Тэр уул уурхай, эдийн засгийн чиглэлээр дагнасан мэргэжлийн сэтгүүлзүйг бий болгож, түүнийгээ улс төр, бизнесийн эрх ашгаас хараат бус байлгахын төлөө чармайж ажилладаг байсан... Энэхүү шагналд ээжийг минь нэр дэвшүүлж, шалгаруулсан бүх хүнд баярлалаа” гэсэн юм.

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-нд Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэдэг юм. Энэ хүрээнд Азийн сан, AusAid-ийн дэмжлэгтэйгээр “Транспэрэнси Интернэшнл Монгол”, Ил тод байдлыг дэмжих түншлэл зэрэг байгууллага “Ил тод байдал, хариуцлага, авлигын эрсдэл” зэрэг уулзалт зохион байгуулж, уулзалтын үеэр энэхүү шагналын эзнийг зарласан юм.

Дашрамд дурдахад “Транспэрэнси Интернэшнл” авлигын эсрэг олон улсын  байгууллага нь анх 2000 оноос эхлэн дэлхийн хэмжээнд шударга ёс, авлигын эсрэг тууштай тэмцэгч нийгмийн зүтгэлтэн, байгууллагыг тодруулж шагнаж эхэлсэн байна. Харин энэ жил тус шагналын эзнээр Өмнөд Африкийн иргэн, өмгөөлөгч Thuli Madonsela-г тодруулжээ. Яг энэ жишгээр тус байгууллагын Монгол дахь салбар нь эх орондоо авлигын эсрэг тэмцэж, авлигыг зогсоож чадна гэсэн санааг олон нийтэд өгч чадсан хувь хүн, байгууллагыг жил бүр шалгаруулж, Transparency Award шагналыг олгохоор шийдвэрлэсний эхний эзэн нь Mongolian Mining Journal сэтгүүлийн маань үүсгэн байгуулагч Л.Болормаа эрхлэгч минь байлаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...