Хэвлэл мэдээллийн үндсэний бага хурал зохион байгуулагдана

АНУ, Канадын Элчин сайдын яамд болон “Транспэрэнси Интернэшнл-Монгол”, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр “Глоб Интернэшнл Төв” төрийн бус байгууллага Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал зохион байгуулах гэж байна.

Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал нь Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зөвлөмж боловсруулах зорилготой бөгөөд хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн сургууль, хуульч, Засгийн газрын агентлаг, иргэний нийгмийн төлөөллөөс гадна олон улсын шинжээч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцохоор төлөвлөжээ. Хурлын чиглүүлэгчээр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн /МСЭ/ Ерөнхийлөгч Б.Галаарид оролцох бөгөөд Глоб Интернэйшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал, НҮБ-ын Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, УИХ-ын гишүүн М.Батчимэг болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар арга хэмжээг нээн илтгэл тавих юм.   

Бага хурлын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна таван салбар хуралдаан зохион байгуулна:
1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангаж буй зохицуулалтын тогтолцоо
2. Өргөн нэвтрүүлэг, өмчлөл, төвлөрөлтэй холбоотой эрх зүйн орчны тогтолцоо
3. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн эвлэл холбоод
4. Сэтгүүл зүйн боловсрол, сургалт, иргэний нийгмийн оролцоо
5. Интернэт, олон нийтийн өргөн нэвтрүүлэг

Хэвлэл мэдээллийн үндэсний бага хуралд оролцогч олон улсын шинжээчид сайн туршлагаа хуваалцсанаар Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Мөн бага хурлын үр дүнд гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахад нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал 10 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Чингис зочид буудалд болно.

Глоб Интернэшнл Төв




 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...