Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид шагнал хүртлээ

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци /МУУҮА/, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран “Ашигт малтмалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт сэтгүүл зүйн уралдаан зарласан билээ. Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн “Mine Tech 2013” олон улсын үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр энэхүү уралдааны дүнг зарлаж, шагналын эздийг тодруулсан юм.

“Ашигт малтмалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд “Стратегийн ач холбогдолтой орд ба төрийн оролцоо”, “Ашигт малтмалын өмчлөл ба тусгай зөвшөөрөл”, “Байгаль орчны нөхөн сэргээлт”, “Орон нутаг ба олон нийтийн оролцоо”, “Орлогын менежмент” гэсэн таван сэдвийг хөндөхөөр уралдааны болзолд заажээ. МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Монголын нүүрсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид,  Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч Ж.Батбаатар нар шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан байна.

2012 оны аравдугаар сард зарлаж, хагас жил шахам үргэлжилсэн хугацаанд сэтгүүлчдээс нийт 60 гаруй бүтээл иржээ. Шалгаруулалт гурван үе шаттай явагдсан бөгөөд хоёрдугаар шатанд 28, гуравдугаар шатанд 19 бүтээл тунаж үлдсэнээс есөн сэтгүүлчийн бүтээл шагналт байр эзэлсэн байна. Гэхдээ уралдааны сэдэв өргөн хүрээтэй байсан учир болзол хангасан бүтээл ирсэнгүй хэмээн шүүгчид үзэж, сэтгүүл сонин, телевизийн гэсэн хоёр төрөлд нэгдүгээр байр шалгаруулсангүй.    

Сонин сэтгүүлийн төрөлд нийтлэлч Э.Сандагдорж “Уул уурхайн төсөлд төрийн оролцоо, татварын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх зарим асуудал” нийтлэлээрээ хоёрдугаар байрыг эзэлжээ. Гуравдугаар байрт “Mongolian Mining Journal” сэтгүүлийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ “Оюутолгойн гэрээ ба Засгийн газрын хөзөр" нийтлэлээрээ шалгарсан юм. Мөн “Өдрийн сонин”-ын сэтгүүлч Ц.Баасансүрэн “Хөрөнгө оруулагчид Ашигт малтмалын хуулийн төслөөс болгоомжилж байна” нийтлэлээрээ энэ байрт орсон байна.

Шагналт байрыг “Геологи уул уурхайн мэдээ” сонины сэтгүүлч Д.Лхагвадорж “Ашигт малтмалын хуулиас Монгол улсын ирээдүй хамаарна” нийтлэлээрээ,“Бизнес таймс” сонины сэтгүүлч Б.Пүрэврэнцэн “Тогтвортой байдлын гэрээний шалгуур мөнгөний хэмжээ биш“ нийтлэлээрээ тусгай байр авчээ. Уралдааны телевиз радиогийн төрөлд хоёрдугаар байрын эзнээр “Уул уурхайн орлогын менежмент” бүтээлээрээ “Ийгл” телевизийн сэтгүүлч М.Мөнхжаргал, гуравдугаар байрны эзнээр "Ашиггүй ашигт малтмал" нэвтрүүлэг бэлтгэсэн МҮОНРТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэв тодров.

Шагнал байрыг “Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” хөтөлбөрийн “Эрсдэлийн вакцин, хаалтын бодлого” нэвтрүүлгээрээ сэтгүүлч О.Хосцэцэг авсан юм. Тэрээр байгаль орчны сэдвээр дагнан бичдэг бөгөөд “Цэнхэр алт”, “Хөгжлийн нөлөө зэрлэг амьтдад” зэрэг асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгээр нь үзэгчид таних болсон билээ. Уралдааны тусгай байрт “Ийгл” телевизийн сэтгүүлч Л.Ариун-Учралын "Стратегийн ач холбогдолтой орд газар ба төрийн оролцоо" нэвтрүүлэг шалгарсан байна. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...