Д.Жаргалсайхан Эдийн засагч

Д.Жаргалсайхан /Эдийн засагч/

4 удаа (8.3%)

Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ оны эхний хагас жилд 4 удаа эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичиж хэвлүүлжээ. Д.Жаргалсайхан бүх нийтлэлээ “Өнөөдөр” сонины эдийн засгийн булан буюу 3-р нүүрт хэвлүүлжээ. Нийтлэлүүд нь дийлэнхдээ зурагтай байв. Мөн нийтлэлч Б.Баабар, Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Лхагважав нар энэ хугацаанд 4 удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн боловч сэдэв болон асуудлын хувьд эдийн засагч Д.Жаргалсайхны нийтлэл илүү байсан юм.

Түүнчлэн эдийн засагч Д.Жаргалсайхан “Ширэнгэ засаглал”/2010.01.13/, “Шинэ сэтгэлгээ”/2010.01.20/ зэрэг банк санхүү, хөрөнгийн зах зээл; төсөв мөнгөний бодлого, инфляцийн сэдвийг хөндсөн танин мэдэхүйн, Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн, шинэ санал санаачлага дэвшүүлсэн нийтлэлүүд бичсэнээрээ ялгарч байна.

Хамгийн их нийтлэл бичиж хэвлүүлсэн дээрх 3 эдийн засагчид төсөв мөнгөний бодлого, инфляцийн асуудлыг хөндсөн байна. Мөн мэдээлэл бүрдүүлэх явцад эдийн засагчид өөрийн нийтлэлээ дагнан хэвлүүлдэг сонинтой бөгөөд нийтлэл нь эдийн засгийн мэдээллийн нүүрт хэвлэгддэг нь харагдсан юм.

Дээрх гурван эдийн засагчдаас гадна нийтлэлч Б.Баабар мөн 4 удаа, Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Лхагважав 4 удаа, эдийн засагч С.Авирмэд, Д.Готов, Ч.Баянжаргал, И.Саньцар, Т.Энхбаяр нар, мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Батж.Батбаяр, С.Баярцогт, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж зэрэг хүмүүс тус бүр 1 удаа нийтлэл бичиж хэвлүүлжээ.

 

Та “Хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн”, “Хамгийн олон удаа ярилцлага өгсөн” гэсэн номинацийн эхний гуравт оржээ. Уншигчдынхаа өмнөөс  Танд баяр хүргэе.

Баярлалаа.  Монгол Улсад түүхэн чухал үйл явдлууд өрнөж байна. Миний үеийн ном судар үзсэн, харь улсад явж боловсорсон хүмүүс энэ нийгмийн үйл явцад яаж оролцох вэ. Жирийн монгол иргэний хувьд үзэл бодлоо бичих нь зүйтэй байх гэж би боддог. Нэг удаа нийтлэл бичсэн чинь хүмүүс “Та дахиж бичээч” гээд байсан. Тэгээд би  долоо хоног бүр бичихээр   шийдсэн. 2009 оны долдугаар сарын 1-нээс 2010 оны долдугаар сарын 1 хүртэл нийт 52  нийтлэлийг  бичиж нийтлүүлсэн.

Эдийн засгийн чиглэлээр бичсэн таны нийтлэлүүд англи хэлээр давхар гарч байгаа. Энэ нь хүмүүст илүү хүргэх гэсэн бодолтой холбоотой юу?

Гадаадын хүмүүс миний нийтлэлийг уншвал зүгээр байх гэж бодоод баасан гариг бүрт “UB POST” сонинд англи хэлээр хөрвүүлэн гаргаж байгаа. Англи хэл судалж байгаа хүүхдүүд бас их сонирхдог юм билээ. Хоёр хэл дээр нь харьцуулж үзэх байдлаар. Би үүнийг нийгмийнхээ хөгжилд оруулж байгаа хувь нэмэр гэж боддог.  Нийтлэлүүдийг маань уншсан хүмүүс надаас ярилцлага энэ тэр авах гэж ирдэг болсон. Энэ улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга байсны хувьд ч, эдийн засгийн чиглэлээр туршлага хуримтлуулсан хүний хувьд ч мэдсэн сурснаа хүнд хэлэхгүй байж чадахгүй байна.

Та  нийтлэлүүдээ мэдээж тодорхой үр дүнг олж харахын тулд  бичиж байгаа байх. Таны бичиж буй гарцуудаас санаа оноо авч, бодлого шийдвэртээ төр, засаг тусгаж байна уу?

Төр засгийн ажилтнууд лав хар цагаан дуугүй  байдаг юм. Таны нийтлэлийг уншиж байгаа шүү гэж хэлэхээс хэтэрдэггүй. Гэхдээ сэтгүүлчид юм уу, нийгмийн тодорхой хэсгийнхэн бол уншина аа. Улс төргүйгээр энэ нийгмийг харахад ямар байдаг юм бэ гэдгийг би нийтлэлээрээ хэлж өгч байгаа. Иргэний нийгэм нь хүчтэй орнуудад улстөрчид нь тэдний санаа бодлыг анхаарч хүлээж авдаг. Ийм улс  орнууд  их хөгжсөн.

2010 оны эхний хагаст Монголын эдийн засагт гол нөлөө үзүүлсэн бодлогын чанартай томоохон ямар шийдвэрүүд гарсан гэж  Та үздэг вэ?

Сайн бодлогын үр нөлөө дараа нь гардаг. Харамсалтай нь, Монголд улс төрийн удирдлага ийм тийм төлөвлөгөөнүүд гаргалаа гээд л баталдаг юм. Тэр бүгд нь дандаа мөрөөдлийн чанартай. “Утаагүй Улаанбаатар”  гээд л асар их мөнгө ярьсан хүмүүс. Богино бодолтой, улс төрийн тодорхой агуулгатай хүмүүсийн тоглоом болоод дуусах нь. Баруун аймагт дахиад л усан цахилгаан станц барина гэж оволзоод л.  Өмнө нь барьсан цахилгаан станцууд бүгдээрээ хамаг голыг хааж  хатаагаад, ус ч байхгүй, цахилгаан ч үгүй боллоо. Энэ бүхэнд хэн ч хариуцлага хүлээдэггүй.

Таны бодлоор он гарсаар эдийн засгийн хүрээнд бодитой алхам хийгдээгүй гэсэн үг үү. Засгийн газар энэ жилийг “Бизнесийн орчныг сайжруулах” гэж тодотгож байгаа шүү дээ?

Жил болгон л ийм нэр томъёо гаргаж ирээд зарладаг. Хамгийн гол нь үр дүн  чухал. Хүчээр хийлгэх гэсэн ажлаас хэзээ ч олигтой үр дүн гарахгүй.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...